Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ДШМ/032

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 117 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 10 тоот эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 201705000120 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, .............. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Буурал хайрхан дэлгүүрийн урдах асфальтан зам дээр М.Зулаагийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тоёото кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа улсын дугаартай эксель маркийн тээврийн хэрэгслийн жолооч болох хохирогч ыг хажуугаар өнгөрөхдөө шахлаа гэж үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний машины хаалганы шилийг хагалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бүрэн биш хийсэн гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан, мөн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ял нэмж сонсгох тогтоолоор *******т урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан ялыг сонсгосон байна.

Баянхонгор аймгийн прокурорын газраас 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 36 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч *******ыг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээн, улмаар бусдыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдах үндэслэлтэй гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр “Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар” тогтоолоор тайлбарлахдаа догшин авирлаж гэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ,

Түүнчлэн танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирласан гэж үзнэ гэж тайлбарласан байна.

201705000120 дугаартай хэргийн материал болон Баянхонгор аймгийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 36 дугаар яллах дүгнэлт зэргээс үзэхэд яллагдагч *******т холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэн буруу зүйлчилсэн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихгүйн тулд хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 10 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор “Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар” тайлбарлахдаа догшин авирлаж гэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлан, харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ.

Түүнчлэн танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирласан гэж үзнэ гэж тайлбарласан байдаг ч мөн тогтоолоор танхайрах гэмт хэрэг нь нэг болон хэд хэдэн объектэд халддаг учраас уг үйлдэлтэй холбоогүй хөндлөнгийн этгээд хохирох, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар ямар ч шалтаг шалтгаангүйгээр устгах буюу гэмтээх үр дагавар бий болдог тул танхайрах явцад бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол Эрүүгийн хуулийн 153, 181 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилнэ гэж тайлбарласан байдаг бөгөөд *******ын тухайн үйлдэл нь ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаад зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн үйлдэл бус бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсний дараагаар догшин авирлаж танхайрч бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл юм.

Энэ нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч , гэрч Б.Хүрэлтулга, Г.*******, Ц.Пүрэвдорж, яллагдагч ******* нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллахаар яллах дүгнэлт үйлдсэн.

Нөгөөтэйгүүр шүүх яллахаар тогтсон зүйл анги нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзвэл хөнгөрүүлэх, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх эрх нь нээлттэй байхад прокурорыг зүйлчлэлийг хөнгөрүүл гэж хэргийг буцааж байгаа нь прокурорын дотоод итгэл үнэмшилд халдсан гэж үзнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй гэж заасан болно.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх эрх шүүхэд өөрт нь байгаа гэв.

ХЯНАВАЛ:

*******т холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулан буруу зүйлчилсэн гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд *******ыг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар байцаасан, мөн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан ялыг нэмж сонсгожээ.

Хэрэв шүүх энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй юм.

Иймд энэ талаар дурдсан прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхийн шүүгч шүүгчийн захирамж гарган хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчих болон зарим нэгэн алдаа зөрчил гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Үүнд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа “...хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бүрэн биш хийсэн гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов...” гэж дүгнэсэн, мөн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэхэд Эрүүгийн хуулийн аль зүйл хэсгийг буруу хэрэглэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар заалт ноцтой зөрчигдөх нөхцөл байдал үүссэн зэргийг тодорхой бичээгүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “...шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...” хуулийн шаардлагуудыг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “...шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заасан байхад *******т холбогдох хэргийг шүүгч нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолыг иш татан бичсэн нь буруу бөгөөд хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүх Үндсэн хуулиас бусад хуулийн талаарх Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэхэд ашиглах ба тэрхүү тайлбарыг хэрэг маргааны талаар шийдвэр гаргах үндэслэл болгож баримталж болохгүйг анхаарах, прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч яллагдагчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээнүүдээс аль тохирохыг оновчтой зөв сонгон хэрэглэж шүүгчийн захирамж гарган шийдвэрлэж байх нь зүйтэй зэргийг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар

зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 117 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож *******т холбогдох эрүүгийн 201705000120 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******т хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                     Т.ДАВААСҮРЭН