Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00020

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Цагаан гэрт овогт Рэнцэнхандын Ариунтуяагийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Согоот багийн Засаг дарга Р.Ариунтуяад холбогдох хэсэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн Р.Мөнхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч Б.Анх-Эрдэнэ, гуравдагч этгээд Р.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.    

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Ариунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р.Ариунтуяа миний бие 2013 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Согоот багийн Засаг даргаар ажилласан. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх хуралд Согоот багийн Засаг даргад нэр дэвшсэн. Иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулж Согоот багийн Засаг даргад нэр дэвшигчдийг сонгохдоо дараах зөрчлүүдийг гаргасан. Үүнд:

1. Согоот багийн иргэдийн Нийтийн Хуралд нийт 289 сонгогч оролцсоноос нэр дэвшигч Р.Мөнхбаатарт 108 хүний санал, Р.Ариунтуяад 104 хүн санал өгсөн. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй. Тодруулбал хуулийн 26.2 дахь хэсэгт баг хорооны Засаг даргад тухайн нэгжийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно хэмээн заасныг баримтлаагүй.

2. Согоот багийн харьяалалгүй иргэдийг багийн зохион байгуулагч Г.Баярмагнай, хэсгийн ахлагч Л.Эрдэнэтуяа нар үгсэн хуйвалдаж шилжилт хөдөлгөөн хийж байсан. Тодруулбал багийн хэсгийн ахлагч Л.Эрдэнэтуяагийн 6-18-45 тоот байрыг шилжилт хөдөлгөөний дэвтэрт төрийн жинхэнэ албан хаагч Г.Баярмагнай хэт нэг талд үйлчилж шилжиж ирсэн иргэдэд байрыг худалдсан мэт тэмдэглэгээ хийсэн. Мөн хэсгийн ахлагч Б.Долгорсүрэнгийн хариуцдаг 6-1-22 тоотод 2017 оны 04 сарын 17-ны өдөр харъяалалгүй хоёр айлыг өрхөөр нь шилжилт хөдөлгөөн хийж өрхийн бүртгэлийн дэвтэрт хөлсөлж сууна гэсэн тэмдэглэгээ хийсэн. Багийн зохион байгуулагч Г.Баярмагнай нь нэг өрхөд арваас дээш хүн амьдрах ёсгүй гэж иргэдийн шилжилт хөдөлгөөнд хязгаар тавьж иргэдийн бухимдуулдаг атлаа ИНХ-ын үеэр төрийн тамга, тэмдэгийг ашиглаж харъяалалгүй иргэдийн өөрийнхөө зоргоор шилжилт хөдөлгөөн зохион байгуулж бүртгэж байсан.

3. Тухайн Хурлын даргаар сонгогдсон Н.Анх-Эрдэнэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.6 дахь хэсэгт заасан шаардлагыг нэр дэвшигч нар хангаж байгаа эсэх талаарх баримтуудыг авалгүйгээр, шалгалгүйгээр нэр дэвшигч нарыг санал хураалтанд оруулсан.

4. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.11 дэх хэсэгт зааснаар Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын, багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэж заасан хуулийн шаардлагыг хангуулалгүйгээр хурлыг зохион байгуулсан. Мөн хуулийн 25.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батлуулах ажиллагааг хийгээгүй юм. Ийнхүү Согоот багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хуралдааны үйл ажиллагааг хууль зөрчин явуулж холбогдох багийн Засаг даргын нэрийг Засаг даргад томилуулахаар санал болгосон. Үүнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай “Багуудын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч  нарыг түр томилох тухай” захирамж, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 тоот ”Багуудын Засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” захирамжаар тус тус чөлөөлж, томилж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь миний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчөөд зогсохгүй сонгогч иргэдийн сонгох эрхийг давхар зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Дээрх Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжуудыг танилцуулахгүй нууж байсан бөгөөд миний бие булаацалдан байж хуулбарлан авсан юм. Иймээс “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Согоот багийн Засаг дарга Р.Ариунтуяад холбогдох хэсэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Р.Мөнхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Ариунтуяа нь 2013 оноос хойш Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг даргаар ажилласан. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралд Р.Ариунтуяа нь Согоот багийн Засаг даргад нэр дэвшсэн. Согоот багийн Засаг даргыг сонгохдоо дараах хууль бус зөрчлүүд гарсан гэж үзэж байна.

Нэгдүгээрт: тухайн Хуралд нийт 289 сонгогч оролцсоноос нэр дэвшигч Р.Мөнхбаатарт 108 хүн, нэр дэвшигч Р.Ариунтуяад 104 хүн санал өгсөн. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл заалтыг баримтлаагүй гэж үздэг. Тодруулбал тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно хэмээн заасныг баримтлаагүй. Хуралд оролцохоор бүртгүүлсэн 289 хүнээс хувийг тооцоогүй, санал өгсөн хүмүүсээс хувийг тооцсон нь буруу.

Хоёрдугаарт: Согоот багийн харьяалалгүй иргэдийг багийн зохион байгуулагч Баярмагнай, хэсгийн ахлагч Эрдэнэтуяа нар үгсэн хуйвалдаж шилжилт хөдөлгөөнийг хийж байсан. Тодруулбал багийн хэсгийн ахлагч Эрдэнэтуяагийн 6-18-45 тоот байрыг шилжилт хөдөлгөөний дэвтэрт төрийн жинхэнэ албан хаагч Баярмагнай нь хэт нэг талд үйлчилж, шилжиж ирсэн иргэдэд байрыг худалдсан мэт тэмдэглэгээ хийсэн.

Мөн хэсгийн ахлагч Долгорсүрэнгийн хариуцдаг 6-1-22 тоотод 2017 оны 4 сарын 17-ны өдөр харьяалалгүй 2 айлыг өрхөөр нь шилжилт хөдөлгөөнийг хийж шилжилт хөдөлгөөний дэвтэрт хөтөлж хөлсөлж сууна гэсэн тэмдэглэгээ хийсэн. Багийн зохион байгуулагч Баярмагнай нь нэг өрхөд 10-аас дээш хүн байх ёсгүй гэж шилжилт хөдөлгөөнд саад учруулж иргэдийг бухимдуулдаг атлаа иргэдийн Нийтийн Хурлын үеэр төрийн тамга тэмдгийг ашиглаж иргэдийг өөрийн зоргоор зохион байгуулж шилжилт хөдөлгөөнийг бүртгэж байсан.

Гуравдугаарт: Тухайн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Б.Анх-Эрдэнэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заагдсан шаардлагыг нэр дэвшигч нар хангаж байгаа эсэхийг шалгалгүйгээр нэр дэвшигч нарыг санал хураалтанд оруулсан.

Дөрөвдүгээрт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхнөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэсэн хуулийн шаардлага хангуулалгүй Хурлыг зохион байгуулсан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан тогтоолыг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэсэн ажиллагааг хийгээгүй. Тогтоолыг олонхийн саналаар батлуулах ажиллагааг хийгээгүй гэснийг тайлбарлахад хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээс сумын Засаг даргад нэр дэвшүүлж байгаа тогтоолын төслөө батлуулаагүй харагддаг.

Согоот багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хурлын үйл ажиллагааг хууль зөрчин явуулж холбогдох нэр дэвшигчийг Засаг даргад томилуулахаар санал болгосон. Үүнийг Баян-Өндөр сумын Засаг дарга Ганцогтын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай “Багуудын Засаг даргын түр үүрэг гүйцэтгэгч томилох тухай” захирамж, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаар “Багуудын Засаг дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай”  захирамжаар тус тус чөлөөлж томилж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь Р.Ариунтуяагийн Үндсэн хуулинд заасан сонгох сонгогдох эрхийг зөрчөөд зогсохгүй сонгогч иргэдийн эрх ашгийг давхар зөрчсөн үйлдэл боллоо. Дээрх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжуудыг танилцуулахгүй нууж байсан бөгөөд Р.Ариунтуяа булаацалдан байж хуулбарлан авсан.

Нэхэмжлэлийн үндэслэл дээр бичигдээгүй байгаа нэг зүйлийг тайлбарлахад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасан. Гэтэл Согоот багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багт харьяалалгүй Намсрайн Гансүх, Хорлоогийн Бурмаа, Нямаагийн Отгон, Гончигжавын Хаянхярваа, Төмөрбаатарын Саруулбуян, Цоожгаваагийн Нарангэрэл гэсэн нэр бүхий 6 хүн оролцсон байгаа. Р.Ариунтуяагийн сонгогдох эрхийг хэрхэн зөрчиж байгаа юм бэ гэхээр нэр дэвшигч нарын саналын зөрүү 4 хувьтай байдаг. Тэгэхээр энэ 6 хүн оролцсоноороо Р.Ариунтуяагийн сонгох сонгогдох эрхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Иймээс Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай”  04 дугаар  тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Согоот багийн Засаг дарга Р.Ариунтуяад холбогдох хэсэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн Р.Мөнхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Анх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болж өнгөрсөн. Уг хуралдаанд нийт 289 хүн бүртгүүлж оролцсон. Хурлын үйл ажиллагааны дундуур иргэд хурлыг хаяж гарах тохиолдол их байсан. Ийнхүү Засаг даргыг сонгох үйл ажиллагаанд нийт 224 хүн оролцсон. Үүнээс Р.Мөнхбаатарт 108 хүний санал, Р.Ариунтуяад 104 хүний санал өгч, хүчингүй саналын хуудас 12 гарсан. Улмаар Тооллогын комиссын баталсан 04 дугаар тогтоолыг үндэслэж ИНХ-ын дарга миний бие 04 тоот тогтоолыг гаргаж батлуулсан.

2. Иргэдийн Нийтийн Хурлын зар хүргэх, хурлыг зохион байгуулах, хуралд оролцохоор иргэдийг бүртгэх, мэдээллийг тулгах ажлыг тухайн үеийн Согоот багийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Ариунтуяа болон түүний ажлын алба гардаж хийсэн тул тухайн үеийн багийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар миний бие  тайлбар өгөх боломжгүй юм.

3. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.14-т зааснаар “хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батлана” гэсний дагуу тухайн хурлаар батлагдсан дэгийн дагуу  хурлыг зохион байгуулж явуулсан. Ингэхдээ Хурлын үйл ажиллагаа удааширч Хурлыг хаяж явах хүмүүс ихсэж байсан тул Хурлын үйл ажиллагааг түргэсгэх үүднээс нэр дэвшигчийн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.6-д заасан бичиг баримтыг уншиж танилцуулахгүй хурааж авсан.

4. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10-т зааснаар  “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэсэн шаардлагыг, Засаг даргыг сонгох үйл ажиллагаанд 224 хүн оролцсон нь хангаж байгаа юм.

Иймд 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болж өнгөрсөн Хурлын үйл ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байгаа тул иргэн Р.Ариунтуяагийн гаргасан  нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын 21 багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Уг хурлаас иргэдийн олонхийн сонгогдсон иргэнийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг баримтлан тухайн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гаргаж, томилуулах санал ирүүлсний дагуу 5 өдөрт багтаан сумын Засаг даргын захирамж гарган томилж батламжилсан. Уг захирамжид багуудын Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл ирэх хүртэл хугацаагаар түр томилсон. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10, Б/11 дугаартай захирамжууд нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Дээрх нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралд сумын Засаг даргыг төлөөлж Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батмөрөнг оролцуулах хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.

Гуравдагч этгээд Р.Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг дарга Р.Мөнхбаатар миний бие тус багийн иргэдийн Нийтийн Хуралтай  холбоотой иргэн Р.Ариунтуяагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болсон Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 289 хүн бүртгэгдэж хэлэлцэх асуудал, хуралдааны дэгийг батлан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр ирцтэй эхэлж тус хуулийн 17.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр хуралдаан болсон.

2. Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан 04 тоот тогтоолыг үндэслэн Согоот багийн Засаг даргаар Р.Мөнхбаатар миний биеийг батламжлуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн.

3. Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны зохион байгуулалтын ажлыг тухайн үеийн багийн ажлын албаны ажилчид болон Засаг даргаар ажиллаж байсан Р.Ариунтуяа нь зохион байгуулсан бөгөөд уг хуралдааныг хуулийн дагуу зохион байгуулсан гэж үзэж байна. Иймд Согоот багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуулийн дагуу явагдсан тул иргэн  Р.Ариунтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Р.Ариунтуяагийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Согоот багийн Засаг дарга Р.Ариунтуяад холбогдох хэсэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Р.Мөнхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

              2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгууль тус тус явагдсан байна.

            2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Согоот багийн иргэдийн Нийтийн Хуралд 289 хүн оролцож бүртгэгдсэн бөгөөд үүнээс Засаг даргын санал хураалтад 224 хүн оролцсон нь  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасанчлан /...хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно/ хуралдааны ирц бүрэн, хүчинтэй гэж үзэхээр байна.

            Согоот багийн Засаг даргад иргэн Р.Мөнхбаатар, Р.Ариунтуяа нар нэрээ дэвшүүлсэн бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шаардлагыг хангасан болох нь /ХХ-ийн 27-29, 31-33 дугаарт/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2/775 тоот, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... нэр дэвшигч нар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар баримтуудыг шалгалгүйгээр нэр дэвшигч нарыг санал хураалтад оруулсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

            Мөн Согоот багийн Засаг даргыг сонгох багийн Нийтийн Хуралд нийт 224  иргэн оролцож саналын хуудас тараагдан, хүчинтэй 212, хүчингүй 12 хуудас гарсан болох нь Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 04 тоот тогтоолоор тогтоогдож байна.

            Хүчинтэй 212 саналын хуудаснаас Р.Мөнхбаатар 108 санал буюу 50.94% санал, Р.Ариунтуяа 104 буюу 49.05 %  санал тус тус авчээ.

            Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн ...” зааснаар  багийн Нийтийн Хуралд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн оролцох байтал Согоот багийн харьяалалгүй Н.Гансүх /ФА:60090172/, Х.Бурмаа  /ФВ:58041203/, Н.Отгон /ФА:67090164/, Б.Анх-Эрдэнэ /ФМ86110679/, Р.Эрдэнэбат /ФМ:61021011/, Г.Хаянхярваа /ФА:58123165/, Т.Саруулбуян /ФБ:80111808/, Ч.Нарангэрэл /АВ:84052901/ нар оролцож санал өгсөн нь ирцийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлээр нотлогдож байгаа, энэ нь саналын дүнд нөлөөлсөн” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Учир нь хавтаст хэрэгт /65, 66 дугаар талд/ авагдсан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №1088 албан бичиг, Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын ирцийн бүртгэлийн 1 дүгээр хуудасны 10, 22,  2 дугаар хуудасны 34, 3 дугаар хуудасны 75, 6 дугаар хуудасны 166 дугаарт 9 дүгээр хуудасны 245 дугаарт тус тус бүртгэгдсэн “Н.Гансүх /ФА:60090172/, Х.Бурмаа  /ФВ:58041203/, Н.Отгон /ФА:67090164/, Г.Хаянхярваа /ФА:58123165/, Т.Саруулбуян /ФБ:80111808/, Ч.Нарангэрэл /АВ:84052901/ нар нь Согоот багийн харьяалалгүй 6 иргэн маргаан бүхий багийн Нийтийн Хуралд оролцсон болох нь тогтоогдож байна.

            Харин нэхэмжлэгчийн дурьдсан дээрх нэр бүхий 8 иргэнээс Б.Анх-Эрдэнэ /ФМ86110679/, Р.Эрдэнэбат /ФМ:61021011/ нар нь Согоот багийн иргэн болох нь  Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №1088 албан бичгээр нотлогдсон болно.

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “Согоот багийн харьяалалгүй иргэн Н.Гансүх, Х.Бурмаа, Н.Отгон, Г.Хаянхярваа, Т.Саруулбуян, Ч.Нарангэрэл нар нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Согоот багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож санал өгсөн нь нэр дэвшигч Р.Мөнхбаатар, Р.Ариунтуяа нарын саналын дүнд нөлөөлөхүйц байдлыг бий болгосон, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар Р.Мөнхбаатарыг олонхийн санал авсан гэж үзээд /50.94% санал/ Согоот багийн Засаг даргад сонгогдсоноор тооцож, сумын Засаг даргад уламжилсан “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”,  25 дугаар зүйлийн 25.1 “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална,  26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж тус тус заасан хэдий ч Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаар тогтоол нь өөрөө хууль бус шийдвэр тул түүнийг үндэслэн /Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалт/ Согоот багийн Засаг даргаар ажиллаж байсан  Р.Ариунтуяаг үүрэгт ажлаас чөлөөлж, Р.Мөнхбаатарыг томилсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10, Б/11 тоот шийдвэр /үйл ажиллагаа/ нь хууль бус юм.

            Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Согоот багийн Засаг дарга Р.Ариунтуяад холбогдох хэсэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Р.Мөнхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах    үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.12, 106.4  дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тус тус заасныг  баримтлан нэхэмжлэгч Р.Ариунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаар тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн Согоот багийн Засаг дарга Р.Ариунтуяад холбогдох хэсэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн Р.Мөнхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

           

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдийн Нийтийн Хурлын санхүүгээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.САРАНГЭРЭЛ