| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2025/0079/З |
| Дугаар | 001/ХТ2025/0112 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2025/0112
Б.С нарын 5 иргэний нэхэмжлэлтэй,
Төрийн албаны зөвлөлд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0372 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2025/0560 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 513 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.С, Б.Б, С.О, П.А, Ч.Б нарыг оролцуулан, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөц үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 475 дугаар тогтоолыг 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөц үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 475 дугаар тогтоолоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажилласан Ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, зөвлөмжийг дэмжиж, тогтоолын 5 дахь заалтаар Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нэр бүхий 6 албан хаагчийн жагсаалтыг баталж, 6, 7, 8 дахь хэсгээр холбогдох зөрчлийг арилгаж, асуудлыг тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хуульд тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгожээ.
3.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Бидний өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг бүхэлдээ хэвээрээ хадгалагдан үлдсэн, албан хаагчаас шалтгаалахгүй албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдсөн нөхцөлийг сул орон тоо гарсан гэж үзсэнд гомдолтой. ... Ажил олгогчоос албан тушаалуудыг шинээр батлахдаа дэс түшмэлийн албан тушаалыг байхгүй болгож, ахлах түшмэлийн албан тушаалуудыг шинээр бий болгож, бидний гүйцэтгэж байсан чиг үүргийг хэвээр үлдээсэн. ... Төрийн албаны зөвлөл шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4-т тус тус заасан үүргээ биелүүлэлгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэтэрхий нэг талыг барьсан тогтоол гаргасан” гэж,
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “...Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажилласан. Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар Ч.Б, С.О, Б.С , Б.Б, П.А нарыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсон болохыг тогтоосон. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх”-ээр заасан” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0372 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар сарын 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар сарын 33.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С, Б.Б, С.О, П.А, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2025/0560 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөц үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 475 дугаар тогтоолыг 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Нэхэмжлэгч Б.Б, Ч.Б, П.А, Б.С нараас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
7.2.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 475 дугаар тогтоол нь нэхэмжлэгч биднийг албан тушаалд томилсон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнээд зөрчлийг арилгах хугацаатай үүргийг яамны Төрийн нарийн бичгийн даргад өгч, Төрийн нарийн бичгийн даргаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бидэнд сонсох ажиллагаа хийсэн. Энэхүү сонсох ажиллагааны хүрээнд төрийн жинхэнэ албан хаагч биднийг ахлах түшмэлийн албан тушаалаас бууруулан эгүүлэн дэс түшмэлийн албан тушаалд буюу ахлах мэргэжилтнээр томилох талаар мэдэгдсэн.
7.3.Бидний зүгээс сонсох ажиллагаатай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу нөхцөл байдлыг дахин тодруулахаар Төрийн албаны зөвлөлд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан. Тус зөвлөлөөс тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариуг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04/2733 дугаартай албан бичгээр ирүүлсэн тул төрийн жинхэнэ албан хаагч биднийг хуулийн дагуу томилогдсон албан тушаалаас чөлөөлөгдөх нөхцөл үүсгэж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн шийдвэр гэж үзэж Төрийн албаны зөвлөлд холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан.
7.4.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20- ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” хуралдааны 25 дугаар тогтоолын 5.1-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “нийтийн эрх зүйн маргаан”-ыг захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэхээр зааж, маргалдагч талуудын хэн нэг нь нийтийн захиргааг хэрэгжүүлэгч байх бөгөөд тухайн этгээдэд хуулиар тусгайлан олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад үүссэн, хүн, хуулийн этгээд болон захиргааны байгууллагын хооронд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр үүссэн маргааныг “захиргааны маргаан” гэж тодорхойлсонтой үүсээд байгаа төрийн жинхэнэ албан хаагч бидний хуулиар олгосон баталгааг эдлүүлэхтэй холбоотой маргаан нийцнэ гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүхээс хууль буруу тайлбарлан хэрэглэснээс төрийн жинхэнэ албан хаагчдын нэмэгдэл баталгааг зөрчсөн, албан хаагчдын эрх зүйн байдлыг хууль зүйн үндэслэлгүйгээр дордуулсан гэж зөв дүгнэсэн.
7.5.Маргаан бүхий тогтоолд заасан албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх гэдэгт хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж, чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс одоог хүртэл ирүүлээгүй, мөн бидний хариуцаж байгаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх өөр орон тоо байхгүй энэ нөхцөлд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны заалтыг нэн тэргүүнд хэрэглэж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг хамгаалах ёстой, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэх урьдчилсан нөхцөлийг тэргүүн ээлжид хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байх тул бидний зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. Уг хэрэг маргааныг Улсын дээд шүүхээр хэлэлцүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж энэхүү гомдлоо гаргаж байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 513 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
10.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж, 66 дугаар зүйлийн 66.1.3-т “төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналтын хүрээнд хугацаатай үүрэг, даалгавар өгөх бүрэн эрхтэй.
11.Дээрх бүрэн эрхийг баталгаажуулах, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн зайлшгүй биелэгддэг байх шинжийг хангах үүднээс мөн зүйлийн 30.3-т “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж, мөн 32 дугаар зүйлийн 32.1, 32.7-д холбогдох тодорхой эрх зүйн дагаврыг тусгажээ.
12.Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн хугацаатай үүрэг, даалгавар нь хэлбэрийн хувьд шууд үр дагавар үүсгээгүй боловч түүнийг биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг өөрөө шууд хүчингүй болгох, мөн томилох эрх бүхий этгээдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үр дагавар зайлшгүй үүсэхээр энэ хуульд тодорхой заажээ.
13.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 475 дугаар тогтоолын 5 дахь заалтаар хууль зөрчиж томилсон гэх нэр бүхий албан хаагчдын жагсаалтыг баталж, 6 дахь заалтаар холбогдох зөрчлийг хууль тогтоомжид нийцүүлэх, өөрчлөх арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгож, 7 дахь заалтаар зөрчлийг арилгаагүй тохиолдолд хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдэж, 8 дахь заалтаар албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгож тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд энэ тохиолдолд Төрийн нарийн бичгийн даргад Төрийн албаны зөвлөлийн үүрэг, даалгаврыг биелүүлэхгүй байх сонголт байхгүй буюу дээр дурдсаны дагуу Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар томилгоог Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгох, түүнчлэн өөрийг нь үүрэгт ажлаас чөлөөлөх үр дагавар үүсэхээр байна.
14.Дээрх зохицуулалтаас үзвэл, Төрийн албаны зөвлөлийн “хугацаатай шаардлага, үүрэг, даалгавар хүргүүлэх” болон “хүчингүй болгох” шийдвэрүүдийг үр дагаврын болоод ойлголтын хувьд бодитоор ялган зааглах хэрэгцээ шаардлага байхгүй байх бөгөөд эцсийн дүндээ зайлшгүй “хүчингүй болгох” үр дагавар үүснэ.
15.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 475 дугаар тогтоолын 5, 6, 7 ,8 дахь заалт нь эрх зүйн шууд үр дагавар бий болгох буюу захиргааны актын шинжийг хангаж байна.
16.Давж заалдах шатны шүүх захиргааны актын шинжийг хангахгүй, томилох эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй, мөн процессын хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу бөгөөд “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2025/0560 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ