Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6a байрны 155 тоотод оршин суух, Шангас овогт Норовсамбуугийн Алтанцацрал /РД:ОД93121900/-ын хүсэлттэй,

            хариуцагч Б.Даариймааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Алтанцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.                                                                                                       

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Н.Алтанцацрал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Даариймаагийн хүсэлтээр 2014.10.27-ны өдөр 2 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай хүүгүй зээлж зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан ба аман тохиролцоогоор 1 000 000 төгрөгийг зээлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Б.Даариймаа нь өнөө маргаашгүй өгнө гэж аргацаасаар нэг ч төгрөг төлөлгүй хохироож байна. Талуудын дунд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Б.Даариймаа нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээлийн төлөх хугацаа дууссан ч худлаа хэлсээр өнөөдрийг хүрч байгаа ба холбогдох утсаа солин алга болсон. Хариуцагч Б.Даариймаатай 2015 оны зунаас хойш уулзалдаагүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

 

           Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Алтанцацрал нь хариуцагч Б.Даариймаагаас зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөгийг гаргуулж авах гэсэн боловч одоо түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

  Талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай хүүгүйгээр зээлсэн байна. 

  Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт хавсаргасан баримтуудаас үзэхэд Б.Даариймаа нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох бөгөөд түүний байж болох хаяг тодорхойгүй байна.               

  Хариуцагч Б.Даариймаагийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Н.Алтанцацралын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Баянгол, Хан- Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18034 дугаар шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Даариймааг эрэн сурвалжлуулахыг хүссэн Н.Алтанцацралын хүсэлтийг хангаж  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Арсай овогт Бүдсүрэнгийн Даариймаа /РД:ХЕ76100300/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Бүдсүрэнгийн Даариймааг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Н.Алтанцацралд мэдэгдэхийг Тахарын Ерөнхий Газрын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Н.Алтанцацралын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     

 

                               ДАРГАЛАГЧ                                          Д.ЭНХЦЭЦЭГ