| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00208/И |
| Дугаар | 212/МА2025/00045 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 212/МА2025/00045
М.А-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00372 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч М.А-ийн хүсэлттэй,
“Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол 15,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 гаргуулах тухай” иргэний хэргийг прокурорын гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, прокурор А.Дорждэрэм /цахим сүлжээгээр/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. М.А- нь Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2313003800370 дугаар бүхий тогтоолоор Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.С 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдөр нас барсны улмаас гарсан сул орон тоонд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар төрийн улс төрийн албанаас чөлөөлөгдөж ажилгүй байсан А.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусад давуу байдал бий болгож, улсын төсөвт 5,536,267 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.
1.2.Тухайн хэрэг дээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулж, хэргийн материалтай танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж, прокурорын газарт шилжүүлсэн. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлэхээр Баян-Өлгий аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх нь тухайн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 157 дугаартай цагаатгах тогтоолоор М.А-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгагдсан этгээд хохирол төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй болохыг тухайн тогтоолд дурдаж шийдвэрлэсэн.
1.3. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 42 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг прокуророос хяналтын журмаар эсэргүүцэл бичээгүй учраас шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.
1.4. М.А- энэ хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэг эцэслэн шийдвэрлэх өдөр хүртэл нийтдээ 9 сар хүртэл нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны хохирол амсаж, эд хөрөнгийн тодорхой хэмжээний хохирол хүлээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан байдаг. Мөн зүйлийн 45.8.1 дэх хэсэгт хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно гэж заасан байгаа. Энэ хүрээнд нэхэмжлэгч М.А- итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлүүлэхээр зохицуулсан. Энэ хүрээнд М.А- 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч Х.Бакен, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч С.Нургайып, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгч Б.Дагиймаатай тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 3 хүнээр эрх ашгаа хамгаалуулсан. Эдгээр гэрээний хүрээнд өмгөөлөгч Х.Бакенд нийт 2,500,000 төгрөг, өмгөөлөгч С.Нургайыпт 2,500,000 төгрөг, өмгөөлөгч Б.Дагиймаад 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр нийтдээ өмгөөллийн хөлсөнд 15,000,000 төгрөг төлсөн. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа.
1.6.Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.1 дэх хэсэгт сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалт байгаа. Энэ хүрээнд нийтдээ сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэх болсон үндэслэл нь нэхэмжлэгч М.А-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд болон сэтгэцийн хор уршигт нэхэмжилж байгаа. Тухайн үед М.А- нь Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Нийтдээ 9 сарын хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан. 2 шатны шүүх хуралдаанаар хэрэг нь хэлэлцэгдэж нэр төр, алдар хүнд нь унасан. Хэрэг дээр шалгагдаж байх хугацаанд Дэлүүн сумаас удаа дараа ирж хуралд оролцож, нэлээн зардал гарсан. Нийтдээ 15 удаа ирж, буцсан гэж тодорхойлсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дахь хэсэгт зааснаар унаа, хөлстэй холбоотой зардлыг нэхэмжлэх үндэслэл байхгүй учраас сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхээр нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
2. Төрийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Миний бие шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Хууль тогтоомжийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрх үүссэн байна. Мөн хуульд заасан шаардах эрх буюу үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсан уг асуудал дээр нэхэмжлэгч М.А-ийн хувьд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлээс нотлох баримттай хэсгийн хүрээнд 9 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч М.А-ийн хувьд нийтдээ 35,000,000 төгрөг шаардаж байгаа. 35,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөг өмгөөлөгч Х.Бакен, С.Нургайып, Б.Дагиймаа нарт шилжүүлсэн дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байсан. Тухайн өмгөөлөгч нарт мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон учраас нэхэмжлэлийн тухайн хэсгийг хүлээн зөвшөөрч, 9,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзсэн.
2.2.Бэлнээр өмгөөллийн хөлсөнд 6,000,000 төгрөг өгсөн гэх асуудал байгаа. 6,000,000 төгрөгтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгсөн. Тухайн анхан шатны баримт нь дэлгүүрт зарагддаг баримт байгаа. Хоёр талаасаа гарын үсгээ зураад гаргаж өгсөн юм байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч хаанаас яаж олж авсан, Б.Дагиймаа өмгөөлөгч үнэхээр тухайн мөнгийг авсан бол татвар төлсөн эсэх тухай баримтыг шүүхэд гаргаж өгвөл тухайн нотлох баримтад дүгнэлт хийх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлүүлье гэж бодсон. Энэ нь цаанаа ямар ач холбогдолтой байгаа вэ гэвэл нэг төрлийн кейс дээр Засгийн газрын нөөц сангаас мөнгө төгрөг нэхэмжлэх этгээд ийм төрлийн баримт гаргаж ирээд явж байгаа. Энэ хэрэг дээр бас жишиг тогтоох үйл баримтыг шүүхээс анхаарч үзээд хэрвээ татвар төлсөн байвал тухайн баримтыг гаргуулж, хэргийг шийдвэрлэх нь цаашид энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн маргаангүйгээр хэргийг шийдвэрлэх жишиг тогтох болов уу гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Уг хэргийн хүрээнд нотлох баримт хангалтгүй байгаа учраас 6,000,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2.3.Нэхэмжлэл дээр дурдсан 2 дахь агуулгын хүрээнд сэтгэцэд учирсан хор уршиг, нэр төр алдар хүнд гутаан доромжлогдсон гэдэг асуудлыг миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хавтаст хэрэгт үүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна. Дээрээс нь хэрхэн яаж гутаан доромжлуулсан, хэрхэн сэтгэл санаагаар хохирсон талаарх үйл баримтыг илтгэх нэхэмжлэлд хавсаргасан материал байхгүй. М.А- нь одоо ямар ажил эрхэлж байгаа вэ гэдгийг судалж үзсэн. Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байгаа юм байна. Гэхдээ тэр хүний нэр төр олон нийтийн өмнө гутаан доромжлогдож, нэр төр нь унасан үйл баримт харагдахгүй байгаа учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Кадирбек: М.А- нь 35 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00372 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20,000,000 (хорин сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурорын давж заалдах гомдолд:
5.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм би, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 372 дугаартай шийдвэрийг мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
5.2. Нэхэмжлэгч М.А-ийн Засгийн газрын нөөц сангаас 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 15,000,000 төгрөгийг гаргуулж, илүү нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ингэхдээ нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй буюу эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосныг эс зөвшөөрч байна.
5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ...үнэлнэ ”, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт нь дээрх хуулийн агуулга, шаардлагад нийцэхгүй, нэхэмжлэгч М.А- нь өмгөөлөгч Б.Дагиймаад 6.000.000 төгрөгийг өгсөн гэх баримт эх сурвалжгүй буюу эргэлзээтэй байхад түүнийг үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй.
5.4. Угтаа Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана”, мөн хэсгийн 22.2.3 дахь хэсэгт “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар”, 23 дугаар зүйлийн 23.1 дахь хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид "өмгөөллийн хөлс" гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж тус тус зааснаар өмгөөллийн хөлсийг гэрээнд заавал тусгасан байх ёстой. Гэтэл энэ хэргийн тухайд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хуулийн шаардлагад нийцсэн гэрээг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад зөвхөн мөнгө шилжүүлсэн тухай санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэсэн нь шийдвэр бодитой биш, нотлох баримтуудыг харьцуулан үзэх гэхэд эргэлзээтэй, хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.
5.5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт “...өмгөөлөгч Б.Дагиймаад төлсөн гэх 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулан, өөрчлөлт оруулахаар...” гомдол гаргав.
ХЯНАВАЛ:
6. Прокурорын гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн М.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
7. Хүсэлт гаргагч М.А- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол 15,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “...М.А- нь Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2313003800370 дугаар бүхий тогтоолоор Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.С 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдөр нас барсны улмаас гарсан сул орон тоонд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар төрийн улс төрийн албанаас чөлөөлөгдөж ажилгүй байсан А.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусад давуу байдал бий болгож, улсын төсөвт 5,536,267 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.07.01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж ... гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Шүүхийн цагаатгасан тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурор эсэргүүцэл бичсэн боловч давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж тогтоол хүчин төгөлдөр болсон. М.А- энэ хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэг эцэслэн шийдвэрлэх өдөр хүртэл нийтдээ 9 сар хүртэл нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны хохирол амсаж, эд хөрөнгийн тодорхой хэмжээний хохирол хүлээсэн” гэж тодорхойлсон.
8. Төрийг төлөөлж прокурор А.Дорждэрэм нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбарт “35,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөг өмгөөлөгч Х.Бакен, С.Нургайып, Б.Дагиймаа нарт шилжүүлсэн дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан. Тухайн өмгөөлөгч нарт мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон учраас нэхэмжлэлийн тухайн хэсгийг хүлээн зөвшөөрч, 9,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлтэй. Бэлнээр өмгөөллийн хөлсөнд 6,000,000 төгрөгтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгсөн. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч хаанаас яаж олж авсан, Б.Дагиймаа өмгөөлөгч үнэхээр тухайн мөнгийг авсан бол татвар төлсөн эсэх тухай баримт авагдаагүй. ...сэтгэцэд учирсан хор уршиг, нэр төр алдар хүнд гутаан доромжлогдсон гэдэг асуудлыг миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хавтаст хэрэгт үүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна. Дээрээс нь хэрхэн яаж гутаан доромжлуулсан, хэрхэн сэтгэл санаагаар хохирсон талаарх үйл баримтыг илтгэх нэхэмжлэлд хавсаргасан материал байхгүй” гэжээ.
10. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас М.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/157 дугаар цагаатгах тогтоолоор М.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/42 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
11. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т "гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэж заасан, эрх бүхий байгууллага нэхэмжлэгчид эрүүгийн хэрэг үүсгэн хуульд заасан зохих ажиллагаа явуулсан боловч тэрээр гэм буруутай болох нь тогтоогдоогүй, энэ нөхцөлд дээрх ажиллагааны үр дагаврыг төр хариуцан арилгах үүрэгтэй. Нөгөө талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэнээс хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах эрхтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана. Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, түүнчлэн цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй үйл баримтад хамаарах тул дээрх ажиллагаанаас учирсан гэм хорыг нэхэмжлэгчийн хүсэлтээр онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ба нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй, харин гэм хорыг хангах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Иймд М.А-ийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй болжээ.
12. Хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3 дахь хэсэгт заасан ба мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцдог.
Хуулийн дээрх зохицуулалтаар прокурор тухайн төрлийн хэрэгт гуравдагч этгээдээр, мөн төрийг төлөөлж, эсхүл аль алинаар нь оролцох боломжтой тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Дорждэрэм оролцсоныг буруутгах боломжгүй.
13. Хүсэлт гаргагч нь хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд 15,000,000 төгрөгийг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан зардал гэж дүгнэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
13.1. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Х.Бакен, С.Нургайып, Б.Дагиймаа нар нь М.А-д холбогдох эрүүгийн 2313003800370 дугаартай хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байхаас гадна ХААН банкны харилцагч М.А-ийн *********** тоот дансны хуулганууд, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдсон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан прокурорын гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.
13.2. Прокуророос өмгөөлөгч Б.Дагиймаагийн үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бэлэн мөнгөний орлогын баримтыг шүүх үнэлэхэд эргэлзээтэй, бусад өөр нотолгооны эх сурвалжаар тогтоогдоогүй гэх боловч анхан шатны шүүх тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрвээ хэргийн оролцогч болон бусад этгээд тухайн баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон, эсхүл хэргийн оролцогч нь тухайн баримтыг хуурамч гэдгийг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, улмаар тус баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тохиолдолд холбогдох этгээд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх ба энэ нь энэхүү шүүхийн шийдвэрийг шинэ нөхцөл байдлын улмаас дахин хянуулах үндэслэл болохыг шүүх хуралдааны явцад талуудад сануулж, тайлбарласан болно.
14. Хүсэлт гаргагч сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
14.1. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгажээ. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй, энэ тохиолдолд нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
15. Эдгээр үндэслэлээр прокурорын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзаж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК