Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2025/00046

 

    

                               

 

 

Х.Г-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00329 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ************ багт оршин суух И овогт Х.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургууль /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Сексен/, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсролын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Айдын/ нарт холбогдох,

 

“Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Х.Г- миний бие 1991 оноос эхлэн нийгмийн даатгал төлж ажиллаж эхэлсэн. Анх 1991 оноос эхлэн У суманд тогоочоор ажиллаж эхэлсэн ба 1994 он хүртэл ажилласан. 1995 оноос эхлэн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуульд 1996 он хүртэл бага ангийн багшаар ажилласан. 1997-1999 он хүртэл Хөх хөтөлийн эмнэлэгт асрагчаар, 2000 оноос 2003 он хүртэл СУАТ-д, 2003-2006 он хүртэл Хадгаламжийн банканд ажилласан. 2013 оноос эхлэн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

1.2. У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/03 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар намайг ажлаас халсан. Х.Г- би шүүхэд нэхэмжлэл гаргаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3,226,410 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон   эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, намайг 1 сар хүрэхгүй хугацаагаар ажиллуулаад 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дахин ажлаас халсан. Тодруулбал 2024 оны 05 дугаар сард ажилд томилсон шийдвэр гаргасан ба хичээл тарах хүртэл буюу 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллуулсан. Үүний дараа 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр амралтаас буцаан орох үед дахин намайг ажлаас халсан шийдвэр өгсөн. Би дахиж шүүхэд нэхэмжлэл гаргахад сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.С-ээс намайг хууль бусаар ажлаас халсан гэдгээ хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар хүргүүлсний дараа Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00995 дугаартай захирамж гарч намайг ажилд эгүүлэн томилохоор болсон. Би ажилдаа эгүүлэн тогтоогдож ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө тооцуулж авсан боловч миний цалин хөлс ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөөгүй байсан. Би энэхүү асуудлаар Нийгмийн даатгалын хэлтэст гомдлоо гаргасан ба нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэхээр болсон.

1.3. Би өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гаргах болсон ба Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно” гэсний дагуу надад Төрийн байгууллагад ажилласан 18 жилийн хугацаанд нийтдээ 21,780,000 төгрөгийн тэтгэмж олгогдох байсан. Би ТҮ-1 -ээр цалинждаг бөгөөд үндсэн цалин хөлс 1,210,000 төгрөг байсан бөгөөд үүнийг 18 сараар үржүүлэхэд 21,780,000 төгрөгийн тэтгэмж авах байсан. Гэтэл надад 11,368,877 төгрөгийн тэтгэмж олгосон. Би Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөгийг нэхэмжилж байна.

1.4. Би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00995 дугаартай захирамжаар ажилд эгүүлэн тогтоогдсоны дараа миний цалин хөлсийг төлж барагдуулахдаа 2,250,000 төгрөгийг хасаж тооцсон. Үүний шалтгааныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу сургуульд буцаан төлөх 2,250,000 төгрөгийг суутгасан гэж хэлсэн. Би уг шүүхийн шийдвэрийг давж заалдаж байгаа бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийн дагуу суутгал хийх эрхгүй юм. Би ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү 2,250,000 төгрөгийг мөн гаргуулахыг хүсэж байна.

1.5. Х.Г- нь 1995 оноос эхлэн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуульд 1996 он хүртэл бага ангийн багшаар, 2013 оноос эхлэн 2024 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Х.Г-д ажиллаж байгаа байгууллагаас нь буюу У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулиас Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгох ёстой байсан боловч уг тэтгэмжийг өнөөдрийг хүртэл олгохгүйгээр түүнийг хохироосон байна. Тэтгэмжийн мөнгийг тооцохдоо Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ-г ТҮБД-1-ийн цалингийн доод хэмжээг 1,283,000 төгрөг болгосон тул тухайн хэмжээгээр тооцсон болно.

1.6. Иймд Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөрлөх эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч Х.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг судалж үзэхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Х.Г-гаас тэтгэмжийн мөнгө болох 2,250,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд олгож шүүхээс шийдвэрлэсэн тул нөхөн төлөх боломжгүй.

2.2. 2023 оны 6 дугаар сард тусгагдсан төсвийн төсөлд 2024 онд 11,700,000 төгрөг төсөвлөгдөж нэхэмжлэгч Х.Г-д хууль тогтоомжийн дагуу олгогдсон байна. Нэхэмжлэгч Х.Г-гаас хариуцагчаар Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийг тодорхойлж, Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Х.Г-г урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан билээ. Х.Г-гийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130\Ш32024\00995 дугаартай хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарснаар уг маргаан иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Иймд нэхэмжлэгч Х.Г-д Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж болох 5,132,000 төгрөг олгох хууль зүйн үндэслэлгүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсролын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Айдын/ хариу тайлбар, татгалзал:

3.1. Иргэн Х.Г-гийн манайд хүргүүлсэн материалыг нь хянаж үзэхэд 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл У сумын Хөх хөтөл багийн дунд сургуульд тогоочоор 3 жил 7 сар, 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага ангийн багшаар 3 жил 10 сар, 2002 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл СУАТ ХХК-д 11 сар, 2003-2006 он хүртэл Хадгаламж банканд 3 жил 10 сар, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл У сумын Хөх хөтөл багийн сургууль болон хүүхдийн цэцэрлэгт 10 жил 2 сар тус тус ажилласан байна. Үүнээс төрийн албанд нийт 17 жил 7 сар ажилласан байна. Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.2 болон 3.1.4 дэх заалт мөн заалтын тайлбар болох Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас манайд хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №6/2848 дугаар албан бичигт “1990 оноос өмнө болон хойших хугацаанд үйлдвэр, аж ахуйн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй” гэсэн байна. Х.Г-гийн 2002 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл СУАТ-д 11 сар, 2003-2006 он хүртэл Хадгаламж банканд 3 жил 10 сар болох нийт 4 жил 10 сарыг нь төрийн алба хаасан хугацаанд оруулах боломжгүй гэж үзсэн байгаа. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 238 дугаар тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба иргэн Х.Г- нь 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авсан учир 2024 оны 238 дугаар тогтоол буюу цалингийн доод хэмжээг 1,283,000 төгрөгөөр тооцох боломжгүй болно. Засгийн газрын 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1 дэх хэсгийн дагуу үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджийг нь тооцоход 668,757 төгрөг гарсан. Мөн дээрх журмын 3.2 дахь хэсэгт төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно гэж заасны дагуу У сумын Хөх хөтөл багийн хүүхдийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажилласан 17 жилээр төрийн алба хаасан хугацааг нь тооцож нийт 11,368,877 төгрөгийн тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж шилжүүлсэн болно.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00329 дүгээр шийдвэрээр:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3, 119 дүгээр зүйлийн 119.1.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг У сумын Хөх Хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулиас хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г-д олгож, илүү нэхэмжилсэн 2,882,000 төгрөг, цалин хөлснөөс суутгасан гэх 2,250,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г-гийн нэхэмжлэлтэй хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт холбогдох Төрийн албаны тухай хуулийн олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

4.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг У сумын Хөх Хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн  давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.21-ний өдрийн 302/ШШ2025/00329 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт заасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3, 119 дүгээр зүйлийн 119.1.2-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулиас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г-д олгож...." гэсэн хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.2. Харин ажил олгогч Х.Г-тай өөртэй нь тохиролцсоны дагуу түүний өндөр насны тэтгэвэрт гарахыг хүссэн өргөдлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэсэн шүүхийн дүгнэлтийг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2 “ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүр мөсөн шилжүүлсэн.”, 80.1.1 “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн”, 80.1.2 “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино.”, 80.1.3 “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон” гэж тус тус хуульчилсан байна.

Дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3 дахь хэсгүүдэд тусгайлан заасан нөхцөл шаардлагууд ажилтан Х.Г-д тохиолдоогүй учраас түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 82.5-д зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.2. “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй” гэсэн үндэслэлээр буюу Х.Г- нь өөрөө хүсэж өндөр насны тэтгэвэрт гарсан нь түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалаар нотлогдсон гэж үзэж байна.

5.4. Ингэхээр ажил олгогч ажилтан Х.Г-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Энэ тухай анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.21-ний өдрийн 302/ШШ2025/00329 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг буюу анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3, 119 дүгээр зүйлийн 119.1.2-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулиас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г-д олгож...” гэсэн хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх  хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн  давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.  

 

7. Нэхэмжлэгч Х.Г- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургууль /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.С/, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсролын газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А/-т тус тус холбогдуулан (1) Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг, (2) ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг, (3) Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

8. Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

8.1. Нэхэмжлэгч Х.Г-, хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлээс үзвэл тэрээр захиргааны байгууллага, түүний албан тушаалтан буюу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, түүний даргын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/111 дүгээр тушаалтай холбогдуулж нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг үндэслэн маргасан байх ба талуудын хооронд эд хөрөнгийн шинжтэй буюу эдийн ба эдийн бус баялагтай холбоотой хувийн эрх зүйн маргаан үүсээгүй байх тул түүний уг шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нийцжээ.

8.2. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып оролцож “Баян-Өлгий аймгийн У сумын Хөх Хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн тэтгэмжийг дутуу бодож, дутуу тооцоолж олгосонтой холбогдох асуудал нь төрийн захиргааны албан хаагчийн шийдвэр учраас тухайн хэсэгтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь түүнийг дээд шатны байгууллагад хандаад улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандъя. Тэр талаар жич нэхэмжлэл гаргах болно. Тэр харьяал зөрчигдөж буруу шүүхэд хандсан байна. Нэхэмжлэгч энэ хэсэгтээ буруу нэхэмжлэл гаргасан байна” гэж тайлбар гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

8.3. Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургууль, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын аль алинд нь холбогдуулан дээрх 3 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийг орхигдуулсныг нэмж өөрчлөлт оруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

9. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

9.1. Нэхэмжлэгч Х.Г- нь 2024 оны 01 дүгээр сард, мөн оны 9 дүгээр сард тус тус ажлаас чөлөөлөгдсөн тул тус шүүхэд Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиралд холбогдуулан “тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хоёр удаа гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2024/00445 шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2025/00995 дугаартай шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд тэдгээр шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

9.2. Хариуцагч тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал нь нэхэмжлэгч Х.Г-г эхний удаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсний дараа мөн захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/10 дугаартай тушаалын 1 дэх заалтаар Х.Г-д 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч Х.Г-д 2,250,000 төгрөгийг уг тэтгэмжид тооцож олгосныг хожим хууль бус гэж үзэж, түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргах замаар шаардсан байжээ.

9.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2024/00445 шийдвэрээр ажилтан Х.Г-г ажлаас чөлөөлсөн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3,226,410 төгрөгийг олгож шийдвэрлэсэн тул хариуцагч тус аймгийн У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас Х.Г-д олгогдсон 2,250,000 төгрөгийн тэтгэмжийн мөнгийг нэхэмжилснийг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/01006 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байдлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтад зааснаар тухайн үйл баримтын талаар дахин нотлохгүй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Х.Г-гийн цалин хөлсний үлдэгдэл гэж тодорхойлон ажил олгогчоос шаардсан 2,250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

            10. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

10.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгох урьдчилсан нөхцөлийг дараах байдлаар хуульчилсан бөгөөд үүнд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2 “ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн;”, (2) 80.1.1 “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; (3) 80.1.2 “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино;”, 80.1.3 “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол;” гэж тус тус хуульчилжээ.

10.2 Анхан шатны шүүх “...Хариуцагч талын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Тэтгэвэрт гарах албан хаагчийн төрд ажилласан байдлын мэдээлэлд /Маягт НМ-07в/ нэхэмжлэгч Х.Г-гийн төрийн албанд ажилласан жил буюу Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуульд 9 жил ажилласан гэсэн байна. Нэхэмжлэгч Х.Г- нь Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуульд 9 жил үйлчлэгчээр ажиллаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдаж дуусгавар болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэснээр нэхэмжлэгч Х.Г-гийн ажиллаж байсан байгууллага буюу хариуцагчаас түүний сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ...” гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.   

10.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан ба Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 59 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Х.Г-гийн өөрийн хүсэлтийн дагуу, өндөр насны тэтгэвэрт гарах болсон үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж авах урьдчилсан нөхцөл үүсээгүй байхад тэтгэмж олгохоор нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

10.4. Иймд дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн 82.1.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ  талаар гаргасан хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00329 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсгийн 119.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг:

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургууль, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт тус тус холбогдох Төрийн албаны тухай хуулийн олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА                      

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ