| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00129/И |
| Дугаар | 212/МА2025/00047 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 212/МА2025/00047
Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00385 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж/-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ************** багт үйл ажиллагаа явуулах “К” ХХК /гүйцэтгэх захирал А.Е/-т холбогдох,
“Засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл 2,055,221 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч “К” ХХК-ийн захирал А.Е-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч А.Е- нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны нэхэмжлэлтэй, хариуцагч “К” ХХК-д холбогдох 2,055,221 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Е-ын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэн, хэрэгжүүлснийг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн явуулах нь мөн зарчмыг хангах үндсэн нөхцөл болдог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн үгүйсгэлийн үндэслэлд тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй нөхцөл шалтгаан болжээ.
4. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн алба нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Японы элчин сайдын яамны дэргэдэх “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын ажлыг “К” ХХК нь аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Засварын ажлын өдөр тутмын хяналтыг тус Барилга захиалагчийн алба гүйцэтгэсэн бөгөөд бичиг баримтыг бүрдүүлэн хамтарч ажилласан болно. Мөн “К” ХХК нь сургуулийн засварын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өгч, засварын ажлын санхүүжилтийг бүрэн авсан болно. Тухайн засварын ажлын санхүүжилтийг “К” ХХК-ийн дансаар дамжуулан манай байгууллагын дансанд хяналтын зардлыг шилжүүлэн өгөх байсан. Гэвч “К” ХХК нь хяналтын зардлын үлдэгдэл санхүүжилт болох 2,055,221 төгрөгийг тус албаны дансанд шилжүүлж өгөлгүй өдий хүрлээ. Иймд засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл санхүүжилт болох 2,055,221 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарлажээ.
Хариуцагч “К” ХХК-ны захирал А.Е- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Нэхэмжлэгч талтай манай байгууллага ямар нэгэн зөвлөх үйлчилгээ авахаар гэрээ байгуулаагүй байх ба зөвлөх үйлчилгээний хөлс нь гүйцэтгэгч талаас гардаггүй захиалагч тал нь төлдөг. Захиалагчаас Барилга захиалагчийн албаны зөвлөх үйлчилгээний төлбөрийг манай данс руу шилжүүлэх боломжгүй ба алдаатай эсвэл ийм утгатай гүйлгээ орж ирээгүй болно. “ гэж маргажээ.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
- Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийг төлөөлж Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Х.Анар, Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ш.Жанимхан гэж, гүйцэтгэгчийг төлөөлж “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Е- гэж тус тус гарын үсэг зурж, тамга дарж, талууд гэрээ байгуулсан байна.
-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн засварын ажил зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 38/22 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан байх ба энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Е.Айнур нарын бичгийн даргаар оролцсон байна.
-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн барилгын их засварын ажлын төсөв буюу өртгийн товчоонд зардлын нэр техник хяналтын зардал, зардлын хэмжээ 7,030,249 төгрөг гэж тусгасан байна.
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл”-ээр өргөдөл гаргагч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн алба нь уригдах тал “К” ХХК-д холбогдох 2,055,000 төгрөг гаргуулах тухай өргөдлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй гэж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзсан байна.
-Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 119/22 дугаартай “К” ХХК-ийн захирал А.Е- танаа хугацаат албан даалгавар хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байх ба албан бичигт “... хугацаат албан даалгаварт заасан ажлуудыг дутуу эсвэл хийгээгүй нөхцөлд барилгын ажлын акт, засварын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахгүй болохыг анхаарна уу” гэсэн байна.
-Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Орон нутгийн төсвийн болон зарим нэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга, засварын ажлын захиалагч томилох тухай А/04 дугаартай захирамжийн 1-т 2022 оны орон нутгийн төсвийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж хэрэгжих барилга, засварын ажлын захиалагчийн чиг үүргийг орон нутагт гүйцэтгэх төлөөлөгчөөр Барилга захиалагчийн албыг томилсон байна.
-Ерөнхий захиалагчийг төлөөлж аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Анар, захиалагчийг төлөөлж аймгийн Барилга захиалагчийн албаны дарга М.Сайранбек нар нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан харилцааг зохицуулах зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Захиалагч болон захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, гэрээг АЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн хянасан байна.
-Хариуцагч “К” ХХК нь Барилга захиалагчийн албанд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаартай комисс ажиллуулах тухай, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаартай үүрэг даалгавар биелсэн тухай, мөн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 90 дугаартай гүйцэтгэл хянан үзэх тухай албан бичгүүдийг хүргүүлж байжээ.
-Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 1.1-т дүрмийн зорилго нь Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын захиалагч (цаашид Захиалагч гэх)-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх, барилгын ажлыг зохих зөвшөөрөл, зураг төсөл, стандарт, техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгүүлэх болон барилгын ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулах,хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ.
-Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 2.8-т “Захиалагч Барилгын тухай хуулийн 37.1.4-т заасан барилгын үе шатны ажилд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилон ажиллуулна” гэж, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно” гэж тус тус заасан байна.
-Хариуцагч “К” ХХК-ийн нотлох баримтаар Барилга захиалагчийн албаны хяналтын зардал нэхэмжилсэн 2 /хоёр/ ширхэг нэхэмжлэхийг гарган өгч, нэхэмжлэхэд төлөгч байгууллагын нэр Японы Элчин Сайдын Яам “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлын хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр гэж бичигдсэн тэр байгууллага хяналтын зардлыг төлөх буюу түүнээс шаардах ёстой гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т “гэрээний үнэнд бүх татвар, хураамж, ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх материалын үнэ багтсан болно”, 4.3-т “гүйцэтгэгч бүх материалуудыг Захиалагчид хүлээлгэн өгсний дараа захиалагч гэрээний санхүүжилтийг Гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж, мөн Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 2.7-т “Захиалагчийн санхүүжилтийн эх үүсвэр нь барилга байгууламжийн төсөвт өртөгт тусгагдсан байх бөгөөд зардлыг зориулалтын дагуу ашиглана” гэж тус тус заажээ.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “К” ХХК-аас засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл мөнгө 2,055,221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албад олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагч “К” ХХК-ийн Японы элчин сайдын яамны дэргэдэх “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн засварын ажлыг хийж гүйцэтгэхэд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн алба нь барилгын үе шат бүрийн засварын ажилд тавих хяналт, захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэн ажилласан байх тул хариуцагч “К” ХХК-аас засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл мөнгө 2,055,221 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.
Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд техник хяналтын зардал гэх 7,030,249 төгрөгийг гэрээний нөгөө талаас хариуцагч “К” ХХК-д шилжүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Энэ талаар хэрэгт нотлох баримтгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.
8. Хариуцагч А.Е- нь “хэргийн материалд нэхэмжлэгч тал болон хариуцагч талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэн зөвөөр дүгнэж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэхдээ мөн хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг нягтлаагүй байна. Учир нь Барилга захиалагчийн алба нь захиалагчийн хувьд хариуцагч хуулийн этгээдтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцсон эсэх, эсхүл талуудын гэрээнд тусгасан тодорхой төрлийн ажлын хөлсийг шаардсан эсэхийг нягтлах шаардлагатай бөгөөд Барилга захиалагчийн албаны шаардсан ажлын хөлсийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас гүйцэтгэгч хуулийн этгээдтэй гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт нь тусгаж, хамтад нь шилжүүлсэн эсэхийг холбогдох этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах, эсхүл талуудын шаардлага ба татгалзлаас тодруулах зэргээр хэргийн үйл баримтыг түүнд Иргэний хуулийн холбогдох заалтыг сонгож хэрэглэх хэмжээнд тогтоох шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Иймээс хариуцагчийн “…шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,830 төгрөгийг хариуцагчид хуульд зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэх учраас түүний хэргийн үйл баримттай холбогдуулж гаргасан гомдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,830 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч “К” ХХК-нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ