Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5-121 тоотод оршин суух, Гарьд овогт Жамъяны Энхцогт /РД:ЧМ66080378/-ын  хүсэлттэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Энхцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хүсэлт гаргагч Ж.Энхцогт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ж.Энхцогт миний бие 1998 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс Хан-Уул дүүрэг дэх Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст жолоочоор ажилд орж 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 141 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэх байрны цагдаагаар томилогдож 2010 оны 03 дугаар сарын 01-ийг хүртэл ажиллахад эрүүлжүүлэх байрны цагдаа гэсэн тодотгол бичигдээгүй байна. Архивын лавлагаанаас үзэхэд Эрүүлжүүлэх байрны цагдаа гэсэн тушаал байхгүй байгаа тул 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 01-ийг хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

 

 Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

   Хүсэлт гаргагч Ж.Энхцогт нь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

   Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын 2015.12.10-ны өдрийн 13/2618 тоот архивын лавлагаанаас үзэхэд Ж.Энхцогтыг 1999.07.28-ны өдрөөс Хан-Уул дүүрэг дэх Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст цагдаагаар томилж, цагдаагийн ахлагч цол олгосон байх бөгөөд 2010.03.01-ний өдрийн 25 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

  Хан-Уул дүүрэг дэх Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэсийн даргын дээрх тушаалуудад Ж.Энхцогтын албан тушаалын нэр буюу эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсныг тодорхой тусгаагүйгээс болж хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох  эрх нь зөрчигдсөний улмаас  шүүхэд хандсан байна.

 

            Хүсэлт гаргагчийн тайлбар, Ж.Энхцогтыг 1999-2010 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсан болохыг тодорхойлсон Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатарын тодорхойлолт, гэрч Д.Батчулуун, Д.Бузмаа нарын мэдүүлэг, Ж.Энхцогтын анкет бичигдсэн ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет зэрэг бичгийн баримтаар Ж.Энхцогт нь 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүрэг дэх Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсан болох нь  нотлогдож байх тул хүсэлтийг хангалаа.

                                                            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                              

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Гарьд овогт Жамъяны Энхцогт /РД:ЧМ66080378/-ыг 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүрэг дэх Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Ж.Энхцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ