| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/00113/И |
| Дугаар | 00579 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 00579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуун мод 4 дүгээр баг, Зүүндэлгэр 12 дугаар гудамж, 13 тоотод оршин суух, Будлан овогт Содномцэрэнгийн Мөнгөнцэцэг- /РД:НЭ77042846/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис 4 давхар, өөрийн байранд байрлах “Мфикс капитал” ХХК-д холбогдох,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Вlue Sky” хотхоны 46В байрны 1, 2, 3 тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Вlue Sky” хотхоны 46В байрны зоорийн давхрын 1, 2, 3 тоот автозогсоолуудыг С.Мөнгөнцэцэг нь 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээний дагуу Мфикс капитал ХХК-иас худалдан авч холбогдох төлбөр тооцоог бүрэн төлсөн. С.Мөнгөнцэцэг нь авто зогсоолуудыг хүлээн авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа тул түүнийг 46В байрны зоорийн давхарын 1, 2, 3 тоот зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэг нь 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай компанитай автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, blue sky хотхоны 46в байрны зоорийн давхрын 1, 2, 3 тоот автомашины зогсоолуудыг захиалгаар бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулж дуусгасан. Иймд нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, blue sky хотхоны 46в байрны зоорийн давхрын 1, 2, 3 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэг нь хариуцагч “Мфикскапитал” ХХК-д холбогдуулан хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 46В байрны 1, 2, 3 тоот зогсоолын үнийг бүрэн төлсөн тул гэрээний үүргээ биелүүлж, уг зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн, хариуцагч нь нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний дагуу 46В байрны 1, 2, 3 тоот зогсоолын үнийг бүрэн төлж барагдуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан тул өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэж зөвшөөрсөн байна.
Хэргээс үзэхэд нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэг, хариуцагч “Мфикскапитал” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю Скай хотхон, 46в байрны 1, 2, 3 тоот зогсоолыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч “Мфикскапитал” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгөөгүйгээс маргаан үүссэн байна.
Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээний дагуу нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэгийн өмчлөлд 46в байрны 1, 2, 3 тоот зогсоолыг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь уг зогсоолуудын үнийг бүрэн төлсөн болох нь мөнгөний орлогын ордер, 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсдэг тул С.Мөнгөнцэцэгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгэт зааснаар нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэгийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю Скай хотхон, 46В байрны зоорийн давхарын 1, 2, 3 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мфикс капитал” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ