Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01348

 

 

******* ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04886 дугаар шийдвэртэй,

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 34,406,613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч *******, ******* нар 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, орон сууцны зээлийн зориулалтаар 40,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй,*******0 сарын хугацаатайгаар зээл авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******,*******,*******,*******,******* тоот хаягт байршилтай, 73.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

1.2. Зээлдэгч *******, ******* нар зээл авснаас хойш үндсэн зээлээс 10,717,661.85 төгрөг, үндсэн хүүнээс 25,394,838.15 төгрөг, нийт 36,112,500 төгрөг төлсөн. 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлдэгч нар үндсэн зээл 29,282,328.34 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5,054,923.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 69,351.12 төгрөг, нийт 34,406,613.14 төгрөгийн зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байна.

1.3. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр төлөх үүрэгтэй боловч 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Учир нь зээлдэгч нар гэр бүлийн маргааны улмаас шүүхэд хандсан, зээлийн барьцаа хөрөнгө дундын өмчлөлтэй байх тул шүүхийн шийдвэр гарсны дараа төлөлт хийнэ гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл зээлийн төлөлтийн төлөхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл 29,282,338.15 төгрөг, хүү 5,054,923.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,351.12 төгрөг, нийт 34,406,613.14 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлалтай 73.8 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

Би анх Худалдаа хөгжлийн банк ХХК-д, дараа нь ******* ХК-д шилжсэн орон сууцны санхүүжилтийн корпорацийн зээл бүхий *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлалтай 73.8 м.кв талбайтай орон сууцны зээлийг цаг хугацаанд нь буюу 2020 оны эцэс хүртэл барагдуулсан. Улмаар ковидын цар тахлын улмаас зээлийн төлөлт хойшлогдсон, мөн гэр бүлийн хүн болох ******* гэр бүлээс гадуур бусадтай зүй бус харилцаа үүсгэсэн гэх шалтгааны улмаас гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгийн маргаантайгаар 2021 оны 9 дүгээр сараас өнөөг хүртэл шүүхэд шийдвэрлэгдээгүй байна.

Гэр бүлийн дундын өмчлөлийн зориулалтаар ОССК-ийн хөнгөлөлттэй зээлээр авсан орон сууц нь гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах маргааны хүрээнд хэлэлцэгдэж байгаа тул тус гэр бүл, эд хөрөнгийн маргааны хүрээнд иргэний шүүхээр хамтатган шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Нөгөө талаас хариуцагч ******* дундын өмчийг шүүхийн шийдвэр гарах хүртэл ашиглаж байгаа тул зээлийн хүүг төлж барагдуулах нь түүний зүй ёсны хариуцлага юм. Би *******ны төлөөлөлтэй байнга уулзаж, тэдний албан баримтыг шүүхэд хүргүүлж, зээлийн эргэн төлөлт хойшлогдож байгаа учраас тэднийг шүүхэд албан ёсоор эрхээ хамгаалж хандахыг санал болгож байсан. Харин хариуцагч ******* гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаанд санаатайгаар удаа дараа ирж оролцдоггүй, шүүхийн үйл ажиллагааг үл ойшоож явсаар ирсэн.

Гэр бүл цуцлуулах, өмч хуваах тухай иргэний хэргийн маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэхэд тус өмчийн зээлийн хүү төлөх эзэн хариуцагч тодорхой болох юм. Би тус байрыг түрээслэх замаар төлбөрийг барагдуулах бололцоотой ба цалин хөлс, санхүүгийн хувьд одоогоор төлөх бололцоогүй. Учир нь гэр бүлийн маргааны улмаас сэтгэл санааны хүнд байдалд орсон, шүүгчийн захирамжаар 2022 оны 11 дүгээр сараас гэр бүл цуцлах хүртэл хоёр хүүхдийн тэтгэмж төлөх шийдвэр гарсан зэрэг надад амьдрах, төлбөр төлөх санхүүгийн нэмэлт бололцоо олгохгүй байна. Гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгийн маргаанаас үл хамааран барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах буюу ******* ХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хангах замаар орон сууцыг зах зээлийн үнээр зарж борлуулж банк болон зээлдэгч зээл, дундын эд хөрөнгөө шүүхийн шийдвэр гаргах боломжит шийдэл байна гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

Би нөхөр *******ын хамт *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлалтай, 73.8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг орон сууц санхүүжилтийн корпорацийн ипотекийн зээлээр 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй,*******0 сарын хугацаатайгаар зээл авсан. Уг ипотекийн зээлийг нөхөр ******* үндсэн зээлдэгч, би хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан.

Нөхөр бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэж, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох, хүүхдийн тэтгэлэг тогтоох, өөрт ногдох хөрөнгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тус орон сууцыг зохигчид гэр бүлийн дундын өмч гэж маргаж байгаа учраас өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлт, үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, энэ асуудлыг нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан.

Би нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс өөрт ногдох хэсгийг хүлээн зөвшөөрч төлөх боломжтой, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг орон сууцанд би хүүхдүүдийн хамт амьдарч байна. Харин үндсэн зээлдэгч *******аас гэрээний үүргийг хангуулахаар нийт нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 34,406,613 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох *******,*******, Рапид харш 22 байр,******* тоотод байршилтай 73,8 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 400,183 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө маргаантай байхад үүнийг шүүх харгалзан үзэж хамтатган шийдвэрлэж хариуцагч нарын эрх, үүргийг төлбөр төлөх зааг, ялгаанд тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Учир нь *******, ******* нар тус шүүхэд гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгийн маргаантай, уг маргааны нэг эд хөрөнгө нь *******,*******, Рапид харш 22 байр,******* тоотод байршилтай 73,8 м.кв талбайтай орон сууц юм. Гэвч шүүх энэхүү эд хөрөнгийн маргааныг хамтатган шийдвэрлэх, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахдаа уг маргааны үйл баримтыг нэгтгэн дүгнээд үндэслэл бүхий шийдвэрлээгүй.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 34,406,613 төгрөгийг хариуцагч *******, ******* нар хэрхэн хувааж төлөх, урт хугацааны зээлийн гэрээгээр байгааг харгалзан үзэж төлбөрийг хэсэгчлэн төлүүлэх талаар хүсэлтээ илэрхийлсэн байхад 34,406,613 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь оролцогчийн тайлбар, хэргийн үйл баримтыг харгалзан үзээгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрт зарж борлуулсан эд хөрөнгийг хариуцагч нар хэрхэн ногдуулж авах талаар нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нар зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагуудыг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч ******* нь давж заалдах гомдлын агуулгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгүүд болон зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг хуваах асуудлуудыг гэр бүлийн маргаанд хамтатган шийдвэрлэх нь илүү зохистой. Тиймээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийг хамтатган шийдвэрлэх, хэргийг нэгтгэх гэх агуулгатай *******ын гаргасан гомдол үндэслэлгүй.

Хариуцагч Б.Ариунбаяр нь би тухайн орон сууцанд амьдраагүй, хариуцагч ******* болон хүүхдүүд амьдарч байгаа тул ******* зээлийг бүхэлд нь төлөх, би тухайн орон сууцыг зарж өөрт ногдох хэсгээ гаргуулж авъя гэх тайлбарыг хэлдэг. Зээлийн маргаантай холбоотой асуудлаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй. Шүүх маргааны үйл баримтад хамаарах гэрээ, хууль эрх зүйн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулах, зээл төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалт байдаг. 2023 оны 02 дугаар сараас хойш зээл төлөгдөөгүй, 2 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд хариуцагч нарын хэн аль нь энэ талаарх мэдэгдлийг хүлээн авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,406,613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

 

Хариуцагч нар дээрх шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч ******* нь ...орон сууцыг банкны зээлээр худалдан авсан боловч уг орон сууцанд хариуцагч ******* болон хүүхдүүд амьдарч байгаа учраас зээлийг би төлөхгүй, харин зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна... гэж, хариуцагч ******* нь ...орон сууцны зээлээс өөрт ногдох 50 хувийг төлнө, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг эс зөвшөөрч байна гэж тус тус тайлбарлан, маргасан.

 

3.  *******, ******* нар Орон сууцны санхүүжилтын корпорацитай 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Орон сууцны санхүүжилтийн корпораци нь 40,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй,*******0 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээл, түүний хүүг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөгдөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тус тус харилцан тохиролцжээ. /хх18-21/

 

3.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд энэ өдөр барьцааны гэрээ байгуулж, *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020115 дугаарт бүртгэлтэй, *******,*******, Рапид харш /17011/ Махатма Гандигийн гудамж,*******ны******* тоот хаягт байршилтай, 73,8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх22-26/

 

3.2. ******* ХК-аас зээл олгох шийдвэр гарч, улмаар зээлдүүлэгчээс 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн, мөн Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК нь ******* ХК-тай 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр зээлдэгчдийн зээлийн болон барьцаа хөрөнгийн шаардах эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч нар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, нэхэмжлэгч шаардах эрхийг шилжүүлсэн талаар маргаагүй болно. /хх-ийн 15-17, 31-65, 97/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

3.3. Хэргийн 27-30 дугаар талд авагдсан дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтээр хариуцагч нар үндсэн зээлд 7,584,906.85 төгрөг, зээлийн хүү 15,325,831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,012.62 төгрөг, нийт 22,911,750.16 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, энэ талаар хариуцагч нар маргахгүй байна.

 

4. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж, 225.1, 225.2-т талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Талууд, гэрээний 3.3.1-т зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүү, түүнд бодогдох шимтгэл, даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэсэн нөхцөлийг харилцан тохиролцжээ.

 

4.1. Хариуцагч нар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* ХК нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23/01 тоот мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогдсон. Иймд хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй. /хх-ийн 67/

 

4.2. Мөн хариуцагч ******* нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар оролцож гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

 

Иймээс нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарын хэн алинаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байх тул хариуцагч *******гийн зээлийн гэрээний үүргийн өөрт ногдох хэсгийг төлнө гэх тайлбар үндэслэлгүй.

 

4.3. Анхан шатны шүүх хэргийн баримтыг үндэслэн хариуцагч нараас үндсэн зээл 29,282,338.15 төгрөг, хүү 5,054,923.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,351.12 төгрөг, нийт 34,406,613.14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* ХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

5.1. Анхан шатны шүүх барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нарыг төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2206020115 дугаарт бүртгэлтэй, *******,*******, Рапид харш /17011/ Махатма Гандигийн гудамж,*******ны******* тоот хаягт байршилтай, 73,8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

6. Хариуцагч ******* нь ...гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаантай байхад шүүх маргааныг хамтатган шийдвэрлэх, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахдаа уг маргааны үйл баримтыг нэгтгэн дүгнээд үндэслэл бүхий шийдвэрлээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

6.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн өр төлбөр, барьцааны зүйл болох хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг гэр бүлийн маргаанд шийдвэрлэх тул зээлийн гэрээтэй холбоотой маргаанд хариуцагч нарын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг хамтатган шийдвэрлэх боломжгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Харин шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг зөв баримтлаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04886 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...453 дугаар зүйлийн 453.1 дэх ... гэснийг ...452 дугаар зүйлийн 452.2 дахь... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ