Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Н.Мөнхэцэцэг,

Шүүгдэгч: Ж.Э өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805038780642 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Э, урьд ял шийтгэлгүй, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цоглог хотхон”-ны 202 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө гэх шалтгаанаар “шалдан банди нар даврахгүй шүү” гэж маргаан үүсгэн иргэн Ө.М-ийн нүүрэн тус газар нь цохиж баруун хөлөн дээр нь  гишгэж унагаан эрүүл мэндэд нь “баруун хөлийн эрхий хуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ө.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих орой шөнийн 01 цагийн үед Цоглог хотхонд шинээр нүүж ирээд ажлын хүмүүсээ цайлчихаад гаргаж өгөхөөр 202 дугаар байрны орцны үүдэнд нэг ахтай зөрөөд өнгөрсөн юм. Тэр ах нэг эмэгтэй хүнээр сугадуулсан явж байсан. Тэгээд зөрж өнгөрсөнөө “муусайн шалдан банди нар ингэж даврахгүй шүү алнаа” гэж хэлээд эхнэр рүү дайрсан. Би хамгаалах гээд араас нь очтол зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохьсон... би тэр ахыг тэвэрч аваад “би хойд байранд чинь шинээр нүүж ирсэн хүн байна” гэж хэлсэн. Тэгтэл толгой руу 3-4 удаа гараараа цохьсон. Миний багалзуурнаас түлхэх үед бид хоёр хамтдаа зогсоолд байсан машин дундуур унасан. Тэр ах миний дээрээс дарж унасан. Тэр үед миний баруун хөл дээр гишгэчихсэн юм. Унах үед гар хөл шалбарсан байсан. Ингээд намайг зодсон ах 203 дугаар байрны орц руу яваад орчихсон юм... баруун хөл дээр гишгэснээс болоод уг хөлийн эрхийн хурууны хумсыг авахуулсан. 4-5 удаа боолт хийлгэсэн. Би эмчилгээний зардалд 200.000 төгрөг зарцуулсан байх гэж бодож байна, надад баримт байхгүй. Намайг зодож байхыг манай эхнэр харсан бас намайг зодсон хүнийг хүргэж өгсөн машинтай хүмүүс харсан. Ж.Э ыг сугадаж явж байсан эмэгтэй харсан. Тэр эмэгтэй зодоон болох үед “миний дүү уучлаарай” гээд нөхрийгөө салгах гээд гүйгээд байсан. ...манайд найр болоод би архи уусан бөгөөд дунд зэргийн согтолттой байсан. ...Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Ж.Э миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 25, 27, 29/,

Гэрч М.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр үед М эргэж ирэх үед нөгөө согтуу ах эргэж хараад нүүр рүү нь цохьсон. Би голоор нь орж салгах гэтэл намайг түлхээд унагачихсан юм. Тэгээд М тэвэрч аваад хамт зууралдаад унасан. Дараа нь баруун хөл дээр гишгэчихлээ гээд маргааш нь эмнэлэгт үзүүлж хумсыг нь авахуулсан. Манай нөхрийг тэвэрч авсан байх үед 2-3 удаа гараараа цохиж авч байсан. ...миний биед учирсан гэмтэл байгаагүй. Тэгээд тэр ах орц руугаа ороод алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Гэрч Н.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр билгийн тооллын сайн өдөр байсан бөгөөд манай хадам Сүхбаатарын хүүхдийн хуриманд очсон. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад хуримнаас гараад баз хүргэн Ж.Э , эхнэр О , хадам эгч О нарын хамт дуудлагын жолооч дуудаж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхоны 203 дугаар байрны гадаа хүргүүлсэн. Бид бүгдээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... Ж.Э ах машинаас буугаад гэртээ орох гэж явж байгаад хүнтэй маргалдсан байсан. Би машинд хэсэг унтаж байгаад гэрт орохоор явтал цагдаа нар хүрч ирээд энэ танай машин уу гээд миний унтаж байсан машиныг заахаар нь тийм гээд хэлчихсэн юм. Тэгээд цагдаа миний утасны дугаарыг аваад үлдчихсэн юм. Би хүн зодоогүй, манай баз хүргэн Ж.Э хүнтэй зодолдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Шинжээчийн 8874 тоот дүгнэлтэд: “...Ө.М-ийн биед баруун хөлийн эрхий хуруунд шарх, цээж, хоёр өвдөг, хүзүү, баруун бугуй, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хөлийн эрхий хуруунд шарх гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 33/,

Яллагдагчаар Ж.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Байрны гадаа очоод машинаас буугаад орц руу орох гээд явж байтал нэг залуу хажуугаар өнгөрөхдөө мөрлөөд гарсан. Тэгэхээр нь би “муу сайн шалдан банди нар ингэж даврахгүй шүү” гэж хэлсэн чинь цээж нүцгэн залуу араас ирээд нуруу хэсэгт гараараа цохиод авсан бөгөөд зууралдаад хамтдаа газар унасан. Тэгээд манай эхнэр ирээд салгаад 2 тийшээ болсон Би шууд гэр рүүгээ орсон. Өөр зүйл болоогүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11/, хохирогчийн хүсэлт /хх-н 30, 65/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цоглог хотхон”-ны 202 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө гэх шалтгаанаар “шалдан банди нар даврахгүй шүү” гэж маргаан үүсгэн иргэн Ө.М-ийн нүүрэн тус газар нь цохиж баруун хөлөн дээр гишгэж унагаан эрүүл мэндэд нь “баруун хөлийн эрхий хуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ө.М-ийн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих орой шөнийн 01 цагийн үед Цоглог хотхонд шинээр нүүж ирээд ажлын хүмүүсээ цайлчихаад гаргаж өгөхөөр 202 дугаар байрны орцны үүдэнд нэг ахтай зөрөөд өнгөрсөн юм. Тэр ах нэг эмэгтэй хүнээр сугадуулсан явж байсан. Тэгээд зөрж өнгөрсөнөө “муусайн шалдан банди нар ингэж даврахгүй шүү алнаа” гэж хэлээд эхнэр рүү дайрсан. Би хамгаалах гээд араас нь очтол зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохьсон... би тэр ахыг тэвэрч аваад “би хойд байранд чинь шинээр нүүж ирсэн хүн байна” гэж хэлсэн. Тэгтэл толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Миний багалзуурнаас түлхэх үед бид хоёр хамтдаа зогсоолд байсан машин дундуур унасан. Тэр ах миний дээрээс дарж унасан. Тэр үед миний баруун хөл дээр гишгэчихсэн юм. Унах үед гар хөл шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25, 27, 29/, гэрч М.Ц-ын: “...тэр үед М эргэж ирэх үед нөгөө согтуу ах эргэж хараад нүүр рүү нь цохисон. Би голоор нь орж салгах гэтэл намайг түлхээд унагачихсан юм. Тэгээд М тэвэрч аваад хамт зууралдаад унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, гэрч Н.Ц-ийн: “...Ж.Э ах машинаас буугаад гэртээ орох гэж явж байгаад хүнтэй маргалдсан байсан. ...Би хүн зодоогүй, манай баз хүргэн Ж.Э хүнтэй зодолдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, шинжээчийн 8874 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Э нь согтуурсан үедээ хохирогч Ө.М-ийг мөрлөлөө гэх шалтгаанаар маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 30, 65/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Э ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР