Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 740

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т овогт И.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908016930769 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт И.Б, Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа наймаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 32-3 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын шүүхийн 232 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 1000 төгрөгөөр торгох ял,

2. 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дотоодын цэргийн тусгай шүүхийн 95 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн в-д зааснаар 1 жилийн хорих ял,

3. 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Найрамдлын районы ардын шүүхийн 53 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1, 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

4. 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

5. 1992 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Октябрийн районы ардын шүүхийн 325 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хорих ял шийтгэгдэж, шүүхээс мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон,

6. 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Октябрийн районы ардын шүүхийн 445 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон, Төв аймгийн шүүхийн 339 дүгээр захирамжаар 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

7. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 capын хугацаагаар хорих ял  шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 417 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.Б эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 25 хоногийн хорих ялыг чөлөөсөн, Регистрийн дугаар ....

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч И.Б нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 32-3 тоотод иргэн П.М-ыг архичин гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, умайн булчингийн цочрол бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Бмэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл үнэн, нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй, хохирогч П.М-ын хохиролд 300.000 төгрөг төлсөн гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0169 30769 дугаартай эрүүгийн хэргээс судалсан нотлох баримтууд:

1.ХохирогчП.М-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр болоод манай нөхөр Б найзуудтайгаа уулзана гэж гараад орой гэртээ ирэхгүй байхаар нь би Б гэдэг найзындаа байгаа байх гэж бодоод 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 30 дугаар гудамж хаягийг нь сайн мэдэхгүй байна, гэрт нь яваад очтол манай нөхөр байгаагүй.Б түүний эхнэр Ш, нөхрийн найз П, сүүлд нэрийг нь мэдсэн Б нар хамт архи уугаад нөхрийгөө асуутал Б гэдэг хүн “чи хэн юм танай нөхөр байхгүй байна” гээд хараагаад байсан. Би “архичин минь чамд ямар хамаатай юм” гээд хэлтэл Б уурлаж босож ирэнгүүтээ гараа атгаж байгаад баруун нүд, хамарт 2-3 удаа цохисон. Би өөрийн найз эмэгтэй болох Ганчимэгийн 8890-8457 дугаараас дуудлага өгөхөд цагдаа  ирээд Быг аваад явсан. Би бага зэргийн цүдгэр гэдэстэйБын гэрт орсон. Тухайн үед тог цахилгаан байхгүй, харанхуй байдалтай байсан, тэнд байсан хүмүүс бүгд согтуу байдалтай байсан болохоор Б намайг жирэмсэн гэж мэдээгүй. Би цохиулсандаа цочирдоод тэр орой гэртээ хонох үед доошоо цус гарахаар нь эмнэлэгт 4 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Нүүр хөхөрсөн, хамар битүүрээд байхаар нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

2. Гэрч Ю.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 18-нд үдээс хойш нөхөр Б гэрээсээ гарч яваад орой гэртээ ирээгүй. ...шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрнаас ярьж байна, танай нөхрийн даралт ихсээд саатуулах боломжгүй байна та ирээд авчихаач гэсэн. Би очиж чадахгүй нь гээд хэлтэл аваачаад өгье гэхээр нь аваад ирээ гэж хэлтэл удалгүй авчирч өгсөн. Юу болоод саатуулах байранд орох болов гэж асуухад нөхөр “биБын гэрт архи ууж байтал танихгүй эмэгтэй орж ирээд ууж байсан архи авч шидээд архичид гээд доромжлоод байхаар нь нэг удаа алгадчихлаа л” гэж хэлсэн. ...Айлд авч ороод ууж амжаагүй байсан архийг нь аваад асгаад нөхрийг маань хэл амаар доромжилж хашгираад байхаар нь нэг удаа алгадсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

 

3.Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найзуудтайгаа уулзаж цэргийн баяр тэмдэглэх гээд эмээлт орж ууж идэж хоносон. Маргааш өглөө нь гэртээ ирсэн чинь эхнэр М зодуулчихсан байхаар нь хэнд зодуулсан талаар асуутал И.Бд зодуулсан гэж хэлсэн. Би Бтай очиж уулзаад “юу болоод эхнэр зодчихвоо” гэж хэлтэл “уучлаарай танай эхнэр гэдгийг мэдсэнгүй, Бынд архи ууж байтал улаан пальто өмссөн эмэгтэй орж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь зодчихсон” гэж хэлээд ахыгаа уучлаарай эмчилгээний зардлыг нь өгнө гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

 

4.Шүүгдэгч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

... 2019 оны 03 дугаар сарын 18-нд ...Б-ын гэрт цэргийн баярын өдөр гэж бодоод нэг шил архи өөрөө аваад орсон юм.Бын гэрт хамтран амьдардаг Ш болон тухайн үед танихгүй хоёр залуу гээд дөрөвүүлээ сууж байсан. Архиа хувааж ууж байтал гаднаас танихгүй шар үстэй охин орж ирээд хүн асууж байснаа миний ууж байсан архийг аваад шидчихээр нь “би юу болж байна” гээд хэлтэл “архичингууд минь манай нөхөр хаана байна” гэхээр нь би “чиний нөхрийг яаж мэддэг юм” гээд хэлтэл өөдөөс архичин гэж доромжлоод байхаар нь нүүрэнд нь гараараа нэг удаа алгадсан. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 

    5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №3694 дугаартай дүгнэлтэнд:

    Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу овойж хавдсан, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай.

 ДҮГНЭЛТ:П.М-ынбиед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, умайн булчингийн цочрол бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

           6. Шүүгдэгч И.Б иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсан 7 удаа ял шийтгэгдэж байсан тухай тэмдэглэл бүхий хэсэг (хавтаст хэргийн 42 дугаар тал), шийтгэх тогтоолууд болон сулалсан тухай шийдвэрүүд (хавтаст хэргийн 46-69 дүгээр тал),  И.Боршин суугаа хаягын тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дүгээр тал), гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), Хаан банкинд эзэмшдэг дансны лавлагаа (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал), Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 85 дугаар тал) зэрэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч И.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч И.Бнь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овооны 32-3 тоотод иргэн П.М-ыг архичин гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, умайн булчингийн цочрол бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч П.М-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б гэдэг хүн чи хэн юм танай нөхөр байхгүй байна гээд хараагаад байхаар нь би архичин минь чамд ямар хамаатай юм гээд хэлтэл Б уурлаж босож ирэнгүүтээ гараа атгаж байгаад баруун нүд, хамарт 2-3 удаа цохих үед найзууд нь салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),  

Гэрч Ю.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр “биБын гэрт архи ууж байтал танихгүй эмэгтэй орж ирээд ууж байсан архи авч шидээд архичид гээд доромжлоод байхаар нь нэг удаа алгадчихлаа л гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... эхнэр Мзодуулчихсан байхаар би Бтай уулзаад “юу болоод эхнэр зодчихвоо” гэхэд ...Б-ынд архи ууж байтал улаан пальто өмссөн эмэгтэй орж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь зодчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

Шүүгдэгч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...гаднаас танихгүй шар үстэй охин орж ирээд ...ууж байсан архийг аваад шидчихээр нь би юу болж байна гээд хэлтэл “архичингууд минь манай нөхөр хаана байна” гэхээр нь би “чиний нөхрийг яаж мэддэг юм” гээд хэлтэл өөдөөс архчин гэж доромжлоод байхаар нь нүүрэнд нь гараараа нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3694 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хохирогч П.М нь гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгчид зодуулсан тухайн өдөр  жирэмсэн байсан байх боловч шүүгдэгч И.Б нь хохирогчийн жирэмсэн болохыг мэдээгүй талаар хохирогч, шүүгдэгч нар нь харилцан мэдүүлсэн байх тул хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийг зүйлчлэл зөв байна.

Хууль зүйн хувьд И.Б нь хохирогч П.М-ыг зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч И.Б-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг  хүлээн авч түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тус гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцогдох бөгөөд хохирогч П.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч, хэрэгт ирүүлсэн баримтгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч И.Бнь хохирогчП.М-ынэмчилгээний зардалд 300.000 төгрөг нөхөн төлсөн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч И.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчээс ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүгдэгч И.Бнь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр урьд 7 удаа ял шийтгэгдэж байсан байх боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдал буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоогдсон эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, орлогыг нь харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Тус хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Товогт И-ийн Б-ыгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Бд оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.Бнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялын биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч И.Бнь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ирүүлсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ