Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01349

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04706 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 11,955,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Би баяр наадмын амралтыг тохиолдуулан 2024 оны 7 дугаар сарын 10-ны өглөөний 04 цаг 30 минутын үед гэр бүлийн хамт салхинд гарч, 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 22 цаг 54 минутанд гэртээ ирэхэд дээд айлаас ус алдаж гэрийн том өрөө, жижиг өрөө, гал тогоо, коридор, ванны өрөө усанд автсан байдалтай байсан. Үүнд: ванны өрөөний дүүжин тааз, ванны өрөөний гэрэл шатсан, цахилгааны утсанд доголдол үүссэн, хаалга норж хаагдахгүй гажсан, шал нэвт норсон, коридорын тааз нурсан, коридорын пракетан шал овойсон, хана дагаж обой заваарч ус урссан, бохирдсон, коридорын үүдэнд байдаг өлгүүрт байсан хувцаснууд норсон, 38 размерийн красная туфелька брэндийн эмэгтэй загварын хар өнгийн шинэ гутал нэвт норж гутлын түрий сунаж үрчийж өмсөх боломжгүй болсон, үүдний гишгүүр илжирсэн, том өрөөний цахилгааны утсанд доголдол үүссэн, абжур гэрэл шатсан, таазны эмульс замаска хууларч унасан, хана дагаж ус орж обой заваарсан, пракетан шал ус орж овойсон, 3х4 хэмжээтэй хивс норж үнэр орж ахиж хэрэглэхээргүй болсон, хөргөгчинд байсан мах өмхийрсэн, буйдан норж өмхий үнэр, чийг үнэртэж хэрэглэхээргүй болсон, том хүү болох *******ын Dell брэндийн I7 үзүүлэлттэй нөүтбүүк, ажлын бичиг баримт тайлан норсон, бэр охин *******ийн Macbook тус тус норсон.

Мөн жижиг өрөөний таазны эмульс замаск хууларч унасан, хана дагаж ус орж обой заваарсан, пракетан шал ус орж овойсон, хивс норж үнэр орж ахиж хэрэглэхээргүй болсон, гал тогооны цахилгааны утсанд доголдол үүссэн, абжур гэрэл шатсан, таазны эмульс замаск хууларч унасан, хана дагаж ус орж хананы будаг ховхорч хууларсан, нэг талын обой ус урсаж бохирдсон, пракетан шал ус орж овойсон, гал тогооны хананы тавилга норж арын хавтан хэлбэрээ алдсан. Хохирлыг барагдуулах талаар дээд айлтай уулзахад манайх шугам хоолойноос ус дусаад байхаар нь дуудлага өгөхөд дуудлагараар ирсэн сантехникийн ажилтан шугамыг чангалж байгаад задалсан тул хэн буруутайг шүүх тогтоох байх гэж хэлсэн. Дээд айлаас ус алдсанаар шинжээчийн дүгнэлтээр орон сууцанд учирсан хохирол 4,444,000 төгрөг, том өрөөний шатсан гэрэл 22,000 төгрөг, ванны өрөөний гэрэл 15,000 төгрөг, нөүтбүүкний дэлгэц солиулахад 400,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 222,200 төгрөг, хивс 700,000 төгрөг, буйдан 700,000 төгрөг, шинэ гутал 700,000 төгрөг, үүдний гишгүүр 20,000 төгрөг, макбүүк 4,699,900 төгрөгийн хохирол учирсан.

Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд нийт 11,955,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай ариун цэврийн өрөөнд халуун усны босоо турбоны холбоосоор ус дусалж хэвтээ турбо цоорч ус нарийхан шүршиж байсан. Хүү ******* конторын засвар үйлчилгээний төвийн утсанд дуудлага өгөхөд слесарь ******* ирсэн. Тэрээр том багажаар холбоос төмрийг чангалахад би слесарьт хандан усаа хааж байгаад хийх талаар сануулж хэлсээр байхад 2-3 минутын дараа турбо задарч хүчтэй даралттай халуун ус тааз руу шүршиж удалгүй бүх өрөөнд ус урсаж шагай татам ус дүүрсэн. Ариун цэврийн өрөөний гэрлийн утас руу ус орж маслан тог цохиж байсан. Слесарь гарч гүйгээд ус хаах гэж явсан боловч хааж чадаагүй, улмаар СӨХ-ны даргын гэрээс түлхүүр авчирч усыг хаасан.

Үүний дараа доод айл руу очиход эзэнгүй байсан тул гал гарахаас сэргийлж гэрлийн шийдийг унтрааж, утас руу нь залгасан боловч дуудлага аваагүй. Орон сууцны конторт хандан энэ талаар гомдол гаргахад өөр слесарь ирж хагарсан турбонуудыг сольж засварлаж өгсөн. Тухайн үед турбо муудаж цоорсон байгааг засаж солих заавар өгөх мэргэжлийн хүн байсан, мөн төвийн шугамын усаа хааж засвар үйлчилгээ хийсэн бол хохирол учрахгүй байх байсан. Контор туршлагагүй ажилтанг наадмын өдрүүдэд ажиллуулж хариуцлага алдсан тул хохирлыг хариуцах ёстой. Уг үйл явдлыг баримтжуулах зорилгоор конторт хүсэлт гаргахад манайх шүүхийн шийдвэргүй бол мэдээлэл өгөхгүй гэж болсон явдлыг нуун дарагдуулсан.

Иймд энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь орон сууцны контор болон слесарь нар байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******гаас 4,444,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, 7,511,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 86,054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан боловч хариуцагчийн гэм буруутай үйлдэл байгаагүй. Учир нь хариуцагч уг орон сууцны өмчлөгч биш, тухайн үед эзэмшиж байсан, мөн халуун усны шугамаас ус шүүрч байхад дуудлага өгсөн. Гэтэл слесарь уг шугамыг засаж байхдаа мэргэжлийн алдаа гаргаж усыг их хэмжээгээр алдах нөхцөл байдалд хүргэж бусдад хохирол учруулсан нь түүний гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.

Хуульд барилга байгууламжийн доголдлоос үүдэлтэй бол өмчлөгч хариуцахаар заасан бөгөөд энэ тохиолдолд ямар ч доголдол, элэгдэл, инженерийн алдаа байгаагүй. Харин сангийн засвар хийх явцад гуравагч этгээдийн буруугаас үүдэн их хэмжээний ус алдаж хохирол учруулахад хариуцагчийн буруутай үйлдэл байгаагүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эсвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хариуцагчийн гэрт юу болсон талаар хараагүй тул мэдэхгүй байна. Манай гэрт дээд айлаас ус алдсан тул учирсан хохирлоо хариуцагчаас нэхэмжилж байгаа гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохирол 11,955,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Учир нь хариуцагч шүүхэд ...гэм хор учруулахад хариуцагчийн буруутай үйлдэл байгаагүй, харин гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан... гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж мэтгэлцжээ

 

4. Хэрэгт Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13-ийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл авагдсан байх бөгөөд уг баримтад ...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 02 цагт 25 Босоо шугам задарч 99-23 тоот руу их хэмжээний халуун ус алдсан үнэн болно... гэж дурдсан.

 

4.1. Дээрх баримтаас үзвэл, 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 02 цаг 25 минутад хариуцагчийн эзэмшлийн орон сууцны босоо шугам задарсан нь юунаас болсон, хэн нэгний буруутай үйлдлийн улмаас болж задарсан эсэх нь тодорхой бус байна.

 

4.2. Энэ тохиолдолд шүүх хариуцагчийн эзэмшлийн орон сууцны ариун цэврийн өрөөний босоо шугам задарч ус алдсаны улмаас нэхэмжлэгчид хохирол учруулахад хэний буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон баримтгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн буруу, энэ талаар анхан шатны шүүх талуудаас тодруулах байжээ.

 

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 86,054 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ