Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 692

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Ц.Л-дхолбогдох эрүүгийн 1803009920016 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц.Л, Монгол Улсын иргэн, Төв аймаг Зуунмод суманд 1982 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 99-5 тоотод оршин суудаг, 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3, 241 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2001 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 10 сар 4 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ...,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Ц.Л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаантын замд Тоёота Королла маркийн 97-24 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, зорчигч Д.Лгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л  мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Партизаны сангийн аж ахуй руу Лгийн хамт найзындаа очихоор Королла маркийн 97-24 ТӨВ дугаартай авто машиныг жолоодон явсан, тэгээд Рашаантын зам дээр нэг Портер зогсож байхыг хараад хажуу тийш рулээ мушгихад машин онхолдсон, нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон.  Хохиролд нийт 700.000 гаруй төгрөг төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Ш.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манай ээж 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулахын тасагт ирээд ухаангүй 9 хоноод 2018 оны 12 дугаар сарын 04-нд нас барсан юм...Манай ээж одоо энэ Лтэй хэзээнээс танилцсаныг сайн мэдэхгүй, 2018-оны 08 сараас энэ хүнийг мэддэг болсон...Манай эмээ Баянчандманьд байдаг, ээж эмээгийн өвлийн идэш хийхэд нь туслана гээд 2018 оны 11 дүгээр сарын 24-нд Лгийн хамт Баянчандмань луу явсан...Энэ осол нь дүү бид хоёрт маш их сэтгэл санааны хувьд их хохирол учирсан, ээж байхдаа миний сургалтын төлбөр, байрны түрээсийн мөнгө гээд энэ гэрийн бүх зүйлийг зохицуулдаг байсан...дүү бид хоёр энэ Лд маш их гомдолтой...гэжээ. /1хх-20-22/,

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой хотоос Түнхэл орох гээд 19-н цагийн орчимд байх Раншаантын замаар явж байтал миний машины зүүн хойд талын хагас гол хугараад зам дээр замаа чөлөөлөөд зогсож байсан юм. Тэгтэл 21 цагийн орчимд байх миний зүүн талаар нэг суудлын автомашин маш хурдтай өнгөрөөд л шууд замын хойд тал руу замаас гараад л онхолдсон юм...би өөрийнхөө гар утсаар 102-д дуудлага өгсөн... Автомашин ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харсан байрлалтай, дөрвөн дугуй дээшээ харсан байдалтай онхолдсон байсан...Уг автомашин нь ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явж байсан, миний зүүн талаар маш хурдтай гарч чиг өөрчлөөд тэр чигтээ замаас гараад л онхолдсон юм...гэжээ. /1хх-35/,

Гэрч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

        Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Партизаны сангийн аж ахуйн Эрүүл мэндийн төв дээр жижүүр эмчээр ажиллаж байсан...манай байгууллагын жолооч Жы хамт бид харвасан хүнийг хот руу хүргэж өгөх гээд Раншаантын замаар явж байтал зам дээр нэг хүн гар өргөж зогсоосон юм. Тэр хүн сая замын хойд тал руу нэг суудлын автомашин онхолдчихлоо гэхээр нь би жолоочийн хамт замаас гараад тойроод очиход саарал өнгийн суудлын автомашин...дөрвөн дугуй нь дээшээ харчихсан, жолоочийн суудлын ард нэг эрэгтэй хүн хавчуулагдсан байхаар нь манай жолооч бид нарыг зогсоосон хүний хамт татаж гаргасан, зүүн хойд зүгт нэг эмэгтэй хүн ухаан алдсан байдалтай доошоо хараад хэвтэж байхаар нь биед нь үзлэг хийхэд ямар ч ухаан байхгүй, ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, амьсгал зүрх нь бүдэг сонсогдоно, хурхирсан байдалтай маш хүнд байсан учир нөгөө эрэгтэй хүний хамт автомашиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн юм...Ослын газарт очиход эрэгтэй нь жолооны ард, эмэгтэйн шидэгдсэн байдалтай гадаа нь байсан өөр хүн байхгүй байсан...гэжээ. /1хх-37/,

Иргэний хариуцагч С.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Ц.Л нь манай эхнэрийн төрсөн дүү. Л бид хоёр хоорондоо тохиролцож би машинаа 5.500.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд би хавар Лд машинаа өгсөн тухайн үед нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм...гэжээ. /1хх-40-41/,

Гэрч Д.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай ээж Баянчандманьд байдаг юм...Лгийн найз нь Партизаны сангийн аж ахуй дээр хүрээд ир гэж байна гээд манай эгч, Л хоёр машинаа унаад явсан юм. Маргааш нь гэртээ байж байтал манай хамаатны эгч ирээд танай эгч Л, найз залуу Л хоёр гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна, хурдан хүрээд ир гэсэн, би гэмтлийн эмнэлэг дээр яваад очиход манай эгч Л ухаангүй сэхээнд хэвтэж байсан...гэжээ. /1хх-49-50/,

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой талийгаач Л эгч, манай эхнэр Б, манай хоёр хүүхэд, талийгаачийн найз залуу Л бид нар Баянчандмань луу хадам ээжийн идэшний үхрийг нь хийж өгөхөөр явсан юм... Манайд ороод мөн хонохоор болсон учир авсан 1 шил архиа би задлаад талийгаач эгч, найз залуу Л бид гурав нэг, нэг аяга уусан...тэгтэл талийгаач эгчийн найз Лгийн утас нь дуугарч Л “манай найз намайг дуудаад байна” гээд л талийгаач эгч, Л хоёр гараад явсан юм...талийгаач эгч, Л хоёрыг замдаа осолд орсныг маргааш өдөр нь мэдсэн юм...гэжээ. /1хх-53/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №541 дугаар дүгнэлтэнд:

1.Талийгаач Д.Лгийн биед тархины няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, баруун эгэмний далд хугарал, хоёр нүдний ухархайн болон гайморын хөндийн ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, доод уруул, зүүн ташаа, зүүн гуя, хоёр хөлийн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ. Харин хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14180 дугаартай дүгнэлтэнд дурьдагдсан “суурь ясны бага далавч, их далавч дайрсан нийлмэл хугарал" гэмтэл нь КТГ-н шинжилгээний хариунд тусгагдсан байх боловч цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр уг гэмтэл тогтоогдоогүй болно. Талийгаачид учирсан гэмтлүүдээс тархины няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун эгэмний далд хугарал, хоёр талын гайморын хөндийн ханын хугарал нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хоёр нүдний ухархайн ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, доод уруул, зүүн гуя, хоёр хөлийн өвдөгний цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн ташаа, гуяны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтдоогдоогүй байна.

3. Талийгаачид зохих эмчилгээг хийсэн байна.

4. Дээрх гэмтлүүд нь эмчилгээний явцаас үүсэхгүй.

5. Талийгаач нь хоёр уушгины идээт брохопневмони буюу гэмтлийн хүндрэл болох хэвтрийн хатгаа өвчний улмаас нас барсан байна гэжээ. /1хх-232-234/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн №14180 дугаар дүгнэлтэнд:

         Хэсэг газрын үзлэгт: Нүүр хаван хавдартай.

         1. Д.Л-н биед суурь ясны бага далавч, их далавч дайрсан нийлмэл хугарал, баруун зүүн хоншоор ясны хугарал, баруун зүүн ухархайн доод хана, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, нүүр, зүүн хацар чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь зам тээврийн осолын үед үүсгэгдэнэ.

         3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

         4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-56/,

         Шүүх эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №12538 дугаар дүгнэлтэнд:

          1.2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Дорж Л 41 настай” гэж  хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэжээ. /1хх-58/,

         Шүүх эмнэлгийн биологийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №12539 дугаар дүгнэлтэнд:

  1. Д.Лгийн гэх цус нь В/3/ биологийн харъяалалтай байна гэжээ. /1хх-60/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №2687 дугаар дүгнэлтэнд:

         1. Талийгаач Д.Лгийн биед тархины няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, баруун эгэмний далд хугарал, хоёр нүдний ухархайн болон гайморын хөндийн ханын хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, доод уруул, зүүн ташаа, зүүн гуя, 2 хөлийн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ.

         2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр, тухайлбал авто ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байх бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

         3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

         4. Талийгаач нь 2 уушгины идээт брохопневмони буюу уушгины идээт үрэвслийн улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.

         5. Талийгаач Д.Л нь АВО системээр Ba(3) бүлгийн цустай байжээ.

         6. Талийгаач нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн байх тул архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй болно гэжээ. /1хх-63-65/,

         Шүүх эмнэлгийн биологийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №12536 дугаар дүгнэлтэнд:

  1.2 Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Цэрэнсодном

Л нас 36” гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /1хх-70/,

         Техникийн шинжээчийн  2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 860 дугаартай дүгнэлтэнд:

          1. “...Тоёота кролла маркийн 97-24 ТӨВ улсын автомашины жолооч Ц.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

           2. Зам тээврийн осол гарахад зам орчины нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл

тогтоогдохгүй байна гэжээ. /1хх-79/,

            Шүүх эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №14206 дугаар дүгнэлтэнд:

             1. Д.Л-н биед баруун эгэм гадна хэсэг, баруун дал ясны хүзүү, баруун атгаал яс дээд доод хэсгийн далд хугарал, баруун алганы 4,5-р шивнүүрийн ил хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1хх-68/,

 Шүүгдэгч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 Би хамтран амьдрагч Лтэй 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянчандманьд ээжийнхээ өвлийн идшийг нь хийхээр болоод...Баянчандмань явсан юм... Бид дэлгүүрээс хөдлөөд талийгаачийн төрсөн дүү Бийн гэрт нь очоод... талийгаач, би, хүргэн бид гурав нэг шил архиа аваад гэрт нь ороод гэрийг нь галлангаа нөгөө 1 шил архиа хуваагаад ууж байтал манай найз А намайг чи хаана явж байна гэхээр нь 61-ийн гарам дээр байна гэсэн, ойрхон явж байгаа юм байна, манайд хүрээд ир гэхээр нь талийгаач бид хоёр Партизааны сангийн аж ахуй орохоор гарч яваад замдаа онхолдсон юм. Тэгээд юу болсоныг би мэдэхгүй, нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан юм...Талийгаач бид хоёр хүргэн Наранбатын хамт нэг шил архи хувааж уусан...бид хоёр хоорондоо зүгээр яриад явж байсан юм...гэжээ. /1хх-87-89/,

Шинжээч эмч М.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээр талийгаач Д.Лгийн уушигны хатгалгаагаар нас барсан нь тогтоогдсон. Энэ нь авто ослын улмаас авсан гэмтлийн улмаас олон хоног хэвтэрт байсанаас цусны эргэлтэнд зогсоншил үүссэн холбоотойгоор үүсэж болдог, өөрөөр хэлбэл тархины гэмтлийн улмаас үүссэн гэмтлийн хүндрэл гэж үзэж болно...гэжээ. /1хх-193-194/,

Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Талийгаач нь тархины гэмтэл авч ухаангүй /тархины няцралт, аалзан хальсан доорхи цусан харвалт/ 9 хоног хэвтрийн байдалтай байснаас уг гэмтлийн хамж хүндрэл болох хэвтрийн хатгаагаар нас барсан байна. Иймээс гэмтэлтэй шалтгаант холбоотой тархины гэмтлээс болж нас барсан...гэжээ. /1хх-236-237/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр  хийсэн хэмжилтын бүдүүвч схем зураг /1хх-3-15/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-91/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Л-дхолбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудас үзэхэд шүүгдэгч Ц.Л нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цаг 15 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаантын замд Тоёота Королла маркийн 97-24 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас жолоодон явсан автомашинаа онхолдуулж зорчигч Д.Лгийн амь нас хохирсон болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дгийн өгсөн ”...Манай ээж 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулахын тасагт ирээд ухаангүй 9 хоноод 12 дугаар сарын 04-нд нас барсан юм...дүү бид хоёр энэ Лд маш их гомдолтой...” гэх мэдүүлэг /1хх-20-22/,

  Гэрч У.Эийн өгсөн ”...дөрвөн дугуй нь дээшээ харчихсан, жолоочийн суудлын ард нэг эрэгтэй хүн хавчуулагдсан байхаар нь манай жолооч бид нарыг зогсоосон хүний хамт татаж гаргасан, зүүн хойд зүгт нэг эмэгтэй хүн ухаан алдсан байдалтай доошоо хараад хэвтэж байхаар нь...нөгөө эрэгтэй хүний хамт автомашиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн юм....” гэх мэдүүлэг /1хх-37/,

  Гэрч С.Г-ын өгсөн ”...21 цагийн орчимд байх миний зүүн талаар нэг суудлын автомашин маш хурдтай өнгөрөөд л шууд замын хойд тал руу замаас гараад л онхолдсон юм...” гэх мэдүүлэг /1хх-35/, 

  Гэрч Д.Бийн өгсөн ”...би гэмтлийн эмнэлэг дээр яваад очиход манай эгч Л ухаангүй сэхээнд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-49-50/,

 Гэрч Ц.Н-ын өгсөн “...Манайд хонохоор болсон учир авсан 1 шил архиа би задлаад талийгаач эгч, найз залуу Л бид гурав нэг, нэг аяга уусан...тэгтэл талийгаач эгчийн найз Лгийн утас нь дуугарч Л “манай найз намайг дуудаад байна” гээд л талийгаач эгч, Л хоёр гараад явсан юм...” гэх мэдүүлэг /1хх-53/,

Шинжээч эмч М.Энхбаярын өгсөн ”...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээр талийгаач Д.Лгийн уушигны хатгалгаагаар нас барсан нь тогтоогдсон...Энэ нь...тархины гэмтлийн улмаас үүссэн гэмтлийн хүндрэл гэж үзэж болно...” гэх мэдүүлэг /1хх-193-194/,

Шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн ”...Талийгаач нь тархины гэмтэл авч ухаангүй...9 хоног хэвтрийн байдалтай байснаас уг гэмтлийн хамж хүндрэл болох хэвтрийн хатгаагаар нас барсан байна. Иймээс гэмтэлтэй шалтгаант холбоотой тархины гэмтлээс болж нас барсан...” гэх мэдүүлэг /1хх-236-237/,

Шүүгдэгч Ц.Лгийн яллагдагчаар өгсөн “...би хүргэн бид гурав нэг шил архиа аваад гэрт нь ороод гэрийг нь галлангаа нөгөө 1 шил архиа хуваагаад ууж байтал манай найз А намайг...манайд хүргээд ир гэхээр талийгаач бид хоёр Партизаны сангийн аж ахуй орохоор гарч яваад замдаа онхолдсон юм...” гэх мэдүүлэг /1хх-87-89/,  

“...Талийгаач Д.Лгийн биед тархины няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, баруун эгэмний далд хугарал, хоёр нүдний ухархайн болон гайморын хөндийн ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, доод уруул, зүүн ташаа, зүүн гуя, хоёр хөлийн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ...Талийгаач нь хоёр уушгины идээт брохопневмони буюу гэмтлийн хүндрэл болох хэвтрийн хатгаа өвчний улмаас нас барсан байна...” гэх шүүх эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №541 дугаар дүгнэлт /1хх-232-234/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Ц.Л нь согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/..согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, зорчигч Д.Лгийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх ба Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Лгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Өмгөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй. Гагцхүү талийгаач Д.Лд эмчилгээ зөв хийгдсэн гэх шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа, талийгаач ослоос болж авсан хүнд гэмтлийн улмаас нас бараагүй, өөр өвчний улмаас буюу хоёр уушгины идээт брохопневмони буюу уушигны хатгаа өвчний улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Ц.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйчлэх талаар дүгнэлт гаргаж мэтгэлзлээ.

Талийгаач Д.Л нь ослын улмаас тархины няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт бүхий тархины гэмтэл авч...гэмтлийн эмнэлэгт ухаангүй 9 хоног хэвтрийн байдалтай байснаас уг гэмтлийн хамж хүндрэл болох хэвтрийн хатгаагаар нас барсан бөгөөд түүний нас барсан шалтгаан ослын улмаас авсан гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээч эмч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байх ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн зүйл анги, хэсэг, заалт тохирсон гэж шүүх дүгнэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний амь нас хохирсонг нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд тооцогдох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Доршуулгын зардалд 5.214.988 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч 686.000 төгрөгийг төлсөнийг хасч, үлдэгдэл 4.528.988 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хуулийн шаардлага хангаагүй 2.150.000  төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүгдэгч Ц.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1  дэх хэсэгт заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар гэмт хэргийн хүнд ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Л дээрхи зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялыг оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Л 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 13 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Бовогт Ц.Лг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Лгийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Л-доногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Лгийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Ц.Л-доногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 4 жил хорих ялыг эдэлж  дууссан  үеэс эхлэн тоолсугай.

6. Ц.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, өмнө авсан байсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Лгийн №1157289 дугаартай жолоочийн үнэмлэхийг Тээврийн цагдаагийн газрын лицензийн төвд хүргүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Ц.Лгээс 4.528.988 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.150.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

 9. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирүүлсэн хөрөнгө үгүй, Ц.Лгээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Л-г цагдан хорьсоныг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.ОЮУНЧИМЭГ