Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01350

 

 

******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04182 дугаар шийдвэртэй

 

******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт дутуу шилжүүлсэн 980,333,869 төгрөг, алданги 474,446,657 төгрөг, нийт 1,454,780,526 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ТӨХК нь даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах агаарын хөлгийн даатгалын хялбаршуулсан цахим нээлттэй тендерийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зарласан. Тус тендерт ******* ХХК-ийг агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх даатгагч компаниар сонгон шалгаруулж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр даатгалын гэрээг байгуулсан. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацааг 2 сараар сунгаж, нэмэлт гэрээг байгуулж хамтран ажилласан. Гэрээний хугацаанд даатгуулагчийн зүгээс даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Даатгалын эрсдэлийн тохиолдол даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг орчимд Хөшгийн хөндийн дэх Чингис хаан Олон Улсын нисэх буудал орчимд гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас нисэх буудлын задгай талбайд байршуулсан хөөрөх гэж байсан болон нислэгээс буусан тус компанийн *******, *******, *******, ******* дугаартай агаарын хөлгүүд хүчтэй аадар бороо, мөндөрт цохиулсан даатгалын тохиолдол гарсан. Үүнд Олон Улсын агаарын хөлгийн даатгалын хохирлын үнэлгээчин томилогдож, эхний ээлжийн буюу өөрт хүлээх хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 950.000 ам.долларыг ******* ТӨХК-д төлөх, Full and Final Deductible Reinsurance Release and Discharge гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажуулсан.

Нөхөн төлбөрийг гэрээний дагуу давхар даатгагчаас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-ийн дансанд 950.000 ам.долларыг шилжүүлсэн талаар цахимаар мэдэгдсэн. ******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* ТӨХК-ийн дансанд нөхөн төлбөрт 2,742,401,655 төгрөг буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн төгрөгийн ам.долларт харьцах Монгол банкны тооцоход 810,965.55 ам.доллартай тэнцэх нөхөн төлбөрийг шилжүүлсэн. Тодруулбал, Монгол банкны ханш 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3,381.65 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,381.28 төгрөгөөр зарлагдсан бөгөөд НББОУС-21 Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөөний 21 дүгээр зүйлд Аж ахуйн нэгж гадаад валютаар гарсан ажил гүйлгээг анх хүлээн зөвшөөрөхдөө тухайн ажил гүйлгээ гарсан өдрийн бүртгэлийн валют ба гадаад валютын хоорондох спот ханшаар гадаад валютын дүнг бүртгэлийн валют руу хөрвүүлэх ёстой гэж заасны дагуу дараагийн өдрийн хаалтын ханш зарлагдах хүртэл урд өдрийн ханшийг мөрдвөл 139,034.45 ам.долларын төлбөр дутуу төлөгдсөн.

Манай компанийн зүгээс дутуу шилжүүлсэн үлдэгдэл нөхөн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор ******* ТӨХК-ийн холбогдох дансанд шилжүүлэх шаардлага бүхий 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/1505 дугаартай албан бичгийг ******* ХХК-д хүргүүлсэн. ******* ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ...тус тендерт оролцохдоо даатгалын гэрээний төлбөр тооцоотой холбоотой аливаа харилцаа тендер шалгаруулалт зарласан өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны валютын ханш болох 3,175.63 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний 6.2 дахь заалт зөвхөн даатгалын хураамж шилжүүлэхтэй холбоотой тусгайлсан зохицуулалт гэж үзвэл нөхөн төлбөрийг хэрхэн тооцож олгох тухай зүйл, заалт даатгалын гэрээнд байхгүй. Иймд даатгалын гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийн дүнг зөв тооцоолсон гэх хариу ирүүлсэн. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд тус хорооны дүгнэлтээр ******* ХХК нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа хэмжээнд олгох гэсэн даатгагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байх тул даатгалын тохиолдлын нөхөн төлбөр болох 194.32 сая төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор даатгуулагчид шилжүүлэхийг даалгасан боловч ******* ХХК нь уг шийдвэрийг заасан хугацаанд биелүүлээгүй.

1.2. Лондон төвтэй давхар даатгагчаас томилогдсон Олон Улсын даатгалын хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох МкЛаренс 4 агаарын хөлөгт учирсан эвдрэл гэмтэл, холбогдох засвар, үйлчилгээний зардал үнэлгээ хийн 4 агаарын хөлгийг засварлахад зарцуулсан 3,219,361.65 ам.долларыг нөхөн төлбөр олгохоор болж давхар даатгуулагч ******* ХХК, даатгуулагч ******* ТӨХК нар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ******* ХХК нь татвар болох 10 хувь 321,936.17 ам.долларыг суутган агаарын хөлгийн нөхөн төлбөрийн цэвэр дүн болох 2,897,425.48 ам.долларыг ******* ТӨХК-ийн дансанд суутгал хийхгүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Даатгалын нөхөн төлбөрийн гэрээний дагуу нөхөн төлбөр шилжүүлсэн Лондонд төвтэй давхар даатгалын брокер ас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шилжүүлгээр ******* ХХК-ийн дансанд 3,219,361.65 ам.долларыг шилжүүлсэн талаар цахимаар мэдэгдсэн. Гэтэл ******* ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* ТӨХК-ийн дансанд нөхөн төлбөрт 9,148,997,349.99 төгрөг буюу 2,668,197.08 ам.долларыг шилжүүлсэн. Тодруулбал, Монгол банкны ханш 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хаалтын ханш буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр тооцоонд бодогдох ханш болох 3,428.91 төгрөгөөр тооцвол 9,935,011,219.77 төгрөг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч 229,231.41 ам.доллар буюу 786,013,869.78 төгрөгийн төлбөр дутуу шилжүүлсэн.

1.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.12-т ...даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй тохиолдолд олгогдох нөхөн төлбөрийн хэмжээнээс хоногт 0,5 хувьтай тэнцэх алдангийг даатгуулагчид нөхөн нэмж төлнө... гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд зохион байгуулагддаг ******* ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээний нээлттэй тендер, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу даатгалын хураамжийн дүнг төгрөгөөр тогтоодог ба тендерт оролцогчид ханшийн эрсдэлээ багтааж, үнийн санал өгснөөр гэрээ байгуулагддаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ам.долларын ханш нь даатгалын хураамж төлөхдөө даатгуулагчийн зүгээс баримтлах ам.долларын монгол төгрөгтэй дүйцэх ханшийн тогтвортой байдлыг тусгайлан зохицуулсан заалт бөгөөд даатгагчийн зүгээс тендерт оролцохдоо гэрээний энэхүү тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд даатгалын эрсдэлийн тохиолдолд даатгуулагчид учирсан бодит хохирлын хувьд олон улсын агаарын хөлгийн даатгалын хохирлын үнэлгээчин томилогдож, даатгуулагчид учирсан хохирлыг валютаар тооцон гаргасан нөхөн төлбөр төдийгүй 100 хувь олон улсын давхар даатгагчаас шилжүүлсэн даатгуулагчид олгогдох учиртай нөхөн төлбөр юм. Гэтэл ******* ХХК нь давхар даатгагчийн хохирол шилжүүлсэн нөхөн төлбөрийн дүнгээс дур мэдэн хасалт хийх, гэрээний ханшаар тооцох замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, хууль бус үйлдэл гаргасан.

Иймд даатгалын нөхөн төлбөрт дутуу шилжүүлсэн 980,333,869 төгрөг, алданги 474,446,657 төгрөг, нийт 1,454,780,526 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 934,906,674 төгрөг, алданги 467,455,337 төгрөг, нийт 1,402,387,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,393,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн 7,169,886 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Практикал даатгал ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 7,169,886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хууль хэрэглээний болон процессын алдаа гаргасан, нотлох баримтыг буруу дүгнэсэн, нотолвол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Тодруулбал, хүчин төгөлдөр даатгалын гэрээ гэж дүгнэсэн боловч даатгалын үнэлгээний хэмжээ болон хураамжийн хэмжээг Даатгалын хууль, Иргэний хууль, Даатгалын багц дүрэм, талуудын байгуулсан гэрээнд тусгасан нөхөн төлбөр олгох нөхцөлтэй уялдуулан авч үзээгүй буюу хууль хэрэглээний хувьд холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй. Мөн талуудын байгуулсан гэрээний 6.1-д даатгалын нийт хураамжийн хэмжээг төгрөгөөр тодорхойлсон бөгөөд 6.2-д заасны дагуу талуудын тохиролцсон ханш нь 3,157.63 төгрөг байна. Гэрээний 6.3-д ам.долларын ханш буусан тохиолдолд төлбөр төлөх сарын 05-ны өдрийн Монгол банкны албан ханшаар үнийн тохируулга хийгдэх ба өссөн тохиолдолд тохируулга хийхгүй гэж тохиролцсоноор ******* ТӨХК-д нөхөн төлбөрийн хэмжээг шилжүүлсэн.

Гэтэл шүүхээс талууд гэрээнд ханшийг 3,157.63 төгрөгөөр тооцохоор тохиролцсоныг дурдсан боловч хариуцагчийг хуульд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өссөн, үүрэг үүсэх үеийн ханшийг 3,381.28 төгрөгөөр тодорхойлсон атлаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр Монгол банкнаас зарласан 3,428.91 төгрөгрөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зөрчсөн үйлдэл болсон. Иргэний хуулийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан бөгөөд талуудын гэрээнд үүрэг үүсэх ханшийг 3,157.63 гэж тогтоосон байна. Энэ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйл, мөн гэрээнээс үүсэх үүргийн харилцаагаар зохицуулсан ханш, 187.2-д заасан гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүсч болох зохицуулатын дагуу тохиролцсон ханш байна.

Тендерт оролцох нөхцөл, шаардлага, тендерийн баримт бичиг, тендер шапгаруулалтын зааварчилгааны 19.6-д ам.долларын ханш буусан тохиолдод үнийн тохируулга хийнэ, өссөн тохиолдод үнийн тохируулга хийхгүй гэж заасан байна. Талуудын байгуулсан гэрээнд даатгалын үнэлгээг төгрөгөөр илэрхийлсэн бөгөөд ам.долларын ханшийн хувьд 3,157.63 төгрөгөөр тооцсон байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулийн дагуу тендерийн болон төлбөр тооцооны гүйлгээ, үнэлгээ нь үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдэх бөгөөд тендерийн баримт бичиг, талуудын байгуулсан гэрээнд заасан даатгалын үнэлгээ нь төгрөгөөр илэрхийлэгдсэн байхад уг үнэлгээний ам.доллартай тэнцэх ханшийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр тогтоож 3,428.91 төгрөгөөр шийдвэрлэсэн нь гэрээ болон тендерийн баримт бичигт заасан үндэсний мөнгөн тэмдэгтээр тогтоосон хохирлын үнэлгээний олговол зохих дээд хэмжээнээс давж даатгалын байгууллагад хууль бусаар ихээхэн хохирол учруулах үр дагавар бий болгосон.

4.2. Гэрээ байгуулах бэлтгэл үе шат, тендерийн тодруулга авах явцад ******* ХХК-ийн ажилтан г гэрчээр оролцуулах, цахим хаягт үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй нь хэргийн нотолвол зохих байдлыг орхигдуулсан процесс байна. Уг гэрчийн мэдүүлэг, цахим хаягт хийх үзлэг нь гэрээний бэлтгэл үе шатанд үүсэх харилцаа, үүрэг үүсэх ханш, нөхөн төлбөрийн үнэлгээний ханшийг тодруулсан имэйл, энэ талаар даатгалын эрсдэл үүсэхийн өмнө болон дараах үеийн ханшийн зохицуулалтыг тодорхойлсон нотлох баримтын ач холбогдолтой ажиллагаа болох байсан.

4.3. Шүүх хурал 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон бөгөөд тухайн хуралд манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцох ёстой байсан боловч оролцуулаагүй. Учир нь ******* нь тухайн өдөр шүүхэд өөрөө хариуцагчаар татагдсан, хурал давхацсан тул баримтыг шүүхэд гарган өгч хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүй хариуцагч талыг байлцуулахгүйгээр хурлыг хийсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь итгэмжлэлийг хурал болохоос 7 хоногийн өмнө авсан бөгөөд хэргийн материал, эрх үүрэгтэй танилцсан баримттай 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр буюу шүүх хуралдаан хойшлуулах өдөр танилцаж гарын үсэг зурсан. Энэ нь хариуцагчийн эрх, үүргийг зөрчсөн, нотолвол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, хууль хэрэглээний хувьд алдаатай болсон.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргадаггүй. Даатгалын гэрээний хугацаанд ******* ТӨХК нь даатгалын төлбөрөө төлсөн учраас даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөр шаардах бүрэн эрхтэй. Агаарын хөлгийн иж бүрэн даатгал 100 хувь давхар даатгалд хамрагддаг бөгөөд даатгалын тохиолдол үүсэхэд хоёр удаагийн гэрээ байгуулагдсан. Гэрээний үнийн дүн буюу 950,000 ам.долларын нөхөн төлбөр болон 3,219,361 ам.долларын нөхөн төлбөр шилжүүлсэн тухай үйл баримтад хариуцагч тал маргахгүй байна. Даатгалын гэрээний 6.1-д ...даатгалын хураамжийг тендер зарлагдсан өдрийн ханш буюу 3,157.63 төгрөгөөр тооцно... гэж заасныг даатгалын нөхөн төлбөр энэ асуудалд хамаатай гэж хариуцагч тал маргадаг. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгох асуудлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, тус хорооноос гаргасан шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй.

Даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч тал бүрэн олгоогүй учраас шүүхэд хандсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сард иргэний хэрэг үүссэн. Шүүхэд 6-7 удаа шүүх хуралдаан зарлагдсан байхад шүүх хуралдаан зарлагдах бүрд хариуцагч тал төлөөлөгчөө солино гэх үндэслэлээр хүсэлт өгч, шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Тендерийн баримт бичгийн 9.16-д заагдсан даатгалын хураамжийг тогтмол ханшаар төлөх тухай асуудлыг даатгалын нөхөн төлбөртэй хамааруулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч тал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж хариуцагч тал давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч байгууллага 9 сарын хугацаанд уг маргаантай холбоотой тайлбар мэдүүлэг гаргаагүй, мөн удаа дараа төлөөлөгчөө сольж шүүх хуралдааныг хойшлуулж байсан ба үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан.

Ханшийн зөрүүтэй холбоотой асуудлаар хариуцагч байгууллагын ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй бөгөөд маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай холбогдох бүх баримтыг бид хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй мөн шүүхэд тайлбар мэдүүлэг гаргаагүй. Гэвч уг асуудлын хүрээнд давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт дутуу шилжүүлсэн 44,034.45 ам.доллар буюу 194,320,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа ихэсгэн, даатгалын нөхөн төлбөрт дутуу шилжүүлсэн 229,231.41 ам.доллар буюу 786,013,869.78 төгрөг, алданги 474,446,657.50 төгрөг, нийт 1,454,780,526 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-3, 99-101, 133-135/

 

3. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. ******* ТӨХК нь ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын №22/237 дугаартай гэрээг байгуулж, гэрээгээр ******* агаарын хөлгүүдийн их бие болон тус бүрийн хоёр хөдөлгүүрийн хамт, агаарын хөлгүүдийн их бие (сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт), агаарын хөлгөөр тээвэрлэх зорчигчийн амь нас, эрүүл мэнд, тэдний алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгө болон түүнчлэн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгөд учирч болох хохирол, агаарын хөлгүүдийн их биеийн даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага, агаарын хөлгийн их бие (сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт)-д учрах дайны эрсдэлийн даатгал, дайн, агаарын хөлгийг булаах, барьцаалах болон түүнтэй холбоотой бусад эрсдэлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалд тус тус даатгуулан даатгуулагчаас даатгалын хураамж 8,376,410,614.68 төгрөг төлөх, даатгагч нь даатгалыг гүйцэтгэх, даатгалын тохиолдол болсон нөхцөлд гарсан хохирлыг хууль болон гэрээнд заасны дагуу даатгуулагчид нөхөн төлөх үүргийг харилцан хүлээж, даатгалын хугацааг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагаас эхлэн 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 24 цаг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 8-12/

 

3.2. Мөн талууд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлтийн дугаартай гэрээг байгуулж, гэрээгээр даатгалын хугацаа 61 хоногоор сунгагдаж, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24 цаг хүртэл болж өөрчлөгдөж, агаарын хөлгийн их бие хөдөлгүүрийн хамт нэмэгдэж, даатгалын хураамж 2,142,525,623.19 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 13-15/

 

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

3.3. Талуудын байгуулсан даатгалын гэрээний 11.4-д даатгалын зүйлийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны дотор олон улсын агаарын хөлгийн даатгалын эрх бүхий давхар даатгагч нарт 100 хувь давхар даатгана гэж тохиролцсон ба даатгагч ******* ХХК нь давхар даатгалд хамруулах үүргээ биелүүлж, Лондонд төвтэй брокер д даатгуулсан, даатгуулагч ******* ТӨХК нь даатгалын хураамж төлсөн үйл баримтын тухайд зохигчид тус тус маргаагүй байна.

 

3.4. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг орчимд Хөшгийн хөндийн дэх Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас даатгалын зүйл болох нисэх буудлын задгай талбайд байршуулсан хөөрөх гэж байсан болон нислэгээс буусан тус компанийн ******* дугаартай агаарын хөлгүүд хүчтэй аадар бороо, мөндөрт цохиулснаар даатгалын тохиолдол бий болсон, улмаар Олон улсын агаарын хөлгийн даатгалын хохирлын үнэлгээчин томилогдож, эхний ээлжийн буюу өөрт хүлээх хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 950.000 ам.долларыг ******* ТӨХК-д төлөх Full and Final Deductible Reinsurance Release and Discharge гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажуулсан.

 

3.5. Дээрх гэрээний дагуу нөхөн төлбөрийг давхар даатгагчаас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-ийн дансанд 950.000 ам.долларыг шилжүүлсэн, харин хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ТӨХК-д 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 2,742,401,655 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

3.6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хандан даатгалын нөхөн төлбөрт дутуу шилжүүлсэн 148,909,095 төгрөгийг гаргуулахаар шаардаж хүсэлт гаргахад уг төлбөрийг олгоогүй байх тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Улмаар тус хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2661 тоот албан бичгээр ...Даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо тухайн өдрийн Монгол банкны ханшаар бус даатгалын хураамж төлсөн өдөр буюу 2 жилийн өмнөх ханшаар тооцон олгосон нь даатгагч Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд танай компанийн дээрх даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг дутуу олгосон шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тул даатгуулагчид дутуу олгосон 194.32 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгохыг хариуцагч ******* ХХК-д мэдэгджээ. /хх25/

 

3.7. Лондон төвтэй давхар даатгагчаас томилогдсон олон улсын даатгалын хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох МкЛаренс 4 агаарын хөлөгт учирсан эвдрэл гэмтэл, холбогдох засвар, үйлчилгээний зардалд үнэлгээ хийснээр 4 агаарын хөлгийг засварлахад 3,219,361.65 ам.долларыг нөхөн төлбөр олгохоор болсон тул ******* ХХК болон ******* ТӨХК-иудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд зааснаар ******* ХХК нь 10 хувийн татвар болох 321,936.17 ам.долларыг суутган, нөхөн төлбөрт 2,897,425.48 ам.долларыг ******* ТӨХК-ийн дансанд суутгал хийхгүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар давхар даатгагч Лондонд төвтэй давхар даатгалын брокер ас даатгалын нөхөн төлбөрт ******* ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3,219,361.65 ам.долларыг шилжүүлсэн, гэрээнд зааснаар хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ТӨХК-д 2,897,425.48 ам.доллар олгохоос 2,668,197.08 ам.доллар буюу 9,148,997,349.99 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл баримт, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон. /хх-ийн /хх-ийн 103-116/

 

4. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн нөхөн төлбөрийн гэрээний дагуу 950,000 ам.доллар шилжүүлэхээс 44,034.45 ам.доллар буюу 148,892,805 төгрөгийг дутуу шилжүүлсэн, мөн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр барагдуулах гэрээний дагуу 2,897,425.48 ам.доллар шилжүүлэхээс 2,668,197.08 ам.доллар буюу 9,148,997,349.99 төгрөгийг шилжүүлж, дутуу шилжүүлсэн 229,231.41 ам.доллар буюу 789,013,869.78 төгрөгийг тус тус нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талуудын байгуулсан даатгалын гэрээний 6.2, 6.3-т заасан Монгол банкнаас зарласан 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ханш буюу 3,157.63 төгрөгөөр тооцсон гэж маргасан.

 

4.1. Талуудын байгуулсан гэрээний 6.2-т Даатгалын хураамжийг энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хураамж шилжүүлэх хуваарь-ийн дагуу шилжүүлэхдээ ам.долларын ханшийг тендер зарласан өдрийн ханш болох 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны албан ханшаар буюу нэг ам.доллартай харьцах ханшийг 3,157.63 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

 

4.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүнийг үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу гэрээний дээрх нөхцөлийг тайлбарлавал, талууд даатгалын хураамж төлөхөд ам.долларын ханшийг тендер зарласан өдрийн ханшаар тооцохоор харилцан тохиролцсон байна. Иймд талууд нөхөн төлбөр олгохдоо нэг ам.долларыг 3,157.63 төгрөгийн ханшаар тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, талууд даатгалын хураамжийг 3,157.63 ам.долларын ханшаар төлөхөөр гэрээгээр тохиролцсон болохоос даатгалын нөхөн төлбөрийн ханшийг гэрээгээр талууд тохиролцоогүй байна.

 

4.3. Анхан шатны шүүх хариуцагч нөхөн төлбөр төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан хугацаанд гүйцэтгээгүйгээс ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өссөн, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үе буюу 44,034.45 ам.долларыг 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Монголбанкны зарласан ханш болох 3,381.28 төгрөгөөр, 229,231.41 ам.долларыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Монголбанкны зарласан ханш болох 3,428.91 төгрөгөөр тус тус төлбөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

 

4.4. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт дутуу шилжүүлсэн 934,906,674 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...талуудын байгуулсан гэрээнд заасан даатгалын үнэлгээ нь төгрөгөөр илэрхийлэгдсэн байхад уг үнэлгээний ам.доллартай тэнцэх ханшийг шүүхээс үндэслэлгүйгээр 3,428.91 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь гэрээ болон тендерийн баримт бичигт заасан үндэсний мөнгөн тэмдэгтээр тогтоосон хохирлын үнэлгээний олговол зохих дээд хэмжээнээс давж даатгалын байгууллагад хууль бусаар их хэмжээний хохирол учруулах үр дагаврыг үүсгэсэн... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

5. Алдангийн тухайд:

 

5.1.Талууд гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т Даатгагч даатгалын нөхөн төлбөрийг Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.4-т заасны дагуу дараах баримтыг үндэслэн 30 хүртэлх хоногийн дотор нөхөж олгоно гэж, 10.2.4-т Томилогдсон ОУ-ын болон дотоод хохирол үнэлэгч компаниудын дүгнэлт гэж, гэрээний 7 дугаар зүйлийн 7.12-т Даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй тохиолдолд олгогдох нөхөн төлбөрийн хэмжээнээс хоногт 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг даатгуулагчид нэмж төлнө гэж тохиролцжээ. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан, хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрийг дутуу олгосноос хугацаа хэтрүүлсэн буруутай байх тул нэхэмжлэгч нь мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

5.2. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагчаас 467,453,337 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6.1. Шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж, ажлын цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар шүүх гэрч шүүхэд дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг аваагүй байх боловч маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нотлох баримтууд бүрдсэн байхаас гадна гэрчээс мэдүүлэг аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд гэж тооцон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

6.2. Хариуцагч байгууллага нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар шүүхэд хариу гаргах үүрэгтэй. Гэвч хариуцагч байгууллагаас хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Түүнчлэн, шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ажлын цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн нотолвол зохих байдлыг орхигдуулсан гэж үзэхгүй.

 

6.3. Мөн хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольсон ба сүүлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан. Харин 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хурал хойшлуулах хүсэлт, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тов мэдэгдсэн баримтыг хавсарган шүүхэд ирүүлсэн. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан байна. Иймд хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байх тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,169,890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ