Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0204

 

Я.Э-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-О, П.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 387 дугаар шийдвэртэй Я.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д тус тус заасныг баримтлан Я.Э-ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтын 22 дахь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучин нэрээр/ холбогдох хэсгийг хүчингүй болгож  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хуурамч нотлох баримтыг үнэлсэн, гэрчээр оролцсон хүмүүс Я.Э-ийн талд үйлчилсэн мөн тухайн гэрчээр асуугдсан иргэд тухайн үед дээрх албан тушаалд ажиллаж байсан эсэх баримт байхгүй.

Нотолгоо болгон таньдаг айл газар дээрээ буулгаад гадагшаа явсан гэсэн ямар ч баримтгүй, хэн гэдэг хүн тэнд хэдэн жил амьдарсан талаарх баримтгүй, 12 жилийн дараа дараа гэнэт алга болгосон өмчлөлийн гэрчилгээгээ авахаар хандсан гэж нэхэмжлэгч үндэслэлгүй тайлбарыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн.

Мөн маргаан бүхий газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 16 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/184 дүгээр захирамжаар “Үндэсний Оюу хоршоонд” шилжүүлсэн бөгөөд тус байгууллага нь өөрсдийн хөрөнгөөр 50 гаруй сая төгрөгийн засварыг одоогоор хийж гүйцэтгэсэн байдлыг харгалзаан үзэлгүй анхан шатны шүүх шийдвэрлэсэн.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1,19.2.2-т заасан шаардлагыг нэхэмжлэгч тал анхнаасаа биелүүлээгүй зэргээс шалтгаалан Нийслэлийн Засаг дарга 2018 оны А/98 дугаар захирамжаар “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр” бүртгэн захирамж гаргасан.

Мөн анхан шатны шүүхээс цуглуулсан бүх нотлох баримтууд Я.Эрдэнэчимэг тус газар дээр оршин сууж байсан талаарх баримт байхгүй, газрын нэгдсэн тооллого хийсэн 2005-2006 оны мэдээллийн санд ч байхгүй газар өмчлөлийн гэрчилгээ бичигдээгүй зэргийг анхан шатны шүүх буруу дүгнэж нэхэмжлэгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Я овогтой Э нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд Соёл урлагийн их сургуулийн 2 дугаар байрны баруун урд талд байрлах, 2003 онд баригдсан гэх өрхийн эрүүл мэндийн төвийн барилга байрлаж байгаа газрыг өөрийн нэр дээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамжаар өмчилж авсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 4 дүгээр гудамж, 87а тоот хаягт /цаашид 87а тоот газар гэх/ байрлах 244 м.кв газар гэж маргасан байна.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/98 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газарт Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд, 160 м.кв газрыг Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар олгожээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоол, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/72 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн маргаж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг “Ү о” хоршоо, иргэн Б.Т-О нарт актаар хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Я.Э нь 244 м.кв газраа анх өмчилж авах үедээ кадастрын зураг хийлгээгүй, газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс уг маргаан үүссэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар 2003 онд өөр этгээдийн хөрөнгөөр баригдсан, одоо “Ү о” хоршоонд шилжсэн өрхийн эмнэлгийн барилга байршиж байгаа газар нь нэхэмжлэгчийн өмчилж авсан газар мөн болох нь бүрэн тогтоогдоогүй, шүүхийн цуглуулсан зарим баримтуудын мэдээлэл нь зөрүүтэй байхад тодруулаагүй байна.

Тухайлбал, нэхэмжлэлд хавсаргасан “Б б” компаниар хийлгэсэн 2017.04.01-ний өдрийн кадастрын зурагт[1] хаягийг “89А” тоот гэж, газрын хэмжээг “124.5 м.кв” гэж захирамжид зааснаас зөрүүтэй тэмдэглэгдсэн, уг кадастрын зургийг эрх бүхий этгээдээр хянуулж, газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй, газар өмчлөлийн хувийн хэрэгт байгаа 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Нөхөн олгов” гэж тэмдэглэсэн газар эзэмшүүлэх гэрчилгээнд[2] Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 64 дүгээр захирамжийг үндэслэн газар эзэмшүүлсэн байхад уг захирамж хэрэгт авагдаагүй, гэрчилгээнд Э-ийн овгийг “Я” гэж, газрын хэмжээг “400 м.кв” гэж тусгасан, газар өмчлөх хүсэлтэд хавсаргасан тойм зурагт[3] “дутуу барилга” гэх, мөн гэр хорооллын гудамжны хамгийн зүүн талын хашааг “4-87” гэж тэмдэглэгдсэн нь одоогийн аль барилга болох нь тодорхойгүй, газар эзэмшүүлэх хүсэлтэд[4] өөрийн овог нэрийг бичихдээ “Я овогтой Э” гэж бичиж, гарын үсгээ зурсан[5], уг хүсэлтэд энэ хаягт эзэмшиж байгаа талаар дурдаж, хорооны засаг дарга тэмдэглэл хийсэн боловч хэрэгт 2003 оноос өмнөх ямарч баримт байхгүй, өрхийн бүртгэлийн дэвтэр байхгүй, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамжийн хавсралтаар “Я-ийн Э”, хамтран өмчлөгчөөр ах “Я-ийн М” гэж зөрүүтэй бичигдсэн, нэхэмжлэгч нь тухайн газар дээр 2003 оноос хойш өрхийн эмнэлгийн гэх барилга баригдсан байхад 2015 оныг хүртэл маргаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч Я овогтой Э нь газрыг анх ямар үндэслэлээр эзэмших, өмчлөх эрх үүссэн нь тогтоогдохгүй, өрхийн эмнэлгийн барилга байрлаж байгаа газар мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч Я.Э нь 2003 онд өмчилж аваад гадаадад байж байгаад ирээд хөөцөлдсөн гэх боловч 2003 оноос хойш Монгол Улсын хилээр байнга орж гарч байсан, тухайн газрыг хамтран өмчилсөн гэх ах Я.М нь 2007 он хүртэл Монгол Улсад байсан, үүнээс хойш байнга хилээр орж гарч байсан баримт хэрэгт авагджээ.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг цуглуулсан боловч тухайн баримтуудаас хэргийн нөхцөл байдал буюу нэхэмжлэгчийн өмчилж авсан газар мөн болох нь тодорхой болоогүй, 2003 оноос хойш өрхийн эмнэлгийн барилга баригдан барилгын чанар муугаас ашиглагдаагүй, нийслэлийн өмчид бүртгээгүй боловч бусдын хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгө байрласаар байхад нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.  

Анх нэхэмжлэгчид “87а тоот” газрыг эзэмшүүлэхдээ ямар үндэслэлээр гэрчилгээг нөхөн олгосон, газар эзэмших хүсэлт дээрээ өөрийн овгийг яагаад буруу бичсэн, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний оршин суух хаяг өөр байхад тухайн хүсэлт болон газар өмчлөх хүсэлтэд 11 дүгээр хорооны Засаг дарга “87а” тоотод оршин суудаг гэсэн тэмдэглэлийг хэрхэн юуг үндэслэж хийсэн, 2003 оноос өмнө нэхэмжлэгч тухайн газарт амьдарч байсан эсэх, кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд яагаад оруулаагүй, газар өмчлөх хүсэлтэд хавсаргасан тойм зурагт тусгасан байршил одоо маргаж байгаа газар мөн эсэхийг тодруулах, газар эзэмшүүлсэн 64 дүгээр захирамж, түүнд дурдсан газар эзэмшүүлэх нөхөн олголтын гэрчилгээг олгох нөхцөл, шаардлагыг нэхэмжлэгч хангаж байсан эсэх зэргийг тодруулахад шаардлагатай баримтуудыг цуглуулах, шаардлагатай бол тухайн үед ажиллаж байсан хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч зэрэг 2003 оноос өмнөх нөхцөл байдлыг мэдэх этгээдээс тодруулах нь дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой.

Мөн өрхийн эмнэлгийн барилгыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх баримтыг[6] нэхэмжлэгч хэнээс хэзээ авсан, уг баримтыг эх сурвалжийг өөрөө зааж, холбогдох баримтыг гаргах зэргээр нэхэмжлэгч нь  “87а тоот” газрыг  2003 оноос өмнө эзэмшиж байгаад хууль ёсоор эзэмшиж өмчилсөн, тухайн байршил нь одоогийн өрхийн эмнэлгийн барилга байрлаж байгаа газар мөн болох талаар нотлох, шаардлагатай бол шүүхэд эх сурвалжаа зааж, шүүхээр цуглуулах шаардлагатай гэж үзнэ.

Учир нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын байршил, өрхийн эмнэлгийн барилгыг шилжүүлсэн гэх этгээдийг тодруулахаар баримт цуглуулсан боловч хэрэгт авагдсан баримтаар энэ нь тодорхой болоогүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Я.Э тус өрхийн эмнэлгийн барилга бүхий газар оршин сууж байсан баримтгүй, гадаад явсан гэх баримтгүй, газрын нэгдсэн тооллогод байхгүй, кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн, тухайн барилгыг “Үндэсний оюу хоршоо” шилжүүлэн авч засвар хийсэн зэргийг харгалзаагүй” гэх гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.