Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2025/0111

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын харьяа Том татвар

 төлөгчийн газрын татварын улсын байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:    М.Батсуурь

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     Г.Банзрагч

                                        П.Соёл-Эрдэнэ 

Илтгэгч шүүгч:        Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0490 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2025/0621 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 514 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, хариуцагч улсын байцаагч Ц.М, У.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэгт татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах.

Хэргийн нөхцөл байдал:

                                                                                                                       

2.Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас “К” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актаар 2,523,114,862.49 төгрөгийн нөхөн татвар, 847,637,492.41 төгрөгийн торгууль, 1,034,064,011.13 төгрөгийн алданги, нийт 4,404,816,366.03 төгрөгийн төлбөр тавьсан байна.

2.1.Уг актын 1 дэх хэсгээр “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд (АМНАТ тусгай зөвшөөрөл эзэмшигч ТТ-15 маягт) 2020 онд 212,612.95 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй, нүүрс экспортод гаргахдаа уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийн дагуу тооцсон 16,207,384,473.24 төгрөгийн төлбөр тооцох үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг ногдуулж төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.3-т заасныг зөрчсөн” гэж 1,525,447,130.31 төгрөг, АМНАТ-ийн нэмэлт төлбөр 970,871,589.45 төгрөг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн.  

2.2.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор “К” ХХК-ийн гомдлыг хянаад актыг хэвээр баталсан байна.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Жишиг үнээр тооцож, өндөр дүнтэй акт тавьсан нь хуулийн болон бодит үндэслэлгүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.3-т заасны дагуу Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргыг ашиглан борлуулалтын үнэлгээг тодорхойлон 2019 онд шаардлага хангасан материалуудыг цаг тухайд нь бүрдүүлэн уг журмын 2.5-д заасны дагуу холбогдох борлуулалтын гэрээ болон нэмэлт материалын хамт Татварын албанд хүргүүлэн өгсөн. Гэрээний буюу хэлцлийн үнийн үндсэн дээр зохих татвараа тооцоолон төлсөн. Бид борлуулалтын үнэ болон төлбөр ногдох орлогыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасны дагуу зөв тооцсон. Тус компани 2020 онд хамаарах мэдээ, мэдээллийг хүргүүлж байгаагүй гэдэг асуудал нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцох үндэслэл болохгүй” гэж,

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “...Нэхэмжлэгч нь 2020 оны 1-7 саруудад 2012,612.5 тонн нүүрс экспортлон борлуулсанд ногдох АМНАТ-ын тайланг Татварын албаны цахим тайлангийн системд илгээн баталгаажуулсан боловч экспортолсон бүтээгдэхүүнийг гэрээний үнээр тооцож ашигт малтмалын төлбөр ногдуулсан байсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.17-д заасны дагуу нэмэлт төлбөрийг дутуу ногдуулсан байдаг. “К” ХХК нь Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журмын 5.1-д заасны дагуу журамд заасан хугацаанд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн хэлтэст гэрээний үнээр тооцуулах хүсэлтийг хүргүүлээгүй” гэж маргажээ.

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0490 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 5 дугаар сарын 5.1.2, 5.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1, 47.6, 47.14, 47.16 дахь хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, У.О нарын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2025/0621 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 490 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 47.14, 47.16, 47.16.2, 47.2.1, Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51.1, 51.2, 79 дүгээр зүйлийн 79.4.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““К” ХХК-ийн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, У.О нарын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 2 гэж дугаарлаж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.  

7.1.Магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 123.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

7.2.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтээс эрс зөрүүтэй буюу хууль хэрэглээний хувьд тодруулбал, Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын холбогдох заалтыг буруу тайлбарлаж, Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

7.3.Татварын улсын байцаагчид нөхөн ногдуулалтын актаар “К” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд 212,612.18 тн коксжих чанаргүй, боловсруулаагүй, нүүрс экспортод гаргахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон буюу олон улсын зах зээлийн үнээр (олон улсын жишиг үнэ) татвар ногдуулан төлөх байсан гэж үзэж, дутуу мэдүүлсэн гэх 16,207,384,473.24 төгрөгийн борлуулалтад ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, торгууль, алданги гэж 2,496,318,719.76 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр акт тавьсан ба үндэслэлээ Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 5.1-д “нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж тухайн сард хамаарах дараах мэдээллийг дараа сарын 5-ны өдрийн дотор харьяа Татварын албанд цахимаар хүргүүлнэ” гэх заалтыг зөрчсөн гэх агуулгаар 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тайлбарласан (шүүхэд ирүүлсэн) бол давж заалдах шатны шүүх мөн “журамд заасан шаардлага хангасан хүсэлт, холбогдох гэрээ, мэдээллийг хуулийн хугацаанд нь татварын албанд хүргүүлээгүй” гэж дүгнэсэн.

7.4.“К” ХХК нүүрс экспортод гаргахын тулд Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журмын 3 болон 5 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан, холбогдох мэдээллийг агуулсан борлуулалтын гэрээ, гаалийн лабораторийн дүгнэлт, гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримтуудыг эрх бүхий байгууллагуудад хүргүүлж байсан.

7.5.Үүнтэй холбоотойгоор шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Том татвар төлөгчийн газрын цахим сайтад (аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гэрээний үнээр тооцуулах хүсэлт бүхий) хийсэн үзлэгээр “К” ХХК нь 2020 оны 1-7 дугаар сард татварын газарт цахим шуудангаар гэрээний үнээр тооцуулах хүсэлт болон холбогдох баримт хүргүүлж байгаагүй гэх боловч хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн 2020 оны 1 дүгээр сараас 7 сар дуустал хүртэлх хугацаанд Татварын ерөнхий газрын Эрдэс баялгийн хэлтсээс “гадаад зах зээлд нүүрс борлуулсан аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг хянаж хүлээн авсан талаарх танилцуулга” гэх баримтуудад тухайн сард нүүрс экспортолсон компаниудын экспортын мэдээг Эрсдэлийн удирдлагын газраас гаргуулан экспортын мэдээг татвар төлөгч тус бүрээр харьяа татварын албанд цахим хэлбэрээр хүргүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу АМНАТ төлөх аж ахуйн нэгжүүдийг тодорхойлон тэдгээрээс гэрээний үнээр тооцуулах материал ирүүлсэн гэх аж ахуйн нэгжүүд дээр үнийн харьцуулалт хийж дүгнэлт гаргасан талаар дурдсан байдаг. Эндээс нэхэмжлэгч нь холбогдох мэдээ, мэдээлэл агуулсан баримтыг Татварын байгууллагад хүргүүлж байсан нь тодорхой нотлогдохын зэрэгцээ шүүхэд гаалийн байгууллагаас ирүүлсэн баримтад холбогдох гэрээ, мэдээллийг гаальд хүргүүлж байсан нь мөн нотлогдоно.

7.6.Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор баталсан журмын 2 дугаар хавсралтын 4.1-д “санхүү, төсвийн болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татвар, гааль, ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн холбоод нь олон улсын зах зээл дээрх нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын үнийн мэдээллийг холбогдох албан ёсны эх сурвалжаас авч, тухайн ашигт малтмалын үнийн хөдөлгөөн, өсөлт, бууралтад сар бүр хийсэн дүн шинжилгээнд үндэслэн борлуулалтын үнэлгээнд хяналт тавина” гэж заасан бол 4.5-д “гаалийн байгууллага нь нүүрс төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын лабораторийн дүгнэлтийг нэгтгэн Татварын албанд дараа сарын 5-ны өдрийн дотор хүргүүлж байна” гэж зааснаас үзвэл, сар бүрийн борлуулалтын үнэлгээнд гааль, татвар аль аль нь хяналт тавьж, гаалийн байгууллагаас татварын албанд мэдээлэл хүргүүлж байхаар заасан.

7.7.Өөрөөр хэлбэл, компани сар бүрийн 5-ны дотор гэрээний үнээр тооцуулах тухай хүсэлт хүргүүлсэн эсэхээс үл хамааран төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох замаар хяналт тавьж, Татварын алба гэрээний үнээр эсхүл олон улсын жишиг үнээр тооцох эсэхийг шийдвэрлэж байхаар журамд тодорхой заасан гэж үзэхээр байна.

7.8.Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн бол давж заалдах шатны шүүх “... журамд заасан шаардлага хангасан хүсэлт, холбогдох гэрээ, мэдээллийг хуулийн хугацаанд нь татварын албанд хүргүүлээгүй энэ тохиолдолд гэрээний үнээс тооцох боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

7.9.Мөн журмын 2.2, 2.5-д хуулиас иш татаж буюу хуульд үндэслэн “улирал”, “жилийн эцэст” гэсэн (ашигт малтмалын тухай хуулийн 47.11-д улирал жилийн эцэст тайлан хүргүүлэхээр заасан) хугацаанд тайлан мэдээг ирүүлэх талаар журамласан.

7.10.Журмаас үзэхэд, Аж ахуйн нэгжээс дараа сарын 5-ны дотор (хүсэлт), тайлан, мэдээ хүргүүлсэн явдал нь “гэрээний үнээр тооцуулах үндэслэл” болох талаар биш харин тайлан мэдээг улирал жилээр хүргүүлэх ба борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийх замаар АМНАТ-ын тайланг баталгаажуулахаар маш тодорхой заасан ба эндээс татварын улсын байцаагч нарын үндэслэж буй журмын 5.1-д заасан хугацаанд ирүүлээгүй бол гэрээний үнээр тооцохгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд гэрээний үнээр тооцуулах хүсэлт, тайлан, мэдээг хугацаандаа ирүүлээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

7.11.Тодруулбал, Засгийн газрын 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд “хүсэлт гаргана” гэсэн аж ахуйн нэгжид үүрэг болгосон нэг ч заалт, зохицуулалт, хуулийн хэм хэмээ байхгүй байхад татварын улсын байцаагч болон давж заалдах шатны шүүх нь “хүсэлт хүргүүлээгүй” гэж үзэж, тайлангаас гадна хүсэлт хүргүүлэх ёстой байсан мэтээр дүгнээд байгаа нь хууль тогтоомжийг буруу тайлбарлаж буй хэрэг юм.

7.12.Нэхэмжлэгч хариуцагч талаас маргаж буй дараагийн нэг үндэслэл нь Засгийн газрын 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.7-д “аж ахуйн нэгж экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дэх заалт, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно” гэж зааснаар тооцож үзэхэд “30 хувиас их байсан”, “бага байсан” гэх явдал юм.

7.13.Хариуцагч талаас “татварын хяналт шалгалтын явцад тооцоолол хийж үзэхэд компанийн байгуулсан борлуулалтын гэрээний үнэ олон улсын зах зээлийн үнээс 30-аас их буюу 37-49 хувиар их байсан” гэж тайлбарладаг ба үүнийгээ нотлохын тулд хэрэгт 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн “К” ХХК-ийн Ашигт малтмалын бүтээгдэхүүний төлбөр тооцох гэрээний үнэ, олон улсын зах зээлийн үнийн мэдээллийн харьцуулсан тооцоолол” гэх баримтыг гаргаж өгсөн ба уг баримтын хувьд маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актаас даруй нэг жилийн дараа үйлдсэн, нөхөн ногдуулалтын актын үндэслэл болоогүй баримт юм.

7.14.Энэ талаар хариуцагч нарын зүгээс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч “нөхөн ногдуулалтын актад энэ талаар дурдаагүй, тооцоолол байхгүй” гэх тайлбарыг өгсөн байдаг.

7.15.Үүнээс гадна Татварын улсын байцаагч нар 30 хувиас давсан гэх дээрх тооцооллыг хийхдээ “К” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-15 маягтад дурдсан тооцооллыг үндэслэн гэрээний үнийг зах зээлийн үнэтэй шууд харьцуулах байдлаар тодорхойлсон гэж тайлбарласан.

7.16.Манай компани ашигт малтмал ашигласны төлбөрийн тайлан дээр гэрээний үнээр буюу 220 юаниар тооцож, нийт борлуулалтын үнэлгээг нэгтгэн тайлагнасан явдал нь “гэрээний үнээр тооцуулах”-аа илэрхийлсэн хэрэг бөгөөд улмаар татварын тайлан тушаах явцдаа энэ талаар тайлбарлаж байсан нь хариуцагч талаас ирүүлсэн АМНАТ-ийн тайлан илгээсэн баримтаас харагдана.

7.17.“К” ХХК-ийн зүгээс тухайн үед буюу 2020 онд нүүрс экспортлоход гэрээний үнэ зах зээлийн үнээс 30 хувиас бага байсан талаарх (Засгийн газрын 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.4 дэх хэсэгт заасан гэрээний үнэд өртөө хүртэлх зардал, төлбөр буюу тээврийн зардал, баримт бичиг бүрдүүлэлтийн зардал, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн ачих зардлыг нэмж тооцсон) баримт буюу тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн.

7.18.Энэхүү тооцоололтой холбоотойгоор анхан шатны шүүх “хариуцагчаас энэхүү зөрүүтэй байдлыг харгалзан нэхэмжлэгч компанийн борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг журамд зааснаар зах зээлийн үнийн эх сурвалжид болон гэрээний үнэд үндэслэн тодорхойлох эсэхийг холбогдох баримтуудыг үндэслэн ялгамжтай тогтоож болохоор атал, уг ажиллагааг бүрэн шалгаж тогтоолгүй ... нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн... зөвтгүүлэх шаардлагатай” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-15 маягтаар тайлагнасан, нүүрс борлуулсан гэрээнд заасан үнээс илүү тооцсон болох нь тогтоогдсон байна” гэж илт зөрүүтэй байдлаар дүгнэсэн.

7.19.Улмаар татварын улсын байцаагч нар нь татвар төлөгчөөс гэрээний үнээр тооцуулах талаар тайлбар хүргүүлж, тайлагнасан байгаа нөхцөлд үндэслэлтэй эсэхийг шалгаж үзэх, тодруулбал Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.7-д зааснаар олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага байгаа эсэхтэй холбоотой журмын 4.1-д заасан борлуулалтын үнэлгээнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй.

7.20.Компанийн хувьд өмнө тайлагнасан ТТ-15 маягтад гэрээний үнээр тайлагнасан хэдий ч журмын 2.4 дэх хэсэгт зааснаар өртөө хүртэлх зардал, төлбөр буюу тээврийн зардал, баримт бичиг бүрдүүлэлтийн зардал, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн ачих зардлуудыг тус тус нэмж тооцвол 30 хувьд хүрэхгүй болох нь тодорхой нотлогдох бөгөөд гэрээний үнээр тооцох хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг тодорхойлох нөхцөл бүрдэх юм.

7.21.Энэ талаар дүгнэлт хийж дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон ба Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан тодорхой, шударга байх зарчимтай нийцсэн.

7.22.Гэрээний үнээр тооцохгүй байх тохиолдлыг Засгийн газрын342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3.2, 5.5-т борлуулалтын гэрээ болон мэдээ, тайлан, тайлбар нь журамд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол гэсэн нөхцөл, Хоёрдугаарт гэрээнд өөрчлөлт оруулсан, шинээр байгуулсан тохиолдолд татвар гаальд хүргүүлээгүй бол гэсэн 2 нөхцөлд гэрээний үнээр тооцохгүй, жишиг үнээр тооцох талаар журамласан.

7.23.Компанийн хувьд журмын 3, 5 дахь хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангасан борлуулалтын гэрээ, журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан мэдээ, тайланг гааль, татварын байгууллагад хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогдоно. Мөн нэхэмжлэгчийн хувьд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж татварын ногдлоо зөв тодорхойлж, 2020 онд гэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оролцуулаад нийт 3,5 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт төлсөн болно.

7.24.Хэргийн материалд хариуцагч талаас гаргаж өгсөн “татварын тайлан хүлээн авсан талаарх” цахим баримтын хуулбарт “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чанцалаас нэхэмжлэгчийн 2020 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлснийг татварын алба “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалтыг үндэслэн тооцож, тайланг засварлан ирүүлэхийг” шаардсан бол татвар төлөгчийн зүгээс “... жишиг үнийн хувьд зөрүүтэй, жишиг үнийг дахин тогтоохдоо хууль тогтоомж зөрчсөн, жишиг үнэтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл гэрээний үнээр тооцуулах хүсэлтэй байгаа” тухайгаа илэрхийлж тайлбар хүргүүлснийг татварын алба “зөрүүтэй байдал, зөрчлөөс үүдэн гарах аливаа эрсдэлийг татвар төлөгчид анхааруулж, тайланг татвар төлөгчийн тайлагнаснаар хүлээн авсан” талаар дурдсан байдаг.

7.25.Эндээс татвар төлөгчийн хувьд анхнаасаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох жишиг үнийн хувьд зөрүүтэй (тодорхой бус) байгааг харгалзан гэрээний үнээр тооцуулахаар хүсэлт илгээж, холбогдох тайланг хүргүүлж байсан, татварын алба тайланг хүлээн авч баталгаажуулж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоно.

7.26.Жишиг үнэтэй холбоотой маргаан буюу экспортод гаргасан нүүрс нь хүчин төгөлдөр үйлчилж байсан стандарт, ангиллаараа “антрацит” “чулуун нүүрс”, “хагас чулуун нүүрс”, “хүрэн нүүрс” гэсэн ангиллын алинд хамаарч байгаагаас шалтгаалж Засгийн газраас жишиг үнийг өөр өөр байдлаар тодорхойлж байсан байдаг ба тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолд “хагас чулуун нүүрс” ангиллыг оруулаагүй бол Засгийн газрын 2022 оны 305 дугаар тогтоолд оруулж өгснөөр “хагас чулуун нүүрс”-ний жишиг үнийн харьцуулалт бий болсон байдаг. Нэхэмжлэгчийн хувьд экспортод гаргасан нүүрс чанарын хувьд “хагас чулуун нүүрс” ангилалд хамаарч байсан ба энэ төрлийн бүтээгдэхүүний жишиг үнийг тухайн цаг хугацаанд Засгийн газраас зарлаагүй байсантай холбоотойгоор маргаантай буюу өөр ангиллын нүүрсний жишиг үнэд хамааруулан тооцох асуудал байсан тул “гэрээний үнээр тооцуулах” тухай тайлбараа хүргүүлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр тооцсон тайланг хүргүүлж байсан.

7.27.Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь заалтын дагуу жишиг үнэ тодорхойгүй нөхцөлд гэрээний үнээр тооцох үндэслэл бий эсэхэд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгөлгүйгээр “хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой, цаашид тодруулах шаардлагатай зүйл байхгүй” гэж дүгнэсэн нь энэ төрлийн маргааныг өмнө шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 113 дугаартай тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч “К” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2,523,114,862 төгрөгийн нөхөн татвар, 847,637,492 төгрөгийн торгууль, 1,034,064 төгрөгийн алданги, нийт 4,404,816,366 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлджээ.

11.Тус нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгээр нэхэмжлэгч нь 2020 онд 212,612.95 тонн коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс экспортод гаргахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын гэрээний үнэлгээгээр тооцсоныг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан олон улсын зах зээлийн үнийг баримтлаагүй зөрчилд тооцжээ. 

12.Иймд нэхэмжлэгчээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын гэрээний үнэлгээгээр тооцох ёстой гэх үндэслэлээр нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын гэрээний үнэлгээгээр тооцоход татвар төлөгч нь Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын борлуулалтын үнэлгээгээр тооцох журамд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай эсэх тухай байна.

13.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж заасны дагуу ашигт малтмалыг экспортолсон тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа Засгийн газраас зарласан олон улсын зах зээлийн үнийг баримтлах учиртай. Харин, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасны дагуу ашигт малтмалын зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд л борлуулалтын гэрээний үнэлгээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох боломжийг хуульчилжээ.

14.Энэ хэргийн хувьд талууд нэхэмжлэгч хуулийн этгээдийн экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар тооцоход ямар шалгуур, шаардлага хангасан эсэх тухай маргасан байна.

15.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг Засгийн газарт олгосон бөгөөд Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ыг баталжээ.

16.Тус журмын 2.2-т “Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалах Татварын албанд хүргүүлнэ” гэж, Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар зарласан зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийн 6-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрсийг гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ” гэж тус тус заасан.

17.Өөрөөр хэлбэл, нүүрсний хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т заасан борлуулалтын гэрээний үнэлгээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо тус журамд заасан урьдчилсан нөхцөл, журмыг биелүүлэх шаардлагыг тавьсан байна.

18.Ингэхдээ журмын 2.1-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дахь заалт, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно” гэж, 2.4-т “Энэ журмын 2.3-т заасан хэлцлийн үнийн аргаар борлуулалтын үнэлгээг тодорхойлоход гэрээний үнэд Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэхэд дараахь зардал, төлбөр ороогүй бол түүнийг нэмж тооцно” гээд, 2.4.1-д “тээврийн зардал” гэж, 2.4.2-т “тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын баримт бичиг, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал” гэж, журмын 2.5-д “Аж ахуйн нэгж нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ашигт малтмал борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.11 дэх хэсэгт заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол Татварын алба уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна” гэж, журмын 3-т “Аж ахуйн нэгжийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээ нь дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна” гэж, журмын 5-д “Нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж тухайн сард хамаарах дараахь мэдээллийг дараа сарын 5-ны өдрийн дотор харьяа Татварын албанд цахимаар хүргүүлнэ” гэж тус тус заасан.

19.Гэтэл маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “К” ХХК нь дээрх журамд заасан мэдээ, тайлан, хүсэлт, гэрээг журамд заасан хугацаанд Татварын албанд хүргүүлж эцсийн тооцоог хийгээгүй, хүргүүлсэн гэж нэхэмжлэгч талаас маргаагүй, харин хүргүүлэх шаардлагагүй гэж маргасан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын гэрээний үнэлгээгээр тооцох үндэслэлгүй бөгөөд олон улсын зах зээлийн үнийг баримтлан нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хууль зөрчөөгүй байна.

20.Давж заалдах шатны шүүх энэ хүрээнд “журмын нөхцөл, шаардлагын дагуу гэрээний үнэд холбогдох зардал, төлбөр, тухайлбал, хилээр гаргахтай холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, тээврийн зардлыг нэмж тооцсон дүнгээр эцсийн тооцоог хийж хуульд заасан хугацаанд сар бүр татварын албанд тайлагнахаар байна”, “хэлцлийн үнээс тооцуулах хүсэлт, байгуулсан гэрээ, холбогдох баримтыг татварын албанд хүргүүлээгүй” гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

21.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож хяналт тавих замаар гэрээний үнээр тооцох боломжтой болохыг журамд тодорхой заасан, дараа сарын 5-ны өдрийн дотор тайлан, мэдээг хүргүүлсэн нь гэрээний үнээр тооцуулах үндэслэл болохгүй, борлуулалтын гэрээний үнэлгээ болон олон улсын зах зээлийн үнэ нь 30 хувиас бага зөрүүтэй байсан, олон улсын зах зээлийн жишиг үнэ тодорхойгүй байсан” гэх агуулгаар тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.

22.Учир нь нэгэнт журамд заасан хугацаанд журмын 3-т заасан гэрээ, 5-д заасан мэдээ, тайланг Татварын албанд хүргүүлээгүй байх тул тухайн үед борлуулалтын гэрээний үнэлгээ нь олон улсын зах зээлийн жишиг үнээс 30 хувиар бага байсан эсэхэд эцсийн тооцоо хийх боломжгүй байжээ.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2025/0621 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

       Ц.ЦОГТ