Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1

 

                              
                   
“Монголросцветмет” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуул, Д.Мөнхтуяа , хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж шийдвэрлэсэн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 324 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуул, Д.Мөнхтуяа нарын давж заалдах гомдлоор “Монголросцветмет” ХХК-ийн нэхэмжлэлтэй  Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох ”Монголросцветмет ХХК-ийн харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр болон Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хооронд  байгуулсан Ус ашиглуулах гэрээнд заасан усны төлбөрийн хэмжээ үндэслэлгүй болохыг тогтоолгох, “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөрийн хэмжээ нийт 376 445 268 төгрөг болохыг тогтоолгох ”тухай  иргэний хэргийг 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь “Усны тухай хууль” “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжуудын дагуу Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт шаардлагатай ус ашиглах гэрээг жил тутам байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд болон Бор-Өндөр сумын хүн амын унд, ахуйн хэрэгцээ, дулаан хангамжид ашиглаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг тухай бүр хийж ирсэн болно.
“Бор өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн байгаль орчны газартай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр № 2013/02 тоот “Ус ашиглуулах гэрээ”-г байгуулж энэхүү гэрээний дагуу усны төлбөрт нийт 1 156 699 920 (нэг тэр бум нэг зуун тавин зургаан сая зургаан зуун ерөн есөн мянга есөн зуун хорин) төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээсэн юм.
Энэхүү гэрээний зарим заалтууд нь бодит нөхцөл байдалд нийцээгүйгээс гадна холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар Хэнтий аймгийн байгаль орчны газар болон Хэрлэн голын сав газрын захиргаанд удаа дараа хандсан боловч уг гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх талаар одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул “Бор өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн байгаль орчны газар хооронд байгуулсан № 2013/02 тоот “Бор өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд “ус ашиглуулах гэрээ”-ний 2.7 дахь заалт үндэслэлгүй болохыг тогтоолгохоор  нэхэмжлэл гаргаж байна.
Тус компани нь Хэнтий аймгийн засаг дарга, Байгаль орчны газар болон холбогдох бусад албан тушаалтнуудад хандаж 2013 онд төлөх усны төлбөрийн хэмжээг эцэслэн тохиролцох хүсэлтийг хүргүүлэн харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа болно.
Иймд дээр дурдсан гэрээний 5.3 дах заалтад “гэрээний заалтад ямар нэгэн хэмжээгээр маргаантай асуудал гарах тохиолдолд харилцан хэлэлцэж, эс зөвшөөрвөл хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу шүүхэд хандаж байгаа болно.
“Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт 2013 онд ус ашиглуулах тухай № 2013/02 тоот гэрээний гол нөхцөл болох усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон заалт нь холбогдох эрх зүйн актыг буруу хэрэглэсэн, бодит нөхцөл байдалд нийцэхгүй байгаа болно. Тодруулбал: гэрээгээр ус ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохдоо Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 15.1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд Засгийн газраас 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолыг баталсан байдаг.
Энэхүү тогтоол нь батлагдан гарсан өдрөөсөө буюу 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойших хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тогтоолын 3 дах заалтаар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон байдаг.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоол батлагдан гарах хүртэл хугацаанд “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болно.
Иймд тус компанийн 2013 оны усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтооход дээрх 2 тогтоол аль аль нь үйлчлэх бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 дүгээр тогтоолын дагуу, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор баталсан хувь хэмжээгээр тооцох ёстой байсан гэж үзэж байна. Үүнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны 08/6978 тоот албан бичгээр баталгаажуулсан болно.
Дээр дурдсан тогтоолуудын дагуу усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тооцвол “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөрийн хэмжээ нийт 376 445 268 төгрөг байна.
Түүнчлэн хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор манай үйлдвэрийн 2013 онд бодитойгоор ашигласан усыг тоолуурын заалтад үндэслэн нийт 293 277 467 төгрөг төлөх тухай дүгнэсэн байдаг.
Дээр дурдсанаас үзэхэд Хэнтий аймгийн байгаль орчны газраас байгуулсан № 2013/02 тоот ус ашиглуулах гэрээний 2.7-д гэрээний бүгд үнийг 1 156 699 920 төгрөг байхаар тооцсон нь үндэслэлгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуул шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: . Манай компани нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2013/02 тоот  ус ашиглуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 2.7 дахь заалтад усны төлбөрт нийт 1 156 699 920 төгрөгийн төлбөр тогтоосон. Энэ гэрээний нэг талд захиргааны байгууллага оролцсон, Усны тухай, Байгалийн нөөц ашигласны тухай зэрэг хуульд үндэслэж уг гэрээ маань хийгдсэн. Тухайн үед Усны тухай хууль, Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль зэрэг нь шинэчлэгдэн найруулагдаад, хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор өндөр дүнгээр гэрээ байгуулагдсан байдаг. Гэтэл урьд өмнө нь буюу 2010, 2011, 2012, 2014 онуудад дунджаар 300 гаруй сая төгрөгийн гэрээ байгуулагдсан. Бүр 2012 онд 112 сая төгрөгийн гэрээ ч байгаа. Тэр нь тухайн жилд ашиглах усныхаа дүгнэлтийг Байгаль орчны яамаар гаргуулдаг, тухайн жилд ашиглах нийт усны хэмжээнээс шалтгаалаад төлбөр нь их, бага гардаг байгаа. Манай усны хэрэглээ өмнөх оныхоос нэмэгдээгүй, үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөөгүй, ашиглах усны хэмжээ өөрчлөгдөөгүй, яг өмнөх болон дараагийн онуудтайгаа ижил хэмжээнд үйл ажиллагаа явуулсан мөртлөө зөвхөн 2013 оны усны хэрэглээ маань 1 тэрбум 100 сая төгрөгөөр тогтоогдсон байдаг. Бид гэрээ байгуулагдсан хойно усны төлбөрийн хэмжээ өндөр байгаа талаар олон байгууллагуудад асуудал тавьсан. “Монголросцветмет” ХХК нь төрийн өмчийн байгууллага учраас Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хэнтий аймгийн Байгаль орчны газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хэрлэн сумын сав газрын захиргаа, Засаг дарга гэх зэрэг байгууллагуудад асуудал тавьж явсан ба хамгийн сүүлд 2015 оны эцэст бид нар орон нутгийн захиргаатай ирж уулзаад энэ асуудлаар ярилцсан юм. Энэхүү уулзалтанд холбогдох бүх байгууллагууд оролцсон ба уулзалтын үр дүнд манай талаас тавиад байгаа саналын хэмжээнд төлбөр төлөхөөр тохиролцоонд хүрчихсэн байдаг.  . Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд усны төлбөрийн хэмжээг хуульд заасан хязгаарын дотор Засгийн газар тогтооно гэж заасан байна. Харин Засгийн газрын тогтоол маань 2009 оны 351 дүгээр тогтоолоор явж байгаад 2013 оны 3 дугаар улирал буюу 09 дүгээр сарын 21-ний өдөр энэхүү 351 дүгээр тогтоол хүчингүй болоод, 326 гэсэн шинэ тогтоолыг Засгийн газар баталж, хүчин төгөлдөр болсон. Гэтэл энэ 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан 326 гэдэг шинэ тогтоолоор манай 2013 оны бүтэн жилийн усны төлбөрийн хэрэглээг тооцоод, усны төлбөр ийм их гарсан байгаа. Одоо манай зүгээс юу гэж үзэж байна  гэхээр 2013 онд энэ 351, 326 гэсэн хоёр тогтоол хоёулаа үйлчлэх юм байна, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоол, 2013 оны 09 сарын 21-ний өдрөөс хойш Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоол үйлчилж, үүний дагуу төлбөр тогтоох байсан юм байна гэж үзэж байгаа. Үүнээс болоод манай усны төлбөрийн хэмжээ 1 156 000 000 төгрөг буюу хэт өндөр, бодит байдалд нийцээгүй тоо гарсан байна. Тийм учраас бид өнөөдрийг хүртэл усны төлбөрөө барагдуулж чадахгүй явж байна. Манайх өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагаа ухамсарлан Бор-Өндөр сумын хэмжээнд байгаа хүн амын усны хэрэгцээг бүрэн хангаад, үүргээ гүйцэтгээд явж байгаа компани юм. Манайх усны хэрэглээ нэмэгдээгүй байхад үндэслэлгүйгээр ийм өндөр төлбөр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй байгаа юм. Тийм учраас холбогдох хууль, тогтоомжийн дагуу усны төлбөрийн хэмжээгээ Засгийн газрын тогтоолуудын дагуу тогтоолгох буюу 377 сая төгрөгөөр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Бид Байгаль орчин, ногоон хөгжлийн яам буюу усны дүгнэлт гаргасан байгууллага руу хандаж тайлбар, тодруулга авахад 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Засгийн газрын 351 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан учраас энэ тогтоолын дагуу усны төлбөрийг тооцох нь зүйтэй гэсэн албан бичгүүдийг манай компанид ч ирүүлсэн, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ч ирүүлсэн байдаг. Тийм учраас усны төлбөрийн хэмжээг багасгах ёстой гэж үзэж байна. Эцэст нь 2013/02 тоот гэрээний 2.7-д заасан үнийн дүнг үндэслэлгүй болохыг тогтоолгох, харин ус ашигласны төлбөрийн хэмжээг 376 345 268 төгрөг болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: 2015 онд талуудын хооронд хийсэн уулзалтын тэмдэглэлийн дагуу манайх хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн юм. Өөрөөр хэлбэл энэ протоколд тусгаснаар 2013 оны усны төлбөрт өөрсдийн хийсэн тооцоолбор буюу 376 сая төгрөгийг бэлнээр төлөх, 2014, 2015 оны усны төлбөрийг нэмэгдсэн өртөгийн буцаан олголтоор төлөхөөр тохиролцсон юм. Энэ шийдвэрийн дагуу манайх хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж хэлэх гэсэн юм.
Дээрх хугацаанд засгийн газрын 351 тоот тогтоолоор тооцвол 53 203 099 төгрөг болж байна. 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл засгийн газрын 326 дугаар тогтоолоор тооцохоор усны төлбөр 323 242 169 төгрөг болж байна. Бид гол тооцооллыг илүү хялбар болгох үүднээс 1 жилд 365 хоног байна, нийт усны хэрэглээгээ 365 хоногт хуваагаад 1 хоногт хэрэглэх усны хэмжээгээ дундажлаад бодсон юм. Манай хоёр тал усны хэмжээн дээр маргаагүй юм. Эдний тооцоолол гэрээнээсээ зөрж байгаа учраас яг ямар тооцооллоор ийм дүн гарч байгааг сайн ойлгохгүй байна. Хэрвээ шүүхээс 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл засгийн газрын 351 тоот тогтоолоор тооцох нь зөв юм гэж шийдвэрлэх юм бол бид үнийн дүнг өөрсдөө тохирч болно. Одоо бол усны төлбөр тогтоосон тооцооллын үндэслэлээ тогтоох нь л чухал байна. Бид Засгийн газрын аль тогтоолыг баримтлах ёстой вэ гэдгийг л тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоолыг яриад байна. Манай байгууллага “Монголросцветмет” ТӨК-тай 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан 326 дугаар тогтоолын дагуу 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээ байгуулсан байна. Тухайн үед Уулын баяжуулах үйлдвэр дүгнэлтээ 2013 оны 04 сарын 15-ны өдөр гаргуулсан байсан. Ингээд манайхтай тухайн үед гэрээ байгуулах ёстой байтал байгуулахгүй байж байгаад 2013 оны 11 сард гэрээгээ байгуулсан байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр   Хэрлэнгийн сав газраас олборлох 63 875 000 м3 газрын доорх ус, умард говийн гүвээт, халхын дундад талын сав газраас шавхан зайлуулах 1 245 500 м3 нэмэх нь 451 120 м3 нийлээд 1 695 620 м3 усны төлбөрийн хэмжээг усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор тухай сав газруудад тогтоосон газрын доорх усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр, “Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7-д заасан усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээний доод хязгаар, 20.1.1, 20.2.2 дахь заалтуудыг үндэслэн тогтоож, уг тогтоосон хэмжээгээр “Төсвийн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.6.5, 23.8.9-д тус тус заасны дагуу аймаг, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлтэд  зааж өгсөн. Энэ дээр 351 дүгээр тогтоолыг огт дурдаагүй байгаа. Засгийн газрын 302 дугаар тогтоол бол усны сав газар болгоноор усны тарифыг тогтоосон, мөн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах итгэлцүүрийг 2 дугаар хавсралтаар баталж өгсөн. 351 дүгээр тогтоол нь Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэж байсан ба энэ хуулийг дагаж гарсан тогтоол юм. Энэ Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль нь 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга гарснаар хүчингүй болсон. Ингэхээр энэ хуулийг дагаж гарч байсан журам нь эргэлзээтэй болж байгаа юм. Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоол дээр “Усны тухай хууль”-ийн 9.1.3-д заасныг үндэслэн Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай гэсэн байгаа. Энэ 2 дугаар хавсралт дээр үйлдвэрлэлийн зориулалттай гээд 2.2-оор тооцсоныг 1.6 итгэлцүүр болгож өөрчилсөн юм. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тооцохдоо 2.2 итгэлцүүрээр тооцвол одоо гарчихаад байгаа төлбөрөөс бүр ихсэх байсан. Гэтэл бид ингэхгүйгээр шинэчилсэн тогтоолын дагуу 2013 оныг бүхэлд нь 1.6 итгэлцүүрээр тооцсон. Тэгэхээр тэдний компани төлбөрөө багасгах гээд байгаа асуудал нь эсрэгээрээ ихсэх магадлалтай болж байна. Бид энэ талаар судалж үзэхэд 2013 оны 05 дугаар сарын 28-нд “Оюу толгой” компани дээр мөн ийм асуудал гарсан. Энэ дээр Сангийн сайд албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хариу хүргүүлсэн байдаг ба үүнд ...Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль нь хүчингүй болсон тул түүнийг дагаж гарсан Засгийн газрын 351 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй болсон билээ гэсэн. Тухайн үед гэрээ хийхдээ алдаатай буюу “Монголросцветмет” ХХК, Уулын баяжуулах үйлдвэрт ашигтайгаар хийгдсэн байдаг. Тэгээд 2 жилийн дараа буюу 2015 онд Уулын баяжуулах үйлдвэр  төлбөрөө төлөөгүй асуудал гарсан бөгөөд буруу тогтоосон байна, 351 дүгээр тогтоолоор тогтоох байсан байна гэсэн асуудал тавьсан. Тухайн үед Умард говийн сав газрын захиргаа, Хэрлэн голын сав газрын захиргаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас чиглэл авах тухай албан бичиг явуулахад манайх руу албан бичгээр хариу хүргүүлсэн ба үүнд усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ тогтоох, төлбөр тооцох тухай Засгийн газрын 2013 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоолуудыг батлагдахаас өмнөх төлбөрт хамаарах усны нөөц ашигласны төлбөрийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 тоот тогтоолыг баримтлан тогтоох нь зүйтэй байна гэсэн албан бичиг ирүүлсэн юм. Тийм учраас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 351 тоот тогтоолоор ус ашигласны төлбөр, тооцоог бодсон гэв.     
    Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 324 дугаартай шийдвэрээр:
Монгол улсын Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг баримтлан “Монголросцветмет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох, “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр болон Хэнтий аймгийн Байгаль орчны хооронд байгуулсан №2013/02 тоот ус ашиглуулах гэрээний 2.7-д заасан үнийн дүн үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 040 17634 (хоёр сая дөчин мянга нэг зуун далан зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуул, Д.Мөнхтуяа нар нь давж заалдах гомдолдоо:.
1. Шүүхийн шийдвэрт “.. тухайн үед болон талууд гэрээний хугацаа дуусах хүртэл ус ашиглуулах гэрээний 2.7-д заасан үнийн дүнгийн талаар маргалдаагүй байна” гэжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулагдсан хэдий ч 2013 оныг бүхэлд нь хамарсан болох нь гэрээний ашиглах усны хэмжээ тогтоосон заалтууд болон бусад зүйл, заалтуудаас тодорхой харагдана.
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа хойш усны тухай хууль тогтоомжийн дагуу жил бүр үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах ус болон төлбөрийн хэмжээг тогтоосон гэрээг эрх бүхий байгууллагатай байгуулан ажиллаж ирсэн бөгөөд 2013 онд байгаль орчны багц хуулиуд шинээр батлагдсантай холбоотойгоор он дуусахын өмнөхөн нөхөн байгуулагдсан юм.
Гэрээ байгуулагдах тухайн үед Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоол хүчингүй болсон байсан хэдий ч гэрээ 2013 оныг бүхэлд нь хамарч үйлчилсэн тул уг тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хугацаанд буюу 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ус ашигласны төлбөрөө Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоолын дагуу төлөх ёстой гэж үзэж байгаа болно. Энэ талаар гэрээ байгуулагдсанаас хойш тус компанийн зүгээс холбогдох мэргэжлийн байгууллага болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хандсаар өнөөдрийг хүрээд байгаа билээ.
Иргэний хуульд зааснаар шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжоо баримтлах зарчимтай тул 2013 оны хувьд ашигласан усны төлбөрөө 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи хугацаанд үйлчилсэн Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор тооцож төлөх нь манай компанид их хэмжээний хохирол учруулж байгаагаас гадна ийнхүү төлөх хууль зүйн үндэслэлгүй байгаа болно. Түүнчлэн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдлыг үнэлж дүгнэлт өгөх ажлын тайланд “...2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль батлагдаж өмнө мөрдөж байсан Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хүчингүй болгосон. Шинээр батлагдсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг энэ хуулийн 15.1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоохоор зааж өгсөн. 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.3. 20.2 дахь заалтуудыг үндэслэн Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай Засгийн газрын 326 дугаар тогтоол батлагдан гарч 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 351 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Засгийн газрын тогтоол нь батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр мөрдөгддөг тул 2013 оны 9 дүгээр сарын 21-ээс хойш ашигласан усны төлбөрийг Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын дагуу төлөх нь холбогдох хууль тогтоомжид нийцнэ гэж үзэж байна. Харин 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ашигласан усны нөөцийн төлбөрийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 351 дүгээр тогтоолын дагуу төлөх нь зүйтэй” гэсэн дүгнэлт өгсөн байдаг.
Засгийн газрын дээр дурьдсан тогтоолуудад ч энэ нь тодорхой байгаа болно.
Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй байна гэж үзсэн нь огт ойлгомжгүй. Ийнхүү дүгнэх болсон үндэслэл нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж. 118 дугаар зүйлийн 118.4.1-д “шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргииг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж тус тус заасан байдаг билээ.
Шүүх хуралдаан дээр шүүгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохыг хариуцагч талаас удаа дараа шаардаж байснаас бус нэхэмжлэгч талаас энэ талаар ямар нэгэн асуулт асуугаагүй, зохигчдын хооронд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа талаар мэтгэлцээн өрнөөгүй болно. Харин ч хариуцагчийн зүгээс хууль тогтоомжийн өорчлөлттэй холбогдон 2013 онд ийм асуулал гарсан. БОНХАЖЯ-наас гаргасан ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулагддаг тул тухайн үед дүгнэлтэд дурьдсан тогтоолуудыг иш үндэс болгосон боловч дараа нь тус яамнаас тухайн үед хүчин төгөлдер мөрдөгдөж байсан Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоолыг баримтлах талаар чиглэл ирсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан билээ. Нөгөө талаас шүүгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Засгийн газрын тогтоолуудыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлээгүйг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэж байгаа бол Засгийн газрын тогтоол нь Иргэний хуүлийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасан иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт болохын хувьд хүчин тегөлдөр хууль тогтоомжтой нэгэн адил тул шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх шаардлагагүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д “Хэргийн  оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хүрээнд нотлох баримтуудаа бүрдүүлэн шүүхэд хүргүүлсэн болно.
       Иймд шүүх шийдвэр гаргахдаа “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна" гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг үндэслэн “Монголросцветмет” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хуулийн зүйл заалтыг үндэслэн шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйл нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэлүүдийг заасан зохицуулалт бөгөөд зохигчдын хооронд энэ талаар маргаан байхгүй. Манай нэхэмжлэлийн шаардлага ч огт өөр, талуудын хооронд байгуулсан гэрээний үнэ үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай юм. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд хоорондоо маргаагүй байхад иргэний хуулийн 196 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч тал Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөр бодит байдлаас илтэд өндөр, үндэслэлгүй тогтоогдсон болохыг, тухайн үед хууль тогтоомжийн өөрчлөлтөөс шалтгаалан гэрээ байгуулах, усны дүгнэлт гаргуулах зэрэг асуудлууд цаг хугацаандаа хийгдэхгүй хойшлогдож байсан, өөрөөр хэлбэл шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор 2013 онд ус ашиглуулах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн хувьд маргаантай асуудлууд гарсан болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар талуудын уулзалтын протокол, шүүхэд өгсөн хариуцагчийн тайлбар зэрэгт тодорхой тусгагдсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Ус ашиглуулах дүгнэлтийг гаргасан БОНХАЖЯ үүнийг хүлээн зөвшөөрч 2013 онд ус ашиглуулах гэрээний төлбөрийг тогтоохдоо Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаанд уг тогтоолыг баримтлах талаар Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт чиглэл өгсөн байхад энэхүү баримтыг ч шүүх анхаарч үзсэнгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож  өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ
          Нэхэмжлэгч Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК нь Хэнтий аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газарт холбогдуулан “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр болон Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хооронд байгуулсан “Ус ашиглуулах” гэрээний 2.7-д заасан үнийн дүн үндэслэлгүй болохыг,  мөн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны хэмжээ нийт 376 445 288 төгрөг болохыг тус тус тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

    Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуул, Д.Мөнхтуяа нар нь Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны хэмжээ нийт 376 445 288  төгрөг болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.
    Хэнтий аймгийн Байгал орчны газар Бор-    Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн хооронд 2013 оны ус ашиглуулах гэрээг 2013 оны 11 сарын 15 -ны өдрөөс 2014 оны 05 сарын 01 ний өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ.
    Ус ашигласны төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг  “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тооцох, мөн “Усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолын 1-р хавсралт, мөн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2013 оны 327 дугаар тогтоолын 2-р хавсралт “Хэрлэн голын сав газар болон Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газарт тогтоосон усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээ итгэлцүүр тооцох”-оор гэрээний 2.7-д заасан байна.
    Гэрээнд зааснаар Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь 2013 оны усны төлбөрт 1 156 699 920 төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэхээр үүрэг хүлээсэн байна.
    Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-т заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.” гэж зохицуулжээ.
    Засгийн газар  2013 оны 09 сарын 21 ний өдрийн  326 дугаар тогтоолоор “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг болон “Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх “ хувь хэмжээг баталж,  энэ тогтоолоор “Ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”  Засгийн газрын 2009 оны 11 сарын 25 ны өдрийн 351 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.
            Нэхэмжлэгч 2009 оны 11 сарын 25-ны өдөр Засгийн газрын 351 дүгээр тогтоол хүчингүй болсон хэдий ч гэрээ 2013 оныг бүхэлд нь хамарч үйлчилсэн тул уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаа буюу 2013 оны 9 сарын  21-ний өдрийг хүртэл хугацаанд ус ашигласны төлбөрөө Засгийн газрын  2009 оны 351 дүгээр тогтоолын дагуу төлөх ёстой гэж тайлбарлажээ.
     Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д зааснаар Засгийн газрын тогтоол гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу 2013 оны 09 сарын 21-ний өдрийн 326-р тогтоол нь энэ өдрөөс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.
    Талуудын хооронд байгуулсан гэрээгээр ус ашигласны төлбөрийг гэрээнд заасан хугацаа болох  2013 оны 11 сарын 15-наас 2014 оны 05 сарын 01 хүртэлх хугацаанд тооцох байтал 2013 оны 01 сарын 1 нээс 12 сарын 31 ныг хүртэлх хугацаагаар тооцсныг нэхэмжлэгч хариуцагч нар үгүйсгээгүй  байна.
    Иймээс 2013 оны 01 сарын 01 нээс 9 сарын 21 хүртэлх хугацаанд Засгийн газрын 351 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байсан тул энэ хугацааны усны төлбөрийг 351 дүгээр тогтоолоор төлөх үндэслэлтэй байна.
    Анхан шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т нийцээгүй байна.
    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, С.Энхтуул нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 324 дугаартай шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 ,2 дахь заалтуудад дор дурдсан өөрчлөлтүүдийг оруулсугай.
1. Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1”-т зааснаар “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хооронд байгуулсан “Ус ашиглуулах гэрээний” 2.7-гийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн  2009 оны 01 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны “Ус ашигласны төлбөрийг” Засгийн газрын 326 дугаар тогтоолоор тооцсныг үндэслэлгүй болохыг тогтоосугай гэж,
2. Мөн  2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж “ хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 2 040 176 төгрөгийг гаргуулж “Монголросцветмет” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДЭНСМАА
                      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА
                                          Я.АЛТАННАВЧ