Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ДШМ/033

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор В.Дэлгэрмаа

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 11 тоот эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 201605000193 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ...........оршин суух, хэрэгт холбогдох үедээ Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /*******/

******* нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд байрлах тус сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар очсон бага насны хүүхэд болох 6 настай *******ид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 6 настай ******* нь 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчим нас барсан, ******* нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бүрэн биш хийсэн гэж үзэх дараах үндэслэл нотолгоо тогтоогдов.

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 280 дугаартай шүүгчийн захирамж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 20 дугаартай магадлалаар тус тус Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй талаар дахин дүгнэлт гаргахаар зааж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1530 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 21 болон 22 дугаартай албан бичгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1530 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа баримталсан стандартууд нь хүчингүй болсон болох нь тогтоогдсон тул дахин дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

Яллагдагч ******* нь 2016 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсад мөрдөгдөж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтан, эмчийн үйл ажиллагаандаа баримталбал зохих ямар дүрэм, журам, стандартыг зөрчсөн болохыг, өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй эсэхийг заавал тогтоох нь чухал юм.

Яллагдагч *******ын ямар үйлдлийг эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан материал, гэрч хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд ******* нь хүүхдэд үзлэг, онош тодруулсан, эмчилгээ бичиж өгсөн, дараагийн шатлалд хүргэх албан бичгийг хийж өгсөн, тээвэрлэх тээврийн хэрэгслийг хайсан зэргээр өөрийн зүгээс хийх ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн прокуророос 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 31 тоот тогтоолоор *******т холбогдох хэрэгт байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг тогтоолд хүсэлт гаргагч болон бусад этгээд 7 хоногийн дотор гомдол гаргаж болохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт хуульчилсан байхад хэргийн оролцогчийн уг эрхийг нь эдлүүлэхгүйгээр хязгаарлан 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр буюу 2 хоногийн дараа яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Мөн тус хэрэгт яллах дүгнэлтийг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр үйлдсэн атлаа яллагдагчид 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдэгдсэн байгаа нь яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хэргийг шүүхэд шилжүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихгүйн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 11 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Учир нь шүүгчийн захирамжид заасны дагуу шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилсон боловч талийгаач *******ид задлан шинжилгээ хийх үед эд эрхтэний хэмжилтийг хийгээгүйгээс дүгнэлт гаргахаас татгалзсан хэдий ч шинжээч томилсон тогтоол хүргүүлж ямар учраас дүгнэлт гаргахаас татгалзсан талаар албан бичиг ирүүлсэн учир шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлсэн гэж үзнэ.

Мөн талийгаачийн ар гэрийнхэн талийгаачийг ил тавьж нутаглуулсан учраас экскумаци хийн дахин дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэн болно.

Яллагдагч ******* нь 2016 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын MNS 5081:2013 Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг зөрчсөн болохыг заавал шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлага нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууулийн адил үйлчлэх, хэрэгжүүлэх ёстой стандартыг шинжээчээр тайлбарлуулах шаардлагагүй болно.

Тэгээд ч прокуророос урьд гарсан 1530 тоот 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээс зөвхөн талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон заалтыг яллах дүгнэлтэд тусгасан. Мөн шинжээч нараар дүгнэлт гаргуулахдаа хуулийн зүйл заалт тайлбарлуулах, эмч эмнэлгийн мэргэжилтэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, ажлын байрны болон мөрдвөл зохих хүчин төгөлдөр стандартын аль заалтыг зөрчсөн гэх мэт тулгасан асуулт тавьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.5 дахь хэсэгт заасан “хууль хэрэглэх, хуулийн зүйл хэсэг заалтыг тайлбарлуулах асуудлаар шинжээч томилохыг хориглоно” гэх заалтыг зөрчиж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь яллагдагч ******* нь өөрийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж өөрийн ажил үүрэгт хууль адил мөрдлөгө болгон мөрдөж ажиллах ёстой Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 тоот тушаалаар батлагдсан “Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын MNS 5081:2013 Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-ыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон болно.

Мөн яллагдагч *******ын ямар үйлдлийг эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэгт авагдсан материал, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд ******* нь хүүхдэд үзлэг хийсэн, онош тодруулсан, эмчилгээ бичиж өгсөн, дараагийн шатлалд хүргэх албан бичгийг хийж өгсөн, тээвэрлэх тээврийн хэрэгслийг хайсан зэргээр өөрийн зүгээс хийх ажиллагааг хийсэн байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн үед өвчтөнийг үзэж эмийн эмчилгээ бичиж өгч яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх албан бичгийг хийж өгсөн нь дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай хүргэх үйлчилгээг үзүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч С.Энхбаярын “...төмсөгний үрэвсэл нь нянгаар халдварлагдаж үүсгэгдэх, мөн гэмтлийн шалтгаанаар үүсдэг. Тухайн хүнийхээ биеийн байдлаас шалтгаалж халдварын эсрэг эмчилгээ хордлого тайлах, өвчин намдаах зэрэг эмчилгээг цаг алдалгүй хийх ёстой, нэгдүгээр шатлалын эмнэлэгт эмчлэх боломжгүй бол 2 дугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэх ёстой, өвчтөнг дараагийн шатлалд хүргэхэд гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг...” гэх мэдүүлэг болон гэрч Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Ганболд, гэрч Ч.Одгэрэл, З.Цэндээхүү нарын мэдүүлгээр түүний гэм буруутай асуудал тогтоогдож байгаа болно. Уг заалт хэт цагаатгах талыг барьсан заалт гэж үзэхээр байна.

Прокуророос байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн хирнээ хүсэлт гаргагч этгээдийн гомдол гаргах эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, учир нь прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай эсэхийг нь шүүхээр тогтоолгохоор шилжүүлж буй эрх зүйн хэлбэр болохоос тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр биш юм.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нь хүсэлт, гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд нээлттэй юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхээс *******т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан үзлээ.

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр *******т холбогдох хэрэгт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх зорилгоор шинжээч томилох тухай тогтоол үйлдэн уг тогтоолоор хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг тогтоолгохоор нийт 8 асуулт тавьж /хх-ийн 2-р хавтас 91-93-р тал/ хэргийн материалыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ.

Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 94 дүгээр талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 10/1571 тоот албан бичигт “...талийгаач Д.Бямбадоржийн цогцост задлан шинжилгээ хийсэн №49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дотор эрхтэнүүдийн хэмжилт байхгүй, эрхтэнүүдэд эмгэг өөрчлөлт байгаа эсэх нь тодорхойгүй бичигдсэн тул дүгнэлт гаргах боломжгүй байна...” хэмээн дурдагдсан байгаа нь Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 49 болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 1530 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан эсэхэд илт эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд түүнчлэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн давтан шинжилгээ хийлгэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолын зарим асуултуудад хариулт өгөөгүй, дээрх албан бичигт ямар нэг зүйл дурдаагүй байх тул энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг үндэслэлтэй болсон гэж үзэхээр байх тул дээрх 2 шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан эсэхийг болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1 дэх үндэслэл, шинжээч томилсон тогтоолд дурдагдсан зарим асуултуудыг зайлшгүй тодруулах шаардлагатай юм.

Мөн тус хэрэгт яллах дүгнэлтийг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр үйлдсэн атлаа яллагдагчид 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдэгдсэн /хх-ийн 2-р хавтас 173-182-р тал/ байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн уг хэсгийг ч үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан хэргийн оролцогчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт зааснаар олгогдсон эрхийг хязгаарласан гэх заалт үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.1, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 11 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                    Т.ДАВААСҮРЭН