| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/07164/И |
| Дугаар | 210/МА2025/01369 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01369
*******,*******,*******,
******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05005 дугаар шийдвэртэй,
*******,*******,*******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох
Хувийн сууц, газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгож, хөрөнгийг хуваах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, *******, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******, ******* нар 2001 онд гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин*******, 2005 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү *******, 2006 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин******* нар төрсөн. ******* нь 2015 онд БНСУ-д ажиллахаар явсны дараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, том охин******* нь эх *******ийн, хүү *******, охин******* нар эцэг *******гийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн.
Эцэг ******* нь ажилдаа явахдаа хүүхдүүдийнхээ хоол, хүнсийг хөргөгч, хөлдөөгчиндөө хийгээд цоожилдог, гэрээ түгжиж түлхүүрээ авч ажилдаа явдаг, тог их гарсан гэж хичээл хийлгэдэггүй, ажлаас ирэхэд хүүхдүүд гадаа хүлээгээд байж байдаг. Мөн хүүхдүүдээ зодож гадаа хэд хоногоор ч хамаагүй байлгадаг, хүүхдүүд нь нохойны үүр, хашаа, амбаар, байшингийн дээвэр дээр хонодог байсан. *******г байхгүй хойгуур хүүхдүүд хоол унд хийж иддэг, ирэхээс нь өмнө хоолны үнэрээ дарж арц, хүж асаадаг, ингэж хүчирхийлэлд байсаар бага охин******* 18 нас хүрсэн.
******* нь хүүхдүүдийнхээ ахуйн хэрэглээ, хоол, хүнс, хувцас хэрэглээний асуудлуудыг шийдэж өгдөг байсан. ******* нь *******ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн 2022 оны 9 дүгээр сараас н.Алтанцэцэг гэх хүнийг гэртээ авч ирдэг болсон. Хүү *******ийг Цэ Энд Цэ гэдэг бэлтгэлийн цехэд, охин*******г Шөлөндө хоолны газар өдөр шөнөгүй ажиллуулж цалингаас нь тог, цахилгаан, бусад зүйлийн зарлагыг суутгаж авдаг.*******, *******,******* нар аавын хайр халамжийг үзээгүй, түүний хүчирхийлэлд байсан ч энэ тухайгаа ээж *******т санааг нь зовоохгүй гээд хэлдэггүй байсан. ******* нь 2023 оны 10 дугаар сард гэрээсээ явахдаа гэрээс хүнд хэрэгтэй бүх зүйлийг авч явсан.
1.2. ******* болон ******* нар хамтран амьдрах хугацаанд *******,******* тоотод байршилтай монсарттай 2 давхар 80 м.кв талбай бүхий байшин, мөн 0.07 м.кв талбай бүхий газрыг бусдаас худалдан авч гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийг бий болгосон. Энэ хашаа байшин, газрыг худалдан авахад ******* нь 2013 онд Улаанбаатар банкнаас цалингийн зээл авч, үлдсэн мөнгийг өөрсдийн өмчлөлийн автомашиныг худалдан борлуулсан мөнгөө нэмж авсан. Одоо байшин, газрын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ *******гийн нэр дээр байдаг. Гэвч ******* нь хашаа байшинг зарах гээд явж байгаа талаар сонссон.
2020 онд гэрлэлтээ цуцлуулахдаа ******* нь *******ийн хойноос БНСУ руу амьдралаа бодож, явна гэж байсан тул эд хөрөнгийн маргаангүй гэж гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэж байсан ч удалгүй н.Алтанцэцэг гэх хүнтэй хамтран амьдарсан. Одоо *******гийн охин*******, хүү *******, охин******* нар*******гийн 6 сартай охины хамт маргааны зүйл болох хашаа байшинд амьдардаг бөгөөд******* хүүхдээ асарч гэртээ, хүү ******* ХААИС-ийн Хүний нөөцийн менежерийн анги, охин******* МУБИС-ийн Нийгмийн ухааны багшийн ангид 2024-2025 оны хичээлийн жилд элссэн.
Иймд *******, Хангайн 69 дүгээр гудамж, Б-н 8 тоот хашаа байшингийн зах зээлийн ханшийг 87,822,103 төгрөгөөр тооцож, хариуцагчид 17,564,420 төгрөгийг өгч, өөрсдийн өмчлөлд хувийн сууц, газраа үлдээх хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* бид хоёр таарамжгүй харилцаатай байнгын маргалдаж гэр бүлийн харилцаа их урт удаан хугацаанд үргэлжилж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болсноор тусдаа амьдрах болсон. Бид 2015 оноос хойш тусдаа амьдарч хамтын амьдрал дуусгавар болгосон үеэс өнөөдрийг хүртэл тусдаа гэр бүлтэй болоод 11 жил, 2019 онд гэрлэлтээ шүүхээр цуцлуулснаас хойш 5 жил болсон байна. ******* 2015 онд ажиллахаар гадагшаа явж өнөөдрийг хүрсэн. Бид салсан ч дундаасаа гарсан үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг эцгийн хувьд хүлээж 2013 оноос хойш өдий хүртэл ажиллаж амьдарч ирсэн. Миний хувьд цалингаас өөр орлогогүй ганц бие эцэг хүний хувьд амьдрал амар байгаагүй.
Би уурлахдаа уурлаж, хайрлахдаа хайрлаж, эцсийн дүндээ амьдрал ойлгож, үг дааж сураг гэж дотроо бодож ирсэн. ******* бид хоёр 2013 онд хамтын амьдралаа дуусгавар болгож тус тусын амьдралаа хөөсөн. Би эхнэртэй болоход хүүхдүүд маань дургүй байж түүнийг янз янзаар илэрхийлдэг байсан ч би хэн хэнийхэн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож болохоос нь болохгүй хүртэл зүтгэж сүүлдээ гэрээсээ явж өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Миний хөдөлмөрийн чадвар буурч сарын 1,500,000 төгрөгийн цалингаас өөр орлогогүй болсон. Маргаан бүхий хашаа байшин нь надад байгаа ганц хөрөнгө бөгөөд насны бөгсөнд амьдран гэж байдаг бүхнээ шавхаж зүтгэж барьсан. Бидний хамтын амьдрал дуусгавар болсон үед барьсанын2019 онд гэрлэлтээ цуцлуулахад хэн аль нь мэдэж байсан тул эд хөрөнгийн маргаангүй гэж хүүхдүүдийн асрамжаа шийдвэрлүүлж байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгч *******,*******, *******,******* нараас хариуцагч *******д холбогдуулан гаргасан хувийн сууц, газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгож, хөрөнгийг хуваах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нар хариуцагч *******д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо,******* тоот хаягт байрлах 697 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах 81 м.кв хувийн сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, зах зээлийн үнэлгээг 87,822,103 төгрөгөөр тооцож хариуцагчид 17,567,420 төгрөгийг өгч, өөрсдийн өмчлөлд хувийн сууц, газраа үлдээх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч маргаан бүхий хөрөнгийг ******* нь *******ээс гэрлэлтээ цуцлуулснаас хойш бий болгосон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, *******, ******* нар 2001 оноос хамтран амьдарч, 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлснээр тэдний дундаас охин*******,*******, хүү ******* нар төрсөн. Улмаар талууд гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүлийн хэрэгцээний газрыг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус хаягт байрлах улсын 81 м.кв хувийн сууцыг хариуцагч нь өөрийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлсэн. Хүү *******, охин******* нар *******гйин хамт маргаан бүхий хувийн сууцандаа амьдарч байсан. Харин охин******* ээж *******ийн асрамжинд үлдсэн ч мөн л аавтайгаа хамт амьдарсаар ирсэн.
Хэдийгээр гэрлэлт цуцлуулсан гэх боловч *******, ******* нар хамтын амьдралтай байсан, ******* БНСУ-аас вон шилжүүлж дундаасаа тухайн маргаан бүхий хөрөнгийг бий болгосон. Мөн *******, ******* нар гэрлэлт цуцлуулахаас өмнө маргаан бүхий газрыг худалдан аваад монгол гэр барьж амьдарч байгаад хувийн сууцыг 2018 онд барьж дуусгасан. Гэтэл шүүх *******гийн өмчлөл гэж тогтоож байгаа боловч тухайн хөрөнгийг ******* ямар эх үүсвэрээр бий болгосон нотлох баримт байхгүй. Хэрэгт авагдсан *******ийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээл, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8,200,000 төгрөгийн зээлийн баримтууд уг хөрөнгийг бий болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан. Харин ******* нь БНСУ-д зөвшөөрөлгүй хараар амьдарч байгаа бөгөөд шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагчтай харилцдаг байсан чатаа сэргээгээгүй буюу түүнд явуулж байсан мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зэрэг нотлох баримтуудаа бүрдүүлж чадахгүй байж байгаад шүүх хуралдаан болсны дараа ирүүлсэн.
НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж туслалцаа авах эрхтэй, хүүхэд гэр бүл түүний гишүүдийн ялангуяа хүүхдийн өсөх бойжих аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн шинж болохынхоо хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд онцгой халамж, хамгаалалт авах эрхтэй гэж заасан. Олон улсын энэхүү баримт бичигт дурдсанаар хүүхэд эцэг эхийн хайр, халамж хамгаалалт, эцэг эхийн бий болгосон эд хөрөнгийг хүртэх эрхтэй, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 7 дугаар зүйлийн 1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 10 дугаар зүйлийн 10.1.1-ээс 10.1.11-д зааснаар хүүхэд эцэг эхийн хайр халамжийг хүртэх, эцэг эх нь хүүхдээ наад захын хэрэгцээ шаардлагыг хангах асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрхийг хангах талаар хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хүүхдийн наад захын хэрэгцээ буюу хоол, хүнс, дулаан орон байраар хангагдах эрхийн үндсэн дээр хариуцагчаас маргаан хөрөнгөнөөс хүүхдүүдэд оногдох ёстой байтал шүүх хүүхдүүдийн эрх ашгийг орхигдуулсан. Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгийг хариуцагчийн дангаар өмчлөх хөрөнгө болох талаар хангалттай нотлох баримт бүрдээгүй, нэхэмжлэгч нар нотлох баримтыг тодорхой шалтгааны улмаас бүрдүүлэх боломжгүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах, хэрэв шаардлагагүй гэж үзвэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******,*******, *******,******* нар хариуцагч *******д холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******,******* тоот хаягт байрлах газар, хувийн сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авах, ногдох хэсэг болох 17,564,420 төгрөгийг хариуцагчид гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч нь ...гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин*******, 2005 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү *******, 2006 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин******* нар төрсөн.
3.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалж, охин*******г эх *******ийн, хүү *******, охин******* нарыг эцэг ******* нарын асрамжид тус тус үлдээж шийдвэрлэжээ.
3.3. Хариуцагч ******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, *******,******* тоот хаягт байрлах, 697 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 81 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус тус бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 64, 106/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлт цуцлуулснаас хойш маргаан бүхий газар болон хувийн сууц бий болсон байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий хөрөнгийг бий болгоход тодорхой хувь хөрөнгө оруулсан болохыг баримтаар нотлоогүй гэж үйл баримтыг буруу тогтоон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан дүгнэх боломжтой.
4.1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж заасан.
4.2. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар *******, ******* нар нь гэх хүнээс маргаан бүхий *******,******* тоот хаягт байрлах, 697 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авч, улмаар 2018 онд уг газарт 81 м.кв талбайтай хувийн сууцыг барьсан, нэхэмжлэгч*******, *******,******* нар эцэг *******гийн хамт 2015 оноос 2023 оны 10 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй.
4.3. Харин хариуцагч ******* нь *******,******* тоот хаягт байрлах, 697 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, мөн хаягт байрлах, 81 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус тус бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хожим гаргуулан авсан боловч хэний нэр дээр байснаас үл хамааран талуудын тайлбараар зохигчид 2014 оноос маргааны зүйл болох гэр бүлийн хэрэгцээний газарт хамт амьдарч, уг газарт 2018 оноос хувийн сууцыг барьж нэхэмжлэгч нар бодитой амьдарч байсан нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэнэ.
4.4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрт талууд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсан боловч хожим үүссэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхийг уг шийдвэр хязгаарлахгүй. Иймд шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулахад насанд хүрээгүй байсан нэхэмжлэгч*******, *******,******* нар болон нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахаар хариуцагч *******гаас шаардах эрхтэй.
4.5. Шинжээч Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, *******,******* тоот хаягт байрлах, 697 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 81 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 87,822,103 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 78-97/
4.6. Иймд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, *******,******* тоот хаягт байрлах, 697 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 81 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******,*******,*******, ******* нарын өмчлөлд үлдээж, үнэлгээгээр тогтоосон хэмжээгээр буюу 17,564,420 төгрөгийг нэхэмжлэгч *******,*******,*******, ******* нараас гаргуулж хариуцагч *******д олгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангана.
5. Анхан шатны шүүх маргааны шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтласан алдаа гаргасныг залруулна. Учир нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчөөс шаардах эрх нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдох тул уг хуулийн зохицуулалтыг баримтласан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарыг гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, *******,******* тоот хаягт байрлах, 697 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 81 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******,*******,*******, ******* нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч *******,*******,*******, ******* нараас 17,564,420 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******гаас 509,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******,*******,*******, ******* нарт олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 597,061 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ