| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1472 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч М.Үүрийнтуяа,
Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.Г холбогдох эрүүгийн 1906 04961 1930 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, компьютер техник хангамжийн инженер мэргэжилтэй, “ нярав ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , З.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч З.Г нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын түцэнд хамтран амьдрагч С.Оюунчимэгтэй маргалдан улмаар зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас
хохирогч С.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9917 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22/, шүүгдэгч З.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч З.Г нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын түцэнд хамтран амьдрагч С.Оюунчимэгтэй маргалдан улмаар зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Оюунчимэгийн өгсөн: “...Би З.Г гэх хүнтэй хамтран амьдраад 6 жил болж байна. Бид хоёрын дундаас 1 хүүхэдтэй. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт түц ажиллуулдаг. 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн үед шиг санаж байна. З.Г нь 24 гараад, 48 цаг амардаг ажилтай бөгөөд тухайн өдөр ажлаасаа буугаад түцэн дээрээ ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад “ажлаасаа гарах болоогүй, оронд нь гарах хүн ирээгүй байна.” гэж хэлж байсан. Үдээс хойш 17 цагийн үед З.Г түцэн дээрээ ирсэн. Ажлаасаа шууд ирээд бараандаа явах байсан боловч яваагүй учир орой ирэхээр нь бид 2 маргалдсан. З.Г нь “чи өөрөө бараандаа явахгүй яасан юм, дандаа хүнийг харж байх юм” гэх мэтээр загнаж уурлаад би тэсэлгүй маргалдсан. З.Г нь миний зүүн талын хөл рүү 2 удаа өшиглөсөн. Би ёолтол намайг “юундаа ёолоод байгаа юм бэ” гэж хэлээд цамцаар маань хүзүү боосон бөгөөд хүзүү хэсэгт зулгалж шалбарсан байсан. Мөн миний 2 гарын бугалга, шуу хэсэг рүү цохиж надад гэмтэл учруулсан. З.Г нь тухайн үед согтууруулах зүйл хэрэглээгүй эрүүл байсан. З.Гончигсүрэнтэй гэр бүлийн маргаантай байсан ч цохиж зодож байгаагүй.” /хх-10-12/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-52/ гэх хүсэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны 9917 дугаартай дүгнэлтэд:
1. Оюунчимэгийн биед хүзүү, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн шилбэнд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-22/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Г яллагдагчаар өгсөн: “...Би сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Тийм болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-32-33/ гэх мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-13/,
Шүүгдэгч З.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч З.Г 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын түцэнд хамтран амьдрагч С.Оюунчимэгтэй маргалдан улмаар зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Хохирогч С.Оюунчимэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч З.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар З.Г холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар З.Г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар З.Г нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС