| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1452 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч С.Ж холбогдох эрүүгийн 1912 00261 1902 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа наймаа хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймаг, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2004 оны 2 дугаар 26-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэн харгалзсан, регистрийн дугаар , С.Ж .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт өөрийн эхнэр У.Ганцэцэгийн биед халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг
өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч У.Ганцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-9-14, 40-42, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/, С.Ж яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-49-50/, шүүгдэгч С.Ж урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт өөрийн эхнэр У.Ганцэцэгийн биед халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Ганцэцэгийн өгсөн: “...Би нөхөр С.Ж хандаж “чи наранцэцэгийн тос ямар үнэтэй байна, судлаад байж байгаарай, би хүүхдийнхээ хувцасыг аваад ирье." гэж хэлээд явсан. Тэгээд би зах ороод хүүхэддээ хувцас аваад ирсэн чинь манай нөхөр машин дотроо хэвтэж байхаар би уурлаад хэдэн үг хэлчихсэн. Тэгээд бид хоёр тэр үед хэсэг маргалдаж хэрүүл хийсэн. Тэгсэн чинь манай нөхөр уурлаад миний элэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохиж, мөн миний бэлэг эрхтэн рүү хөлөөрөө өшиглөсөн. Үснээс гараараа зулгаагаад дугтараад байсан. Бас миний зүүн гарыг мушгисан. Тэр үед нөхөр бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Урьд өмнө намайг манай нөхөр цохиж, зодож байгаагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэргийг хурдан хугацаанд шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Нөхөр бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Нөхөр бид хоёр одоо нэг гэртээ цуг амьдарч байгаа.” /хх-09-14, 40-42/ гэх мэдүүлэг,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаартай дүгнэлтэд:
1. У.Ганцэцэгийн биед гэмтэл учирсан байна.
2. У.Ганцэцэгийн биед зүүн гарын 5 дугаар буюу чигчий хурууны зөөлөн эдэд няцралт, зүүн гуяны дотор дээд хэсэгт цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ард жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ.
3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Шинж байдлаараа шинэ гэмтэл байх тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
5. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
6. Зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн чихний ард, зүүн гуяны дотор дээд хэсэгт жижиг зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-21/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Ж яллагдагчаар өгсөн: “...Гэмтлийг би хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа учир түргэн
шуурхай шийдэж өгнө үү.” /хх-49-50/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Ж урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Ж 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт өөрийн эхнэр У.Ганцэцэгийн биед халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Хохирогч У.Ганцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Ж бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар С.Ж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Ж 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Ж нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС