Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01402

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05290 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 98,290,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхмэжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани ******* ХХК-тай 2017 оны 09 сарын 16-ны өдөр харуул хамгаалалтын гэрээ байгуулж, гэрээгээр Дархан-Уул аймаг, *******,******* багт байрлах, Спорт цогцолборын барилгын аюулгүй байдлыг хангах, нэг сарын 4,400,000 төгрөгийн хөлс авахаар харилцан тохиролцсон. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д гэрээний хугацаа дуусахад аль нэг тал гэрээг дуусгавар болгон цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг анх байгуулсан хугацааг сунгасанд тооцно гэж зааснаар гэрээний хугацааг сунган 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жил, 7 сар, 14 хоног харуул хамгаалалтын үүргээ биелүүлсэн. Энэ хугацаанд ******* ХХК гэрээнд заасны дагуу 296,850,000 төгрөгийн хөлс төлөхөөс 2017 оны 09 сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 209,010,000 төгрөгийг төлж 87,840,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

1.2. Талууд харилцан тохиролцож үлдэгдэл төлбөрөө удахгүй төлж барагдуулахаар 2023 оны 05 сарын 01-ний өдөр шинээр харуул хамгаалалтын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан, нэг сарын 3,500,000 төгрөгийн хөлс авахаар тохирсон. Уг 2023 оны гэрээний дагуу нэг жилийн хөлсөнд 42,000,000 төгрөг авахаас 2023 оны 05 сарын 31-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 40,250,000 төгрөг шилжүүлж, 1,750,000 төгрөгийг дутуу хийсэн. Иймээс талуудын хооронд байгуулсан дээрх 2 удаагийн харуул хамгаалалтын гэрээний үлдэгдэл төлбөр тооцоо нийт 89,590,000 төгрөг байна.

1.3. Гэрээний 2.4-т хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу алданги 8,700,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага үүссэн. Гэтэл хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* нь утсаа авахгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна.

Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 89,590,000 төгрөг, алданги 8,700,000 төгрөг, нийт 98,290,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 83,406,666.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,183,333.38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 649.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 574,984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ шүүхийн харьяаллыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж тодорхойлсон. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4-т заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн нэршилтэй шүүх Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байхгүй байсаар атал нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

4.2. ******* нь ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн болохыг нотолсон баримт хэргийн материалд авагдаагүй байхад *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Тодруулбал, хэргийн материалд ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар байх боловч иргэн *******ыг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл тусгагдаагүй. Үүнээс үзэхэд түүнийг ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй байсан тул шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, эрх үүрэг танилцуулсан, нэхэмжлэл гардуулсан зэрэг үйл баримтууд хуульд нийцээгүй.

4.3. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37/5/1197 дугаартай албан бичгээр ******* ХХК-ийн хаягийг Сүхбаатар дүүрэг гэж, *******ын хаягийг Баянзүрх дүүрэг гэж дурджээ. Гэтэл нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж шүүхийн харьяаллыг тодорхойлсон нь ойлгомжгүй бөгөөд ******* ХХК болон ******* нараас нэхэмжилсэн гэж ойлгогдохуйц байхад *******од нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, эрх үүрэг танилцуулаагүй нь тухайн иргэний эрхийг зөрчсөн.

4.4. Анхан шатны шүүх ******* ХХК болон ******* ХХК нар 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан, мөн уг гэрээг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин байгуулсан байна гэх дүгнэлийг хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүулсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан. Гэтэл уг гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар хувь гэрээ авагдсан байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэр үндэслэл болох боломжгүй.

Түүнчлэн уг гэрээнүүд ******* ХХК-ийн тамга дарагдаж албажаагүй байх тул гэрээ албан ёсоор байгуулагдсан эсэх нь тодорхойгүй. Уг гэрээнүүдийн доод хэсэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын салбар архив хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байгаа боловч тухайн архивт байгаа эсэх нь тодорхойгүй, хэрэв байгаа бол уг архивын тамга тэмдгийг хэн дарсан, хэн хуулбарлан авсан зэрэг нь тодорхойгүй байгаа тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх ямар ч боломжгүй юм.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр гаргуулахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөөцөлдөж байна. 2024 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахад иргэний журмаар шийдвэрлүүл гэсний дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүгчийн захирамжаар хариуцагч оршин суугаа хаягтай байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулахад хариуцагч ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хаягийг тогтоосон. Нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж бичсэн боловч 2024 оны Шүүх байгуулах тухай хуулийн дагуу уг шүүхийн нэр өөрчлөгдөж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болсон. Бид 2024 онд нэхэмжлэл гаргах үед тухайн нэршлээр байсныг баримтаар нотолж байна. Тухайн үед Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болгон нэрийг нь өөрчилсөн байхад бидний зүгээс техникийн шинжтэй алдаа гаргаж, зөвхөн Баянзүрх дүүргийн шүүх гэж бичсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь зөрчил гэж үзэхгүй. Одоогийн тойргийн шүүхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх багтсан.

5.2. ******* нь ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулаагүй байж, түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулсан гэж маргасан. Гэтэл бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч байгууллагын хуулийн этгээдийн лавлагааг авч хэрэгт хавсаргасан. Уг лавлагаанд ******* ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон эцсийн өмчлөгч ******* гэж дурдсан. *******ыг тодорхойлж нэхэмжлэлдээ тусгаж үүний дагуу шүүх *******ыг дуудаж нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь хуульд нийцсэн.

5.3. Нэхэмжлэлийн шаардлагыг *******оос эсхүл ******* ХХК-аас гаргуулах эсэх нь тодорхойгүй гэж маргасан. Гэтэл хавтаст хэргийн 8791 дүгээр талд ******* ХХК-ийн гарын үсэгтэй нэхэмжлэлийг гардан авсан баримт, мөн шүүх хуралдааны товыг гарын үсгээр баталгаажуулсан баримтууд авагдсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэхэмжлэлийг хангах эсхүл хэрэгсэхгүй болгох байдлаар шийдвэр гаргадаг. Энэ тохиолдолд бид нэхэмжлэлдээ ******* ХХК-аас төлбөр гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд үүний анхан шатны шүүх ******* ХХК-аас ******* ХХК-д төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

5.4. Гэрээтэй холбоотой нотлох баримтыг шаардлага хангаагүй гэж маргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж үнэлэлт өгнө гэж заасан. Манай зүгээс цагдаагийн байгууллагад гэрээний эх хувийг гаргаж өгсөн бөгөөд түүнээс хуулбар авч прокурорын байгууллагын албан ёсны тэмдэгтэйгээр хэргийн материалд хавсаргасан. Уг гэрээний дагуу төлбөрүүд хийгдэж байсан нь дансны хуулгаар нотлогдсон. Анхан шатны шүүх эдгээр баримтыг харьцуулан үнэлж гэрээний дагуу төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Уг тайлбаруудаар хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч тал төлбөр төлөхөөс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор давж заалдах гомдол гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 89,590,000 төгрөг, алданги 8,700,000 төгрөг, нийт 98,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 8,700,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, гэрээний үүрэгт 89,590,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Талууд 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Дархан-Уул аймаг, *******,******* багт байрлах, Спорт цогцолборын барилгын харуул хамгаалалтын ажлыг хариуцан харуул хамгаалалтын 7 ажилтан, 1 албаны нохой ажиллуулах, ******* ХХК нь нэг ахлах ажилтанд сарын төлбөр 650,000 төгрөг, нэг хамгаалагч 600,000 төгрөг, албаны нохой 150,000 төгрөгөөр үүрэг гүйцэтгүүлэх, хамгаалалтын үйлчилгээний нэг сарын төлбөр 4,400,000 төгрөгийг сар бүр төлөх, гэрээний хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай байгуулах ба гэрээний хугацаа дуусахад аль нэг тал гэрээг дуусгавар болгон цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгасанд тооцохоор харилцан тохиролцжээ. /хх-ийн 10-13/

 

4.2. Мөн талууд дээрх гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин харуул хамгаалалтын гэрээ байгуулж, гэрээгээр 3 хамгаалагч ажиллуулахаар тохиролцож хамгаалалтын үйлчилгээний нэг сарын төлбөр 3,500,000 төгрөгийг сар бүр төлөх, гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар байгуулахаар тохирсон байна. /хх-ийн 17-20/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагчтай анх 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр харуул хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээнд зааснаар гэрээний хугацааг сунгагдсанд тооцож харуул хамгаалалтын үйлчилгээг үргэлжлүүлэн гүйцэтгэн, улмаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээг дахин шинэчлэн байгуулсан. Иймээс 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт дутуу төлсөн 87,840,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгт дутуу төлсөн 1,750,000 төгрөг, нийт 89,950,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарласан.

 

5.1. Хэргийн баримтаар хариуцагч ******* ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 209,010,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгт 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 40,250,000 төгрөг, бүгд 249,260,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн болох нь хэргийн 21-82 дугаар талд авагдсан дансны хуулгаар тогтоогджээ. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Иймд ******* ХХК нь ******* ХХК-аас гэрээний хөлс төлөх үүргийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

5.2. Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан харуул хамгаалалтын гэрээгээр уг гэрээний хугацааг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн тул 2024 он 04 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөр болох 6,183,333.38 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан байхад хариуцагч гүйцэтгээгүй ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээхгүй.

 

5.4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарын үндэслэн хариуцагч ******* ХХК-аас харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний төлбөрт дутуу шилжүүлсэн 83,406,666.62 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Харин Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37/6/1197 тоот албан бичгээр ******* ХХК нь ******* тоот, итгэмжлэлгүйгээр төлөөх эрх бүхий этгээд ******* нь ******* тоотод оршин суудаг болохыг олж тогтоосон. /хх-ийн 8-9/

 

6.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг эрэн сурвалжлуулж тогтоолгосноор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******од 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч байгууллагаас хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. /хх-ийн 84-85, 87/

 

7. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... нэхэмжлэл гаргахдаа шүүхийн нэршлийг буруу бичсэн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, эрх үүрэг танилцуулсан, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, гэрээний үүргийг ******* ХХК болон ******* нараас нэхэмжилсэн байхад *******од нэхэмжлэлийн хувийг гардуулж хуульд заасан ажиллагаа хийгдээгүй, хэрэгт авагдсан харуул хамгаалалтын гэрээнүүд нотлох баримтын шаардлага хангаагүй, ******* ХХК-ийн тамга дарагдаж албажаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Гэтэл дээрх гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэлэлцэн, дүгнэлт өгөх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 575,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ