| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04891/И |
| Дугаар | 210/МА2025/01403 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01403
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, гэрээний үүрэгт 9,894,000 төгрөг, алдангид 4,947,000 төгрөг нийт 14,841,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Илүү төлсөн 6,106,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэжмлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Тус компани нь ******* ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх болон 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулж, манай компани бүтээгдэхүүнийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлэх, хариуцагч ******* ХХК нь төлбөрийг бэлэн мөнгө болон бартерийн хэлбэрээр төлж барагдуулахаар тохиролцсон.
Гэрээний дагуу бүтээгдэхүүнийг тохиролцсон хугацаанд заасан хэмжээгээр нийлүүлж, хариуцагч нь бартерт 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,650,000 төгрөгөөр, нийт 100,798,500 төгрөгт тооцож өгсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс компанийн зүгээс хүү, алданги төлөх, алдагдал хүлээх нөхцөл байдал үүссэн.
1.2. ******* ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 125 м.куб буюу 16,000,000 төгрөгийн бетон зуурмагийг манай компаниас худалдан авч, үүнээс 6,106,000 төгрөгийг төлж, 9,894,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.3. Зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.3-т худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 9,894,000 төгрөгийн алданги 73,710,300 төгрөг болсон ч хуульд нийцүүлэн хариуцагчаас 4,947,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.
Мөн хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж, бетон зуурмаг нийлүүлсэн үлдэгдэл төлбөр болох 9,894,000 төгрөг, алданги 4,947,000 төгрөг, нийт 14,841,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани ******* ХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх болон 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулсан. Гэрээний дагуу манай компани ******* тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 100,798,500 төгрөгт тооцон нэхэмжлэгч ******* ХК-д шилжүүлж өгснөөр гэрээ дуусгавар болсон. Харин орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ манай компанид хамаагүй буюу захиалагч компанийн асуудал болно.
2.2.Нэхэмжлэгч компанитай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 125 м.куб буюу 16,000,000 төгрөгийн бетон зуурмагийг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 14,841,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчтэй 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу манай компани 2,000 м.куб бетон зуурмагийг авахаар тохиролцсон боловч 1,933.5 м.куб бетон зуурмаг авсан. Үүний төлбөрт 1 м.куб бетон зуурмагийг 155,000 төгрөгөөр тооцоход нийт 299,692,500 төгрөгийг төлөхөөр байсан ч 6,106,000 төгрөгийг илүү төлсөн. Тодруулбал, ******* тоот хаягт байршилтай, 61,09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 100,798,500 төгрөгт тооцон арилжаа хэлбэрээр нэхэмжлэгчид шилжүүлж, мөн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 35,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 90,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 305,798,500 төгрөгийг ******* ХК-д төлсөн. Иймд манай компанийн илүү төлсөн 6,106,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу 2000 метр.куб бетон зуурмагийг авахаар тохиролцсон боловч нийт 1,933.5 метр.куб бетон зуурмагийг манай компаниас авсан ба төлбөрийн зарим хэсэгт ******* тоот 61,09 м.кв 2 өрөө орон сууцыг 100,798,500 төгрөгт тооцон арилжаа хэпбэрээр шилжүүлж, 299,692,500 төгрөг төлөхөөс 6,106,000 төгрөгийн илүү төлөлтэй хийж, нийт 305,798,500 төгрөгийг төлсөн. Үргэлжлүүлэн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 150 марктай 125м.куб бетон зуурмагийг дахин авсан бөгөөд 1м.кубыг 128,000 төгрөгөөр тооцож, нийт 16,000,000 төгрөгийн үнэ бүхий бетоныг манай компаниас авсан. Үүнээс ******* ХХК-ийн гэрээний дагуу өмнө төлсөн төлбөрөөс үлдэгдэл 6,106,000 төгрөгийг суутган тооцож, үлдэгдэл төлбөр болох 9,894,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй.
Иймд ******* ХХК-ийн гаргасан 6,106,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.1, 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 14,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХК-аас 6,106,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХК-ийн урьдчилан төлсөн 302,355 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн урьдчилан төлсөн 112,646 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХК-аас 112,646 төгрөг гаргуулж, хариуцагч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхээс зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 2.7-д заасны дагуу үйлдсэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтыг эх хувиар өгөх гэсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, нотариатаар батлуул гэж буцаасан. Нотариатын зүгээс тамга дараагүй баримтыг батлахгүй гэсэн тул бусад баримттай нь хамт үзүүлсэн ч хэрэгт ач холбогдол бүхий чухал нотлох баримтыг эх хувиар нь хүлээж аваагүй. Шүүгчийн захирамжаар хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан тул нотлох баримтуудыг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө шүүхэд ирүүлсэн байхад нэхэмжлэгч талд нотлох баримт ирүүлсэн талаар мэдэгдээгүй, нотлох баримттай танилцах, тэмдэглэл хийж шүүх хуралдаанд бэлдэх, тайлбар өгөх боломж олгоогүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, баримт нотолгоонд хууль зүйн тайлбар гаргах, эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
6.2. 2018 оны 04 сарын 16-ны өдрийн зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний ерөнхий нөхцөл 1.2-т Энэхүү гэрээг байгуулж хүчин төгөлдөр болохоос эхлэн гэрээтэй холбоотой талуудын шаардлага бүрэн дуусгавар болох хүртэл хугацаагаар байгуулав гэж тусгасан. Уг гэрээний дагуу ******* ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 1933.5 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж дуусгахаар байсан боловч хариуцагчийн зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр нийт 205,000,000 төгрөгийн бэлэн төлөлт хийж, үлдэгдэл төлбөрийг бартераар төлөхөөр 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Үүнийг үндэслэн манай компанийн зүгээс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* ХХК-д гарын үсэг, тамгатай санхүүгийн тооцоо нийлэх акт 2 хувийг хүргүүлсэн боловч тус актад гарын үсэг, тамга дарж батапгаажуулж манай компанид буцаан хүргүүлж байгаагүй. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн актыг ******* ХК-аас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй. Дээрх хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, нэхэмжлэгч ******* ХК-аас албадан гаргуулахаар даалгаж байгаа нь бодит байдалд нийцээгүй, хуурамч нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.
Өнөөдрийг хүртэл ******* ХХК-ийн зүгээс манай компанитай тооцоо нийлсэн акт үйлдэхгүй байгаа нь зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ дуусгавар болоогүй гэдгийг илтгэж байна. Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан хэдий ч уг байрыг ******* ХХК-тай хүлээлгэн өгөх, хүлээн авах акт үйлдээгүй, манай компанийн өмчлөлд бодитоор шилжиж ирээгүй. Иймд зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул гэрээ дуусгавар болоогүй, уг гэрээний дагуу ******* ХХК 125 м.куб бетон зуурмагийн захиалга ирүүлж 2019 оны 07 сарын 03-ны өдөр захиалгыг хүлээлгэн өгсөн. Ингэснээр манай компанийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 2058.5 метр.куб бетон зуурмагийг нийлүүлж, төлбөр төлөх эцсийн хугацаа 2019 оны 07 сарын 10-ны өдөр байсан ч ******* ХХК өнөөдрийг хүртэл байрыг шилжүүлж өгөөгүй, үлдэх төлбөр болох 9,894,000 төгрөг, нэхэмжпэл гаргах хүртэл үеийн алдангийг төлж барагдуулаагүй. Талуудын хооронд үүрэг, гэрээний харилцаа бүрэн үүссэн, гэрээ цуцлах, дуусгавар болсонд тооцсон тухай нотолгоо байхгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг энэхүү гэрээний харилцаанд хэрэглэх үндэслэлгүй. Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтыг гаргаж өгсөн боловч тус баримтын хүлээн авсан хэсэгт ямар нэг тэмдэглэл хийгдээгүй, хэргийн бодит нөхцөл байдал дээр өмчийг зохих ёсоор хүлээж авсан этгээд хүлээн авсан баримтад гарын үсэг зураагүй нь өмчийг шилжүүлэн авсанд тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй.
6.3. Хариуцагч нь ******* ХХК-ийн захиалгаар барилга угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэн, ажлын төлбөрт ******* орон сууцны цогцолборын 9, 12, 13, 14, 15 давхаруудад В, Б, Г, Д -р тоот нийт 11 ширхэг хаалганы 642,47 м.кв 1, 2, 3 өрөө орон сууцыг авахаар 2018 оны 10 сарын 29-ний өдөр №445 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. ******* ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 2018 оны 4 дүгээр улиралд тус 11 байрны түлхүүрийг, өмчлөх эрхийн хамт ******* ХХК-д шилжүүлж өгсөн. Үүний дараа дээрх 11 орон сууцны нэг болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, ******* орон сууцны 202 дугаар орц, 14 давхар В дугаар тоот байрыг манайд өгөхөөр 2019 оны 03 сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан тул шаардах эрх шилжүүлэх хэлцэл гэж үзэж болохгүй.
Гэтэл шүүх хариуцагчийг ******* тоот хаягт байршилтай, 61,09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч биш, мөн ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнд ******* тоот хаягт байршилтай, 61,09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц гэж тодорхой заагаагүй гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн дүгнээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэл тодорхойгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжих бодит нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Мөн шүүхээс үйлдсэн баримт бичгүүд болон бусад байгууллагуудын албан бичигт ******* ХХК гэж компанийн хэлбэрийг удаа дараа буруу бичиж хэрэгт хамааралгүй этгээдийг доорхи бичиг баримтуудад цохон оруулснаар баримтын хүчин төгөлдөр байдлыг алдагдуулсан.
Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж, үйл баримтуудыг зөв дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч тал гомдолдоо шүүгчийн туслах нотлох баримтыг эх хувиар нь аваагүй гэж дурдсан боловч уг баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд хүлээлгэн өгсөн хэсэгт гарын үсэгтэй, хүлээж авсан гэдэг хэсэгт гарын үсэг байхгүй байсан. Нэхэмжлэгч тал даргалагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад хариулахдаа манайд хүлээж авсан болон хүлээж аваагүй гэх хэсэгт гарын үсэг зурсан баримт байдаг. Бид шүүхэд өгөөгүй гэх тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Харин нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлж шүүхэд өгөх үүрэг хэргийн оролцогчдод хуулиар олгогдсон бөгөөд шүүх болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслах уг баримтыг авахгүй гэж хэлэхэд нэхэмжлэгч тал нотлох баримтаа өгөлгүй явсан зүйл байхгүй. Тухайн баримтаас үзэхэд гарын үсэг зурсан этгээдүүд, хүлээж авсан хүмүүсийн тоо, ямар хэмжээний бетон зуурмаг хүлээн авсан нь тодорхой бус учраас шүүхийн шийдвэрт бетон зуурмагийг хүлээлгэж өгөөгүй гэж зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа баримтыг хавсаргаж өгсөн боловч уг баримтыг анхан шатын шүүх хурал эхлэхээс өмнө өгөх ёстой байсан тул давж заалдах шатны шүүх уг баримтыг дүгнэх үндэслэлгүй.
7.2. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудтай танилцуулаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх гомдол гаргасан. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүнтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах шаардлагын хүрээнд хариуцагч талаас ******* ХХК-тай байгуулсан барилга угсралтын гэрээ болон орон сууц захиалан бариулах гэрээний нотлох баримтуудыг шүүхэд өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал 2025 оны 05 сарын 05-ны өдөр тухайн хоёр баримттай танилцах бүрэн боломжтой байсан. Мөн анхан шатны шүүгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч талаас нотлох баримттай танилцсан талаар асуухад танилцсан гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Бетон зуурмаг хүлээлгэж өгсөн талаар тооцоо нийлэх акт нь хуурамч баримт гэж гомдол гаргасан. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор өөрт байсан буюу хуулбар хувиа анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгчээс эх хувиар гаргуулахаар шүүхийн журмаар хүсэлт гаргахад нэхэмжлэгч тал манайд эх хувиараа байхгүй, төлбөр тооцоо хийгдсэн талаар маргахгүй гэж тухайн үед хэлсэн. Хожим хариуцагч тал эх хувийг олж шүүхэд өгсөн бөгөөд үүнээс харахад тухайн харилцаа буюу бетон зуурмагийн төлбөрийг бүрэн тооцсон нь нотлогдож байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой гомдлын тухайд хариуцагч тал ******* ХХК-аас авсан орон сууцаа нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн тул эзэмшил, ашиглалтад байлгаж байгаа талаар маргаан үүсээгүй. Үүний дагуу нэхэмжлэгч талд шаардах эрхээ ******* ХХК-д шилжсэн бөгөөд гэрчилгээ гаргуулах асуудлыг ******* ХХК-аас шүүхийн журмаар шаардах боломжтой. Эцэст нь ХК болон ХХК гэх алдаа нь техникийн шинжтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Мөн нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй асуудлаар маргасан мэтээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, гэрээний үүрэгт 9,894,000 төгрөг, алдангид 4,947,000 төгрөг нийт 14,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү шилжүүлсэн 6,106,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХК нь гэрээгээр тохирсон чанар, марк, төрлийн бетон зуурмагийг нийлүүлэх, ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, мөн 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ******* ХХК нь ******* тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж ******* ХК-д хүлээлгэн өгөх, ******* ХК нь 1 м.кв талбайг 1,650,000 төгрөг, нийт 100,798,500 төгрөг төлөхөөр тохиролцсон орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд тус тус хэрэгт авагдсан. /хх-ийн 8-13,19-22/
4.1. Дээрх бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д нийт 1933.5 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, хариуцагч ******* ХХК нь гэрээний үнэд 205,000,000 төгрөгийн бэлнээр, 100,798,500 төгрөгт тооцон ******* тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байна.
4.2. ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ буюу ******* ХХК нь ******* дугаар давхрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ******* ХХК нь хөлс төлөхөөр тохиролцсон гэрээ, мөн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан ******* ХХК нь ******* дугаар байрны 9, 12, 13, 14,15 дугаар давхрын В, Б, Г, Д тоот 11 ширхэг хаалганы 642,47 м.кв-тай орон сууцыг барьж ******* ХХК-д хүлээлгэн өгөх, ******* ХХК нь 963,705,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон Орон сууц захиалгаар бариулах гэрээ тус тус хэрэгт авагджээ . /хх-ийн 106-124/
4.3. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-аас *******тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны шаардах эрхийг бартерт шилжүүлж авсан гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Учир нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр ******* ХХК нь ******* дугаар давхрын В, Б, Г, Д тоот 11 ширхэг хаалганы 642,47 м.кв-тай орон сууцыг барьж ******* ХХК-д хүлээлгэн өгнө гэж нийт талбайгаар тохирсноос үзвэл 202 дугаар байрны ******* тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай 2 өрөө орон сууц энэ нийт талбай бүхий орон сууцанд хамаарч байгаа эсэх нь тодорхой бус байна.
5. Түүнчлэн, шүүхийн шийдвэр гарснаар гуравдагч этгээдийн эрх, үүрэг хөндөгдөх эсэхийг талуудаас тодруулаагүй байна.
6. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлснийг шүүх хүлээж аваагүй нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй байна. Иймд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
7. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,001 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ