Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 534

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Э-рдэнэжаргал,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Хохирогчийн төлөөлөгч: Д.Э,

Иргэний хариуцагч: А.Ц ,

            Шүүгдэгч: Б.Ц , түүний өмгөөлөгч С.Баттамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805049570193 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/03 тоот “Сэндвичэн барилга, байгууламж захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3-т заасан буюу “ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж ажиллаагүй”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “...ажил үүргийн нөхцөлд тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заваарчлагаа өгөөгүй, мөн 2006 онд Барилга хот байгуулалтын яамны Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм “БНБД 12-04-06” Уг дүрмийн 12.2-т Барилгын дээврийн налуу 20 градусаас их нөхцөлд ажилчдыг хамгаалалтын бүстэй ажиллуулна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 75 дугаар тогтоол “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журмын 9.1.4-т “хашлагагүй захын хийц буюу 1.5 метрээс дээш өндөрт ажиллахдаа хамгаалах бүсгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэсэн Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” ХХК-ний хашаанд баригдаж байсан агуулахын барилга дээр дээврийн ажил гүйцэтгэж байсан ажилтан Т.Б унаж амь насыг нь болгоомжгүй үйлдлийн улмаас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Барилга баригдаад явж байхад захиалагч талаас хугацаанаас өмнө барьж дуусгах шаардлага тавьсан. Тэгээд талийгаач манайд ажилласан. Талийгаачийг өнгөрсөнд харамсаж байна. Хохирогчийн ар гэрт хохирлыг барагдуулсан байгаа. Одоогоор манай компаний үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.Цаашид хохирогчийн ар гэрт чадах чинээгээрээ туслана гэж бодож байгаа..” гэв.

            Хохирогчийн төлөөлөгч Д.Э--гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эдний компаний зүгээс хохирол төлбөрт оршуулгын зардлыг төлсөн мөн дээрээс нь 15.000.000 төгрөг өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны орой манай нөхөр гэртээ ирээд миний хань өдрийн 35.000 төгрөгийн цалинтай ажил хийх үү гэхээр нь тэгье хийе гээд 9 дүгээр сарын 17-ны өдөр ажил руу нь дагаж очсон. Өдөр охиноо хүргэж өгчихөөд үдээс хойш 15 цаг өнгөрөөгөөд дээвэр лүү гарсан. Хоолондоо орчихоод над дээр ирээд цаг асуусан. Тэгээд цаашаа яваад хоёр хүнтэй цуг юм ярьж байсан. Би ажлаа хийж байтал нэг юм дугараад унах үед нөгөө цуг байсан хоёр хүн нь яанаа гэж хэлэхэд би эргээд хартал манай нөхөр доошоо уначихсан, газар хэвтэж байсан. Намайг буугаад очтол амнаас нь цус гарчихсан газар хэвтэж байсан. Эмнэлэг дээр очоод 2 хоноод өглөө нь 7 цагийн үед нас барсан...” гэв.

            Хохирогчийн төлөөлөгч Д.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний нөхөр Т.Б нь “УББ Хийц” компанид 10 жил сэндвичэн хавтан өрөх болон бусад туслах ажил хийж байгаад найз Ө-г дагаж арай ахиу цалинтай ажил олж хийхээр болсон гээд гэнэт Ө-гийн хувиараа туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Хүннү Гүрэн Констракшн” гэх компанитай ам гэрээ хийгээд сэндвичэн барилгын дээврийн ажил авахаар боллоо гээд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны орчмоос Ө-тэй хамт ажиллах болсон. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр “гялгар уут хуулах ажил гарлаа, чи хийх үү” гээд намайг дагуулж БГД-н Барс захын хойно байрлах Туушин компаний хашаан дотор баригдаж байгаа агуулахын барилга руу хамт очсон. Би нөхрийнхөө хамт гражийн барилга дээр гараад нөхрийнхөө зааснаар дээврийн сэндвичийн гялгар уутыг хуулаад, нөхөр маань дээвэр дээр надаас гадна хэд хэдэн хүнтэй хамт 2-3 хуваагдаад урд өдөр нь өргөөд тавьчихсан байсан гэх сэндвичээ шахаж шрупдэн тогтоох журмаар ажиллаж байсан. Би дээвэр дээр цаашаа хараад хулдаасаа хуулаад сууж байтал манай нөхөр “гурваа ии” гэж дуугараад удалгүй пид гээд юм унах чимээ гараад нэг залуу “Б уначихлаа” гэхээр нь би дээвэр дээрээс өндийж харахад Б газарт хажуугаараа хэвтчихсэн харагдсан. Өглөө машиндаа суугаад шууд ажилдаа гарсан ба аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг инженер гэх хүн харагдаагүй. Манай нөхөр урьд нь ажиллаж байсан компанидаа каска, малгай болон хамгаалалтын хувцас хэрэглэдэг байсан. Харин Ө-тэй ажилласнаас хойш хамгаалалтын хувцас хэрэгсэл байсан эсэхийг мэдэхгүй, осол гардаг өдөр л би дагаж ажил руу нь очсон, тэр өдөр бол хамгаалалтын хувцас, хэрэгсэл, каска байгаагүй. Дээвэр рүү гарахдаа гражийн барилгын хананд икслээд бэлдчихсэн байсан 2 төмрөөр дамжиж гараад, буухдаа мөн дамжиж бууж байсан. Буяны ажилд нийт 10.223.090 төгрөгийн зардал гарсан, мөн хадам ээж О-гийн зүгээс 1.046.000 төгрөгөөр буян хийсэн эдгээр зардлыг тус тус нэхэмжилнэ. Талийгаачийн төрсөн охин Б ийн Анужинд хуулийн дагуу 18 нас хүртэл тэтгэмж тооцож олгуулах хүсэлттэй байна. Манай ар гэрт “Хүннү Гүрэн констракшн” ХХК-ний зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр талийгаачийн хохирол нэхэмжлэлтэй холбогдуулж 15.000.000 төгрөг төлж өгсөн. Иймд бидний зүгээс цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32, 176/,

Гэрч Х.Ө-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүннү Гүрэн ХХК-д дээврийн ажил гарлаа гэхээр нь О  инженер болон гүйцэтгэх захирал Ц нартай талийгаач Б ийн хамт очиж уулзаад ам тохироогоор 15.000.000 төгрөгөөр Туушин ХХК-ний агуулахын барилгын зөвхөн дээврийн ажлыг 10 орчим хоногт хийж гүйцэтгэхээр тохирсон. Энэ ажлыг зүгээр хийгээд болоод байдаг болохоор хөдөлмөр хамгаалалтын хувцас хэрэгсэлд би ач холбогдол өгөөгүй, мөн 2 тал энэ талаар тодорхой ярьж тохирсон зүйл байхгүй. 10 хоногт ажлаа багтаана гэсэн зорилготой байсан. Урд нь манай барилгын ажилчид лагер дээр ажиллаж байхад тавьж өгсөн каска, малгай байсан боловч бүчгүй болохоор ажилчид хэрэглэдэггүй юм. Агуулахын барилга дээр ажиллах хугацаанд талийгаач болон манай ажилчид хамгаалалтын хувцас, олс хэрэгсэл хэрэглээгүй. Хүннү Гүрэн ХХК-иас бидэнд хамгаалах хувцас хэрэгсэл тавьж өгсөн зүйлгүй. Барилга угсралтын үйл ажиллагаатай холбоотой буюу 1.5 м-ээс дээш өндөрт гарах тохиолдолд хамгаалах бүсгүй ажил гүйцэтгэхийг хориглох заалт байдаг гэдгийг мэддэг ч амьдралд хэрэгжүүлж байгаагүй. Талийгаач бид хоёр аюулгүй ажиллагааны талаар анхаардаггүй, тоодоггүй явж байсан юм байна. Миний зүгээс хааяа ажилчиддаа өндөрт ажиллахдаа болгоомжтой ажиллаарай гэж хэлж сануулж байсан удаа байгаа, албан ёсоор гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. “Хүннү Гүрэн” ХХК-ний зүгээс зааварчлагаа өгсөн удаа байхгүй. “Хүннү Гүрэн ХХК”-иас ажлын урьдчилгаанд эхлээд 3.000.000 төгрөг өгсөн боловч оюутнууд 1 хоног хөлсөөр дээвэр дээр биш доор хавтангийн уут хуулах ажил хийлгээд хөлс олгосон, зөрүү мөнгөнөөс нь хөдөлмөр хамгаалалтын хэрэгсэл, каска шинээр авъя гэхэд талийгаач зөвшөөрөөгүй, учир нь бид 2 өмнө нь хамтарч хийсэн бетоны ажлын хөлсийг ажилчдадаа тавьж чадаагүй өртэй байснаас гадна агуулахын дээврийн ажлын ашгийг би талийгаачид олгох, дараагийн Дорнодод хийх ашгийг би авахаар ярилцсан байсан. Талийгаачийг осолдсоны дараа “Хүннү Гүрэн” ХХК-иас ажлын урьдчилгааны зөрүү 2.000.000 төгрөг надад өгсөн. Тус компаниас надад ажлын урьдчилгаа гэж мөнгө өгсөн нь үнэн боловч түүгээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангаарай, өөрсдөө хариуц гэж албан ёсоор хариуцуулсан, ярьж тохирсон зүйл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Гэрч А.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б , Б нар 9 метр урт, өргөн нь 0.96 метрийн хавтанг 2 талаас нь өргөн эргүүлж тавих гэж байсан бөгөөд би наад хэсэгт нь дээвэрт байрлуулсан хавтангуудын үзүүр хэсгийг шахаж байсан. Б , Б нар 1, 2, 3 гэж хэлэн өргөөд хавтангаа өргөсөн тал руугаа эргүүлж амжаагүй дээвэр дээр тавьсан. Энэ үед газар юм унах чимээ гарахаар нь би хавтан руугаа харсан чинь Б “ээ пиздаа Б уначихлаа” гэж хэлэхээр нь доош харсан чинь Б газар дээш харан дуу нь гарахгүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Шинжээчийн 2073 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны шугаман хугарал, дагзны хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа /50 мл/ их, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цээжний зүүн талын 4, 5, 6-р хавирганы далд хугарал, хугарал орчмын булчин, гялтанд цус хуралт, бүсэлхийн 3-4-р нугаламын их биеийн хугарал, баруун, зүүн талын бөөрний өөхөн эд, нарийн гэдэсний чацархай, толгойн хуйх, ясны хальс, баруун чамархайн булчин, баруун, зүүн нүдний дээд зовхи, бүсэлхий нуруу, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь О ( I )-р бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2018.9.19-ний өглөөний 09 цаг 45 минутын үзлэгээр нас бараад 1-3 цаг болсон байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 56-61/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Э-ны дүгнэлтэд: “...Осолдогч нь нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажил үүрэг гүйцэтгэсэн нь осол гарах шалтгаан болсон. Нөлөөлсөн хүчин зүйл нь гүйцэтгэгч “Хүннү Гүрэн Констракшн” ХХК нь осолдогч Т.Б өд /Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 Ажил олгогч нь ажилтны түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангаагүй нь осол гарахад нөлөөлсөн. Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заасны дагуу үйлдвэрлэлийн осол мөн. Осол гардаг өдөр Захиалагч Туушин ХХК болон гүйцэтгэгч “Хүннү Гүрэн Констракшн” ХХК-д нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Хамгаалалтын бүс болон каскаар хангаагүй. Захиалагч Туушин ХХК болон гүйцэтгэгч “Хүннү Гүрэн Констракшн” ХХК-нууд нь хоорондын №А/03 тоот сэндвичэн барилга, байгууламж захиалгаар барьж гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч /Хүннү Гүрэн Констракшн ХХК/ тал нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна. Осолдогч Т.Б нь хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглээгүй. Барилгын дээвэр угсрах үйл ажиллагаанд баримтлах хуулийн тусгайлан зүйл заалт байхгүй. Доорх дүрэм журам байна. А. 2006 онд Барилга хот байгуулалтын яамны Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06. Уг дүрмийн 12.2-д Барилгын дээврийн налуу 20 градусаас их нөхцөлд ажилчдыг хамгаалалтын бүстэй ажиллуулна. Хамгаалалтын бүсийг бэхлэх газрыг ажил хариуцсан инженер (даамал) зааж өгнө. Б. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 75 дугаар тогтоол “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журмын 9.1.4-т хашлагагүй захын хийц буюу 1.5 метрээс дээш өндөрт ажиллахдаа хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно...” гэжээ. /хх-н 67-68/,

Яллагдагчаар Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...гүйцэтгэх захирал А.Ц , инженер О тай ярьж байгаад тус агуулахын барилгын зөвхөн дээврийн ажлыг туслан гүйцэтгэгчээр хийлгэхээр хэдэн залуучууд хөлслөн авч ажиллуулж байх явцад тус агуулахын барилга дээр дээврийн ажил гүйцэтгэж байсан Б гэдэг ажилтан унаж осолдсон байсан. Уг дээврийн ажлыг эхлүүлэхээс өмнө бригад ахалсан Ө- гэдэг ажилтан болон талийгаачтай өөртэй нь ярилцаад хөдөлмөр хамгааллын асуудлаа өөрсдөө хариуцаарай гээд манайхаас туслан гүйцэтгэгч талд ажлын хөлсний урьдчилгаа олгоод тэндээсээ хамгаалах хувцас хэрэгслээ аваарай гэж хэлсэн байсан гэсэн, энэ талаар Цэрэнпүрэв, О  нарын ярианаас би дуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 175/,

Хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-16/, Сэндвичэн барилга, байгууламж захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ /хх-н 93-97/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 105/, хохирлын баримтууд /хх-н 109-148/, Мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 189-191/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 193/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/03 тоот “Сэндвичэн барилга, байгууламж захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3-т заасан буюу “ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж ажиллаагүй”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “...ажил үүргийн нөхцөлд тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заваарчлагаа өгөөгүй, мөн 2006 онд Барилга хот байгуулалтын яамны Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм “БНБД 12-04-06” Уг дүрмийн 12.2-т Барилгын дээврийн налуу 20 градусаас их нөхцөлд ажилчдыг хамгаалалтын бүстэй ажиллуулна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 75 дугаар тогтоол “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журмын 9.1.4-т “хашлагагүй захын хийц буюу 1.5 метрээс дээш өндөрт ажиллахдаа хамгаалах бүсгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэсэн Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” ХХК-ний хашаанд баригдаж байсан агуулахын барилга дээр дээврийн ажил гүйцэтгэж байсан ажилтан Т.Б унаж амь насыг нь болгоомжгүй үйлдлийн улмаас хохироосон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч Д.Э-гийн: “...2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр “гялгар уут хуулах ажил гарлаа, чи хийх үү” гээд намайг дагуулж БГД-н Барс захын хойно байрлах Туушин компаний хашаан дотор баригдаж байгаа агуулахын барилга руу хамт очсон. Би нөхрийнхөө хамт гражийн барилга дээр гараад нөхрийнхөө зааснаар дээврийн сэндвичийн гялгар уутыг хуулаад, нөхөр маань дээвэр дээр надаас гадна хэд хэдэн хүнтэй хамт 2-3 хуваагдаад урд өдөр нь өргөөд тавьчихсан байсан гэх сэндвичээ шахаж шрупдэж тогтоох журмаар ажиллаж байсан. Би дээвэр дээр цаашаа хараад хулдаасаа хуулаад сууж байтал манай нөхөр “гурваа ии” гэж дуугараад удалгүй пид гээд юм унах чимээ гараад нэг залуу “Б уначихлаа” гэхээр нь би дээвэр дээрээс өндийж харахад Б газарт хажуугаараа хэвтчихсэн харагдсан. Өглөө машиндаа суугаад шууд ажилдаа гарсан ба аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг инженер гэх хүн харагдаагүй. Манай нөхөр урьд нь ажиллаж байсан компанидаа каска, малгай болон хамгаалалтын хувцас хэрэглэдэг байсан. Харин Ө-тэй ажилласнаас хойш хамгаалалтын хувцас хэрэгсэл байсан эсэхийг мэдэхгүй, осол гардаг өдөр л би дагаж ажил руу нь очсон, тэр өдөр бол хамгаалалтын хувцас, хэрэгсэл, каска байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32, 176/, гэрч Х.Ө-гийн: “...Хүннү Гүрэн ХХК-д дээврийн ажил гарлаа гэхээр нь О  инженер болон гүйцэтгэх захирал Цнартай талийгаач Б ийн хамт очиж уулзаад ам тохироогоор 15.000.000 төгрөгөөр Туушин ХХК-ны агуулахын барилгын зөвхөн дээврийн ажлыг 10 орчим хоногт хийж гүйцэтгэхээр тохирсон. ...Агуулахын барилга дээр ажиллах хугацаанд талийгаач болон манай ажилчид хамгаалалтын хувцас, олс хэрэгсэл хэрэглээгүй. Хүннү Гүрэн ХХК-с бидэнд хамгаалах хувцас хэрэгсэл тавьж өгсөн зүйлгүй. Барилга угсралтын үйл ажиллагаатай холбоотой буюу 1.5 м-ээс дээш өндөрт гарах тохиолдолд хамгаалах бүсгүй ажил гүйцэтгэхийг хориглох заалт байдаг гэдгийг мэддэг ч амьдралд хэрэгжүүлж байгаагүй. Талийгаач бид хоёр аюулгүй ажиллагааны талаар анхаардаггүй, тоодоггүй явж байсан юм байна. Миний зүгээс хааяа ажилчиддаа өндөрт ажиллахдаа болгоомжтой ажиллаарай гэж хэлж сануулж байсан удаа байгаа, албан ёсоор гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. “Хүннү Гүрэн” ХХК-ны зүгээс зааварчлага өгсөн удаа байхгүй. Тус компаниас надад ажлын урьдчилгаа гэж мөнгө өгсөн нь үнэн боловч түүгээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангаарай, өөрсдөө хариуц гэж албан ёсоор хариуцуулсан, ярьж тохирсон зүйл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/, гэрч А.Н-ийн: “...Б , Б нар 1, 2, 3 гэж хэлэн өргөөд хавтангаа өргөсөн тал руугаа эргүүлж амжаагүй дээвэр дээр тавьсан. Энэ үед газар юм унах чимээ гарахаар нь би хавтан руугаа харсан чинь Б “ээ пиздаа Б уначихлаа” гэж хэлэхээр нь доош харсан чинь Б газар дээш харан дуу нь гарахгүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/, шинжээчийн 2073 тоот дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэбулганы дүгнэлт, шинжээчийн  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Цын Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай эс үйлдэхүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын мөнгөө бүрэн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Цыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Цын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дэвтрийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Б.Ц-ыг “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг хорих ял оногдуулахгүйгээр, 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дэвтрийг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР