| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/07424/И |
| Дугаар | 210/МА2025/01321 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/01321
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03891 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт 15,766,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Манайх *******-тай 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 22201/957 дугаар даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж хамтран ажилласан. Даатгалын гэрээнд тусгагдсанаар тухайн гэрээнд хураамжийг 5 удаа тэнцүү байдлаар хуваан 2023 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасан хугацааны дагуу эхний төлөлт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5,250,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,250,000 төгрөг, нийт 10,510,800 төгрөгийг төлж, үлдэх 15,766,200 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй өнөөдрийг хүрсэн.
Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүрэгтэй гэж заасан ба даатгуулагч нь гэрээний үүргээ зөрчиж байгаа тул хариуцагч *******-аас 15,766,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдсанд маргахгүй. 2024 онд бол даатгалын гэрээ байгуулагдаагүй.
Нэхэмжлэгч тал нь даатгалын гэрээний хугацаанд хариуцагч байгууллагын өмнө хүлээсэн даатгалын гэрээний эрсдэл бий болсон тохиолдолд нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлэхгүй байсан буюу даатгалын тохиолдол үүслээ гэж хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид хандахад ямар нэгэн байдлаар хариу өгдөггүй байсан учраас даатгалын гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж гэрээг цуцалсан. Иймээс даатгалын үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 15,766,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 236,781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нотлох үүднээс нэхэмжлэгч *******-аас нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгт хамааралгүй хэмээн хүлээн авахаас татгалзсан.
Тодруулбал, хэргийн 19 дүгээр талд даатгалын гэрээний хураамжийн тооцоо ******* гэсэн даатгалын нөхөн төлбөр олгосон гэх баримт нь ямар даатгалын тохиолдол, хүсэлтийг үндэслэн хэдэн оны хэдэн сард олгосон эсэх тухай баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг гаргасан.
4.2. ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22201/957 дугаартай Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2201/957 дугаартай даатгалын гэрээг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулж байгаагүй учраас дээрх нэхэмжлэлд, нотлох баримтад дурдсан гэрээнүүдийг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргадаг ба нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс техникийн алдаа гаргасан байна хэрэгт авагдсан нэг л даатгалын гэрээ байгуулагдсан гэдэг.
Хариуцагч байгууллагын зүгээс дээрх он, сарын зөрүүтэй даатгалын гэрээнүүд нь тодорхойгүй байх тул энэ тухайн нэхэмжлэлийн шаардлага тодруулах байдлаар эвсэл тухай гэрээнүүд байхгүй тухай албан бичгээр тодруулга өгөхийг хүссэн боловч мөн л дээрх хүсэлтийг хангаагүй. Хариуцагчийн зүгээс тухайн хэрэгт хамааралтай өөртөө байгаа баримтыг гарган өгсөн.
Мөн нэхэмжлэгч байгууллагаар руу явуулж байсан даатгалын тохиолдлын хүсэлтийг нотлох баримтаар өгсөн бөгөөд дээрх хүсэлтэд эс үйлдэхүйгээр хариу өгдөггүй байсан. Хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нотлох эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч байгууллага 3-4 удаа хүсэлт гаргасан бөгөөд *******-аас хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж, нөхөн төлбөрийг олгож байсан.
Хариуцагч тал даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэж тайлбарладаг боловч үүнийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгөөгүй.
Мөн нэхэмжлэгч байгууллагаас даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан агуулга бүхий албан бичиг гаргаж байгаагүй, мөн даатгалын гэрээнээс татгалзсан, цуцалсан талаар манайд мэдэгдээгүй гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хүнд даацын автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт 15,766,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. ******* нь *******-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22201/957 дугаартай Хүнд даацын автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ээр 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар, ******* нь даатгуулагчийн 9,220,000,000 төгрөгийн үнэлгээтэй, гэрээний хавсралтад заасан хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг даатгалын тохиолдол бий болоход зах зээлийн үнэлгээнд даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн нөхөн төлбөр олгох, ******* нь даатгалын хураамжийн төлбөрт 26,277,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 10-наас 2023 оны 02 дугаар сарын 10-ны дотор 5 удаа буюу 5,255,400 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, даатгалын гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх4-12/
4. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт зааснаар талууд гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.
4.1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан дээрх даатгалын гэрээнд даатгалын зүйл, даатгалын эрсдлийн төрөл, даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын хугацаа, гэрээ дуусгавар болгох нөхцөл, даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, даатгагч, даатгуулагчийн эрх үүрэг, хариуцлага, гэрээг дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөл зэргийг тусгасан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад холбогдох даатгалын хураамжийг 5 удаа хэсэгчилж төлөх төлбөрийн хуваарийг гэрээний 5.8 дахь хэсэгт дараах байдлаар тогтоосон байна. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5,255,400 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,255,400 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,255,400 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5,255,400 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 5,255,400 төгрөг төлөхөөр тус тус тохиролцжээ.
4.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүрэг хүлээнэ гэж заасан.
Хариуцагч ******* нь дээрх даатгалын гэрээний хураамжинд нийт 27,660,000 төгрөгийг төлөх үүргийг нэхэмжлэгч *******-ийн өмнө хүлээсэн байна. Гэтэл хариуцагчаас 2 удаагийн төлөлтөөр буюу 10,510,800 төгрөгийг төлж, үлдэх 15,766,200 төгрөгийг төлөөгүй, даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.
4.3. Нэхэмжлэгчийн Хаан банкны ******* тоот дансны хуулгаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 990,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 736,979.4 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 919,198.8 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 462,600 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын гэрээний дагуу хариуцагч талд олгосон талаарх банкны хуулга баримтыг ирүүлсэн байх ба хариуцагч талаас уг нөхөн төлбөрийг аваагүй талаарх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна. /хх19, 21-28/
5. Хариуцагч талаас нэхэмжлэгч тал нь даатгалын гэрээний хугацаанд хариуцагч байгууллагын өмнө хүлээсэн даатгалын гэрээний эрсдэл бий болсон тохиолдолд нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлэхгүй байсан буюу даатгалын тохиолдол үүслээ гэж хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид хандахад ямар нэгэн байдлаар хариу өгдөггүй байсан учраас даатгалын гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж гэрээг цуцалсан гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд дээрх үйл баримтуудаар хариуцагчийн татгалзал няцаагдаж байна.
5.1. Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 6.2.8-д хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачлага гаргаж болох бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгчийг нөхөн төлбөр олгоогүйгээс шалтгаалан даатгалын гэрээг цуцалж, даатгалын гэрээний хураамж төлөхөөс татгалзсан гэх боловч нэхэмжлэгч талд энэ тухайгаа мэдэгдсэн гэдгийг хариуцагч нь баримтаар нотлоогүй байна.
5.2. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба хариуцагчийн хувьд даатгалын гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Иймд хариуцагч *******-аас 15,766,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
7. Нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулахаар хариуцагч талаас хүсэлт гаргасныг шүүхээс хангаагүй гэх гомдол гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтад хамаарахгүй байна. Тодруулбал, хариуцагч талаас шүүх хуралдааны шатанд 2023, 2024 онуудын даатгалын гэрээ болон хэргийн 19 дүгээр талд авагдсан даатгалын нөхөн төлбөр олгосонтой холбоотой баримтуудыг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан байна. /хх109-110/
8. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр 2022 оны даатгалын гэрээнээс өөр гэрээ байгуулагдаж байгаагүй талаар тайлбарласан байна. Мөн нэхэмжлэгч талаас олгогдсон даатгалын нөхөн төлбөрийн асуудал нь даатгалын хураамжийн талаарх нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн хамааралтай болох нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагч талаас нөхөн төлбөрийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа тохиолдолд нэгэнт олгогдсон нөхөн төлбөрийн баримтыг гаргуулах нь хэрэгт хамааралгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03891 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ