Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/01322

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/08205 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,046,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 8,046,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,046,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүй байсан тул гэрээний дагуу гуравдагч этгээд буюу уг бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй газрууд буцаалт хийсэн бөгөөд 9,000 гаруй бараа бүгд байгаа, нэхэмжлэгч нь анхнаасаа зөрчилтэй бараа нийлүүлсэнд гомдолтой гэж маргажээ.

 

2. Талууд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр нийлүүлэгч буюу нэхэмжлэгч ******* нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн боломжит үнээр нийлүүлэх, борлуулагч буюу хариуцагч ******* нь өөрийн харилцагч дэлгүүрүүдээр нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр худалдан борлуулах үүргийг талууд харилцан тохиролцжээ. /хх11/

 

2.1. ******* нь *******-д 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Cuicuimian шаржигнуур гоймон /өндөг далайн байцаа, шоколадтай, цагаан шоколадтай/ 3 төрлөөс тус бүр 240 ширхэг, Qiaozicui шаржигнуур гоймон /сам хорхой, хавч/ 2 төрлөөс тус бүр 160 ширхэг, нийт 1040 ширхэг 8,940,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй үнэ болох 8,046,000 төгрөгөөр нийлүүлсэн болох нь тухайн өдрийн талуудын гарын үсэг зурсан зарлагын баримтаар тогтоогдсон байна./хх12/

 

3. Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4. Хариуцагч нь худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангаагүй буюу шошгын зөрчилтэй, хадгалах хугацаа дууссан доголдолтой байсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчид энэ тухай мэдэгдсэн, гомдлын шаардлага гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

4.1. Шүүхэд нэхэмжлэгч талаас бараа бүтээгдэхүүний талаар байгуулсан гэрээ, магадлан итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн хуудас, шинжилгээний дүн, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримтуудыг ирүүлсэн байх /хх75-84/ бөгөөд хариуцагч эдгээр баримтыг үгүйсгэж маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар түүнийг татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

4.2. Түүнчлэн, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч талаас хятад нэршилтэй гоймонг шошгын зөрчилтэй, хавдар үүсгэх магадлалтай, зарах хориотой гэж үзэн ******* аймгийн хүнсний аюулгүй байдлын газраас хураасан гэх боловч үүнтэй холбоотой баримтыг гаргуулах, хугацаа дууссан, дэлгүүрт хадгалагдаж буй бараа бүтээгдэхүүнд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүхээс хангаагүй гэж гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй, хариуцагч талаас дээрх нотлох баримтыг өөрөө бүрдүүлж өгөх боломжтой байсан гэж үзэх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нөгөө талаар, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан, шошго болон хугацааг шалган авах үүргээ биелүүлээгүй бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т заасныг дурдах нь зүйтэй.

 

5. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн шаардсан алдангийн талаар хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хуульд нийцүүлэн өөрчилж шийдвэрлэнэ.

 

5.1. Дээрх гэрээний 5.3-т Борлуулагч тал нь сар бүрийн 25-ны дотор тухайн сарын татан авалтын төлбөрийг нийлүүлэгчийн ХААН банкин дахь ******* тоот дансанд шилжүүлж барагдуулна. гэж, 5.4-т Борлуулагч төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож нийлүүлэгч талд төлнө гэж талууд гэрээгээр алдангийн талаар тохиролцсон байна.

 

5.2. Хариуцагч тал дээр дурдсан хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнэ 8,046,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

5.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэг болон гэрээний 5.4-т заасны дагуу нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 196 хоногийн 7,885,080 төгрөгийн алданги тооцож, үүнээс 4,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иймд хариуцагчаас худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ 8,046,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,046,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/08205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 12,046,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 143,686 гэснийг 207,686 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,686 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ