Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 608

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,  

Улсын яллагч:Б.Батсайхан,

Хохирогч: Б.Э ,

Шүүгдэгч: Б.Ц  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805058550472 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ц , урьд ял шийтгэлгүй, ....... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ц  нь 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудалд иргэн Б.Э тэй маргалдан толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Үйлдвэр комбинатад таараад бааранд орсон. Баарны тооцоо хийх мөнгөнөөс болоод маргалдсан. Би өөрт байсан мөнгөөрөө тооцоо хийсэн. Би эрүүл байсан. Манай 2 найз гарч ирээд салгасан. Маргааш нь энэ залуу дээр очсон...” гэв.

Хохирогч Б.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тооцооноос болж маргалдаагүй. Найзтай нь маргалдаж байсан, би нилээн согтчихсон байсан болохоор жоохон унтчихаад босож ирээд ахыгаа дуудах гэж гараад зодуулсан. Энэ хүнтэй би ганц ч уулзаж байгаагүй. Намайг яагаад зодож байгаа юм бэ гэж асуухад өөдөөс хариулахгүй цохиод байсан. Одоо эмчилгээний зардалд 3.678.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацаа болох 43 хоногийн цалин 1.360.000 төгрөгийн төлбөр нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Б.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Караокед би жоохон унтсан бололтой сүүлдээ сэргээд караокенээс гарах гээд ахыгаа дуудах гэсэн тэгтэл би хаягаа мэдэхгүй караокенээс гараад хаяг харах гэтэл нэг мэдэхэд миний хоолой боогдоод, тэгээд зодуулсан... Би хамрын хагалгаанд орсон. Эмчилгээний зардал 2.132.897 төгрөг болсон. Харин шүдний гэмтлүүдэд эмчилгээ хийлгээгүй байгаа. Хамрыг бүрэн эдгэрсэний дараа шүдээ янзлуулж болно гэсэн. Шүдний эмчилгээнд хэдэн төгрөг орохыг би мэдэхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч Д.О-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...У согтоод унтаад өгчихсөн байсан. Тэр үед Э ганцаараа гарч явсан. Тэгээд эргэж орж ирэхдээ хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. ...Э ийг зодуулах үед хажууд нь байгаагүй, харин караокений өрөөнд орж ирэхдээ нүүр ам нь хавдартай хүзүү нь улаачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Гэрч С.Т ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би караокений өрөөнд сууж байтал зөөгч нь орж ирээд “танай найз тэкэн дээр хүнтэй маргалдаад байна” гэсэн. Би гараад очтол үл таних нэг залуу Б.Ц тай караокед тооцооноос болж хоорондоо маргалдаад тэр залуугийн нүүр рүү миний харсанаар 1 удаа алгадсан тэр залуу нь алгадуулчаад хана балбаад агсраад байсан. ...Миний харсанаар нүүр рүү нь нэг удаа цохьсон. Намайг караокены өрөөнөөс гарч ирэхийн өмнө юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

Шинжээчийн 13825 тоот дүгнэлтэд: “...Б.Э ийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн зулай, чамархай, дагзны зүүн хэсэг, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн доод 2-р шүдний талласан хугарал, баруун дээд 1-р шүдний паалангийн эмтрэл, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 35/,

Сэжигтэн, яллагдагчаар Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, Либерти зочид буудалд найз Т , ын хамт орсон. Тэнд бид ууж суугаад караокед дуулж байгаад караоке хаах үед гарсан. Тэгтэл тооцоо хийх болсон чинь танихгүй залуутай маргалдаад тэгээд би 2 удаа цохьсон. Өөр зүйл болоогүй, манай найзууд намайг салгаад тарсан... тооцооноос болж маргаан үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47, 51-52/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Хохирлын баримтууд /хх-н 16-27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43, 45-47/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Ц  нь 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудалд иргэн Б.Э тэй маргалдан толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Э ийн: “...караокенээс гараад хаяг харах гэтэл нэг мэдэхэд миний хоолой боогдоод, тэгээд зодуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч Д.О-ий: “...Тэр үед Э ганцаараа гарч явсан. Тэгээд эргэж орж ирэхдээ хүнд зодуулсан байдал орж ирсэн. ...Э ийг зодуулах үед хажууд нь байгаагүй, харин караокений өрөөнд орж ирэхдээ нүүр ам нь хавдартай хүзүү нь улаачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, гэрч С.Т ын: “...Би гараад очтол үл таних нэг залуу Б.Ц тай караокед тооцооноос болж хоорондоо маргалдаад тэр залуугийн нүүр рүү миний харсанаар 1 удаа алгадсан тэр залуу нь алгадуулчаад хана балбаад агсраад байсан. ...Миний харсанаар нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/, шинжээчийн 13825 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц  нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирогчийн эмчилгээнд хэрэглэсэн хохирол, хамрын хагалгаанд ороход төлсөн төлбөр 1.965.790 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Э т олгохоор шийдвэрлэв.

Харин шатахуун авсан гэх баримтууд нь нэг өдөр 2 удаа авч давхардсан, мөн гэмтэл авсанаас 1 сарын дараа авсан шатахууны зардлууд байх тул нийт 167.000 төгрөгийн шатахуун авсан зардлыг хохирлоос хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, шүдний хагалгаанд орох зардлыг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч нь ажилгүй байх хугацаандаа даатгалын байгууллагаас өвчтэй байх хугацааны цалин авсан гэж мэдүүлж байх ба уг авсан цалин авах ёстой байсан цалингийн зөрүүгээр хохирлыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй тул баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй.

Мөн шүдний эмчилгээнд гарах зардлын нэхэмжлэхийг гаргаж өгсөн байх боловч шүдний эмчилгээ хийгдээгүй уг зардал бодитоор гаргаагүй байх тул жич нэхэмжлэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Ц-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ц  ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 1.965.790 төгрөг гаргуулж хохирогч Б.Э т олгож, нэхэмжлэлээс 167.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Хохирогч Б.Э  нь нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР