| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/07232/И |
| Дугаар | 210/МА2025/01571 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01571
*******ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Илүү цагийн хөлс 8,764,976 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 8,764,976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2024 оны 05 дугаар сард 192 цаг, 06 дугаар сард 204 цаг, 07 дугаар сард 192 цаг ажилласнаас ажил олгогч байгууллагаас 168 цагаас дээш ажилласан илүү цагийн хөлсийг олгосон боловч 112 цагаас 168 цагийн хооронд ажилласан 56 цагийн илүү цагийн хөлсийг олгоогүй тул нийт 8,764,976 төгрөг гаргуулна... гэсэн бол,
хариуцагч нь хариу тайлбартаа ...84 ажилтны нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, үүний дараа эдгээр 84 ажилтны 50 ажилтан дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж үлдэх 34 ажилтан нэхэмжлэл гаргаагүйгээс тэдний нэг нь ******* байсан. Тэгэхээр илүү цагийн хөлсийг дутуу олгож, эрх нь зөрчигдсөн талаар 2023 оны 03 дугаар сард мэдэж байсан атлаа одоо 2024 оны 05, 06, 07 дугаар сарын илүү цагийн хөлсийг олгоогүй гэж маргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь алдаатай буюу ажилтны маргаж буй 56 цагийн 1 хувьд ногдох цалинг өгсөн байхад дахин 1.5 дахин нэмэгдүүлж авна гэсэн нь үндэслэлгүй... гэсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өрөм, тэсэлгээний туслах ажилчнаар 14 хоног ажиллаад 7 хоног амрах хуваарьтайгаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, талууд уг гэрээнд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил амралтын цагийг 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар нэмэлт, өөрчлөлт оруулжээ /2.х.х-ийн 63-73/.
Зохигч нарын хооронд 2014 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ажил олгогч нь ажилтны сард 168 цагаас дээш илүү ажилласан цагт нэмэгдэл хөлс тооцож олгож байсан үйл баримтын талаар маргаангүй. Харин 112 цаг /14x8/-аас 168 цаг хүртэл илүү ажилласан 56 цаг /14x4/-ийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх талаар маргасан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс сарын ердийн ажиллах цагийг 112 цаг, үүн дээр өдрийн уртасгасан буюу илүү ажилласан 4 цаг /4х14/, тухайн сард илүү ажилласан 56 цагийн нэмэгдэл цалин хөлсийг олгох ёстой гэсэн бол, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил-амралтын горимыг 14:14 хоногоор тогтоосон, мөн ажилтан 14 хоног ажиллахдаа өдөрт 12 цаг ажиллана гэх хөдөлмөрийн нөхцлийг хүлээн зөвшөөрөөд 14 хоногт 168 цаг ажиллаж байгаа нь илүү цагаар ажилласан гэх нөхцөл байдалд хамаарахгүй гэжээ.
4. ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 тоот тушаалаар баталсан Ажлын цагийн тухай журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.7, 8.1.8 дахь заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасантай нийцээгүй байна /2.х.х-ийн 91-95/.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 87 дугаар зүйлийн 87.2-т Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж, 87.3-т Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгон гэж, мөн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч нь уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болох ба энэ тохиолдолд ажилтны нэг ээлжийн ердийн ажлын цаг өдрийн 8 цаг байх, хэрэв илүү цагаар ажиллуулах бол 4 цагаас илүүгүй хугацаагаар ажиллуулж болох бөгөөд тийнхүү илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү ажилласан нэмэгдэл цалин хөлсийг түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгохоор зохицуулсан байна.
5. Хэдийгээр уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан ердийн цагаар ажилладаг ажилтантай ижил 168 цаг ажиллаж буй боловч тэрээр 14 хоногт 168 цаг, харин ердийн цагаар ажилладаг ажилтан 20-21 хоногт 168 цаг ажиллаж буй байдал, түүнчлэн ажилтан өөрийн оршин суугаа газар, гэр бүлээсээ алслагдсан газар байрлаж ажиллаж байгаа эдгээр нөхцөл байдлыг тус тус харгалзан уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны сарын ердийн ажиллах цагийг 112 цаг байхаар тогтоож, үүнээс дээш гарсан цагт илүү цагийн хөлс олгохоор онцлог байдлаар хуульд зохицуулжээ.
6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар Улсын дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах эрхийнхээ хүрээнд нэр бүхий хүмүүсийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох илүү цагийн цалин хөлсний талаарх маргааныг хянан шийдвэрлэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон.
Нөгөө талаар 112 цагаас дээш ажилласан цагийг илүү цагаар тооцсоноор байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавар үүснэ гэсэн хариуцагчийн тайлбарын хувьд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчимтай тул Улсын Их Хурлаас баталсан хуулийг дээрх үндэслэлээр тайлбарлаж хэрэглэхээс татгалзах эрхгүй юм.
7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч тооцооллын хувьд алдаатай байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
Талуудын тайлбараар ******* ХХК нь *******ад сар бүр 168 цагаас хэтрүүлэн ажилласан илүү цагийн нэмэгдэл цалин хөлсийг хуульд зааснаар тооцож олгосон ба харин дээр дурдсанаар олгоогүй үлдсэн 56 цаг илүү ажилласан нэмэгдэл хөлсийг ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой байтал ердийн ажлын цагаар тооцож өгсөн байх тул олгоогүй үлдсэн 0.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэмэгдэл цалин хөлсийг нэхэмжлэгчид олгоно.
8. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 3,818,679 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 2,540,033 төгрөг, 2024 оны 07 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 2,406,264 төгрөг, нийт 8,764,976 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд тэрээр 2024 оны 05 дугаар сард 11,515,729 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сард 10,718,100 төгрөгийн, 2024 оны 07 дугаар сард 9,634,259 төгрөгийг цалин хөлс тус тус авчээ /1 х.х-ийн 13/.
Үүнээс илүү цагаар ажилласан боловч аваагүй 0.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэмэгдэл цалин хөлсийг тооцвол:
1/ 2024 оны 05 дугаар сард авсан цалин хөлс 11,515,729 төгрөг, 1 цагийн хөлс 56,450 төгрөг /11,515,729:/168+24х1.5/, тухайн сарын 56 цагийн цалин хөлсийг 0.5 дахин нэмэгдүүлж бодоход 1,580,600 төгрөг /56х0.5х56,450/,
2/ 2024 оны 06 дугаар сард авсан цалин хөлс 10,718,100 төгрөг, 1 цагийн хөлс 48,280 төгрөг /10,718,100:/168+36x1.5/, тухай сарын 56 цагийн цалин хөлсийг 0.5 дахин нэмэгдүүлж бодоход 1,351,840 төгрөг /56х0.5х48,280/,
3/ 2024 оны 07 дугаар сард авсан цалин хөлс 9,634,259 төгрөг, 1 цагийн хөлс 47,227 төгрөг /9,634,259:/168+24x1.5/, тухай сарын 56 цагийн цалин хөлсийг 0.5 дахин нэмэгдүүлж бодоход 1,322,356 төгрөг /56х0.5х47,227/ болж байна.
Гэвч нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 1 цагийн хөлсийг 45,460 төгрөг, 06 дугаар сарын 1 цагийн хөлсийг 30,238 төгрөг, 07 дугаар сарын 1 цагийн хөлсийг 28,646 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тул энэхүү дүнгээр тооцож, 2024 оны 05 дугаар сарын илүү цагийн хөлс 1,272,880 төгрөг /56х0.5х45,460/, 2024 оны 06 дугаар сарын илүү цагийн хөлс 846,664 төгрөг /56х0.5х30,238/, 2024 оны 07 дугаар сарын илүү цагийн хөлс 802,088 төгрөг /56х0.5х28,646/, нийт 2,921,632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
9. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гээд 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 05, 06, 07 дугаар саруудын цалин хөлс нэхэмжилсэн.
Ажил олгогчоос тогтоосон журмын дагуу 2024 оны 05 дугаар сарын цалинг 06 дугаар сарын 10-ны өдөр, 06 дугаар сарын цалинг 07 дугаар сарын 10-ны өдөр, 07 дугаар сарын цалинг 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус олгох бөгөөд эхний цалин өгөх өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх 90 хоногийн хугацааг тоолоход 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дуусахаар байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус комисс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тэмдэглэл гарсан гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс няцаагаагүй тул нэхэмжлэгчийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан гэж үзэх тул тэрээр хөөн хэлэлцэх 90 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.
10. Мөн дээр дурдсан хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана гэж, 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан.
Хариуцагч талаас дээрх хугацааны талаар маргаагүй тул талуудын зарчмын хүрээнд энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
11. Нэхэмжлэгч ******* нь анх 2022 оны 9, 10, 11 дүгээр саруудын илүү цагийн хөлс нэхэмжилж 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /1.х.х-ийн 81-87, 2.х.х-ийн 74-81/
Өөрөөр хэлбэл, өмнөх хугацааны буюу 2022 оны 9, 10, 11 дүгээр саруудын илүү цагийн цалин хөлсийг нэхэмжилснийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хожим буюу 2024 оны 05, 06, 07 дугаар саруудын илүү цагийн цалин хөлсийг нэхэмжлэхэд хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй.
12. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/05948 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...4,496,579 гэснийг 2,921,632 гэж, ...4,268,397 гэснийг 5,843,344 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,891 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР