| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/05326/И |
| Дугаар | 210/МА2025/01330 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01330
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04592 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Барилга хоорондын зайг 5 метр болгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие нь өөрийн гэр бүлийн хамт 2007 оноос Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Хангайн 20 дугаар гудамж тоотод амьдарч байгаа бөгөөд 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч энэхүү газрыг хууль ёсны өмчлөгч болсон. Мөн энэхүү хаяг дээр 2011 онд байшин барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болсон.
Манай хашааны чанх урд талд байрлах Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Хангайн 20 дугаар гудамж ******* тоотыг ******* эзэмшдэг бөгөөд 2023 оны 5 дугаар сараас манай байшингийн яг хажууд нь барилгын ажил эхлүүлсэн. Бид тэр даруйд Сүхбаатар дүүргийн Засаг тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн онцгой байдлын газар гэх мэт төрийн эрх бүхий байгууллагад манай эрхийг зөрчиж, нарны тусгал хааж, барилга барьж байна гэсэн гомдлыг гаргасан.
Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 031/01 дугаартай дүгнэлтээр иргэн *******гийн барьж байгаа хувийн орон сууц, гарааш нь барилгын хана хүртэл 1.12 метр байгаа 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20230421/019 дугаарын тусгай зөвшөөрөлтэй *******-ийн хяналтын хэмжилтийн зургаар тогтоогдсон байна. Энэ нь Хот, Тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг зөрчсөн байна гэж тогтоосон. Гэсэн хэдий ч хариуцагч тал төрийн байгууллагын хууль ёсны шийдвэр, шаардлагыг үл биелүүлж өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөө барьж дуусгасан.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж, мөн зүйлийн 134.2 дахь хэсэгт хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан нь хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигч 2 талынхаа эрхийг хүндэтгэх үүргийг хуульчилсан.
******* нь миний үл хөдлөх эд хөрөнгийн чанх урд үл хөдлөх эд хөрөнгө барьснаар өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг илтэд харшилсан үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. Иймд, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 6.8 дахь хэсэгт Гэр байшин, гэр хоорондын зай 5 метрээс дээш байна гэж заасны дагуу нийцүүлж, барилга хоорондын зайг 5 метр болгохыг хариуцагчид даалгах өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн өөс Хангайн 20 дугаар гудамжны ******* тоотыг худалдан авч хууль ёсны эзэмшигч болсон. Тухайн үед нь арын айл болох Хангайн 20 дугаар гудамж тоотод амьдардаг иргэн *******тай төрсөн ах дүүгийн харилцаатай, зэргэлдээ нийтийн байр түрээслүүлж амьдардаг байсан ба манай ахын байраар газар нь тусгаарлагдана хэмээн зарсан. Тухайн үед би кадастрын зураг, гэрчилгээний хамт газрын хэмжилт хийсний дараа өөс худалдан авсан. Анх худалдаж авахдаа амьдрах зориулалтаар авч байсан боловч эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас ашиглах зориулалтыг нь өөрчилсөн.
2023 оны 5 дугаар сард хуучин 2 давхрыг нурааж 6 сард хамар хашааны айлын зөвшөөрлийг авч хашаанд нь барилгын материалаа буулгаж барилгын ажил эхэлсэн. Тухайн үед *******тай тохиролцох гэсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Мөн иргэн ******* нь өргөдөлдөө нар үзэгдэхгүй гэсэн байна. Хуучин 2 давхар байшинг нураахаас өмнө хоёр байшингийн хоорондын зай нь 60 см байсан. Уг зайг 1м 40 см болгож өөрчилж барилгын барьсан. Бид айлын цонхыг хааж ямар нэг хана, хаалт хашаа босгоогүй, айлын эзэмшлийн газарт 1 см ч ороогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага дээрх барилгын норм дүрмийн 30-01-04-ийн 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасны дагуу барилга хоорондын зайг 15 метр болгох боломжгүй гэж үзэж байна.
Мөн агуулахдаа хүний биед сөрөг нөлөөтэй бодис, барилгын хүнд металл, оохор цемент, элс, шохой зэрэг материал хийгээгүй болно. Барилга хоорондын зайг 5 метр болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******д барилга хоорондын зайг 5 метр болгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаснаар, нэхэмжлэгч нь хамгийн багадаа 5 метр байх ёстой гэж ойлгож, тийм шаардлага тавьсан болох нь тодорхой байна. Тодруулбал, нэхэмжлэгч Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 6.8-д заасан гэр байшин гэдэг нэр томьёог амьдрах зориулалттай сууц гэсэн утгаар ойлгож хэрэглэсэн бөгөөд энэ нь Монгол хэлний их тайлбар толь дахь гэр байшин-г амьдрах орон сууц гэж тайлбарласан тайлбартай нийцэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын аль алины барилга нь амьдрах зориулалттай орон сууц тул уг заалтыг маргаанд хамааралтай гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй.
4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Гал тэсвэршилтийн зэрэг тогтоолгох тухай шинжээч томилуулах тухай хүсэлт, Нарны тусгалын хугацаа, хүрээг тодорхойлуулах тухай шинжээч томилуулах хүсэлтийг тус тус гаргасан. Анхан шатны шүүхээс энэхүү хүсэлтийг хангаагүй болно. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хариуцагч нь шинээр үл хөдлөх хөрөнгө барихдаа манай байрны ертөнцийн зүгээр чанх урд талыг бүхэлд нь хааж тагласан буюу миний өмчлөлийн байрны нарны гэрэлтүүлэг тусах талыг хаасан байдалтай, хариуцагч талаас галын аюул гарвал манай байр бүхэлдээ галд өртөх эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, шаардлагатай чухал нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг гаргахгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, энэ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч нь гэр, байшинд хамаарна гэх агуулгаар тайлбарласан. Нэхэмжлэгч тал маргаан үүсгэсэн учраас хариуцагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй. Гэр, байшинд хамаарах эсэх нь нотлох баримтын хүрээнд тогтоогдох боломжгүй. Шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч галын дүгнэлттэй холбоотой маргааны хүрээнд үзлэг хийсэн. Мөн хуульд заасан хөндлөнгийн гэрчийг байлцуулсан, фото зураг болон тэмдэглэлийг нотлох баримтаар бэхжүүлсэн. Үзлэгийн баримт нь хавтаст хэрэгт авагдсан учраас шүүх барилга хоорондын зайг заавал шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагагүй гэж дүгнэсэн. Илт хууль бус буюу 01 дугаартай галын байцаагчийн дүгнэлтээр барилга, хоорондын зай тодорхой харагдана. Уг хэрэгт заавал шинжээч томилуулах шаардлага байхгүй. Барилга нь анхнаасаа цонх хааж баригдаагүй. Хариуцагч нь өөрийн өмчлөлийн газрыг ашиглаж барилга барьсан учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан барилга хоорондын зайг 5 метр болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
3. Нэхэмжлэгч талаас, хариуцагчийн өөрийн газар дээр барьсан агуулахын зориулалттай барилгын галын тэсвэршилтийн зэргийг тогтоолгох, хариуцагчийн барилгын сүүдэрлэлтээс шалтгаалан өөрийн барилгын нарны тусгалын хугацаа, хүрээг тодорхойлуулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/19263 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Хөрш залгаа эд хөрөнгийн нөлөөлөл байгаа эсэх, нөлөөллийн хүрээ хэмжээ хязгаарыг тогтоолгох нь маргаанд хамааралтай байна.
Иймд нэхэмжлэгчийн уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг шаардагдаж байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.
4. Мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн ...шинжээч томилуулах эрхийг зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарч байна.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ