Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 00021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол гараагүй, иргэдээр батлуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг сонгох хуралдааныг дахин явуулахыг Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах”;

 Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад  холбогдох   “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг томилж, батламжлах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн 5.Доржийн Отгонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0017/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Энхцэцэг, түүний өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Дамдинсүрэн, хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн, гуравдагч этгээд Д.Отгонжаргал, гэрч Ч.Нямдаваа, Н.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хуралд багийн Засаг даргад нэр дэвшсэн бөгөөд уг хуралдаанд дараах хууль зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Үүнд:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлаагүй. Учир нь тухайн нэр дэвшигчээс хуульд заасан материалыг бүрдүүлэн өгсөн байх шаардлагатай бөгөөд шинээр сонгогдсон Хурлын дарга авч иргэдэд танилцуулж, хуульд заасан багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нягтлах ёстой байдаг. Гэтэл энэ ажиллагааг хийлгүйгээр санал хураалт явуулсан. Өрсөлдөгч болон миний материалыг хурааж аваагүй. Минийх гэхэд л надад байгаа юм.

2. Хуралд нийт 271 иргэн бүртгэлд хамрагдаж бүртгүүлсэн ба иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Уранчимэг хуралдааныг нээхдээ бүртгэлийг танилцуулахад 271 иргэн орсон байна хаалгаа хааж баръя гэсэн үүрэг өгсөн. Хурал эхэлж иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан. Нийт 271 иргэнээс 245 хүн иргэдийн Нийтийн Хурлын даргад санал өгсөн ба багийн Засаг даргын санал хураалт явагдахад Д.Отгонжаргалд 132 иргэн санал өгч, М.Энхцэцэг надад 90 иргэн санал өгсөн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар 50-иас дээш хувийн санал аваагүйг харуулж байна.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.11 дэх хэсэгт зааснаар Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэж заасан хуулийн шаардлагыг хангуулалгүйгээр хурлыг зохион байгуулсан. Мөн хуулийн 25.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батлуулах ёстой хуулийн заалтыг зөрчиж уг ажиллагааг хийгээгүй.

4. Тооллогын комиссын даргаар С.Баттулга ажилласан ба С.Баттулга нь хувь гаргахдаа илт хуурамчаар хувь гаргасан. Уг хурлын үеэр хүний иргэний цахим үнэмлэхээр өөр хүн хуралд орж байсныг таслан зогсоосон бөгөөд иргэний үнэмлэх нь надад байгаа. Бүртгэл хийхдээ гадаад паспортаар бүртгэл явуулсан гэх мэт зөрчлүүд гарсан. 

Ийнхүү Зэст багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны үйл ажиллагааг хууль зөрчин явуулж, Зэст багийн Засаг даргаар Доржийн Отгонжаргалын нэрийг багийн Засаг даргад томилуулахаар санал болгосон. Үүнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг түр томилж, батламжлах тухай” захирамжаар томилж, батламжилсан нь үндэслэлгүй юм. Энэ нь миний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчөөд зогсохгүй сонгогч иргэдийн сонгох эрхийг давхар зөрчсөн үйл ажиллагаа боллоо”[1]

“...Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн болон нэмэгдүүлсэн байдлаар тодруулбал: Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг томилж, батламжлах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн 5. Доржийн Отгонжаргалыг Зэст багийн Засаг даргаар томилж, батламжилсан хэсгийг тус тус хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол гаргаагүй, хуралд оролцсон иргэдээр батлуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын Засаг даргыг сонгох хуралдааны үйл ажиллагааг дахин явуулахыг Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж өгнө үү”[2]

“Би өмнө нь Зэст багийн Засаг даргаар ажиллаж байсан. Багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэр дэвшигч Д.Отгонжаргал иргэдийг хуралдаанд орж ирээд суусан байхад сурталчилгааны материал тарааж байсан. Би материал тараагаагүй. Мөн хуралдаанд тухайн багт оршин суугч иргэд оролцох ёстой байхад өөр харъяалалтай 11 иргэн орсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасныг зөрчиж байна. Хурлын тэмдэглэл гээд 2-3 хуудас тэмдэглэл байдаг. Хурлын бүх процессийг тэмдэглэхийн тулд нарийн бичгийн дарга сонгодог. Гэтэл тухайн Хурлын нарийн бичгийн дарга томилсон мөртлөө багийн Нийгмийн ажилтнаар тэмдэглэл хөтлүүлсэн нь хууль бус болсон. Ц.Дамдинсүрэн гуай хурлаа удирдахдаа нэр дэвшигчийг танилцуулаад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан бичиг баримтыг авах ёстой. Тэгэхэд эдгээр баримт бичгийг аваагүй. Энэ заалтыг хангасан хүн нэр дэвших ёстой. Хурлыг хамгийн сүүлд хаахдаа ерөөл хэлээд хаасан. Гэтэл тогтоолын төслийг уншиж батлуулах ёстой байсан, батлаагүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1-т заасныг илт зөрчиж байна. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт нэр дэвшигчдийн материал бүрэн очиж байж, багийн Засаг даргыг томилох асуудлыг шийдвэрлэх ёстой. Хурлын материал дутуу байвал буцаах ёстой. Гэтэл дутуу материал хүлээн авч багийн Засаг даргыг томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанаар он, сар андуурсан гээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай нотлох баримт болоод байна. Иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэд өөрсдөө удирдлагаа сонгож байгаа хэлбэр, сонгууль биш юм. Гэхдээ хуралдаан нь хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой. Хурлаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хууль  зөрчсөн нь харагддаг. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хурал болсон боловч 2017 оны 05 дугаар сарын 22-ны  өдөр тогтоолыг гаргасан. Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах шаардлагыг биелүүлээгүй байна. Захиргааны акт гаргахын тулд бодит үндэслэл дээр тулгуурлсан байх ёстой. Хурлын дарга тогтоолын төслийг уншихдаа он, сарыг уншаагүй гэж ярьж байгаа боловч тэр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсонгүй, би танилцуулсан гэдэг мөртлөө Тооллогын комиссын тогтоолын дараа шууд ерөөлийн үг хэлээд хурлаа хааж байна. Хариуцагчийн тайлбар хоорондоо бүгд зөрүүтэй байна. Тэмдэглэлд тогтоолыг баталсан талаар байдаггүй. Захиргааны актыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1-д зааснаар батлуулаагүй тул хууль зөрчсөн байна. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хурал болсон боловч 2017оны 05 дугаар сарын 22-ны өдөр тогтоолоо нөхөж гаргасан байна гэж харлаа. Засах ажиллагаа ингэж хийсэн байна гэж харахаар байна. Хурлаас тогтоол гаргаагүй байгаа нь хууль бус байна. Тийм учраас үүнийг тогтоолгох шаардлага гаргаж байна. Үүнийг дагаад Б/09 дугаартай захирамж хүчингүй болох ёстой. Иргэдийн саналыг зохион байгуулалтаар хангаж чадалгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс дахин хурал явуулах нь зүйтэй байна гэж үзэж байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.3.13-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна” гэв.

            Хариуцагч Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Дамдинсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маналжав овогтой Энхцэцэг нь Зэст багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулиар багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөж, багийн хуралд ирсэн 222 иргэдийн саналаар Дорж овогтой Отгонжаргал 132 хүний санал авч 55.3 хувийн сонгогчдын саналаар ялж, Маналжав овогтой Энхцэцэг нь 90 хүний санал авч 44.7 хувиар ялагдсан. Д.Отгонжаргалаас бүрдүүлсэн байх ёстой шүүхийн ял шийтгэлгүй, өр зээл, төлбөргүй гэсэн бүх бичиг баримтыг бүрэн бүрдүүлж өгсөн ба уг материал нь Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын материал дотор бүрэн байгаа. Харин багийн Засаг даргаар өрсөлдөхөөр нэр дэвшсэн М.Энхцэцэг 26.6-д заасан материалаа өгөөгүй. Д.Отгонжаргал нь багийн Засаг даргын сонгуульд оролцсон нийт иргэдийн санал хураалтаар 132 хүний санал авч сонгогчдын 55.3 хувь авсныг үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргажээ. Д.Отгонжаргалыг олонхийн санал хураалтаар багийн Засаг даргад баталсан. Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 6 дугаар сургуулийн Биеийн тамирын зааланд 10.00 цагаас эхэлж, 15 цаг 30 минутад дууссан юм. Иргэд саналаа өгөөд зарим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажилтай иргэн гэх мэт хүмүүс иргэний үүргээ ухамсарлан саналаа өгөөд явсан бөгөөд 76 орчим иргэд үлдэж уг тогтоолыг баталсан. Энэ нь хуралд ирсэн өрхийн гуравны нэг байж баталсан тул хууль зөрчөөгүй явагдсан болно”[3]

“Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гарсан 09 тоот тогтоолыг мөрдлөгө болгон 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан болно. ...Энэ өдөр гарсан иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, Тооллогын комиссын тогтоолууд гарсаныг хуралд оролцсон нийт иргэдээр батлуулсан тэмдэглэл байгаа тул 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан болохыг баталж байна. Миний бие энэ өдрийн Хурлаас багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар шинээр сонгогдсон юм. Өөрийн санамсар болгоомжгүйн улмаас тухайн хурлын 04 тоот тогтоолын сарыг андуурч 05 сар гэж алдаа гаргаснаа гэмшиж албан ёсоор уучлал хүсч байна. Зэст багийн Засаг даргад Д.Отгонжаргал, М.Энхцэцэг нар нэр дэвшиж хуралд ирсэн 222 иргэний нууц саналаар Д.Отгонжаргал 132 хүний санал буюу 55.3 хувь, М.Энхцэцэг 90 хүний санал буюу 44.7 хувийн санал авч Д.Отгонжаргал 42 хүний саналаар ялалт байгуулсан юм. Ийм учраас Д.Отгонжаргалыг багийн Засаг дарга болсоныг баталгаажуулахаар сумын Засаг даргад уламжлах тухай Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг иргэдээр батлуулсан болно. Энэ тухай Хурлын тэмдэглэлд байгаа болно. Иймд нэхэмжлэгч М.Энхцэцэгийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэх тухай шаардлага, хүсэлтийг  үндэслэлгүй гэж үзэж байгаа болно”[4]

 “Би 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар даргаар сонгогдсон. Ингээд хуралдааныг удирдан явуулсан. Бүх материал ирсэн үү? гэхэд М.Энхцэцэг өгөөгүй, Д.Отгонжаргал өгсөн байсан. 222 хүн санал өгсөн бөгөөд 132 хүн Д.Отгонжаргалд санал өгсөн байна. Санал хураалтын дүнгээр Д.Отгонжаргал 55.3 хувиар яллаа гэсэн. Тооллогын комисс тогтоол гаргасан. Тогтоолыг хамгийн сүүлд батлуулахад 70 гаран хүн байсан. Хурал амжилттай боллоо та бүхэнд эрүүл энх сайн бүхнийг хүсье гээд хуралдааныг хаасан. Санал өгсөн бүх иргэдийн 50 хувиар та батлуулсангүй гэсэн зүйлийг М.Энхцэцэг ярьж байсан. Хурлын нарийн бичгийн даргаар Ганхуяг, Баасанхүү гэх хүн томилогдсон. Энэ хоёр нарийн бичгийн даргатай хамт тогтоолыг тэр өдөрт нь Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэхийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэж бичсэн нь миний алдаа болсон. Түүнд бол уучлалт хүсэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

“Хариуцагч Баян-Өндөр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын 21 багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Уг хурлаас иргэдийн олонхийн саналаар сонгогдсон иргэнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг баримтлан тухайн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргаж, томилуулах санал ирүүлсний дагуу 5 өдөрт багтаан сумын Засаг даргын захирамж гарган томилж батламжилсан. Уг захирамжид багуудын Засаг дарга нарыг Авилгатай тэмцэх газрын мэдэгдэл ирэх хүртэл хугацаагаар түр томилсон. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10, Б/11 дугаартай захирамжууд нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна”[5] гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 дугаартай тогтоолыг үндэслээд Баян-Өндөр сумын Засаг даргын захирамж гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл байгаагүй. Хурлын тэмдэглэл хөтөлсөн Оюунчимэг нь өөрөө тэмдэглэлийг хэрхэн хөтлөх талаар сайн мэддэг хүн байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Захиргааны хэргийн шүүхээс хүсэлт гаргасны дагуу би Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны материалыг акт үйлдэж хүлээж авсан. Хурлын материал дутуу, нөхөж хийсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч төрийн албан хаагчийг санаатай гүтгэж, нэр хүндийг унагаах гэсэн байдлыг гаргаж байна. Баян-Өндөр сумын Засаг даргын Б/09 дугаартай захирамжийн төслийг би бэлтгэж, батлуулсан. Захирамжийг гаргахдаа багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын он, сарыг харахгүйгээр тогтоол, нэрийг тулгаж харсан. Нийт 21 багийн Засаг дарга нарыг томилохдоо Баянбулаг багийн Засаг даргыг томилохгүйгээр үлдээж, бусад багийн Засаг дарга нарыг Б/10, Б/09 тоот захирамжуудаар томилсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

            Гуравдагч этгээд Д.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Миний бие Дорж овогтой Отгонжаргал нь ...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох хуралд багийн Засаг даргад нэр дэвшсэн бөгөөд уг хуралдаан хууль журмын дагуу явагдсан. Иргэн Маналжав овогтой Энхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Миний зүгээс хуралд бүрдүүлэн өгөх ёстой баримт бичгийг бүрэн бүрдүүлж өгсөн. Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулиар багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөж, хуралд ирсэн 222 иргэдийн саналаас 132 хүний санал авч 55.3 хувь сонгогчдын саналаар ялж, М.Энхцэцэг нь 90 хүний санал авч, 44.7 хувийн саналаар ялагдсан. Д.Отгонжаргал миний бие олонхийн саналаар багийн Засаг даргад баталсан Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хурлын явц эмх цэгцтэй тайван явагдсан. Иргэд саналаа өгөөд зарим ахмад настан болон бие муутай иргэн, ажилтай иргэн гэх мэт хүмүүс иргэний үүргээ ухамсарлан саналаа өгөөд явсан бөгөөд 80-аад иргэн үлдэж, 04 дугаартай тогтоолыг баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтын дагуу хүчин төгөлдөр болно”[6]

            “...Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Дамдинсүрэн нь өөрийн санамсар болгоомжгүйн улмаас Хурлын тогтоолын 04 тоот тогтоолын сарыг андуурч 05 сар гэж алдаа гаргасан байна. ...Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг иргэдээр гар өргөн батлуулаад Баян-Өндөр сумын Засаг даргад баталгаажуулахаар өргөн барьсан. ...Миний бие өөрийн танилцуулгыг багийн иргэдийн Нийтийн Хурал эхлэхээс өмнө иргэдэд тараасан нь үнэн бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэр дэвшигч өөрийн танилцуулгыг тараахад хориглосон зүйл байхгүй болно”[7]

“Би Хурал эхлэхээс өмнө танилцуулгаа тараасан. Хуралдаан дээр нэр дэвшигч нар өөрсдийгөө танилцуулаад санал хураалт явагдсан. Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 дугаартай тогтоол батлуулах гэхэд 80 гаран хүн үлдэж, батлахад оролцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч санал хураалтанд оролцсон 200 гаран хүн бүгд гараа өргөж батлах естой байсан гэсэн зүйлийг ярьж байсан”гэв.

Гэрч Ч.Нямдаваа шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Д.Отгонжаргалын танилцуулгыг зааланд тарааж байсан. Би саналаа өгөөд гарсан. Саналаа өгсөн нь гарч болно гэсэн. Хурлын санал хураалтын дүнг сүүлд нь мэдсэн” гэв.

Гэрч Н.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Д.Отгонжаргалын сурталчилгааны материалыг хуралд сууж байхдаа авсан. Нэг хүн тарааж байсан. Би саналаа өгчөөд явсан. Буцаж ороогүй. Намайг байхад тогтоолын төсөл уншиж танилцуулаагүй” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Энхцэцэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг түр томилж, батламжлах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн 5. Доржийн Отгонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол гараагүй, иргэдээр батлуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Зэст багийн  иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг сонгох хуралдааныг дахин явуулахыг Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, уг хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг багийн иргэдээр хэлэлцэж, тус багийн Засаг даргад Д.Отгонжаргал, М.Энхцэцэг нарын нэрийг дэвшүүлж,  хуралдаанд оролцсон нийт 222 иргэнээс нууцаар санал хураахад Д.Отгонжаргалыг 132 иргэн, М.Энхцэцэгийг 90 иргэн багийн Засаг даргад нэрийг дэвшүүлэхээр саналаа өгсөн болох нь хуралдааны тэмдэглэл, Тооллогын комиссын 04 дугаартай тогтоолоор тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс “Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд нийт 271 иргэн бүртгэлд хамрагдаж бүртгүүлсэн тул Д.Отгонжаргалд 132 иргэн санал өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар 50-иас дээш хувийн санал аваагүй” гэж тайлбарлажээ. Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хураахад 222 иргэн оролцсон байх тул тухайн асуудлыг хэлэлцэх үед санал өгсөн иргэдээс саналыг тоолсон нь зөв байна.

Орхон аймгийн Статистикийн хэлтсийн 2017 оны  08 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай албан бичгээр ирүүлсэн статистикийн мэдээллээр Зэст баг нь 2016 оны жилийн эцсийн байдлаар 1325 өрхтэй байсан байх тул тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх санал хураалтад 222 иргэн оролцсон нь Монгол Улсын засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 /Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд...аймгийн сумын төвийн багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно/-т зааснаар хуралдааны ирц хүчинтэйд тооцогдоно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх заалт нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хамаарахгүй ба Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг нь нутаг дэвсгэрийн харъяаллын хувьд аймгийн төвийн сумын багт хамаардаг учраас багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцох шаардлага тавигдахгүй болно.

Нэхэмжлэгчээс “Өөр багийн хаягтай 11 хүн санал өгсөн” гэж тайлбарлаж байгаа ч  өөр багийн харъяалалтай  ямар хүн санал өгсөн талаар нэхэмжлэлд тусгаагүй, энэ нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 132 иргэн буюу 55.3 хувийн саналаар Д.Отгонжаргалыг тус багийн Засаг даргад нэр дэвшигчээр сонгосон тул тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг гаргаж, Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлжээ. Ийнхүү багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар санал болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 /Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална/-т зааснаар Зэст багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаараа 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг гаргасан байна. Хуралдаанд оролцсон иргэдийн 132 буюу 55.3 хувь нь багийн Засаг даргаар Д.Отгонжаргалыг томилуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад санал болгохоор нууц санал хураалтаар шийдвэрлэсэн байх тул Хурлын тогтоолыг хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар  баталсан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Хурлын тогтоолыг багийн иргэдээр батлуулаагүй гэж үзэх үндэслэлгүй ба багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар Хурлын дарга тогтоолыг бичгээр үйлдэж, гарын үсгээ зурж, ёсчилсон байх тул Хурлын тогтоолыг дахин иргэдээр гар өргөж батлуулаагүй гэж буруутган тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гарсан гэж үзэж, нэхэмжлэгчээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол гараагүй, иргэдээр батлуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж, уг хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуралдааны тэмдэглэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02 дугаартай тогтоол, Тооллогын комиссын тогтоолуудаар нотлогдож байна.

Хариуцагч Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Дамдинсүрэн нь Хурлын 04 дугаартай тогтоолын огноог бичихдээ ““04” сарыг андуурч “05”” гэж бичсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү техникийн алдааг үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Зэст багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байгаа тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 04 дугаартай тогтоол гараагүй, иргэдээр батлуулаагүй гэж үзэхээргүй байна.

Иймд Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй тул Зэст багийн  иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг дахин явуулахыг Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчийн “Д.Отгонжаргал нь хуралдаан дээр сурталчилгааны материал тарааж хууль зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багийн иргэд багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгааг сонгууль гэж үзэхгүй бөгөөд хуулиар танилцуулга бүхий сурталчилгааны материал тараахыг хориглосон зүйл байхгүй байна. Багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн иргэн нь өөрийгөө танилцуулах эрх нээлттэй байна.

Нэхэмжлэгчийн “Хурлын нарийн бичгийн дарга томилогдсон байхад багийн нийгмийн ажилтнаар тэмдэглэл хөтлүүлсэн нь буруу” гэх үндэслэлийн тухайд:   Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл нь тухайн хуралдааны үйл явцын талаар мэдээлэл өгөх баримт бичиг бөгөөд үүнийг заавал иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга хөтлөх талаар хуульд тусгайлан заагаагүй учраас үүнийг багийн нийгмийн ажилтнаар хөтлүүлснийг буруутгах үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгчийн “Багийн Засаг даргад нэр дэвшигч нарын материалыг хуралдаан дээр аваагүй” гэх үндэслэлийн тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багийн Засаг даргад иргэн өөрийн нэрийг болон бусад иргэний нэрийг дэвшүүлэх эрхтэй бөгөөд хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор заажээ. Тийм учраас багийн Засаг даргад иргэдийг нэр дэвшүүлэх талаар урьдчилан мэдэх боломжгүй үед хуралдаан дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан бичиг баримтыг шаардах боломжгүй юм.

Багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн иргэн олонхийн санал авсан тохиолдолд багийн Засаг даргад нэр дэвшигч гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх ба тухайн нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахдаа уг шаардлагыг хангасан эсэхийг томилох эрх бүхий албан тушаалтан нягтлан шалгана гэж ойлгох нь зүйтэй. Тийм учраас багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан дээр багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн иргэдийн бичиг баримтыг аваагүй гэж буруутгах үндэслэл байхгүй болно.

Хоёр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус багийн Засаг даргад Д.Отгонжаргалыг нэр дэвшүүлсэн 2017 оны 04 дугаартай тогтоол болон багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжаар Д.Отгонжаргалыг Зэст багийн Засаг даргаар томилжээ. Хуулийн дагуу явагдсан саналын дүнг үндэслэн Д.Отгонжаргалыг Зэст багийн Засаг даргаар томилсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамж нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч М.Энхцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.Энхцэцэгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг түр томилж, батламжлах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн 5. Доржийн Отгонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол гараагүй, иргэдээр батлуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг сонгох хуралдааныг дахин явуулахыг Зэст багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан М.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ

 

 


[1] Хэргийн 1-2 дугаар хуудас: Нэхэмжлэгч М.Энхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл

[2] Хэргийн 75-76 дугаар хуудас: Нэхэмжлэгч М.Энхцэцэгийн нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлага

[3] Хэргийн 24 дүгээр хуудас: Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Дамдинсүрэнгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар

[4] Хэргийн 87-88 дугаар хуудас: Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Дамдинсүрэнгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар

 

[5] Хэргийн 25 дугаар хуудас: Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар

[6] Хэргийн 27-28 дугаар хуудас: Гуравдагч этгээд Д.Отгонжаргалын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар

[7] Хэргийн 91-92 дугаар хуудас: Гуравдагч этгээд Д.Отгонжаргалын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар