Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2019/0643/З |
Дугаар | 221/МА2020/0195 |
Огноо | 2020-03-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2020/0195
“Дг” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 818 дугаар шийдвэртэй, “Дг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 818 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасныг баримтлан “Дг” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрийн “Дг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З давж заалдах гомдолдоо: “… Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг авч үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Ийнхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд ашигт малтмалын ээлжит төлбөрийг алдангийн хамт төлөөгүй дараах аж ахуй нэгжүүдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсугай гэжээ.
Энэхүү шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээс дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй хэмээн тайлбарлан дүгнэсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 гэсэн зохицуулалтын агуулгыг авч үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн нарийвчилсан зохицуулалт байна. Харин тус зохицуулалтад тусгай зөвшөөрлийн төлбөрийг, алдангийн хамт төлж барагдуулах талаар үүрэг болгоогүй, мөн алдангий тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хэмээх ойлголтод хамаарна гэсэн хуулийг үг өгүүлбэр байхгүй, мөн алдангийн хамт хэмээн хуулинд тусгаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн /1997 он/-ийн 47 дугаар зүйлд лицензийг цуцлах үндэслэлийг тусгасан бөгөөд 47.2.2-т “лиценз эзэмшигч энэ хуулийн 24 дүгээр зүйлийн дагуу төлбөл зохих лицензийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд лицензийн төлбөр, алданги төлөөгүй” гэж тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлөх гэсэн ойлголтод алданги болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг хамтад нь ойлгохоор хуульчилсан байсан.
Хуулийн дээрх зохицуулалтад тусгагдсан төлбөр хэмээх ойлголтыг бусад хууль тогтоомжид хэрхэн ойлгохоор тусгасан, үүнд алданги хамт хамаарах эсэхийг авч үзвэл:
Төлбөр хэмээх ойлголтыг Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д тайлбарласан бөгөөд үүнд алдангийг төлбөрт тооцно гэж зохицуулаагүй байна. Үүнээс авч үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөр гэх ойлголтод алданги хамаарна гэж тайлбарлах боломжгүй юм. Гэтэл шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэдэгт алдангийг хамруулан авч үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.9-д нөхөн төлбөр мөн алдангийг хамт төлөөгүй бол цуцална гэж зохицуулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд төлбөр хэмээх ойлголтод алдангийг хамааруулахгүй болохыг энэхүү хуулийн зохицуулалт илэрхийлж байна.
Мөн анхан шатны шүүхээс “тусгай зөвшөөрлийн алдангийг хууль зүйн хариуцлага гэж үзэхгүй” хэмээн тайлбарласан. Алданги хэмээх ойлголтыг хууль тогтоомжид хэрхэн тодорхойлсон байгаа талаар дурдав.
Дээрх хуулийн зохицуулалтаас авч үзвэл алданги нь тодорхой хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлэхийг үүрэг болгосон, хэрэв энэхүү хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоногт төлөгдөөгүй төлбөрөөс тодорхой хувиар тооцон хариуцлага хүлээлгэж буй хариуцлагын зохицуулалт байна. Нөгөө талаар төлбөр төлөх үүрэг хүлээсэн субъектийн хувьд төлбөрийг хугацаанд нь биелүүлэх эсэх, хугацаа хэтрүүлэн алданги төлөх эсэх нь түүнээс хамаарах юм. Өөрөөр хэлбэл хугацаандаа үүргээ биелүүлээгүй 3 хоног хэтэрсэн тохиолдол энэ хугацааны алдангийг төлж барагдуулах үүрэг хүлээнэ. Гэтэл шүүхээс тусгай зөвшөөрлийн алдангийг хууль зүйн хариуцлагын зохицуулалт биш гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Учир нь хууль зүйн техникийн хувьд хуулиудад буй ижил үгийг нэг утгаар ойлгож, хуулийг нэг мөр ойлгох нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын мөнгөн гүйлгээний журналын бичилт болох “Хаан банк”-ын шилжүүлгийн мэдээллээс авч үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь МҮ-016792 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөр төлөх хугацаа дууссан буюу 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш даруй 1 сарын дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрт 16,116,000 төгрөгийг Төрийн сангийн 100300000752 тоот “Ашигт малтмал, газрын тосны газар, үйлчилгээний орлого” дансанд төлсөн болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн /тусгай зөвшөөрлийн төлбөрийг 30 хоногоор хожимдуулж төлсөн/ Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх” үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ” гэж хэмээн тайлбарласан байна. Гэсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан 30 хоногийн боломж олгосон хугацаанд багтсан, Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 207 дугаар шийдвэр гарах үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг ашигт малтмалын газрын дансанд төлсөн байдаг.
Мөн тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн дансанд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн интернет банкны гүйлгээгээр алданги 1,451,00 төгрөгийг шилжүүлсэн. Харин тус гүйлгээ нь биднээс үл шалтгаалах нөхцлийн улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын дансанд шилжин ороогүй байна. Учир нь өмнө шилжүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр бол шилжин орсон байдаг билээ. З.Ундрам захирал ухаалаг мэдээ үйлчилгээ аваагүй улмаас данснаас алдангийн төлбөр гараагүй болохыг мэдээгүй.
Иймээс бид тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлсөн, алдангийн төлбөрийг тус дансанд шилжүүлсэн боловч амжилтгүй гүйлгээ хийгдэж, мөнгө тус газрын дансанд ороогүй байгаа нөхцөл нь маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэлийг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд ийнхүү манай компанийг алданги төлөөгүй шалтгааныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулахыг үндсэн зарчим болгосон бөгөөд хуульд заасан хариуцлагын зохицуулалт болох алдангийг төлж барагдуулаагүйн төлөө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх үеэс эхлэн тухайн газарт хийсэн манай компанийн хөрөнгө оруулалтыг үл хайхран ийнхүү шийдвэр гаргаж буй нь Үндсэн хуулийн “хүмүүнлэг” байх зарчимд нийцэхгүй.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдааныг нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтээр урьд нь удаа дараа хойшилсон бөгөөд энэ удаагийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “өвчтэй” шалтгаанаар, хариуцагчийн төлөөлөгчөөс “гачигдал гарсан” шалтгаанаар хойшлуулах хүсэлт тус тус гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтууд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Дг” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр “Дг” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-016792 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс "Ашигт малтмалын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 34.2-т заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, төлбөрийг 30 хоногоор хожимдуулж төлсөн, хаягтаа байгаагүй нь хариуцагчийг буруутгахгүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа биш” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зарим баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 165 дугаар шийдвэрээр “Дг” ХХК-д Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Бор-Өндөр-Өвөр хоолой гэх нэртэй газарт 740.96 гектар талбайг 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2041 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар МV-016792 дугаар ашиглах тусгай зөвшөөрөл олгожээ.
Нэхэмжлэгч “Дг” ХХК нь ашиглалтын МV-016792 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг хадгалахын тулд “2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр”-өөс өмнө уг тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй атал үүргээ хугацаанд нь биелүүлэлгүй, хугацаа хэтрүүлж 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр,
34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар,
34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар,
56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй боловч хугацаанд нь төлбөр төлөөгүйтэй холбоотой зохицуулалт мөн хуулийн 34.6, 34.7-д зохицуулсан байхад анхан шатны шүүх хугацаа хэтрүүлж төлсөн байдлыг буруу үнэлж, уг асуудлыг зохицуулсан хуулийн эдгээр заалтыг хэрэглээгүй байна.
Уг хуулийн зохицуулалтаар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бол 30 хоногийн дотор төлөх боломжийг олгосон, харин энэ хугацаанаас хэтрүүлбэл тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.
Нэхэмжлэгч нь 30 хоног хугацаа хэтрүүлэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн буюу хуульд заасан боломжит хугацааны дотор үүргийг биелүүлсэн байх тул хариуцагч нь тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” шалтгаанаар цуцлах үндэслэлгүй.
Уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7–д заасан зохицуулалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулахад шаардагддаг хөрөнгө оруулалт, зардал, цаг хугацаа зэрэг холбогдох хүчин зүйлсийг харгалзан хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бол шууд цуцлах биш, харин хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор төлөх боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгожээ.
Нөгөө талаас Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д зааснаар аливаа анз буюу “алданги” нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга байдаг бөгөөд дээрх хуулийн зорилго нь тусгай зөвшөөрлийн төлбөр /хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор/ төлөх үүргийг гүйцэтгүүлэхэд оршино.
Хариуцагч нь “30 хоногийн дотор төлбөрөө алдангийн хамт төлөх ёстой байсан алданги төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн” гэх боловч хуулиар алдангийг заавал ээлжит жилийн төлбөр төлөхдөө хамт төлөхөөр зохицуулаагүй, хуульд заасан 30 хоногийн дотор төлбөр төлөх үндсэн үүрэг гүйцэтгэгдэж, хуулийн зорилго хангагдсан байхад тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэхгүй.
Хугацаа хэтрүүлсний хариуцлагад алданги төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, алданги төлөөгүй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага шаардах эрхтэй бөгөөд харин алданги төлөөгүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй.
Иймд маргаан бүхий акт дээр дурдсан үндэслэлээр хууль бус болох нь тогтоогдсон, үүний улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.