| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 110/2025/0008/З |
| Дугаар | 001/ХТ2025/0118 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2025/0118
Төрийн албаны зөвлөлийн
нэхэмжлэлтэй, Н.Е, Т.Д нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0047 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0612 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Н.Е-ы өмгөөлөгч С.Н, хамтран хариуцагч Т.Д-ийн өмгөөлөгч Х.Б нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2025/0529 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэл байгаа эсэхийг хамтран хариуцагч Т.Д, түүний өмгөөлөгч Х.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Төрийн албаны зөвлөл нь *** аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е, Т.Д нарт холбогдуулан “төрд учруулсан хохирол 20,000,000 төгрөг гаргуулах”нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.*** аймгийн *** сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар М.Х-ыг *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлснийг М.Х эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.
2.2.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор Засаг даргын 2021 оны Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Х-ыг өмнө ажиллаж байсан *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус сумын Засаг дарга (Н.Е)-д даалгаж, тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/753 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
2.3.М.Х нь *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 93 дугаар тогтоолыг биелүүлэхийг болон М.Х-ыг *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 19,867,410 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШЗ2021/0414 дүгээр захирамжаар “... үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагаас урьдчилан шийдвэрлэгдэж хангагдсан, нэхэмжлэгчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрх нь сэргээгдсэн байх тул хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс давхар сэргээх, хамгаалах хууль зүйн үндэслэлгүй ...” гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.
2.4.Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/505 дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн *** аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М-д, тус Салбар зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг *** аймгийн *** сумын Засаг даргын орлогч Т.Д-т тус тус хүргүүлсний дагуу *** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн *** дүгээр захирамжаар М.Х-ыг өмнө нь ажиллаж байсан *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилжээ.
2.5.М.Х-аас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2022/00629 дүгээр шийдвэрээр *** аймгийн *** сумын Засаг даргаас “өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 29,945,966 төгрөг” гаргуулан М.Х-д олгохоор шийдвэрлэсэн. Тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2022/00087 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2022/01403 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс 9,945,966 төгрөгийг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаалын хавсралтын 109 дэх хэсэгт заасан 20,000,000 төгрөгийг олгох шийдвэрийн дагуу 20,000,000 төгрөгийг тус тус М.Х-д олгосон байна.
2.6.Иймд Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” 02/2321 дүгээр албан бичгийг *** аймгийн *** сумын Засаг дарга Н.Е-д хүргүүлсэн.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Н.Е нь *** аймгийн *** сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга ***-ыг төрийн албанаас чөлөөлснийг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор хүчингүй болгож, тогтоолыг Засаг дарга Н.Е болон тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байхад М.Х-ыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн *** дүгээр захирамжаар өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь томилсон. *** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулах асуудлаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговор олгогдсон. Төрийн албаны зөвлөлөөс Н.Е-нд хууль хэрэгжүүлэх чиглэлээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2321 дүгээр албан бичгийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй. Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 20,000,000 төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулахаар нэхэмжилж байна. Н.Е, Х.Д нарт Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэх боломжтой хугацаа бүрэн байсаар байтал 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагч Н.Е нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... М.Х нь *** аймгийн *** сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга болон Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа өөртөө давуу байдал бий болгож авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг албан тушаалаас нь халах шийтгэл хүлээлгэсэн байхад Төрийн албаны зөвлөлөөс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай тогтоол гаргасан нь хууль бус. Төрийн албаны зөвлөл түүнийг ажилд нь эгүүлэн томилоогүй бол энэхүү нэхэмжилж байгаа мөнгө нь гарахгүй байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажиллуулж байгаа байгууллага хариуцахаар заасан хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д гэм хорыг арилгасан байгууллага гэм буруутай этгээдээс хариуцан арилгасан хохирлын хэмжээгээр биш, харин өөрт учирсан хохирлын хэмжээгээр шаардах эрхтэй байхаар заасан. Нэхэмжлэгч талын тодорхойлсон 20,000,000 төгрөг бол иргэн М.Х-д учирсан хохирол, харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм хорыг хариуцан арилгасан байгууллагад учирсан хохирлын хэмжээ шууд болохгүй. Нэхэмжлэгч төрд учирсан бодит хохирлыг нэхэмжлэх ёстой байхад М.Х-д учирсан хохирлын хэмжээгээр маргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч төрд учруулсан хохирлыг бодитоор тогтоогоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэжээ.
5.Хамтран хариуцагч Т.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... М.Х-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн захирамжийг тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Н.Е гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолын хувийг Засаг дарга Н.Е 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан байдаг. Тухайн үед тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авсан бол маргаан ингэж хугацаа алдахгүй байсан. Хохирлын зарим хэсгийг надаар төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь М.Х-ыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг миний бие гаргаагүй, харин түүнийг өмнө ажиллаж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0047 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Н.Е, Т.Д нараас “Төрд учирсан 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Е-аас 10,000,000 төгрөг, Т.Д-ээс 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
6.1.“... Н.Е болон *** сумын Засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Т.Д нь төрийн албаны төв байгууллагын М.Х-ыг өмнөх албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасан шийдвэрийг нэн даруй биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан эс үйлдэхүйн улмаас М.Х-д учруулсан ажилгүй байсан хугацааны цалин болох 29,945,966 төгрөгийн хохирлын 9,945,966 төгрөгийг *** сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс, үлдсэн 20,000,000 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвөөс тус тус олгосон байна.
6.2.Иймд хариуцагч Н.Е нь М.Х-ыг албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн үйлдлээр, мөн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүртэл буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд түүнийг ажилд томилохоос татгалзсан эс үйлдэхүйгээр, харин хамтран хариуцагч Т.Д нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд М.Х-ыг албан тушаалд нь томилохоос татгалзсан эс үйлдэхүйгээр тус тус гэм буруутай байх тул төрд учирсан хохирол болох нэхэмжлэлд заасан 20,000,000 төгрөгийг адил хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгөөр тус тус хувааж төлүүлэх нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0612 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
8.Хамтран хариуцагч Т.Д, түүний өмгөөлөгч Х.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
8.1“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэлийн талаар: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зохицуулалтаас үзэхэд иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг “уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх”-ээр зохицуулсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтаас өөрөөр тайлбарлан хэрэглэж “эс үйлдэхүй” гаргасан үндэслэлээр төрийн албан хаагчийг чөлөөлсөн шийдвэр гаргаагүй хамтран хариуцагч Т.Д-ээр учирсан хохирлын зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь цаашид ч төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд түгээмэл тохиолдох үйл баримт бөгөөд Улсын дээд шүүх дээрх үйл баримтыг цаашид шүүхийн практикт хэрхэн хянан шийдвэрлэж байх талаар тодорхой үндэслэл бүхий шийдвэр гаргаж, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.
8.2.Шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдийн талаар: Иргэн М.Х-ыг *** сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Энэ захирамжийг тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Н.Е гаргасан. М.Х нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тогтоолоор *** сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгож 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар албан бичгээр тогтоолын хувийг ирүүлснийг Засаг дарга Н.Е бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/62 дугаар албан бичгээр хариу явуулсан байна. Энэхүү үйл ажиллагаанд хамтран хариуцагч Т.Д огт оролцоогүй. Н.Е нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолын биелэлтийг хангах бүрэн боломжтой байсан боловч арга хэмжээ аваагүй. Харин Т.Д албан бичгийг хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар М.Х-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Шүүхүүд дээрх үйл баримт, хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр түүнийг буруутгаж хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэгэнт дээрх хугацаанд анхан болон давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж зохих шийдвэрүүд гарч байсан учир Т.Д-ийг тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ аваагүй гэж буруутгах үндэслэлгүй.
8.3.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зохицуулалтаас үзэхэд нэгдүгээрт; төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон байх ёстой. Т.Д-ийн хувьд М.Х-ыг төрийн албанаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүхээс түүний буруутай үйл ажиллагааг болон эс үйлдэхүй гаргасныг тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй. Хоёрдугаарт; төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ёстой. М.Х-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Т.Д гаргаагүй. Гэтэл түүнийг Засаг даргын орлогчийн хувьд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан гэдгээр буруутай мэтээр дүгнэж төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус байна.
8.4.Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх гол үндэслэл нь тухайн шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэр нь хууль бус байх, хууль бус болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон, тухайн хууль бус шийдвэрийн улмаас бодит хохирол учирсан, хууль бус шийдвэр, учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх харилцан хамаарлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байсан боловч таамаг байдлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй ...
8.5.Иймд давж заалдах шатны шүүхээс Т.Д нь “... Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг мэдэж байсан бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоолыг биелүүлэх үүрэгтэй байтал тогтоолыг хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж буруутгасан нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж Т.Д-ээс төрд учирсан хохирлын тодорхой хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хэсэгчилсэн өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хамтран хариуцагч Т.Д-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.Хяналтын шатны шүүх хамтран хариуцагч Т.Д, түүний өмгөөлөгч Х.Б нарын гомдлыг “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
ХЯНАВАЛ:
10.Хамтран хариуцагч Т.Д, түүний өмгөөлөгч Х.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
11.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг дэх “... уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан ...” гэснийг тайлбарлах нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзлээ.
12.Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу хариуцагч Н.Е-нд холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Д-ийг “хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэсэн үндэслэлээр хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШЗ2025/0171 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.
13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага ... төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тухайн байгууллагад тусгайлан эрх олгосон байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.
14.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 1.3-т “Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ” гэж хэргийн харьяаллыг нэг мөр болгон тайлбарласан. Иймд, хэдийгээр хариуцагч Н.Е, Т.Д нар нь сумын Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн боловч захиргааны албан тушаалтны хувьд гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагааныхаа хувиар уг хэргийн хариуцагчаар татагдсан байна.
15.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан.
16.Дээрх хуулийн “... уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан ...” гэдэгт төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан шийдвэрийг бичгэн хэлбэрээр гаргасан этгээдээс гадна идэвхгүй эс үйлдэхүйгээрээ хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг арилгахгүй буюу хууль ёсны шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтан мөн хамаарна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүхээс төрийн албан хаагчийг томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон байхад албан хаагчийг ажилд нь эгүүлэн томилохгүй, ажиллах боломжийг олгохгүй байгаа албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйн улмаас төрд хохирол учирсан нь тогтоогдвол тухайн этгээдээс хохирлыг шаардан гаргуулах нь уг хуулийн зорилго, агуулга түүнчлэн, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ.
17.Иймд захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардан гаргуулахад Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгээс гадна тухайн харилцааны нийтлэг зохицуулалт болох Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэснийг хамтатган хэрэглэхээр байна. Уг зохицуулалтын “гэм буруутай этгээд” гэдэгт мөн хууль бус шийдвэр, үйл ажиллагаа буюу үйлдэл, эс үйлдэхүй гаргасан захиргааны байгууллагын албан тушаалтан хамаарна.
18.Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч *** сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Е нь тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Х-ыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар албан тушаалаас нь чөлөөлснийг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тогтоолоор хууль бус гэсэн үндэслэлээр тушаалыг хүчингүй болгож, М.Х-ыг өмнөх албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг үүрэг болгосон. Гэвч хариуцагч Н.Е нь уг тогтоолыг биелүүлэхгүй байсаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Хамтран хариуцагч Т.Д нь Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш 8 сарын дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр М.Х-ыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. М.Х-д 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу 1 жил, 3 сар, 7 хоногийн цалин, хөлс болох 29,945,966 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсвөөс олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
19.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэжээ.
20.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д эшилсэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг нь гэм хорын эрх зүйн нийтлэг зохицуулалт болохын хувьд нийтийн (захиргааны) эрх зүйн хүрээн дэх хохирол гаргуулахтай холбоотой маргаанд мөн хэрэглэгдэнэ.
21.Тухайн тохиолдолд хариуцагч *** сумын Засаг дарга асан Н.Е нь хууль бус шийдвэр гаргаж, нэр бүхий төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн, тухайн шийдвэрийг нь төрийн албаны төв байгууллагаас хүчингүй болгож, албан хаагчийг эгүүлэн томилохыг даалгасаар байтал зориуд санаатай эс үйлдлээр биелүүлээгүй, мөн хамтран хариуцагч Т.Д нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой бөгөөд тус шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй атал биелүүлэлгүй бүтэн 8 сар хууль бус эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчид ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг улсын төсвөөс олгосноор бодит хохирол учирсан, өөрөөр хэлбэл хариуцагч нарын хууль бус үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
22.Иймд шүүхээс хариуцагч Н.Е нь М.Х-ыг албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн үйлдлээр, мөн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд (7 сар орчим) түүнийг ажилд томилохоос татгалзсан эс үйлдэхүйгээр, хамтран хариуцагч Т.Д нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл (8 сар) хугацаанд М.Х-ыг албан тушаалд нь томилохоос татгалзсан эс үйлдэхүйгээр тус тус гэм хор учруулсанд тооцож, төрд учирсан хохирол болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан 20,000,000 төгрөгийг адил хэмжээгээр хувааж, тус бүрээс нь 10,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
23.Дээр дурдсан үндэслэлээр “Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ёстой. М.Х-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Т.Д гаргаагүй байхад түүнийг Засаг даргын орлогчийн хувьд бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан гэдгээр буруутай мэтээр дүгнэж төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус, мөн түүний гэм бурууг тогтоогоогүй” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
24.Хоёр шатны шүүхийн шийдэл зөв боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалт оновчгүй байна. Захиргааны хэргийн шүүх нийтийн эрх зүйн хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг нийтийн эрх зүйн хэм хэмжээний гэм хорын эрх зүйн зохицуулалтыг баримтлах учиртай.
25.Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0047 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0612 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, ...” гэж нэмж, “... Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5” гэснийг хасаж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хамтран хариуцагч Т.Д, түүний өмгөөлөгч Х.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хамтран хариуцагч Т.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ