Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 02

 

                              
                                
Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа даргалж шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Т.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлоор Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарт холбогдох “өмчлөлийн газар болох 214.76 метр квадрат газрыг чөлөөлүүлж, 3 206 570 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Оюунчимэгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1804000163 нэгж талбарын 221000052 дугаар бүхий 1665 м.кв газрын хууль ёсны өмчлөгч билээ. Гэвч хариуцагч нар нь хууль бусаар миний өмчлөлийн газар дээр хашаа, байшин барьж үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсоор байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын Газрын асуудал хариуцсан мэргэжилтний зүгээс 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14/09 тоот мэдэгдэх хуудсаар газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй байна.
    Иймээс миний өмчлөлийн газрын хойд хэсэгт иргэн Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарын 42 м.кв дэлгүүрийн байшин, 215.21 м.кв хашаа байрлаж байгаа хэсэг болох миний өмчлөлийн газартай давхцаж буй 214.76 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү.  
    Б.Оюунчимэгийн өмчлөлийн газрыг Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нар нь хууль бусаар ашиглаж, орлого олж байгаа нь тэднийг үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Тиймээс нэгдүгээрт нэг сарын 100.000 /нэг зуун мянга/ төгрөг буюу Б.Оюунцэцэг Т.Эрдэнэчимэг нарын байгуулсан түрээсийн гэрээний үнийн дүнгээр тооцож 2014 оны 12 сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаа буюу 14 сарын хугацааны нийт 1.400.000 төгрөг /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, хоёрдугаарт Г.Тогооч нар нь миний газар дээр хууль бусаар хашаа байшин барьснаас үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор
     -Улаанбаатараас Бор-Өндөр явсан замын зардал болох 306.570 /гурван зуун зургаан мянга таван зуун дал/ төгрөг,
    -Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч буй зардал гарсан тул тус бодит зардлыг хохиролд тооцон 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн зардал тус тус гарсан байна.
Иймд хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нараас дээр дурдсан нийт 3.206.570 /гурван сая хоёр зуун зургаан мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ. Хариуцагч тал Б.Оюунчимэгтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн газрыг ашиглаж байгаа гэж байна. Гэхдээ энэ газар Б.Оюунчимэгийн өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар байна. Үүнтэй холбогдуулан 2005 оны кадастрын зураглал нь байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэгтэй гэрээ байгуулсан. Харин Б.Оюунчимэгт ерөөсөө хамааралгүй гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 2005 оны албан ёсны кадастрын зураглал байхгүй байна гэж тайлбарлаад байна. Энэ мөн ойлгомжгүй байна. Тухайн газартай холбогдуулан 2005 онд кадастрын зураглал гарсан. Харин шинэчлэн найруулсан кадастрын зураглал нь гараагүй гэсэн тайлбарыг газрын албанаас өгсөн. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гээд байна. Шүүх өөрөө нотлох баримтыг санаачилгаараа цуглуулах үүрэгтэй байдаг. Мөн дээр нь шинжилгээ хийх байгууллагууд заавал нэр зааж томилуулах журам гарсантай холбогдуулан газрын харилцаа хот байгуулалтын газраас Билэгсайхан гэдэг хүнийг шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой гэсэн саналыг гаргасан байгаа. Энэ саналын дагуу манай талаас шинжээчийн дүгнэлт хийлгэе гэсэн албан бичиг явуулсан учраас шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байгаа. Үүнийг үндэслэлгүй гэж үзэх нь буруу юм гэв.  
Хариуцагч Т.Эрдэнэчимэг, Г.Тогооч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Эрдэнэчимэг нь Б.Оюунцэцэгтэй 2014 оны 10 сард харилцан тохиролцож, түүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1804000209 дугаартай 576м2 газар дээр “мах ногооны дэлгүүр” барьж, газар түрээслэх гэрээгээр газрыг түрээслэн худалдаа эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа болно. Т.Эрдэнэчимэг нь тухайн газар дээр түрээсийн үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч юм. Түрээсийн гэрээг Б.Оюунцэцэгтэй 2014 оны 12 сараас эхлэн байгуулж одоог хүртэл худалдаа наймаа эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ба нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн өмчлөлийн газар дээр дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулаагүй болно. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж хүрэлцэн ирэх, шүүхийн дуудсанаар ирэх, нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулж өгөх үүрэгтэй. Түүнтэй холбогдон гарсан зардлаа буюу өөрийнхөө эрх үүрэгтэй холбоотой гарсан зардлаа хариуцах, мөн өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба өмгөөлөгчийн хөлсөө өөрөө төлөх үүрэгтэй, тухайн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хариуцагч нартай ямарч холбоогүй болно.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр тухайн газрыг 2014 оны 10 дугаар сард Б.Оюунцэцэгтэй харилцан тохиролцоод өмчлөх эрхийн Г-1804000209 дугаартай 576 м2 газрыг түрээслэн Т.Эрдэнэчимэг нь 2014 оноос хойш мах ногооны дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь түрээслэгчийн харилцаанд оролцож байгаа юм. Т.Эрдэнэчимэг нь Оюунцэцэгт сар болгон түрээсийн төлбөр 100.000 төгрөгийг төлдөг нь үнэн. Тухайн газрыг Б.Оюунцэцэг нь Б.Оюунчимэгээс 2014 онд худалдан авч байсан ба үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээг 2005 онд авсан байдаг. Т.Эрдэнэчимэг нь Б.Оюунцэцэгтэй харилцан тохиролцож одоог хүртэл мах ногооны дэлгүүр ажиллуулж байгаа. Б.Оюунчимэг нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р хэсэг захын 1-р гудамжны 01 тоот хаягтай 1665 м2 байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2011 оны 01 сарын 12-ны өдөр гарсан байдаг. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ ямар ч кадастрын зураглал байхгүй. Нэхэмжлэгч нарын үзээд байгаа кадастрын зураглал 2005 оны 4 сарын 19-ний өдөр хийсэн зураглал байдаг. Энэ кадастрын зураглалыг харахад ОША-13 байрны Б.Болд гэсэн хүний кадастрын зураг байгаа. Мөн Б.Оюунцэцэгийн 576 м2 ОША-13 байрны кадастрын зураглал давхар хийгдсэн байдаг. Эдгээр кадастрын зураглалыг харахаар ямар нэг цэг тэмдэглэгээ байдаггүй.  Тэгэхээр шинжээч яаж дүгнэлтээ гаргаж байна вэ гэхээр ямар ч цэг тэмдэглэгээ байхгүй газар дээр очоод дурын цэгийг авч тасдаад өгсөн байна. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийн хувьд эргэлзээтэй байна. Хэнтий аймгийн барилга хот байгуулалтын газраас шинжээч Ц.Билэгсайханыг томилуулах хүсэлттэй байна гэсэн бичиг ирсэн байсан. Тэгэхээр энэ хэрэг дээр өөр Төрийн байгууллага оролцож  саналаа өгөөд байна. Хэрэв нотлох баримтыг  хуульд заасан үндэслэлээр цуглуулж бүрдүүлье гэх юм бол Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримтыг бүрдүүлж гаргаж өгдөг журамтай. Мөн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, болон ирж очих унааны зардал 306.570 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр зардал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр хэргийн оролцогч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхүүдтэй холбогдуулан гарсан зардал учраас үндэслэлгүй байна. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь нэхэмжлэгч өмгөөлөгч хоёрын асуудал учраас энэ нь ямар нэг гуравдагч этгээдэд хамааралгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь тухайн гэрээнээс харахад Б.Оюунцэцэгтэй гэрээ байгуулж сар болгон түрээсийн төлбөр төлдөг учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 сарын  13-ны өдрийн 126 дугаартай шийдвэрээр:
    Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн өмчлөлийн 221000052 нэгж талбар, улсын бүртгэлийн Г-1804000163 дугаартай 214.76 метр квадрат газарт хашаа байшин барьсан хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нарт дээрх хашаа байшинг буулгаж газар чөлөөлөхийг даалгаж, хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нараас 1 706 570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар шинжээчийн ажлын хөлс болох 198 320 төгрөгийг хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нараас гаргуулан Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт олгуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 460 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Г.Тогооч, Т.Эрдэнэчимэг нараас 1 706 570 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 42 255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгуулахаар тус тус заан шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга нь давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.
1.    Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот дүгнэлт: 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02/05 тоот албан бичгээр Хэнтий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас кадастрын мэргэжилтэн Ц.Билэгсайханыг шинжээчээр томилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шинжээчээр Ц.Билэгсайхан томилогдсон байна. Аливаа нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан байдаг. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалттай нийцэхгүй байна.
-Дээрх шинжээч нь урьд нь кадастрын зураглалыг 2005 онд гаргаж байсан ба гаргахдаа хуульд зааснаар цэг тэмдэглэгээ байхгүй зураглал үйлдсэн ба Билэгсайханыг шинжээчээр томилсон нь үнэн зөв дүгнэлт гаргах эсэхэд эргэлзэж байна. 2005 онд үйлдэгдсэн зургаас харахад нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн газар нь нугаралтын 13 цэгтэй, Оюунцэцэгийн газарт 4 цэгтэй кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3.1.5. "эргэлтийн цэг" гэж нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг; хэлнэ. Өөрөөр хэлбэл 2005 оны кадастрын зураг дээр зргэлтийн цэг, координатын цэг тэмдэглэгээ байхгүй газар дээр шинжээч яаж хэмжилт хийсэн нь тоддорхойгүй, цэг тэмдэглэгээ байхгүй зураг, газар дээр очоод шинжээч дурын цэгээ аваад маргаж буй газрыг Оюунчимэгийн газар байна гээд зураг үйлдэж байна.
Мөн шинжээчийн дүгнэлтэнд шинжилгээнд ирүүлсэн Б.Оюунчимэг, Б.Оюунцэцэг нарын кадастрын зургийг шинжилж үзэн аймгийн кадастрын сантай тулган үзэхэд уг газар нь мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Мэдээллийн санд байхгүй газрыг буюу хариуцагч Эрдэнэчимэгийн дэлгүүр байрлаж байгаа газрыг нэхэмжлэгч Оюунчимэгийн газар байна гэж дүгнэлт гаргасан нь өөрөө эргэлзээтэй байна.
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг Г-1804000163 тоот 1665м.кв газрын гэрчилгээг 2011 оны 01 сарын 12-ны өдөр гаргуулж авсан байдаг ба яг энэ гэрчилгээний кадастрын зураг хэрэгт ч байхгүй, мөн аймгийн болон Бор-Өндөр сумын газрын мэдээллийн санд кадастрын зураг байхгүй болно.
2.    Нэхэмжлэгчээс 306570 төгрөгийн замын зардал нэхэмжилснийг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлд зааснаар нотлох баримтаа өөрөө цуглуулж, бүрдүүлж өгөх үүрэгтэй, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй, шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх, нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаан оролцох үүрэг хүлээсэн байдаг ба хэргийн оролцогчийн үүрэгтэй холбоотой гарсан зардлыг шүүхээс гаргуулахаар заасан нь үндэслэлгүй байна. ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.2-т нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна.
3.    Хариуцагч Эрдэнэчимэгийн зүгээс урьд нь шүүгчийн захирамжаар буцаагдсан 1, 2-р хавтаст хэргээс нотлох баримт хавсаргах /гаргуулахаар/ хүсэлт өгсөн боловч шүүгч тодорхой үндэслэлгүйгээр 2 ч удаа хүсэлтийг хангахаас татгалзсан. Хариуцагч нарын гол нотлох баримтуудыг шүүгч хассан. Өөрөөр хэлбэл гэрч Мэндбаярын мэдүүлэг, Бор-Өндөр сумын ЗДТГ-ын тодорхойлолт, тус сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт, Б.Оюунцэцэгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гэх зэрэг нотлох баримтуудыг ямар ч үндэслэлгүйгээр хэрэгт тусгуулаагүй, гаргаж өгөөгүй нь хууль зөрчсөн, нотлох баримтаас шүүгч хассан нь үндэслэлгүй байна. ИХШХШТ-ийн 38-р зүйлийн 38.9-д “шүүх хуралдааны явцад ...хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гарна." гэж заасан байх ба шүүгч шүүх хуралдаан дээр бус шүүх хуралдаанаас өмнө нотлох баримтыг үнэлж хассан нь үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанаас  өмнө энэ талаар гомдол, хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй орхисон.
Мөн хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шүүхийн архиваас авсан архивын хуулбар үнэн дарагдаагүй нотлох баримтуудыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасантай нийцэхгүй байна. Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолд “...өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэдгийг тухайн байгууллагын ...албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр даган мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно” гэсэнтэй нийцэхгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байна.
     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх  зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаж үзэхэд:
                     Хэргийн баримтын /110 талд/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгаас газар түрээслүүлэгч Б.Оюунцэцэгийн эрх ашиг хөндөгдөж байх тул  түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Анхан шатны шүүх 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 629 дугаартай шүүгчийн захирамжаар  Б.Оюунцэцэгийг бие даасан шаардлага  гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар  хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь зохигчийн нэгэн адил нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж үүргийг хүлээнэ” гэжээ..
Зохигчийн эдлэх, эрх үүргийг мөн хуулийн 25-р зүйлд заасан “тайлбар өгөх”, “шүүх хуралдаанд оролцох”, “хүсэлт гаргах”,” шүүхийн шийдвэрт гомдол гаргах” эрхийг эдлэх, мөн “шүүхэд үнэн зөв тайлбар гаргах”, “нотлох баримт гаргах, цуглуулах”, “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргийг хүлээнэ гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болжээ.
    Шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс хүчингүй болж, дахин шийдвэрлүүлэх болсон тул  хариуцагч Т.Эрдэнэчимэгийн  давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй болно.
    Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр удаа дараа хүчингүй болсон, өмнөх хэргээс нотлох баримтыг гаргуулж авахдаа канондсон хуулбаруудад архивын тэмдэг дараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаагүй болохыг  дурьдах нь зүйтэй.
    Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 112 455 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168-р зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум Дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59-р зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Т.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 112 455 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.