Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 156

 

З.Маралд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаар магадлалтай, З.Маралд холбогдох 201404000071 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайгийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1958 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Молхы хошах овогт Зияданы Марал нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.Маралыг байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд эд хөрөнгийг завших гэмт хэрэг бүлэглэн үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар З.Маралд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч С.Алтайгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх З.Маралыг ашиглан завших гэмт хэрэг бүлэглэн үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байх боловч хэнтэй бүлэглэж үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан нь тодорхойгүй байна. З.Марал нь хэдэн төгрөгийг ашиглан завшсан болох нь нотлогдоогүй байхад шүүх хийсвэр дүгнэлт хийж таамгаар түүнийг гэм буруутайд тооцсон. З.Марал нь аймгийн боловсролын газар, санхүүгийн алба, татвар, нийгмийн даатгал, төрийн сангийн албан тушаалтнуудтай сургуулийн санхүүгийн талаар болон мөнгөний асуудлаар харьцах эрх бүхий субъект биш байхад түүнийг буруутгаж байгаа нь хуулийг буруу хэрэглэн түүний эрх зүйн байдлыг дордуулсан. З.Марал нь нягтлан бодогчтой ямар байдлаар үгсэн бүлэглэсэн, нягтлан бодогч хэдэн төгрөг авч, З.Маралд хэдэн төгрөг өгсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад түүнийг бүлэглэсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй.

Харин нягтлан бодогчтой  аймгийн боловсролын газар, санхүүгийн алба, татвар, нийгмийн даатгал, төрийн сангийн албан тушаалтнууд бүлэглэж үйлдсэн байх үндэслэлтэй. Эдгээр албан тушаалтнууд багш, ажилчдын сар жилийн шимтгэл, татвар хийгдээгүй байгааг мэдсээр байж санаатайгаар нуун дарагдуулсан. Нягтлан бодогч Х.Мария нь нярав З.Маралыг ажлаас хална гэж дарамталж сүрдүүлснээр банкнаас мөнгө авч, кассын тайлан бүртгэл хийгээгүй байдаг.

З.Маралын нөхрөөс нь үлдсэн байшин, хүүгийнх нь нэр дээр гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газрыг нь тус тус битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсэн нь гэр бүлийн бусад гишүүдийн амьжиргааны болон өмчийн эрхэд халдаж байна. Нягтлан бодогч Х.Мариягийн гэм буруутай нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдсоор байхад түүний гэм бурууг З.Маралд ямар ч нотлох баримтгүйгээр тохож байгаа нь хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхээр байна. З.Маралыг “гүн сэтгэл гутралын байдалтай, өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадваргүй” гэсэн шүүх сэтгэц, гэм судлалын 15 тоот магадлал гарсан байгаа бөгөөд тэрээр байнга сэтгэцийн тасагт хэвтэж эмчлүүлдэг ба хүүхдийнхээ хараа хяналтад байдаг байхад шүүх өвчин нь зүгээр болж сайжирсан байна гэсэн дүгнэлтийг хийж түүнд ял халдаасан. Иймд З.Маралын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү....” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...З.Маралд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч З.Марал нь Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын 1 дүгээр сургуулийн няраваар ажиллаж байхдаа 2012 оны 01 дүгээр сараас 2013 оны 05 дугаар сарын 28-ны хооронд тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Мариятай бүлэглэн нийгмийн даатгалын болон татварын тайланд багш ажилчдын цалинг бууруулан тайлагнах, цалингийн хүснэгтийн дүнд цалинг хийсвэрээр нэмэгдүүлэх зэргээр мөнгөний эх үүсвэрийг бий болгон завшиж нийт 114.858.777 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч С.Назгүл, А.Лазат, шинжээч Х.Ленаг нарын мэдүүлэг, эдийн сангийн шинжээчийн дүгнэлтүүд, аудитын газрын дүгнэлт, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын тайлан, төлсөн татвар, нийгмийн даатгалд өгсөн тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

З.Маралд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг ноцтой зөрчөөгүй, З.Маралын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэгэнт тогтоосон үйл баримтыг шүүхээр тогтоогдоогүй, үгүйсгэгдсэн бусад байдлыг үндэслэж өөрчлөх, хууль хэрэглээний бус үйл баримтад холбогдох асуудлаар хэргийг хэлэлцэж тогтоол, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2, 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсгээр хяналтын шатны шүүхэд олгоогүй тул нягтлан бодогч Х.Мариягийн дарамт, сүрдүүлгээр банкнаас мөнгө авч байсан, З.Марал энэ хэрэгт оролцоогүй, энэ гэмт хэргийг үйлдэхэд эрх хэмжээ нь хүрэхгүй, хохирлын нөхөн төлбөрийг буруу хуваарилсан, энэ гэмт хэрэгт бусад албан тушаалтнуудыг холбогдуулан шалгах шаардлагатай зэрэг гомдлуудыг хяналтын шатны шүүхээс хэргийн талаар хянавал зохих байдалд хамаарахгүй гэж дүгнэв.

З.Маралын өмчлөлийн 108 кв.м талбай бүхий Ү-0213001615 дугаарт бүртгэлтэй 4 өрөө өвлийн хувийн байшин, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа бусдын нэр дээр шилжүүлсэн Г-0213004823 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хохирлын нөхөн төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

З.Марал нь хэрэг хариуцах чадвартай гэсэн агуулга бүхий сэтгэцийн шинжээчийн 14 тоот буюу сүүлчийн дүгнэлтэд тулгуурлан өмнөх 15 тоот дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвараа түр алдсан нөхцөл байдлыг арилсан гэж анхан шатны шүүх үзэж үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулсан нь нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1 дэх хэсэгт заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын арга хэмжээнд хамаардаг тул өршөөл үзүүлэх зохицуулалтаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж буй этгээдэд хэрэглэх боломжгүй. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайн дээрх агуулга бүхий “...З.Маралд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч З.Маралд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох бус ялаас өршөөн хэлтрүүлэх байдлаар өршөөл үзүүлэх хэлбэрийг тогтоох нь зүйтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсэгт “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар З.Маралд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, өмгөөлөгч С.Алтайн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              Ч.ХОСБАЯР