| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/01308/И |
| Дугаар | 1657 |
| Огноо | 2016-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 1657
| 2016 оны 2 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2016/01657 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туулын хөвөө хотхон, 38-р байрны 0 тоот, “Туулын хөвөө” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, 36-р байрны 19 тоотод оршин суух /одоо Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 31-р байрны 2 тоотод амьдарч байгаа/, эрхэлсэн ажилгүй, регистр УШ46021016, Мянгат овогт Дагвын Сампилдондовт холбогдох засвар үйлчилгээний зардал 907 440 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж З.Ариунжаргал, хариуцагч Д.Сампилдондов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сампилдондов нь “Туулын хөвөө” СӨХ-ны төлбөрөө удаан хугацаанд төлөөгүй. Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг шаардахад ашигладаггүй тул өгөхгүй гэдэг. Манай сууц өмчлөгчийн холбоо нь 2008 оны 04-р сарын 29-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагч нь 2011 оны 05-р сараас 2016 оны 01 сар хүртэл хугацааны нийт 907 440 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагчаас сууц өмчлөгчийн холбооны төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Сампилдондов шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Туулын хөвөө СӨХ өмнө нь ажиллаж байсан СӨХ-ноос ажил авч шинээр байгуулагдсан. Тухайн үед шинэ байр байсан учраас засвар үйлчилгээ хийгээгүй. Өмнө эрхэлж байсан сууц өмчлөгчийн холбооноос хүлээн авсан төлбөр болон бусад орлого зарлагыг тайлбарлаж өгвөл “төлнө” гэдгээ хэлсэн. Ажил хүлээн авахдаа тооцоо хийсэн эсэхийг тодруулж асуусан. Гараж, подвал, орц гадна дотно гэрэл гэж мөнгө орсон байдаг. Байрны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Байрны урд бохир ус зуны цагт ихээр тогтдог. Үүнд хлорамин асгадаг боловч түүнээс нь болж бид хордож, оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна. Гаражийн мөнгө нэхэмжилж байгаа боловч энэ нь хувийн өмч юм. Миний бие өмнө нь сууц өмчлөгчийн холбооны төлбөрийг төлдөг байсан. Би төлөхгүй гэж маргаагүй бөгөөд өмнөх СӨХ-ны тооцоо гарсны дараа төлнө гэдгээ мэдэгдсэн. Дутагдалтай зүйлсийг засварлуулах ёстой гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Туулын хөвөө” сууц өмчлөгчдийн холбоо нь Д.Сампилдондовт холбогдох засвар үйлчилгээний зардал 907 440 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 573 120 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 334 320 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.
Хан-Уул дүүргийн 15-р хороо, 36-р байрны 19 тоот сууц өмчлөгч Д.Сампилдондов нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 132.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2011 оны 5-р сараас 2016 оны 2-р сар хүртэлх хугацааны нийт 907 440 төгрөгийг төлөөгүй, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, тооцооны баримтаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байх хугацааг хэтрүүлсэн байх ба 2011 оны 5-р сараас 2013 оны 2-р сар хүртэлх хугацааны 334 320 төгрөгийн шаардлага нь энэ хугацаанд хамрагдахаар байна.
Харин сууц өмчлөгч Д.Сампилдондов нь 2013 оны 02-р сараас 2016 оны 2-р сар хүртэлх хугацааны төлбөл зохих засвар үйлчилгээний зардал 573 120 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлөөгүй үндэслэлээ “...өмнөх сууц өмчлөгчдийн холбооноос авсан тайлан тооцоогоо хийгээгүй” гэж тайлбарладаг боловч энэ нь засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэрэндоржийн Сампилдондовоос 573 120 /таван зуун далан гурван мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулж “Туулын хөвөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 334 320 /гурван зуун гучин дөрвөн мянга гурван зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26328 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сампилдондовоос 17 844 төгрөг гаргуулж Туулын хөвөө СӨХ-нд олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА