| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/08119/И |
| Дугаар | 210/МА2025/01331 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01331
**************-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04745 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч **************-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
39,715,811 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Зээлдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр *******тай ЗГ1505205163 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч ******* нь ЗГ1505205163 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй даруй 354 хоногийн хугацаа өнгөрч, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 39,715,811.92 төгрөг, зээлийн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 39,715,811.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Гэвч зээлдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барж, цаашид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Зээлдэгч *******ын ******* тоот хувийн сууц, ******* тоот гэр бүлийн хэрэгцээний газар болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний эхнэр ******* нь өвлөн авсан байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэг болон ЗГ1505205163 дугаар зээлийн гэрээг үндэслэн хариуцагч *******гаас *******ын *******тай байгуулсан ЗГ1505205163 тоот зээлийн гэрээний үлдэх өр төлбөр болох 39,715,811.92 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж **************-д олгуулж өгнө үү.
Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон өвлөгч *******, *******, нар нь өвлүүлэгч *******ын *******тай байгуулсан ЗГ1505205163 тоот зээлийн гэрээний үүргийг өвлөж авсан өвийн хэмжээгээр хариуцахаар байна. Иймд хариуцагч *******гаас 39,715,811.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Миний нөхөр ******* нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн орлогоо барьцаалан *******тай ЗГ1505205163 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан байдаг. ******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд ******* миний цалин болон бусад хөрөнгө барьцаалагдаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг би хариуцах үндэслэлгүй. Миний өвлөн авсан хөрөнгө нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан ЗГ1505205163 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнд барьцааны зүйлээр тусгагдаагүй. Тус гэрээний 4.1-т Зээлдэгч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн цалингийн орлого болон дараах картын ба бусад дансны орлогыг барьцаанд тавьж байна гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч зээлд барьцаалагдаагүй хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй.
Зээлдэгч нь нас барсан тул түүний эхнэр, хүүхдүүдээс зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Ирээдүйд бий болох цалингийн орлогоо барьцаалж зээл авсан нь *******од хамааралтай болохоос гэрээнд гарын үсэг зураагүй, өөрийн орлогоо барьцаалаагүй түүний эхнэр ******* болон хүүхдүүд нь цалингийн зээлийн талаар үүрэг хүлээхгүй юм.
Цалин хөлсний орлогыг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой. Иймээс зээлдэгч нас барснаар гэрээний харилцаа дуусгавар болсон тул гэрээ байгуулах хүсэл зорилгоо илэрхийлээгүй, гэрээнд оролцоогүй иргэнээс гэрээний үүргийг шаардах эрхгүй. Иймд хууль болон гэрээгээр цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг ******* би хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******гаас 39,715,811.92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **************-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 356,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **************-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Зээлдэгч нь цалин хөлсөө барьцаалсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхдээ хөдөлмөр эрхэлж олсон цалин орлогыг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заасан. Үүнээс үзвэл зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж өөрийн цалин орлогоо барьцаалаагүй талийгаачийн эхнэрээс зээлийн гэрээний үүргийг биелүүлж нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Цалин хөлсийг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой атал зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй, зээл аваагүй этгээдээс шаардах эрхийг үүсгэх үндэслэлгүй.
4.3. Маргаан бүхий тохиолдолд буюу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэхэд өвийн хэмжээ тодорхой бус байгааг анхан шатны шүүх анхааралгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, өвлөн авсан эд хөрөнгийн үнэ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэх эсэхийг тогтоох ажиллагааг хийгээгүй. Хэрэгт өвлөх эрхийн гэрчилгээний хувийн хэрэгт өвийн зүйлийг тусгасан хэдий ч тэдгээрийн зах зээлийн бодит үнэлгээг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилж тогтоогоогүй. Мөн өв хүлээн авагч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих бусад үүргийг гүйцэтгэсэн эсэх тэдгээр үүргийн хэмжээг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх нотолбол зохих байдлуудыг тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ************** нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,715,811 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. ************** нь *******той байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ1505205163 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-гээр 50,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх4/
2.1. Зээлдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, мөн *******ын эхнэр *******, хүүхдүүд болох *******, нар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг өвлөж авсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. /хх9, 57-93/
3. Анхан шатны шүүх өвлүүлэгчийн дээр дурдсан зээлийн гэрээний үүргийг өвлөгч *******гаас гаргуулж шийдвэрлэхдээ өвлөгдсөн хөрөнгүүдийн өвлүүлэгч *******од ногдох хэсэг ямар хэмжээтэй болох, улмаар өвлөгч тус бүр ямар хэмжээгээр хүлээн авсан талаар дүгнээгүй, энэ талаар зохигчоос тодруулаагүй, талууд мэтгэлцээгүй байна.
4. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд өвлөгдсөн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөг, хувийн сууцыг 40,000,000 төгрөг, газрыг 15,000,000 төгрөгийн үнэтэй гэж тодорхойлсон нь зах зээлийн үнэ ханш эсэх, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр үнэлүүлэх эсэх талаар мөн зохигчоос тодруулаагүй.
Өөрөөр хэлбэл, өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгчөөр гүйцэтгүүлэхэд өвлөгч ямар хэмжээний эд хөрөнгө хүлээн авсан нь тодорхой байх шаардлагатай тул өвийн хэмжээ тодорхой бус, үүргийг гүйцэтгэхэд хүрэлцээтэй эсэхийг тогтоох ажиллагааг шүүх хийгээгүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлтэй байна.
5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ