| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/02504/И |
| Дугаар | 210/МА2025/01365 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01365
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05009 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* байрны зоорийн давхрын ******* хаягт байршилтай 14 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Би -тай 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3/21 дугаартай дулаан гарааш худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний урд байрлалтай ******* байрны доор байрлах дулаан гараашаас 14 м.кв талбай бүхий ******* зогсоолыг 3,000 ам.доллараар худалдан авч, өмчлөх эрхтэй болсон. Тус гараашид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй явсаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр анх удаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй болсон. Миний бие 2002 оноос хойш гадаад улсад амьдарч, Монгол Улсад ирэн очин байдаг. ******* намайг гадаадад байхад надтай холбогдож, би гараашийг 20,000,000 төгрөгөөр гэх хүнээс худалдаж авсан тухайгаа хэлж, бичгээр хийсэн гэрээнүүдээ чатаар үзүүлсэн. Хадам ах зөвхөн 19 дугаартай гараашаа д 2011 онд худалдсан бөгөөд миний өмчлөлийн 20 дугаартай гараашийг д худалдаагүй болохыг олж мэдээд дээрх *******тай хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд хандахад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсгийн 19-д ...Иймээс нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 30,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн боловч энэ хэлцэлд суурилж өмчлөх эрх шилжээгүй, харин үүргийн бусад хэлцэлд суурилсан тул энэ агуулгаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлага хангагдахгүй боломжгүй гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, дээрх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гээс *******д 20,000,000 төгрөгөөр худалдсан үүргийн харилцаанд үндэслэж энэхүү гараашийн өмчлөл шилжсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл ******* миний бие *******тай гараашаа 30,000,000 төгрөгөөр худалдах тухай ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй байхад буюу 2017 онд 20,000,0000 төгрөг шилжсэнээр буюу нэхэмжлэгч мэдээгүй байхад миний гараашийн өмчлөх эрх *******д шилжсэн байгаа болно. Хууль ёсны өмчлөгч ******* миний бие нэг ч төгрөг авахгүйгээр гараашийн өмчлөх эрхээ бусдад алдаж байгаа бөгөөд үүнээс ******* нь гарааштай, нь 20,000,000 төгрөгтэй болж үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа болно. Гарааш худалдсан гэх нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ би гэх хүнээс 20 дугаартай автомашины зогсоолыг 2009 оны 09 сарын 17-ны өдөр 9,500 ам.доллараар худалдаж авсан гэж мэдүүлсэн. Иймд миний өмчлөлийн дээрх ******* дугаартай гараашийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олж авсан болохыг тогтоож, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
******* нь маргаан бүхий зогсоолыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэх хүнээс 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед энэ зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байгаагүй бөгөөд энэ автомашины зогсоолын гэрчилгээ гаргахын тулд заавал хамгийн анхны өмчлөгч буюу нэхэмжлэгчийн нэр дээр гэрчилгээ гарсны дараа *******гийн нэр дээр шилжих журамтай байсан. Үүний дараа маргаан бүхий зогсоол дээр өөр машин тавьсан байсан ба ******* цагдаагийн байгууллагад хандсанаар мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлс тодорхой болж *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай холбогдож бид хоёр гэрээ хийж миний нэр дээр авто зогсоолын гэрчилгээ гарсан. Тухайн үед *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар ******* нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн тогтоол гарснаар маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Тус тогтоолоор нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй. Ийнхүү нэгэнт ******* нь зохих төлбөрийг төлж маргаан бүхий зогсоолыг худалдаж авсан бөгөөд хууль ёсны өмчлөгч тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* байрны зоорийн давхрын ******* хаягт байршилтай 14 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүх Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг *******гийн эсрэг шаардах эрхгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
******* нь *******ээс нэг төгрөг авч байгаагүй мөн гараашийг гэх хүнээс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр худалдан авсан талаарх бичгийн гэрээ, мөн гийн гэрчийн мэдүүлэгт *******тэй уулзаж байгаагүй, танихгүй түүнээс гарааш худалдах талаар зөвшөөрөл авч байгаагүй мөн дээд шүүхийн тогтоолд хариуцагчийн тэй хийсэн бичгийн хэлцэлд үндэслэж гараашийн өмчлөл эзэмшил шилжсэн тухай дүгнэлт, гараашийн өмчлөл *******д байгаа талаарх үйл баримтыг шүүх харгалзаж, үнэлж, харьцуулахгүйгээр буюу эдгээр нотлох баримтыг шүүх үнэлэхгүйгээр хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэлийн шаардлага нь гараашаа буцаан авах тухай байхад тухайн эд зүйлийг олж авсан этгээдээс шаардах нь хуулийн зохицуулалтад нийцэх бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байна. Иймд гадаад улсад амьдарч байгаад эзэнгүй ашиглахгүй байсан гараашаа бусдын өмчлөлд үндэслэлгүйгээр алдсан, нэг ч төгрөг өөртөө олж аваагүй, дээр нь гараашгүй болж байгаадаа гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол утга нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг. Энэ нь агуулга, нэр томьёоны хувьд хууль зүйн үндэслэлгүй байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт *******г маргаан бүхий үл хөдлөх, эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу шилжүүлэн авсан гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. ******* улсын бүртгэлд энэхүү гараашийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. Хууль ёсны өмчлөгч гэж дүгнэсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* байрны зоорийн давхрын ******* хаягт байршилтай 14 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02611 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, 23 байр зоорийн давхрын ******* хаягт байршилтай, 14 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн автозогсоолын өмчлөлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн. /хх35-39/
2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01613 дугаар магадлалаар тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0162 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* байрны зоорийн давхарын *******, 14 м.кв талбайтай автозогсоолыг нэхэмжлэгч *******ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай. гэж найруулан өөрчилж шийдвэрлэсэн./хх40-42/
2.3. Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2024/00295 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01613 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02611 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх43-46/
2.4. Уг тогтоолд ... нэхэмжлэгч *******ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдан авахад өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан ба нэхэмжлэгч хариуцагчийн хэн аль нь 2017 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар харилцан тохиролцож байсан боловч бичиг баримтын бүрдэл дутуугаас хэлцэл хийгдээгүй, нэхэмжлэгч ах нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг д худалдсан болох нөхцөл байдлыг үгүйсгээгүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хариуцагч *******д өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгө үүргийн хэлцлийн дагуу аас д, гээс *******д шилжсэн тухай үйл баримтыг мэдэж, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Эдгээр хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжих өмчийн хэлцэл хийгдсэн байна,
Мөн талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 30,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн боловч энэ хэлцэлд суурилж өмчлөх эрх шилжээгүй, харин үүргийн бусад хэлцэлд суурилсан тул энэ агуулгаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлага хангагдах боломжгүй,
Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******д шилжүүлэх хэлцлийг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ад олгож, төлөөлөгчөөрөө дамжуулан уг харилцаанд оролцсон нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэх журмыг зөрчөөгүй, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байна гэж тус тус дүгнэжээ.
3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан тул дээрх маргаан бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үйл баримтын талаар дахин нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
3.1. Тодруулбал, маргаан бүхий автозогсоол нь үүргийн бусад хэлцэлд суурилж, авто зогсоолын өмчлөх эрх хариуцагч *******д шилжиж, нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болсон талаарх үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон учраас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан автозогсоолыг шилжүүлсэн үүргийн бусад хэлцлүүд дээр суурилж өмчийн хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үүрэг үүсээгүй эсвэл үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
4. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлыг хангахгүй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,278 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ