| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/00114/И |
| Дугаар | 1655 |
| Огноо | 2016-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 1655
| 2016 оны 2 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2016/01655 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Рокмон бюлдинг А тоот, “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 017-р байрны 603 тоотод оршин суух, Гандирс ХХК-д менежер ажилтай, регистр ЧЖ79070315, Их тугтан овогт Жигжидийн Амгаланбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 9 765 139 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Э.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Амгаланбаатар нь 2013 оны 09-р сарын 06-ны өдөр Сар шинэ ББСБ-тай ЗГ1501130311 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 3 400 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, 3,3 хувийн хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүгээ хугацаанд нь төлөхгүй байсан учраас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан. Тухайн үед зээлдэгч нь Англи улс руу явсан гэж хугацаа алдсан. Талуудын байгуулсан гэрээний 2.1.3 дахь хэсэгт шаталсан хүүний зохицуулалт байгаа бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл 3.3 хувиар, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 4.3 хувиар, түүнээс хойш 8.5 хувийн хүүтэйгээр тооцож Ж.Амгаланбаатараас зээл 3 317 900 төгрөг, зээлийн хүү 5 175 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 846 064 төгрөг нийт 9 765 139 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ж.Амгаланбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Сар шинэ интернешнл ББСБ-аас 3 400 000 төгрөгийг 2013.09.06-ны өдөр зээлж авсан. Зээлийг 12 сарын хугацаатай байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 9 765 139 төгрөгийг төлөх боломжгүй, зээлийн төлбөр 3 400 000 төгрөг, хүү 1 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 300 000 төгрөг нийт 5 200 000 төгрөгийг төлөх боломжтой. Дээрх 5 200 000 төгрөгийг 4 сарын 10-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар эвлэрэх боломжтой гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь Ж.Амгаланбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 9 765 139 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.
“Сар шинэ интернэшнл” ББСБ нь Ж.Амгаланбаатартай 2013 оны 09-р сарын 06-ны өдөр ЗГ1501130311 тоот цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 3 400 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сар сарын 3.3 хувийн, дараагийн 5 сар 4.3 хувийн, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 4-7/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээгээр тохирсон 3 400 000 төгрөгийг 2013 оны 9-р сарын 6-ны өдөр шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 82 100 төгрөг, хүү 317 900 төгрөг төлж, бусад зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Зээлдэгч нь үндсэн зээл 3 317 900 төгрөг, гэрээгээр тохирсон хэмжээгээр төлбөл зохих хүү 5 601 175 төгрөг, гэрээний 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар төлөх нэмэгдүүлсэн хүү 846 064 төгрөг нийт 9 765 139 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд 2013 оны 12-р сарын 16-наас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн төлөлтийн баримтаар /хх 4-5/ тогтоогдсон байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч бусад шаардлагын талаар татгалзсан тайлбар, баримтаа гаргаагүй байна.
Түүнчлэн хариуцагчийн “өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох” хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХнь:
1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жигжидийн Амгаланбаатараас 9 765 139 /есөн сая долоон зуун жаран таван мянга нэг зуун гучин ес/ төгрөг гаргуулж “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллагат олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ж.Амгаланбаатараас 171 200 төгрөг гаргуулж “Сар шинэ интернэшнл” ББСБ-т олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА