| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0076/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/164 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Г.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г Ст холбогдох 1812 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Гийн С /РД:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.С нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Э сумын ,, дугаар баг, Б хорооллын задгай гэх газарт өөрийн төрсөн эцэг Т.Гийн бие махбодид халдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Т.Гийн өгсөн:..Би өдрийг нь сайн мэдэхгүй байна. Манай охин С намайг юунаас болж зодсон талаар мэдэхгүй. Өнгөрсөн зун би Цэнхэрийн гүүрний ар талд зуссан. Би охин хүргэн хоёртоо сарлаг үнээ нэг, шар сарлаг нэгийг үлдээсэн. Тэгээд би намар аймгаас ирэхэд миний өгсөн үнээ, шар хоёр байхгүй байсан. Үхрээ яасан юм бэ гэж асуухад хулгайд алдсан, алга болсон гэж хэлсэн. Энэ талаар дахиж лавлаж асуухад нөхөртэйгээ маргалдаж байсан. Энэ асуудлаас болж намайг зодсон гэж бодож байна. Би өөрийн төрсөн охин Стэй эцэг, аав хүний харьцаатай, таарамжгүй харьцаа байхгүй. С миний толгой хэсэг рүү нарны жижиг зурагтаар цохисон. Өөр аль хэсэг рүү цохисныг би мэдэхгүй байна...Миний толгой тухайн үедээ өвдөж байсан. эмч намайг эмчилгээ хийлгээрэй гэсэн боловч би мөнгөгүй улмаас эмчилгээ хийлгээгүй. Миний толгой заримдаа өвдөж зовиурлаад байгаа. Би Сээс мөнгө нэхэхгүй, зүгээр л эмчилгээ хийлгээд өг гэж гуйсан. С миний үгэнд орохгүй намайг дорд үзээд, доромжлоод байна. С намайг өмнө нь цохиж зодож байгаагүй. С миний гурав дахь хүүхэд, дээрээ нэг эгчтэй байсан бөгөөд эгч нь нас барчихсан, доороо 2 дүүтэй. Ч-тай гэр бүл болоод 3 хүүхэд төрүүлсэн, одоо дахиад жирэмсэн болсон, том гэдэстэй явж байгаа...хэрэг болсон өдөр 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдөр байсан юм байна. Би хэрэг болсон өдрийг санахгүй байсан, Стэй ярилцаж байгаад хэрэг болсон өдрийг санаж байна. Ст гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, би эмчилгээгээ хийлгэж, биеийн байдал сайжирсан. Манай гэрт асдаггүй, эвдэрчихсэн жижиг зурагт байсан. Тэр зурагтаар намайг охин С цохиж авсан. Тэр зурагтыг энэ хэрэг болсны дараа хог дээр аваачаад хаячихсан болохоор одоо алга болчихсон. Тэр зурагтны нэрийг би санахгүй байна. Нарны гэрлээр асдаг жижиг нимгэн хятад зурагт байсан. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу, 12-13 хуу/
Гэрч Ц.Чын өгсөн: ...Би 2007 онд Стэй танилцаж 2009 онд гэр бүл болж хамт амьдарсан. С бид хоёр одоо гурван хүүхэдтэй. Том хүүхэд Дэлгэрбат 9 настай, дунд хүүхэд Дэлгэрцэцэг 7 настай, бага хүүхэд Дэлгэрмөрөн 2 настай, С одоо жирэмсэн бөгөөд 7 сартай. Сийн зан ааш хэвийн, гэртээ хүүхдээ хардаг бөгөөд би өөрт таарсан ажлаа хийж амьдралаа авч явдаг. Манай хадам ээж 2-3 жилийн өмнө нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө Ст сарлагийн хар зүстэй үнээгээ өгч байсан юм. Тэр үнээг хадам аав Ст өгнө гэж ярьдаг байсан. Тэгээд 2017 оны зун хадам аавынх Архангай аймгийн Цэнхэр сум руу нүүж зуссан бөгөөд манайх аймгийн төвд байсан юм. Тэр үед С бид хоёр хар зүстэй сарлагийн үхрийг алж нядлаад махыг нь зарж мөнгө болгосон. С хэлэхдээ аавд үхрээ алж зарсан гэж хэлээд хэрэггүй, хулгайд алдсан гэж хэлнэ гээд байсан. Тэгээд хадам аавыг ирэхээр нь С тэр үхрийг чинь хулгайд алдчихсан гээд хэлчихсэн. Тэрнээс болж байнга шахам хэрүүл маргаан гардаг байсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 10-ны үеэр манай хашаанд хадам аавынх гэрээ бариад нэг дороо амьдарч байхад намайг гэртээ байхгүй юманд явчихсан байх үеэр хадам аав согтуу ирж эхнэр Стэй маргалдсан байсан. Тэрний дараа хадам аав хэлэхдээ намайг С зурагтаар толгой руу цохиж авсан гэж ярьж байсан. Би өөр зүйл мэдэхгүй...уг зурагтыг эхнэр бид хоёр авч байсан бөгөөд сүүлдээ гарахгүй болохоор нь аавыг янзлаад авчих гээд өгч байсан. Хадам аав зурагт засвар дээр авч очоод болохгүй гэнэ гэж ярьж байсан. Тэгээд гэрт нь байж байдаг байсан бөгөөд хар өнгөтэй нимгэн хятад 12 волтоор ажилладаг зурагт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу, 17-18 хуу/
Гэрч М.Зийн өгсөн:..С нь миний төрсөн эгчийн охин байгаа юм. Түүний хувьд 1991 онд төрсөн, 4 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд нь байгаа юм. Архангай аймгийн төвд төрж өссөн. Мэргэжил сургалтын төвийн үсчин мэргэжлээр төгсөж байсан. 2007 онд Ч гэдэг хүнтэй гэр бүл болж 3 хүүхэд төрүүлсэн. Одоо 6 сартай жирэмсэн. Зан байдлын хувьд сэргэлэн хүнтэй нийтэч, буруу зан аашгүй хүн байгаа юм. Г ах өндөр настай бөгөөд даралт ихтэй, бие муутай хүн байдаг бөгөөд байнга л гэртээ байдаг. Зан байдлын хувьд тайван дөлгөөн хааяа нэг архи уучихсан байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Г.Сийн яллагдагчаар өгсөн:..тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аав Гтэй гэрийн гадна талд маргалдаад хэл амаар маргалдан хэрэлдэж байгаад гэрт орж ирээд би уурандаа гэрийн баруун талын авдар дээр байсан нарны гэрлээр ажилладаг нимгэн хуучин асдаггүй зурагтыг барьж аваад аав Гийг толгой мөр хэсэг рүү нь шидэж гэмтээсэн. Тэгээд би аавтайгаа хэрэлдэж байгаад гэрээс нь гараад явчихсан. Би одоо аавтай эвлэрсэн бөгөөд уучлалт гуйж гомдол саналгүй болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Миний ээж нас барахаасаа өмнө нэг үхэр өгч байсан. Би тэр үхрийг нь аавыг байхгүй, Цэнхэр суманд байхад нь 2016 оны 07 дугаар сард нөхөртэйгээ хамт тэр үхрийг нь зараад мөнгө болгочихсон юм. Тэрнээс хойш аав уг үхрийг талаар байнга шахам хэрүүл маргаан хийдэг байсан. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хэрүүл зодоон тэр үхрээс болсон. Би аав Г рүү зурагт авч шидэж зодсон, өөр байдлаар цохиж зодоогүй. Аав тэр зурагтыг хэрэг болсны дараа хог руу хаячихсан. Манай зурагт байсан бөгөөд асахгүй болохоор нь аавыг засаад ав гээд өгсөн байсан. Аав тэр зурагтыг засуулах гээд болохгүй байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай дүгнэлт:
1. Т.Гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүүр
зүүн чихний дэлбээний дээд ирмэгт зулгаралт, хоёр шилбэ цээжний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь
нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Т.Г нь артерийн даралт ихсэх өвчин 3-р зэрэг архаг хууч өвчтэй байна.
6. Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан материал ирвэл
дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1157 дугаартай дүгнэлт:
1. Т.Гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус
хуралт өвчүү, цээжний баруун дээд хэсэг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамрын нуруу, духны зүүн дээд хэсэг, зүүн хацар, чихний дэлбэн, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3, 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
6. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 105-106 хуу/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 110-114 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 хуу/
Г.Сийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/
Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-ийн 40-42 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 45-46 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 50-54 хуу/
Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 91-104 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 57-58 хуу, 114-115 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулаг хорооллын задгай гэх газарт өөрийн төрсөн эцэг Т.Гийн бие махбодид халдан түүний толгой хэсэг рүү нарны жижиг зурагтаар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүүр зүүн чихний дэлбээний дээд ирмэгт зулгаралт, хоёр шилбэ цээжний дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.С үйлдсэн болох нь хохирогч Т.Гийн”... Манай охин С намайг юунаас болж зодсон талаар мэдэхгүй...С миний толгой хэсэг рүү нарны жижиг зурагтаар цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Чойжамцын:...хадам аав хэлэхдээ намайг С зурагтаар толгой руу цохиж авсан гэж ярьж байсан. Би өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай дүгнэлт мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1157 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Г.Сийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Г.Сийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Г нь хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн, охинтойгоо эвлэрсэн, эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн /хх-ийн 12-13 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Сийн гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 03 дугаар сарын 12- ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, ...мөн зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Г.С нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. Одоогийн мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэх зүйл ангиар зүйлчлэх бөгөөд уг хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Г.Сийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан боловч өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас нэмж нэгтгэх шаардлагагүй шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 28 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Гийн Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгч Г.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 28 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ