Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00530

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 1 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/00530

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Рокмон бюлдинг А тоот, “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 6-19 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ОВ68101406, Чечек овогт Галдаагийн Нацагдоржид холбогдох зээлийн гэрээний үүрэг  6 873 903 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Э.Амартүвшин, хариуцагч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн  нар оролцов.

                                                                                                                 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Нацагдорж нь 2014 оны 05-р сарын 29-ний өдөр манай байгууллагатай ЗГ1200141372 тоот  зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.7 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нь үндсэн зээлд 1 650 864 төгрөг, хүү 714 886 төгрөг төлж бусад зээл,  хүүгээ хугацаанд нь төлөхгүй, удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл 3 349 136 төгрөг, зээлийн хүү 3 152 790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 371 977 төгрөг нийт 6 873 903 төгрөгийг Г.Нацагдоржоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Нацагдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сар шинэ интернешнл ББСБ-ын 5 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан боловч хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар зээлээ төлөх боломжгүй болсон. Би аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт, зөвлөгөө явуулдаг. Миний боломж бол сард 150 000 төгрөгөөр төлөх боломжтой байна. Гэхдээ хүү нь арай өндөр гарсан байна гэв.  

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь Г.Нацагдоржид холбогдох зээлийн гэрээний үүрэг 6 873 903 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 381 391 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад 1 492 512 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

“Сар шинэ интернэшнл” ББСБ нь Г.Нацагдоржтой 2014 оны 05-р сарын 29-ний өдөр ЗГ1200141372 тоот  зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.7 хувийн хүүтэй зээлүүлэхээр /хх 6-7/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээгээр тохирсон 5 000 000 төгрөгийг 2014 оны 5-р сарын 29-ний өдөр шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 1 650 864 төгрөг, хүү 714 886 төгрөг төлж, бусад зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлдэгч нь үндсэн зээл 5 000 000 төгрөг, 12 сарын хүү 2 220 000 төгрөг нийт 7 220 000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд 2014 оны 10-р сарын 08-наас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь зохигчийн тайлбар, банкны дансны баримтаар /хх 4-5/ тогтоогдсон байна.

 

Харин зээлдүүлэгч нь гэрээ байгуулахдаа зээлийн хүүг “шаталсан нөхцөлтэйгээр” төлүүлэхээр, өөрөөр хэлбэл, эхний 6 сар 3.7 хувийн, дараагийн 5 сар 4.7 хувийн, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүү төлөхөөр тохирсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлд заасан “зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

 

Зээлийн гэрээний талууд зээлийг хүүтэй төлөхөөр тохирсон бол нь үндсэн хүү тохирно, харин зээлдэгч зээлийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 20 хувиас хэтрээгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон бол хүүг нэмэгдүүлж төлөхөөр тохирдог, өөрөөр хэлбэл,  энэ нь зээлдэгчийн хариуцлага болдог байна.  

 

Талуудын тохирсон үндсэн хүүг 3.7 хувь гэж үзэх бөгөөд Г.Нацагдорж нь үндсэн зээл 3 349 136 төгрөг, 2014 оны 10-р сарын 8-наас 2015 оны 5-р сарын 29-ний хүртэл 3.7 хувиар тооцож төлөх хүү 991 340 төгрөг, 2015 оны 5-р сарын 29-нөөс 2015 оны 12-р сарын 11-нийг хүртэлх зээлийн хүү 867 426 төгрөг, гэрээний 6-р зүйлийн 6.1-д зааснаар 20 хувиар нэмэгдүүлсэн хүү 173 485 төгрөг нийт 2 032 255 төгрөг, нийт 5 381 391 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХнь:

 

            1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Галдаагийн Нацагдоржоос 5 381 391 /таван сая гурван зуун наян нэгэн мянга гурван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж “Сар шинэ интернэшнл” ББСБ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 1 492 512 /нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуун арван хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Нацагдоржоос 101 052 төгрөг гаргуулж “Сар шинэ интернэшнл” ББСБ-т олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА