Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01366

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04560 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******аас 23,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 36 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Талуудын анх хийсэн тохиролцооны дагуу ******* нь орон сууцаа барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн нэр дээр 30,000,000 төгрөг зээлсэн бөгөөд үүний 23,000,000 төгрөгийг ******* нь зээлэн авч, тухайн банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой хүүгийн хамт *******д эргүүлэн төлөхөө бичгээр баталгаажуулсан. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8,880,000 төгрөгийг *******гийн Хаан банкны ******* тоот данс руу, 14,050,000 төгрөгийг *******гийн хэлснээр ******* гэж хүний Хаан банкны ******* тоот данс руу тус тус шилжүүлсэн. *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараас харахад түүний нэр дээрх Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн 14,050,000 төгрөг нь *******гийн -аас хувьдаа болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн төлбөрийг төлөхөд зарцуулсан нь нотлогдож байгаа. Мөн зээлийн хүүгийн хувьд ******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******д 23,000,000 төгрөгийг -аас авсан зээлийн хүүгийн хэмжээгээр буюу 1 жилийн хугацаатай, 36 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд бичгээр байгуулсан зээлийн гэрээнд ******* нь регистрийн дугаар болон бусад хувийн мэдээллээ бичиж гарын үсэг зурсан. -аас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн 23/121 тоот тодорхойлолт болон зээлийн задаргаанд тусгаснаар 23,000,000 төгрөгийн зээлийн хүү нь 23,309,312.60 төгрөг болсон байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүүг оролцуулахгүйгээр нийт төлбөр 46,309,312 төгрөг болсон байна. ******* нь нийт зээлсэн 30,000,000 төгрөгийн 76% болох 22,930,000 төгрөгийг нь авч ашигласны хувьд -ид зээлийн хүүнд төлсөн 18,000,000 төгрөгөөс өөрт хамааралтай зээлийн хүүнд ногдох 13,680,000 төгрөгийг хариуцан төлж, *******ыг хохиролгүй болгох үүрэгтэй. Иймээс хариуцагч *******гаас зээлийн гэрээний дагуу авсан 22,930,000 төгрөгийг, уг зээлийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 13,680,000 төгрөгийн хамт буюу нийт 36,610,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нь *******ын нэхэмжлээд байгаа зээлийн төлбөрийг бусад зээлдэгчийн данс руу шилжүүлсэн бөгөөд 8,880,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн нь баримтаар нотлогдох тул *******ын нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. *******ыг танихгүй дээрээс нь би огт мөнгө аваагүй. -тай байгуулсан ямар ч зээлийн гэрээ байхгүй. *******ын ээж болох тай найз таньдаг байсан. тай харьцаж байсан болохоос, би *******ыг огт танихгүй. 8,000,000 төгрөгөө төлөх явцад миний ээж д над руу мөнгө шилжүүлээч гэхээр нь гийн данс руу би мөнгө бас хийж байсан ийм л найзууд байсан. Би өөрийн данс руу шилжүүлсэн 8,880,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрнө, бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэг, хохиролд хариуцагч *******гаас 32,763,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,846,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 321,767 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Миний бие хуулиар олгогдсон эрхээ эдлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан ба анх удаагаа шүүхийн хэлэлцүүлэгт орж байгаа учир хэргийн байдал болон шүүх хуралд оролцох эрх үүргээ ч бүрэн ойлгохгүй байгаагаа тайлбарласан.

Гэтэл анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан зохигчийн эдлэх эрхийг маань тайлбарлаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасны дараагаар хуулиар олгогдсон эрхийг маань хангахгүйгээр, таны өмнөх төлөөлөгч Баярмаа нь өмгөөлөгчөөр өмгөөлөгч *******ыг оролцуулах хүсэлт гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талын өмгөөлөгчөөр ******* оролцож байсан боловч өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь таны итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөх эрхээсээ татгалзсанаар мөн дуусгавар болно гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хариуцагч миний эрхийг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасны дагуу өөрийгөө төлөөлөгчөөр төлөөлүүлж байх үедээ биечлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй байсан учир шүүх хуралдаанд орох үедээ хэргийн баримттай огт танилцаагүй учир мэтгэлцэх боломжгүй тухайгаа тайлбарлан мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан байхад миний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласанд гомдолтой байна.

4.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв хөдөлбөргүй талаас нь үнэлээгүй.

Мөн нэхэмжлэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч ******* надтай 23,000,000 төгрөгийн зээлийн гэрээ огт байгуулаагүй, зээлийн хүү ч тохироогүй, зээлийг нэг жилийн хугацаатай 36 хувийн хүүтэй байгуулсан зүйлгүй байхад шүүхээс үндэслэлтэй дүгнээгүй. Хэрвээ миний бие *******аас зээл авсан, бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бол би түүнтэй тохирсон зээлийг заавал -ийн захирал *******ийн дансаар дамжуулан авах шаардлагагүй байсан.

Нэгэнт ******* нь өөрийн дансаар орсон мөнгөнөөс 14,050,000 төгрөгийг ******* гэх иргэний дансанд шилжүүлсэн учир тухайн 14,050,000 төгрөгийн төлбөрийг ******* л хариуцах үүрэгтэй.

Бодит байдалд ******* нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан -тай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* намайг гэрчийн хувиар оролцуулсан байсан бол зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон -ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, зээлдэгч нартаа зээл олгож буй дүр үзүүлэн үйл ажиллагааныхаа үндсэн зарчмыг зөрчиж иргэдийг хохироодог байдал илэрч өөрийн орон байрыг зээлийн төлбөрт тооцуулан алдахгүй байх бүрэн боломж байсан.

*******ын -аас авсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нь тус ББСБ-ын захирал ******* баталж баталгаажуулсан атлаа ******* нь хувийн дансандаа 14,050,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул дээрх зээлийн гэрээ хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлагыг хангаагүй хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

******* нь *******аас 23,000,000 төгрөг зээлж зээлийн гэрээг гараар бичиж би 23,000,000 төгрөгийг -аас зээл авч байгаа зээлийн хүүгээр 1 жилийн хугацаатайгаар зээл авна гээд 8,000,000 төгрөгийг миний данс руу, үлдсэн дүнг -д би зээлтэй учир хүүгээ төлөх ёстой. Иймд чамаас зээл авч төлөх гэж байгаа тул данс руу нь шилжүүлчих гэсний дагуу ******* зээлийн гэрээг бичгээр байгуулчихсан гэж үзээд мөнгийг 2 хувааж шилжүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,610,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

2.1.Нэхэмжлэгч ******* нь -аас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ-гээр 30,000,000 төгрөгийг, 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж авсан байна. /хх7-9/

 

2.2. Нэхэмжлэгч *******ын -тай бичгээр байгуулсан дээрх зээлийн гэрээний зээл, зээлийн хүү төлөх хуваарийн доод хэсэгт 23 сая төгрөгийг хүүгийн хамт төлнө. ******* ЧЖ64072868, 99192837, 2019.12.24 гэсэн бичвэрийг хариуцагч ******* бичсэн тухайд маргахгүй байна./хх9 ар тал/

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагчид 22,930,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж, хариуцагч нь 8,880,000 төгрөгөөс өөр мөнгө хүлээн аваагүй гэж талууд зээлдүүлсэн мөнгөний тоо хэмжээний талаар маргасан байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны тоот данснаас хариуцагчийн ******* тоот дансруу 8,880,000 төгрөгийг шилжүүлсэн тухайд талууд маргаангүй. /хх10/

 

3.2. Харин, нэхэмжлэгч өөрийн Хаан банкны тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны ******* дугаартай дансанд орлого гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 14,050,000 төгрөгийг хариуцагч *******д зээлдүүлсэн мөнгө гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч би уг мөнгийг хүлээн аваагүй гэж маргаж байна.

 

3.3. Нэхэмжлэгч нь 14,050,000 төгрөгийг хариуцагч *******гийн нэрлэн заасан этгээд болох -ийн захирлаар тэр үед ажиллаж байсан *******ийн Хаан банкны ******* дугаартай дансанд шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэсэн тайлбар гаргасан байна.

 

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Харин шүүх талуудын хооронд үүссэн зээлийн харилцааны үндсэн дээр зээлдүүлсэн мөнгөний тоо хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн тогтоож шийдвэрлээгүй алдааг засаж шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

 

4.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс 8,880,000 төгрөгийг хүлээн авсан байх ба уг зээлийн хүүг -аас *******ын авсан зээлийн хүүгийн хэмжээгээр төлөхөөр тохиролцсон болох нь 2019 оны 12 дугаар сарын 24-ий өдөр түүний гараар бичсэн 23 сая төгрөгийг хүүгийн хамт төлнө гэх дээр дурдсан бичвэрээр тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэсэнтэй нийцсэн.

 

4.2. Хариуцагч *******, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 399,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 704,260 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,103,260 төгрөгийг -д *******ын нэрээр төлсөн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгчийн шаардсан мөнгөнөөс хасч тооцно.

 

4.3. Иймд хариуцагч нь 8,880,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдэж авсан байх тул зээл 8,880,000 төгрөг, зээлийн хүүд 5,220,000 төгрөг, нийт 14,100,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 3,103,260 төгрөгийг хасч, үлдэх 10,996,740 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,613,260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэх тул хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, бусад гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

5. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид 14,050,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотолгооны хуваарилалтын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 10,996,740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,613,260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 321,767 гэснийг 190,898 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ