| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0172/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/174 |
| Огноо | 2019-07-14 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Б.Буяндалай
Хохирогч: Г.А
Шүүгдэгч: М.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ц овогт М. Нд холбогдох 1812.......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: , Ц овогт М. Н/РД:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн О гэх газарт хохирогч Г.Аийг өөрийн гэрийн ойролцоо малаа бэлчээхгүй байхыг шаардаж, морьтой явж байхад нь автомашинаар дайрах, мөргөх зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийж заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Аийн өгсөн:...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энэ хэрэг болсон. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг бүгд үнэн. Би хонио туугаад явж байсан чинь цагаан өнгийн Портер маркийн авто машин намайг чиглээд их хурдтай гол гараад давхиж ирсэн. Тэгээд ойртоод ирэхээр нь харахад М.Н хүүхэдтэйгээ ирж явсан. Ирээд намайг хэл амаар доромжлоод уулзъя гэхээр нь айгаад мориноосоо буугаагүй. Эрүүл болохоор чинь ярилцъя гэж хэлээд хонио туугаад гол гаргасан чинь М.Н гол гараад намайг тосоод ирж байхаар нь согтуу болохоор нь машинаараа дайрч алах байх гэж айгаад хонио хаяад зугтаасан. М.Н машинтайгаа хажууд ирчихээд хэл амаар доромжлоод машинаараа унаж явсан морь мөргүүлээд байсан. тэгээд манай эхнэр бид хоёрыг харчихаад урдаас машинтайгаа дахиж ирээд намайг авсан. Манай эхнэр юу болоод байгаа юм асуухаар нь М.Н дайрч алах нь хурдан яваарай гэж хэлээд явсан. М.Н нь өмнө нь намайг хоёр удаа зодож байсан. Намайг морьтой явж байхад М.Н байхаар нь мэнд ус мэдэх гээд очиход мориноос буулгаад Б гэх залуутай нийлж барьж аваад эрүүн тус газар цохиж ухаан алдуулж байсан. Манай мал бэлчээрээрээ М.Нгийн байран дээр оччихдог. Жижиг аманд олон айл байдаг учраас багталцдаггүй. М.Н намайг би 4 хүүхэдтэй чи ганц хүүхэдтэй шүү гэж дарамталдаг. Би М.Нгийн малыг зөөлхөн зүглүүлээд орхиж байхад М.Н манай малыг ширүүн хөөдөг. Бид хоёр малыг бэлчээрийн асуудлаас болж олон удаа муудалцаж байна...” гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Аийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг Овоотын булаг гэх газарт 17 цагийн орчимд би өөрийнхөө бүх малыг хужирлаад буцаад гэрээдээ ганцаараа морьтой малаа туугаад явж байхад цагаан өнгийн Портер маркийн машин голын хойноос урагшаа гараад намайг чиглээд давхиад ирэхэд машин дотор манай хамаатны залуу М.Н нь машинаа жолоодсон, түүний хажууд насаар бага хүү нь суусан ирсэн. Ирээд М.Н машинаасаа буулгүйгээр намайг уулзая гэхээр нь би ажилтай яаруу явна манай нэг азрагатай адуу байхгүй байна очоод барааг нь харах санаатай байна уулзах ажил байвал эрүүлдээ яръя гээд шууд малаа туугаад голоо гараад явахад машинаа асаагаад миний харих замыг машинтай тосоод гол гараад намайг чиглээд давхиад ирэхээр нь согтуу машинтай ирээд мөргөөд алах байх гэж бодоод айгаад тууж явсан малаа орхиод гэрийн зүг морьтойгоо давхиад явж байхад миний араас машинтай давхиж ирээд морины хажууд зэрэгцэж байгаад чи яасан баян явдаг пизда вэ гээд унаж явсан машиныхаа зүүн талаар миний унаж явсан морины зүүн талын хойд хөл орчим руу эхлээд нэг мөргөсөн чинь машиных нь дохио нь хагарсан, түүний дараа морины араас 3 удаа түншсэн, 3-4 удаа хажуу талаар орж ирж морины хажуу талаас мөргөх гэхэд нь би морио бултуулсан. Тэгтэл манай эхнэр машинтай давхиад ирэхээр нь унаж явсан морь, барьж явсан уургаа хаяад эхнэрийнхээ машинд зугтааж суусан, тэр үед М.Н машинаа эргүүлж байсан. Тэгээд эхнэртэйгээ гэрийн гадаа ирээд зогсоход харин миний ардаас ирээгүй үлдсэн намайг М.Н машинтайгаа элдэж байх үедээ баян тарвагыг ална, яасан баян явдаг пизда бэ алдсан 4 адуугаа намайг хулгайлсан гэж ярьсан байна, гээд л янз янзаар дормжлоод чамайг алаад шорондоо явъя би бол 4 хүүтэй, чи бол ганц хүүтэй гээд л элдэв зүйл хэлээд дайрах гээд элдээд байсан. Би тухайн асуудал болсноос хойш сэтгэл тайван байж чадахгүй гэрээсээ гарч малдаа явахад хүртэл айдастай явах болсон тул тухайн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Тэгээд М.Н гэх хүн нь анх удаагаа намайг ална гэж айлгаж байгаа биш урьд өмнө нь 2 удаа зодож, тархи толгойг гэмтээж байсан учраас тэсэхээ байгаад цагдаад хандах болсон. Миний унаж явсан хар зүсмийн морины хойд талын хөл нь доголсон байсанг би өөрөө эмчлээд одоо бага зэрэг доглож байгаа. Өвөлжөө хаваржааны газар малын бэлчээрээс болж намайг элдсэн гэж би бодож байна. Бид хоёрын хооронд өр шир, өс хонзонгийн зүйл байхгүй тэр байтугай бид хоёр хамаатан хүмүүс байгаа юм яагаад надад ийм муу байдаг гэдгийг надад мэдэх зүйл алга байна. Саяхан 2018 оны 09 дүгээр сарын дундуур бас малын бэлчээрээс болж нутгийн Б гэх залуугийн хамт хээр намайг зодсон тэгэхээр нь би гэртээ зугтаад ирэхэд гэрт араас ирж мөн л агсам согтуу тавьж дарамталсан, тиймээс энэ хүн зүгээр өршөөгөөд ойлгох хүн биш. Машиных нь баруун талын урд дохио хагарсан. Би архи огт амсаагүй ер нь тэгээд уудаггүй хүн байгаа юм тухайн үед М.Н их согтуу байсан ба түүнийг надтай анх уулзаад юм яриахад хэл ам нь ээдрээд, нүүр царай нь согтуу байгаа нь илт мэдэгдэж байсан. Миний биед гэмтэл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн асуудал нь малын бэлчээрт хээр болсон учраас мэдээд байх олон хүн байхгүй гэхдээ манай гэрийн ойролцоо болсон учраас эхнэр өөрөө хараад машинтайгаа намайг авах гэж ирсэн байсан тиймээс дээр болсон бүх асуудлыг манай эхнэр сайн мэдэж байгаа. Би маш их гомдолтой байна, тухайн асуудлаас болж байнга айдастай явдаг боллоо, тиймээс энэ балмад этгээдэд хариуцлага хүлээлгэх шаардлагатай байна, миний амь нас М.Нтай холбоотой байна. Энэ нутагт М.Нгаас өөр намайг ална гэдэг хүн байхгүй хэрвээ би түүний гарт алуулвал амьдрал хэцүү байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 19-23 дугаар тал/
Хохирогч Г.Аийн дахин өгсөн: “...Тухайн үед машинтайгаа хажуугаар зэрэгцэж ирээд пиздаг ална гэж, мөн тухайн машинаар элдэж хөөсөн, өмнө нь М.Н надад хандаж өөрийнхөө малыг манайх руу гаргаж бэлчээвэл ална гэж дарамталж байсан. Би санаатайгаар М.Нгийнх руу малаа бэлчээдэг асуудал байхгүй. Тэдний гадаа мал ойртохоор мотоцикль, машинтай манай малыг хөөдөг, үүнээс болж намайг дайрч алахыг оролдсон. Мөн намайг 4 тооны адууны хулгайд гүтгэлээ тиймээс дахин иймэрхүү яриа дуулдвал ална гэж байсан, би хэзээ алуулахаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/
Гэрч Э.Аын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр малаа авч хужирлахаар Гүвдөө гэх газар руу явсан. Тэгсэн харин 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг Овоотын булаг гэх газарт 17 цагийн орчимд гэрээсээ доод тэмээн хүзүүний гол руу дурандаж нөхрөө ирж байна уу гэж харах үед цагаан өнгийн Портер машинтай хүн манай нөхрийн араас хөөгөөд дайрах гээд урд хойгуур нь хирээд элдээд байхаар нь би машиныхаа бүтээлгийг авч машинаа асаагаад нөхрөө авахаар давхиад очих хугацаанд бас л манай нөхрийг хөөсөөр байсан.
Тэгээд нөхөр дээрээ очоод та нар юу болж байна аа гээд машинаа зогсоох үед манай нөхөр мориноосоо үсэрч буугаад шууд л машиндаа суугаад морио орхисон. Тэгсэн манай нөхөр их айсан хурдан зугт яв яв гээд сандраад хэлэхээр нь машинаа асаагаад шууд яваад өгсөн харин нөгөө цагаан Портерыг жолоодож байсан хүн бол манай саахалт айлын М.Н байсан. Би дурангаар дурандаж харахад тэр цагаан машин манай нөхрийн унаж байгаа мориний бөгсийг мөргөөд хажуугаар нь гараад янз бүр болоод байсан. Ер нь бол манай нөхөр М.Н хоёрын харилцаа таарамж муутай байдаг тэгээд л тийм зүйл болсон байх. Маргааш нь мал туух үедээ манай нөхрийг хөөгөөд байсан газраар явахад тухайн газарт машины мөр зөндөө ийш тийшээ холхисон мушгиралтсан байдалтай байсан.
Манай нөхрийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй харин түүнээс хойш нөхөр бид хоёр тайван амарч хэвтэж чадахаа байсан байнгын айдастай байх болсон учраас маш их гомдолтой байна. Цагаан өнгийн Портер маркийн машинтай манай хоёр саахалт айлын зайтай нутаглаад олон жил болж байна. Би тэдний гэрийн гадуур малтайгаа явах үед анзаархад машины урд гэрлүүд нь бүтэн байдаг байсан харин манай нөхрийг хөөгөөд мөргөсний дараа урд гэрэл нь хагарсан хагархай нь манай нөхрийг мөргөх гээд хөөгөөд байсан газарт нь үлдсэн байсан. Манай нөхөр бид хоёр маш их гомдолтой байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/
Гэрч Ж.Ггийн өгсөн: “...М.Н нь миний төрсөн эгчийн хүүхдийн хүүхдээс төрсөн хүүхэд. Манай хүү болон М.Н хоёр хоёулаа маш ойрхон төрөл, надад хүүгээ өмөөрөөд байх зүйл байхгүй. Тэгээд ах дүү залуу хүмүүс ярьж хөөрөөд зохицоно гэж бодож байна. Тэгсэн харин нэг бус удаа ирж манай хүүг заналхийлсэн, машинтай хөөгөөд дахин малын бэлчээр рүү мал бэлчээвэл ална гээд заналхийлсэн гомдолтой байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Тэр үед манай хүүд хандаж би чам шиг баян пиздаг алчихаад шорондоо явахад яадаг юм гэж заналхийлсэн байсан. Мөн хүүхдийнхээ амь насыг хамгаалахын тулд цагдаад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
Гэрч М.Сийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай намаржааны урд талд малын бэлчээр дээр Г.А, манай нөхөр хоёр, тал талаасаа таарцгаасан. Тэгсэн Г.А морьтойгоо ухасхийгээд давхиад яваад өгсөн. Тэгсэн манай нөхөр түүний араас машинаа асаагаад хөдлөөд, буцаад түүнийг орхиод гэртээ ирэхээр нь юу болсон бэ гэхэд Г.А нь 4 тооны адуу хулгайлсан гээд намайг гүтгэсэн, тэгэхээр нь би очиж уулзаад ирлээ гэж ярьж байсан. Түүний хойш Г.Атэй уулзахаар очих бүрт бидэнтэй уулзахгүй зугтаад байсан. Хувийн таарамжгүй харьцаа байхгүй, манай нөхөр Г.А хоёр нь ах дүүгийн хүүхдүүд, дээрээс нь нэг төгсөлт найз нөхөд хүмүүс, ийм зүйл болсонд харамсалтай байна. Манай машин маш их муудсан байнга л засаж янзлуулдаг, өнгөрсөн жил машиныхаа моторыг боолгсон. Манай нөхөр М.Н нь төлөв томоотой, даруухан хүнд тусархуу, сайн залуу гэдгийг нутгийн хүмүүс мэднэ. Бас энэ голын ганц сайн уяач хүн, тэгсэн нэр сүрийг нь гутаасан байсан. Г.А нь мал ихтэй, түүгээрээ далимдуулж нутгийн хүмүүсийн өвөлжөө, хаваржаа руу малаа залж түүнээс нь болж нутгий хүмүүстэй маргалддаг. Манай нөхөр Г.А хоёрын асуудал нь малын бэлчээрээс манай нөхрийг хулгайд хардсанаас болсон. Би би нөхрийнхөө нэр төрийг гомдол гаргаж сэргээлгэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/
М.Нгийн яллагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурор Н.Цын 1812.........дугаартай тогтоолыг уншиж танилцсан. Миний үйлдэл тохирч байна. Би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би хуулинд зааснаар мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-72 дугаар тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 16 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 83 дугаар тал/
Шүүгчийн захирамж, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 85-86, 87, 91-93 дугаар тал/
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 101, 102 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Овоотын булаг гэх газарт хохирогч Г.Аийг өөрийн гэрийн ойролцоо малаа бэлчээхгүй байхыг шаардаж, морьтой явж байхад нь автомашинаар дайрах, мөргөх зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийж заналхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Н үйлдсэн болох нь хохирогч Г.Аийн“...Ирээд М.Н машинаасаа буулгүйгээр намайг уулзая гэхээр нь би ажилтай яаруу явна манай нэг азрагатай адуу байхгүй байна очоод барааг нь харах санаатай байна уулзах ажил байвал эрүүлдээ яръя гээд шууд малаа туугаад голоо гараад явахад машинаа асаагаад миний харих замыг машинтай тосоод гол гараад намайг чиглээд давхиад ирэхээр нь согтуу машинтай ирээд мөргөөд алах байх гэж бодоод айгаад тууж явсан малаа орхиод гэрийн зүг морьтойгоо давхиад явж байхад миний араас машинтай давхиж ирээд морины хажууд зэрэгцэж байгаад чи яасан баян явдаг пизда вэ гээд унаж явсан машиныхаа зүүн талаар миний унаж явсан морины зүүн талын хойд хөл орчим руу эхлээд нэг мөргөсөн чинь машиных нь дохио нь хагарсан, түүний дараа морины араас 3 удаа түншсэн, 3-4 удаа хажуу талаар орж ирж морины хажуу талаас мөргөх гэхэд нь би морио бултуулсан. Тэгтэл манай эхнэр машинтай давхиад ирэхээр нь унаж явсан морь, барьж явсан уургаа хаяад эхнэрийнхээ машинд зугтааж суусан, тэр үед М.Н машинаа эргүүлж байсан. М.Н машинтайгаа элдэж байх үедээ баян тарвагийг ална, яасан баян явдаг пизда бэ алдсан 4 адуугаа намайг хулгайлсан гэж ярьсан байна, гээд л янз янзаар дормжлоод чамайг алаад шорондоо явъя би бол 4 хүүтэй, чи бол ганц хүүтэй гээд л элдэв зүйл хэлээд дайрах гээд элдээд байсан...”гэх мэдүүлэг, гэрч Э.Аын “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг Овоотын булаг гэх газарт 17 цагийн орчимд гэрээсээ доод тэмээн хүзүүний гол руу дурандаж нөхрөө ирж байна уу гэж харах үед цагаан өнгийн Портер машинтай хүн манай нөхрийн араас хөгөөд дайрах гээд урд хойгуур нь хирээд элдээд байхаар нь би машиныхаа бүтээлгийг авч машинаа асаагаад нөхрөө авахаар давхиад очих хугацаанд бас л манай нөхрийг хөөсөөр байсан. Тэгээд нөхөр дээрээ очоод та нар юу болж байна аа гээд машинаа зогсоох үед манай нөхөр мориноосоо үсэрч буугаад шууд л машиндаа суугаад морио орхисон. Тэгсэн манай нөхөр их айсан хурдан зугт яв яв гээд сандраад хэлэхээр нь машинаа асаагаад шууд яваад өгсөн харин нөгөө цагаан Портерыг жолоодож байсан хүн бол манай саахалт айлын М.Н байсан...”гэх мэдүүлэг, гэрч Ж.Ггийн “...Тэгсэн харин нэг бус удаа ирж манай хүүг заналхийлсэн, машинтай хөөгөөд дахин малын бэлчээр рүү мал бэлчээвэл ална гээд заналхийлсэн гомдолтой байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Тэр үед манай хүүд хандаж би чам шиг баян пиздаг алчихаад шорондоо явахад яадаг юм гэж заналхийлсэн байсан…”гэх мэдүүлэг, гэрч М.Сийн”... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай намаржааны урд талд малын бэлчээр дээр Г.А, манай нөхөр хоёр, тал талаасаа таарцгаасан. Тэгсэн Г.А морьтойгоо ухасхийгээд давхиад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Н нь бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн үйлдэл хийж заналхийлсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Нгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж хохирогчийн бие махбодид халдах, эрүүл мэндэд нь хохирол учруулах, өөрийг нь болон ойр дотны хүнийг нь ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна зэргээр айлган сүрдүүлсэн байхыг ойлгоно.
Иймд шүүгдэгч М.Нг бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 31 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч М.Нгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн Портер маркийн 53-24 АРХ улсын дугаартай автомашиныг улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн дохионы гэрлийн гадна талын шар өнгийн хамгаалалтын хагархайг устгаж, шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.А нь хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10 , 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Мийн Нг бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн үйлдэл хийж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч М.Нд үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 31 тоот тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Нгаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн Портер маркийн 53-24 АРХ улсын дугаартай автомашиныг хураан улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн дохионы гэрлийн гадна талын шар өнгийн хамгаалалтын хагархайг устгасугай.
7. Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ