| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/03369/И |
| Дугаар | 210/МА2025/01367 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01367
**************, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч *******Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03742 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч **************, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн гаргасан
*******-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох, 51 хувийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй *******д албан бичгээр мэдэгдэхийг **************, ******* нарт мэдэгдэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай, иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч **************, нэхэмжлэгч **************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
**************, ******* нар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, хувьцааны нэгж үнийг 10,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч **************ийн 44 хувийн хувьцаа, нэхэмжлэгч *******гийн 5 хувийн хувьцааг худалдан авсан. Үүнтэй холбоотойгоор Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус өдөр байгуулсан.
Нэхэмжлэгч ******* төрсөн охин *******той олон жилийн дараа уулзаж аав охины ёсоор холбоотой байх, өндөр настай болсон эцгийгээ асран халамжлах, компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж дүү нартаа компанид оруулсан хөрөнгийг буцаан олгох талаар олон зүйл ярилцаж тохиролцсоны эцэст компанийн хувьцааг шилжүүлэх болсон.
Нэхэмжлэгч ************** уг гэрээний 11, 1.2, 2.1, 2.3 дахь хэсэгт заасны дагуу *******-ийн нийт 49 хувийн хувьцаа, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагч хариуцагч ******* өмчлөлд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хэтрүүлэхгүй шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Мөн *******-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үүсгэн байгуулагчдын №22/2 тоот тогтоолоор нэхэмжлэгч **************, ******* нарыг компани эзэмших эрхээс хасаж, хариуцагч ******* хувьцаа эзэмшигчээр оруулж, **************ийг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, хариуцагч ******* гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэхээр болсон. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснээр хариуцагч ******* 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *******-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлаар хариуцагч ******* бүртгэсэн. Хариуцагч нь 49 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх удирдлагаар 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байх бөгөөд гэрээний төлбөр төлөх үүрэг үүссэн боловч үүргээ хууль, гэрээнд заасан журмын дагуу гүйцэтгээгүй болно. Гэтэл хариуцагч ******* нь шүүхээс нэхэмжлэлийг гардаж авсныхаа дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн ашиглахаа больсон Худалдаа хөгжлийн банкин дахь тоот долларын харилцах дансанд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хувьцааны төлбөр гэх утгаар хоёр удаагийн гүйлгээгээр 50,000 төгрөг, 440,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүнийгээ нэхэмжлэгч **************т огт мэдэгдээгүй, ************** шүүхийн ажиллагааны явцад мэдээд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн Худалдаа Хөгжлийн банкин дахь тоот долларын харилцах данснаас 14.74 доллар, 129.72 долларын 2 удаагийн гүйлгээгээр хариуцагч ******* Голомт банкны тоот дансны руу ёс бус орлогын гүйлгээ тул буцаав гэсэн утгаар буцаасан тул хариуцагчийг гэрээний төлбөр төлөх үүргийг биелүүлсэн гэх үндэслэл болохгүй юм. Иймд гэрээнээс татгалзсантай холбогдуулан нэхэмжлэлийг хангаж, хувьцааг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нараас тус шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр надад холбогдуулан энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хэрэгсэхгүй болгосон, мөн тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эцэг биш болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргаж, шинжилгээ хийлгэхэд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 743 тоот шинжээчийн дүгнэлтээр миний биологийн эцэг мөн болох нь 99,9999% хувиар тогтоогдсон хариу ирсний дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. ******* миний бие 2019 оны сүүлээр өөрийн төрсөн аав **************тай уулзан холбоотой болж аав охин хоёр хэн хэн нь ихэд баяртай байсан уулзах үед аав минь нас 70 гарсан бие нь тааруу, сэтгэл санаа ч гундуу байх шиг санагдсан, өөрөө ч хэлж байсан ганцаараа амьдардаг байсан. Улмаар манай гэрт ирж миний гэр бүлтэй танилцаж, нас өндөр болж өөрийн олон жил үүсгэн санаачлан ажилласан хөрөнгийн үнэлгээний -ийг охин минь үргэлжлүүлэн авч ажиллавал сэтгэл амрах тухай, мөн өөрийн 49 хувь эзэмшдэг *******-ийн газрын талаар дэлгэрэнгүй ярьж, манай нөхрийг хөрөнгө оруулалт хийж авч явахыг хүссэн. Тус компанийг хөл дээр нь босгохын тулд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай, хөлс хөдөлмөрөө зарцуулж байж төсөл амжилттай хэрэгжүүлснээр цэгцрэх ийм л компани байсан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхнаасаа энэ хувьцаа шилжүүлж байхад хэн ч юу ч гээгүй бүгд зөвшилцөөд хувьцаа албан ёсоор нотариатаар баталгаажуулж шилжсэн. Хувьцааны үнийг төлсөн, харин буцаагаад нэхэмжлэгч нар нь шилжүүлсэн боловч гэрээний үүрэг биелсэн, гэрээнээс татгалзах үндэслэл бий болоогүй. Иймд тус нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* миний бие 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр *******-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал **************тай Хувьцаа худалдах, худалдан авах, хамтран ажиллах тухай 17/01 дугаартай гэрээ байгуулж, тус компанийн 51 хувийн хувьцааг 510,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл компанийн 44 хувийн хувьцаа эзэмшигч *******, 5 хувийн хувьцаа эзэмшигч ******* нар нь талуудын дунд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 17/01 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах, хамтран ажиллах тухай гэрээний дагуу ******* надад 2,000,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон *******-ийн 49 хувийн хувьцааг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******той Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-нүүд байгуулж худалдсан байх бөгөөд тус гэрээ, хэлцлүүд нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсгүүд болон талуудын дунд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 17/01 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах, хамтран ажиллах тухай гэрээний 1.2, 2.1.1 дэх хэсгүүдийг зөрчсөн хууль бус гэрээ, хэлцлүүд болжээ. Нөгөө талаас нэхэмжлэгч миний бие нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.9 дэх хэсгүүдэд заасны дагуу компанийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхтэй этгээд бөгөөд хариуцагч **************, ******* нар нь иргэн *******д компанийн 49 хувийн хувьцааг шилжүүлж байгаа үйл баримтыг өөрөөр тайлбарлаж ажил төрөл хөөцөлдүүлж бичиг баримт боловсруулахад чинь хэрэгтэй чи өөрөө ажил ихтэй юм чинь гүйцэтгэх захирал болгоё гэж худлаа хэлэн бодит байдлыг нуун дарагдуулсан хууль бус үйлдэл гаргасан. Иймд хариуцагч **************ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******-ийн 44 хувийн хувьцааг худалдах зорилгоор иргэн *******той байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, болон Компаний эрх шилжүүлэх тухай гэрээ, хариуцагч *******гийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******-ийн 5 хувийн хувьцааг худалдах зорилгоор иргэн *******той байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компаний эрх шилжүүлэх тухай гэрээ-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгүүдэд заасны дагуу *******-ийн 49 хувийн хувьцааг худалдах тухай мэдэгдлийг 51 хувийн хувьцаа эзэмшигч буюу тус хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй этгээд болох нэхэмжлэгч *******д албан бичгээр мэдэгдэхийг хариуцагч ******* болон ******* нарт даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нараас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
5. Хариуцагч талаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:
Гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлага нь үндэслэлгүй, зөвшөөрлөө тухайн үедээ өгч байсан, мэдэгдэхгүйгээр хувьцааг шилжүүлсэн зүйл байхгүй, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг нотариатч дээр хийхэд ******* өөрөө байлцсан гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 болон 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан *******-ийн 5 ширхэг 5 хувийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд *******гийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, албан бичгээр мэдэгдэхийг хариуцагч ************** болон ******* нарт даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч **************ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******-ийн 44 ширхэг 44 хувийн хувьцааг *******ос буцаан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөг, **************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,870 төгрөг, гуравдагч этгээд *******гийн төлсөн 98,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ос 95,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **************т олгож шийдвэрлэсэн.
7. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх маргаан бүхий асуудлын хүрээнд хуулийг буруу тайлбарлаж, Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй байна. Тодруулбал:
Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан ... компанийн 5 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах ... нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийн шийдвэрлэж ... 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-нүүдээс татгалзах ... нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
7.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдсан дүгнэлт, хууль зүйн үндэслэл нь хэргийн үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон нөхцөл байдлаас илт зөрүүтэй дүгнэсэн бөгөөд маргаан бүхий асуудалд холбогдох Иргэний хуулийн зохицуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд зааснаар үндэслэл бүхий дүгнэж чадаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь өөрийн төрсөн эцэг **************т 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч *******той 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-г тус тус байгуулсан.
Хариуцагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу хувьцааны төлбөр 50,000 төгрөгийг худалдагч талд төлөх үүрэг хүлээсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй шатанд хариуцагч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч **************ийн Худалдаа хөгжлийн банк-ны харилцах дансанд хувьцааны үнийг төлсөн гэх баримтад үндэслэж шүүх хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь 2022 оны 07 дугаар сараас эхлэн анхан шатны шүүхэд ... Гэрээний үүргийн биелэлт шаардсан буюу хувьцааны төлбөр шаардаж ... нэхэмжлэл гарган маргаагүй бөгөөд ... Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээнээс татгалзах ... шаардлагууд гаргаж өнөөдрийг хүртэл маргасаар ирсэн.
Нөгөө талаар хариуцагч нь шүүгчийн захирамжаар иргэний хараг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх шатанд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд шууд хамааралтай, эерэг болон сөрөг үр дагавар үүсгэх аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь нэхэмжлэгчээс тухайн шүүхэд анх нэхэмжлэл гаргах цаг хугацаан дахь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхолтой хэрхэн уялдаж байгаад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Шүүгчийн захирамжаар нэгэнт иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчилсэн хүлээн зөвшөөрөх, маргаан бүхий асуудлыг эвлэрэн хэлэлцэх журмаар шийдвэрлэх санал гаргах эрхтэй бөгөөд тухайн саналыг нь нэхэмжлэгч хүлээн авах боломжтой эсэхийг шүүх тодруулах хууль зүйн зохицуулалттай.
Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2022 оны 07 дугаар сард нэхэмжлэл гарган маргаж байх явцад 2022 оны 11 дүгээр сард гүйцэтгэсэн төлбөрийн баримтаар хариуцагч талыг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь тухайн төлбөрийг үүргийн гүйцэтгэлд тооцон хүлээн авах боломжтой эсэх, тухайн төлбөр төлөгдсөнөөр нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үеийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдаж байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай юм.
7.3. Анхан шатны шүүх төлбөр төлөгдсөн цаг хугацаа, төлбөрийг хүлээн авахаас татгалзаж буцаасан нэхэмжлэгчийн хүсэл зориг зэргийг хууль зүйн үндэслэлтэй нотлох бичгийн баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.
Нөгөө талаас шаардах эрх үүссэн гэж тодорхойлж буй ... Хариуцагчийн гар утас болон и-мэйл хаягуудад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан ... гэх үйл баримтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан ... Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ ... гэх хууль зүйн зохицуулалт хамаарах бөгөөд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нар нь талуудын дунд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ-нээс татгалзах хууль зүйн үр дагавар хангалттай тогтоогдсон байгааг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд үл ойлголцол үүсэж, маргаантай асуудлаа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж байсан учир тухайн хугацаанд талууд бие биетэйгээ уулзаж, хэн нэгнийгээ асарч халамжлах бодитой бололцоо байгаагүй бөгөөд ******* нь маргаан үүссэнээс хойших асуудлыг ярьж байна. Мөн нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч нь *******гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлахдаа огт өөр зүйлийн талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, ******* аавыгаа гадаад улсад эмчлүүлж асарна, 2 хаус барьж үнэгүй өгнө гэх амлалт өгсөн атлаа уг амлалтаа биелүүлээгүй гэж тайлбарлаж байна. Түүнчлэн, дээрх үйл баримтууд гэрээнд тусгагдаагүй болохыг нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгчийн ярьсан үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй учир түүний гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд 5 хувийн хувьцааны талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.
9. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга:
******* Канад улсад амьдраад олон жил болж байгаа бөгөөд гадаад улсад байхдаа явуулсан итгэмжлэл нь тухайн компанийг төлөөлж *******гийн өмнөөс гэрээ хэлцэл хийх бололцоотой гэх итгэмжлэл ирсэн. Түүнчлэн, *******гийн эзэмшлийн 5 хувийн хувьцаа болон гүйцэтгэх захирлын эрх, үүрэг хариуцагчид шилжсэн. Одоо тухайн компанид ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэхээр миний эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна. Татварын байгууллагад тооцооны асуудалтай байгаа учир шүүхэд хандаж тухайн асуудлуудыг шийдвэрлүүлэх ёстой болдог. Мөн авлага, өглөг гэх янз бүрийн асуудлуудаас болж би хохирч байна. *******гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.
10. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч **************аас гаргасан тайлбарын агуулга:
Төлбөр төлөгдсөн үйл баримтыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалтай холбоотой үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, татгалзах, эсвэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчийн төлбөр төлөгдсөн үйл баримттай холбоотойгоор хариуцагч талтай хуульд заасан үндэслэлээр маргаан бүхий асуудлын хүрээнд эвлэрэн хэлэлцэх, хуульд заасан тусгайлсан зохицуулалтын хүрээнд огт харилцаагүй. Нэхэмжлэгч нар нэгдмэл ашиг сонирхолтой байгаа учир *******гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
11.1. Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдтэй хамт адил агуулга, хэлбэр бүхий хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, адил үндэслэлээр (хувьцааны төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар) гаргасан нэхэмжлэгч **************ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******-ийн 44 ширхэг 440,000 төгрөгийн үнэлгээ бүхий хувьцааг хариуцагч *******ос буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ гэж үзэж байна. Гэтэл шүүхээс хэдийгээр гэрээнд заагаагүй боловч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* нь **************ийг асран халамжлах онцгой үүргээ зөрчсөн гэж үзсэн
Харин, шүүхэд цугласан баримтаас үзэхэд талуудын хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд улмаар шүүхэд хандаж 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр анх нэхэмжлэлээ гаргасан байгаа үйл баримт нь дээрх гэрээнүүд байгуулагдсанаас хойш хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч **************ийг асран халамжлах үүргийг биелүүлэх, зохих үр дүнг гаргах цаг хугацааны хувьд ч, нөхцөл байдлын хувьд ч бодит боломж гараагүй байх бөгөөд гэрээндээ энэ талаар тусгаагүй байх тул гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
11.2. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч **************ийг асран халамжлах онцгой үүрэг хүлээсэн, түүнийгээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар гэрээнд заагаагүй, ямар нотлох баримтад үндэслэж дүгнэсэн болох нь тодорхойгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч **************ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******-ийн 44 хувийн хувьцааг буцаан гаргуулах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч **************аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
12. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч **************ийн гаргасан тайлбарын агуулга:
Тухайн цаг хугацаанаас хойш энэ компанийн нэгж хувьцааны үнэлгээ, компанийн тусгай зөвшөөрөл болон эд хөрөнгийн үнэлгээ, компанийн эзэмшилд байх газар болон бусад биет байгууламжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь 2 удаагийн дүгнэлтээр дүгнэж гаргасан. Өөрөөр хэлбэл, зөвхөн тухайн компанийн хэрэгжүүлж буй төсөл нь 20,000,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэл зоригийг тусгалгүйгээр, компанийн хувьцааг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлуудаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хууль бус буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
13. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******гээс гаргасан тайлбарын агуулга:
Компанийн 49 хувийн хувьцааг *******д шилжүүлэх хүсэл зориг нь зөвхөн **************ийн хүсэл зориг байсан. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хувьцааг *******д шилжүүлэх хүсэл зориг *******д огт байгаагүй. Зөвхөн ************** тухайн хувьцааг *******д шилжүүлсэн учир бид **************ийн хүсэл зоригийг тайлбарлах болж байгаа юм. Мөн ******* нь анхан шатны шүүх хуралдааны үед би тухайн 5 хувийн хувьцааг нь буцаагаад өгье гэх хариу тайлбарыг хэлдэг. Хамгийн сүүлд Ковид-19 цар тахлын үеэр ************** халдвар авчихлаа гэхэд ******* зүгээс аавыгаа үх гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэмэлт тайлбарт ******* ямар нэгэн хариу тайлбар өгдөггүй, хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч **************ийн эзэмшлийн 44 хувийн хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулсан нь зөв. Нэхэмжлэлийн шаардлага ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж болно гэжээ.
14. Хариуцагч талын давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргааны улмаас миний эрх ашиг хөндөгдсөн. Анх энэ компанид хөрөнгө байхгүй буюу байшин баригдаагүй байсан. Байшинг барихад миний бие болон нэхэмжлэгч *******, ************** нараас мөнгө гарсан. Түүнчлэн байшин бий болсноор хашаа барьж, цахилгаан тавьж, цэвэрлэх байгууламж хийж, зам тавьсан зэрэг олон ажлууд хийгдсэн. 2017 оноос хойш 5 жилийн хугацаа өнгөрч байхад хувьцааг анх авсан үнээр буюу 490,000 төгрөгөөр зарна гэж байхгүй. 2022 оноос өмнө компанийн гүйцэтгэх захирал нь ************** байсан. Хуульд зааснаар ************** компанид хөрөнгө нэмэгдэх үед санхүүгийн компанийн тайлан, балансад тусгаж, компанийн хөрөнгийг нэмэгдүүлж байх ёстой. Гэтэл ************** өндөр настай учир энэ ажлыг хийж чадаагүй. Тиймээс ************** би өндөр настай болсон энэ ажлыг хийж чадахгүй байхад ийм сайхан охин минь гарч ирлээ гэж бодож охиндоо хөрөнгөө өгөхөд охин нь ийм нөхцөл байдалд оруулсан. Иймд миний гуравдагч этгээдээр гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
15. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
15.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн. *******гийн зүгээс хөрөнгө оруулалт хийх, компанид бодит өмч, хөрөнгө бий болгох, компанийн эрх, тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байхад чиглэсэн татвар, төлбөр зэргийг хуулиар тогтоосон хугацаанд төлөх зэрэг бүхий л үүргүүдийг 2017 оноос хойш бие даан хариуцан биелүүлж ирсэн бөгөөд бодит үр дүн, өмч хөрөнгөөр баталгаажсан үйл баримт юм гэж тодорхойлсон бөгөөд үйл баримтуудыг бүхэлд нь нотлох бичгийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн.Зүй нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан талуудын дунд 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах, хамтран ажиллах тухай 17/01 дугаартай гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах, хамтран ажиллах тухай 17/01 дугаартай гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах тухай 03/035 дугаартай гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Нэмэлт гэрээ-нүүдэд анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Мөн 2017 оноос эхлэн гуравдагч этгээд *******гийн компанийн эзэмшлийн Богдхан уулын Залаатын амны тусгай хамгаалалтын бүсэд орших 1,6 га газарт хашаа барих, зам тавих, худаг ус гаргах, цахилгаан татах, бохирын систем суулгах, цаашид хийгдэх аялал жуулчлалын зориулалт бүхий цогцолборын зураг төсөл боловсруулах, батлуулах зэрэгт их хэмжээний бодит хөрөнгө оруулалт хийсэн үйл баримтыг нотлох, мөн 2017 оноос хойш тус компанид бодит хөрөнгө оруулалт оруулж компанийн эзэмшил бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Залаатын ам /13310/ гудамж, 3-10 тоот хаягт орших газар дээр 480.4 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулан 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр компанийн нэр дээр хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч баталгаажсан үйл баримтыг нотлох, цаашлаад хөрөнгө оруулалт хийх, компанид бодит өмч, хөрөнгө бий болгох, компанийн эрх, тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байхад чиглэсэн татвар, төлбөр зэргийг хуулиар тогтоосон хугацаанд төлөх зэрэг бүхий л үүргүүдийг 2017 оноос хойш бие даан хариуцан биелүүлж ирсэн бодит үр дүн, өмч хөрөнгөөр баталгаажсан үйл баримтыг нотлох, талуудын дунд байгуулагдсан удаа дараагийн гэрээ, хэлцлүүдийн дагуу гэрээний үүрэгт 2017 онд 1,090,000,000 төгрөг, 2020 онд 50,000,000 төгрөг төлсөн бодит үйл баримтуудыг нотлох бичгийн нотлох баримтуудад анхан шатны шүүх бүхэлд нь үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрийн хүрээнд гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль зүйн үндэслэлтэй тогтоох, түүнийг талуудын дунд байгуулагдсан гэрээ, хэлцлүүдэд заасан зохицуулалт болон хуульд заасан ямар үндэслэл, журмын дагуу хэрхэн сэргээн шийдвэрлэх талаар тусгагдах хууль зүйн боломж алдагдах үр дагавар үүсгэсэн байна.
15.2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх хууль зүйн үр дагавар үүсгэсэн. Зүй нь гуравдагч этгээдийн зүгээс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр явагдсан гэх *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ямар ч хуралдаанд биечлэн оролцоогүй, тухайн өдөр хувьцаа эзэмшигчдийн хуралдаан бодит байдал дээр хийгдээгүй талаар бие даасан шаардлагадаа болон шүүх хуралдаан дээр удаа дараа тайлбарлан, мэдэгдсэн.
Гарын үсэг зурагдсан гэх хурлын тэмдэглэл, шийдвэр зэрэг нь хувьцаа эзэмшигч **************аас удаа дараа тавьсан хүсэлт, шаардлагын дагуу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр **************, ******* нарыг нотариат дээр байх үед нь очиж 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хурал явагдсан гэх үйл баримтыг нөхөж боловсруулсан баримтууд дээр **************ийн тавьсан шаардлагын дагуу гарын үсэг зурж өгсөн бөгөөд хувьцаа шилжүүлэх гэрээ хэлцлийг зөвшөөрөхгүй байгаа талаараа **************т тайлбарлан нотариат дээр маргалдаж байсан үйл баримтыг шүүх хуралдаанд тодорхой тайлбарлан мэдүүлсэн. Мөн хувьцаа эзэмшигч ************** 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нотариат дээр гэрээ байгуулагдах цаг хугацаанд хаана, хэнтэй ямар гэрээ хэлцэл байгуулж байгаа талаараа тодорхой мэдээлэл, ойлголтгүй зөвхөн охин ******* гүйцэтгэх захирал болж байгаа чи битгий саад болоод бай гэх байдлаар ******* надад хандаж байсан нь түүнийг тухайн гэрээ хэлцэлд өөрийн хүсэл зоригийн дагуу оролцсон эсэхэд эргэлзээ төрүүлж байсан.
Анхан шатны шүүх үндсэн болон бие даасан шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тодорхойлсон хууль зүйн үндэслэл тус бүрд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх хууль зүйн шаардлагатай. Гуравдагч этгээд ******* миний зүгээс анхан шатны шүүхэд хандаж гаргасан бие даасан шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгүүдэд зааснаар тодорхойлсон. Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч **************, ******* нар нь хувьцаа эзэмшигч ******* миний хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхийг зөрчиж компанийн эрхийг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа болов ч анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хууль зүйн үндэслэлд огтоос дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт бие даасан шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
16. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:
**************ийг харааны бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй мэтээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар ярьж байна. Гэвч ************** сүүлийн 2 жилийн хугацаанд бүх шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Түүнчлэн ************** ямар гэрээ хийж байгаа талаараа ч мэдэхгүй, тийм хүн биш. Төрийн болон хувийн бизнесийн удирдах ажлыг хийж байсан биднээс илүү чадвартай хүн. Гэтэл гэрээ байгуулагдсан нөхцөл байдлын талаарх нотлох баримтуудыг өөр өөрийн өнцгөөс мушгин тайлбарлаж, шүүх хуралдаан болгон дээр шинэ асуудлыг нэмж гаргаж ирж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулахаас өмнөх үйл баримтыг өмгөөлөгч нар зохиож ярихаас илүү амьд гэрч болох хариуцагч *******ос асуух боломжтой. Иймд 2 хаус өгнө, гадаад улсад амраана гэх зүйлүүдийг нэхэмжлэгч нар зохиож ярьж байна гэжээ.
17. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******гээс гаргасан тайлбарын агуулга:
Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. Компанийн хувьцааг 490,000 төгрөгөөр зарах байсан бол би худалдаж авах байсан гэж гуравдагч этгээд тайлбарладаг. Мөн **************т компанийн хувьцааг 490,000 төгрөгөөр зарах хүсэл зориг байгаагүй гэдэг нь нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар болон хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогддог. Гэрээнд аман байдлаар тохиролцсон үндэслэлүүдийн талаар тусгаагүй байна гэхэд хариуцагч ******* зүгээс буцаагаад өгчихье, би шахалт шаардлагаар хийгээгүй гэх тайлбаруудыг өгдөг атлаа 2022 оны 11 дүгээр сард хэн нэгний зөвлөсний дагуу 490,000 төгрөгийг **************ийн данс руу шилжүүлсэн байсан. **************ийн хувьд хэргийн материалтай танилцаж байх үедээ уг мөнгө түүний дансанд орж ирсэн талаар мэдсэн бөгөөд тухайн үедээ ёс бус мөнгө гэх утгаар ******* данс руу буцаан шилжүүлсэн. Гэрээний төлбөр одоог хүртэл ************** болон ******* нарын дансанд орж ирээгүй гэжээ.
18. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч **************аас гаргасан тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч **************, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан **************, ******* болон ******* нарын хооронд байгуулсан *******-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компаний эрх шилжүүлэх тухай гэрээ-нүүдээс татгалзаж, **************ийн нэр дээрх 44 хувийн хувьцаа, *******гийн нэр дээрх 5 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах шаардлагатай байна. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа эсхүл хүчин төгөлдөр гэрээг хэрэгжих боломжгүй гэж үзэж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаагийн аль нь болохыг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулснаар хэргийн үйл баримт, тухайн маргааны зүйл, түүнд хэрэглэх хуулийн үндэслэлийг зөв тогтоох боломжтой.
3. Учир нь нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хэлцлийн үндэслэлийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг асран тэтгэх үүрэг хүлээсэн гэрээний агуулгыг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж байгуулсан гэж үндэслэлдээ дурдсан байна. /1хх192-194/
Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах тухай асуудал байхаас хүчин төгөлдөр бус гэрээнээс татгалзах тухай ойлголт хуульд байхгүй.
4. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ *******-ийн 5 хувийн хувьцааг эзэмших эрхийг аав **************т шилжүүлсэн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэх агуулгаар тайлбарлаж байна. Иймд, *******гээс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр **************т олгосон итгэмжлэлийн талаар мөн тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
5. Уг хэргийг тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2024/00148 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулах шаардлагатай гэх үндэслэлийг зааж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан боловч магадлалын уг заалт биелэгдээгүй, шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гээс төлсөн 74,750 төгрөг, гуравдагч этгээд *******гаас төлсөн 116,510 төгрөг, хариуцагч *******ос төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД *******ЦОГТСАЙХАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ