Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 615

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: С.Батгэрэл,

Шүүгдэгч/хохирогч: Ш.Э ,

Шүүгдэгч/хохирогч: Э.Б  нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905019990569 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.Э, урьд 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 46 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан,

- 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б , урьд  2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн 442 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, 01 жилээр хойшлуулсан,

- 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 616 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 820 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Ш.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 37-р байрны 1-р орцны гадна иргэн Э.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 37-р байрны 1-р орцны гадна иргэн Ш.Э г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 73 дугаар сургуулийн хажууд согтууруулах ундааны зүйл уугаад явж байгаад Э.Б тай зодолдсон. Тухайн үед З ирж зодооныг салгасан...” гэв.

Шүүгдэгч Э.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ш.Э тай 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 73 дугаар сургуулийн хажуугаар явж байгаад согтууруулах ундааны зүйл уудаг хэсэг бүлэг хүмүүстэй уулзаж байгаад Ш.Э  бид хоёр хоорондоо маргалдсан. Ш.Э  бид хоёр зодолдсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогчоор Ш.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :”...гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй...” гэв.

Хохирогчоор Э.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :”... гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй...” гэв.

Хохирогчоор Э.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад 2б байранд байрлах найз Ч ий гэрт очихоор явж байсан ба найз маань гэртээ байгаагүй. Ч  архи уудаг хүмүүстэй нийлдэг болохоор архи ууж байгаа хүмүүстэй хамт байна уу, үгүй юу гэж харахад архи уудаг хэсэг хүмүүс Тээврийн товчооны зам дагуу 73 дугаар сургуулийн хажууд байсан. ...Очоод хэзээ архины эмчилгээнээс ирсэн юм гээд инээгээд юм яриад зогсож байтал Наранхүү ах Ш.Э гийн хамт ирсэн. Би “юу байна, Наранхүү ах” гэж хэлсэн чинь Ш.Э  “юу байсан ч чамд ямар хамаатай юм” гэсэн. Би хамт байсан хүмүүстэй нь ярихад Ш.Э  хажуунаас орж ирээд “чи юу яриад байгаа юм” гэсэн. Би өөдөөс нь “чамд ямар хамаатай юм, пизда  минь” гэсэн чинь Ш.Э  “энэ бацаан их том болжээ” гээд гаднах хувцсаа тайлж ирээд нүүр рүү мөргөсөн. Энэ үед миний үүдэн доод 3 шүд унасан. Миний өмсөж байсан куртикнээс угз татаж урсан. Би биеэ хамгаалах гэж куртикээ тайлаад Золбоод өгч бариулаад Ш.Э тай зууралдсан. Гэтэл миний хүзүүнд байсан эрхээр хоолой боосон, хажууд байсан хүмүүс ирж салгах гэтэл би доор нь ороод унасан. Ш.Э  миний хүзүүг боогоод тавихгүй байсан ба би гарыг нь хазаж тавиулсан. Энэ үед Ш.Э  хажууд байсан архины шил аваад шидсэн оноогүй. Вотокийн таягийг аваад над руу шидээд миний толгойн арыг оносон. Ингээд хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгаад байсан газраасаа холдоод хажууд байсан машины шилэнд харахад шүд унаагүй хөдөлсөн байсан. Миний зогсож байсан газар Ш.Э  ирээд гартаа нэг юм барьсан цохих гэж байсан нэг нь ирээд болиулсан. Ингээд нилээн зодолдоод зууралдаж байхад байхад миний нүүр рүү мөргөсөн, миний 1 шүд тухайн үед унаж, 2 шүд хөдөлсөн. Маргалдах болсон шалтгаан нь архины эмчилгээнд яваад ирсэн үү гэж намайг тохуурхсан. Ш.Э г 8 жилийн өмнөөс танина, урд нь маргалдаж байгаагүй. Ш.Э  миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон, толгойгоороо 2 удаа мөргөсөн, таягаар толгой руу 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Хохирогчоор Ш.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73 дугаар сургуулийн хажууд байрлах шар байрны гадна З, Б, Б, Г бид нар 0.5 граммын архи 4 шилийг хувааж уусан, архи ууж дуусаж байх үед би Барсыг “архины эмчилгээнээс хэзээ гарч ирсэн юм бэ” гэж асуухад “миний тэрэнд явах чамд ямар хамаатай юм” гэж маргалдаад баруун гараараа зүүн хацар руу 1 удаа цохиж бид хоёрын дунд зодоон болсон. Миний хүзүүнээс боосон, би мөн Барсын хүзүүнээс боосон. Ингээд зодолдож байхад би газар унасан, унасан байхад З ирж салгасан. “Чи яахаараа согтуу байх үед хүнийг зоддог юм” гээд би Б руу дайрахад Б толгой руу нэг зүйлээр цохих шиг болсон. З дахиж салгаад зогсож байтал Б цагдаа дуудсан. Намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Б нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, хүзүү боож газар унасан байхад зүүн хавирга руу өшиглөсөн, толгой руу 1 зүйлээр нэг удаа цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч Ц.М гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш.Э , Барс, Боток, Хагархай, би зэрэг 6-7 хүн, 0.75 граммын 2 шил архи уусан. Нэг мэдсэн чинь Барс, Ш.Э  хоёр хоорондоо барилцаж аваад Э.Б , Ш.Э г үүрч газар шидээд дээр нь гараад цохиод байсан. Би очоод салгах гэтэл Э.Б  намайг зодох гээд өөдөөс дайраад байхаар нь би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Шинжээчийн 5585 тоот дүгнэлтэд: “...Ш.Э гийн биед тархи доргилт, баруун зулай, дагз, баруун гарын эрхий хуруунд шарх, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, шилэн хүзүү, баруун бугалга, 4, 5 хуруу, зүүн гарын алганд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, баруун зулай, дагз, баруун гарын эрхий хуруунд шарх, зүүн бугалга, өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

Шинжээчийн 5576 тоот дүгнэлтэд: “...Э.Б ийн биед 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал, зулайн хуйх, баруун дал, баруун бугалга, баруун шуу, зүүн ташаанд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 1 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө...” гэсэн дүгнэлт /хх-н 29/,

Яллагдагчаар Ш.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 77-79/,

Яллагдагчаар Э.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 82-83/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, илтгэх хуудас /хх-н 5-6/, шүүгдэгч/хохирогч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд 34-42, 45-56, 68-76, 89-98/, хохирогч нарын хүсэлт /хх-н 99-100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Э  нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 37-р байрны 1-р орцны гадна иргэн Э.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 37-р байрны 1-р орцны гадна иргэн Ш.Э г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчоор Э.Б ын: “...Ш.Э  “энэ бацаан их том болжээ” гээд гаднах хувцсаа тайлж ирээд нүүр рүү мөргөсөн. Энэ үед миний үүдэн доод 3 шүд унасан. Миний өмсөж байсан куртикнээс угз татаж урсан. Би биеэ хамгаалах гэж куртикээ тайлаад Золбоод өгч бариулаад Ш.Э тай зууралдсан. Гэтэл миний хүзүүнд байсан эрхээр хоолой боосон, хажууд байсан хүмүүс ирж салгах гэтэл би доор нь ороод унасан. Ш.Э  миний хүзүүг боогоод тавихгүй байсан ба би гарыг нь хазаж тавиулсан. Энэ үед Ш.Э  хажууд байсан архины шил аваад шидсэн оноогүй. Вотокийн таягийг аваад над руу шидээд миний толгойн арыг оносон. ... зодолдоод зууралдаж байхад миний нүүр рүү мөргөсөн, миний 1 шүд тухайн үед унаж, 2 шүд хөдөлсөн. Маргалдах болсон шалтгаан нь архины эмчилгээнд яваад ирсэн үү гэж намайг тохуурхсан. ...Ш.Э  миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон, толгойгоороо 2 удаа мөргөсөн, таягаар толгой руу 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, хохирогчоор Ш.Э гийн: “...би Барсыг “архины эмчилгээнээс хэзээ гарч ирсэн юм бэ” гэж асуухад “миний тэрэнд явах чамд ямар хамаатай юм” гэж маргалдаад баруун гараараа зүүн хацар руу 1 удаа цохиж бид хоёрын дунд зодоон болсон. Миний хүзүүнээс боосон, би мөн Барсын хүзүүнээс боосон. Ингээд зодолдож байхад би газар унасан, унасан байхад З ирж салгасан. Чи яахаараа согтуу байх үед хүнийг зоддог юм гээд би Б руу дайрахад Б толгой руу нэг зүйлээр цохих шиг болсон. З дахиж салгаад зогсож байтал Б цагдаа дуудсан. ...Б нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, хүзүү боож газар унасан байхад зүүн хавирга руу өшиглөсөн, толгой руу 1 зүйлээр нэг удаа цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч Ц.М гийн: “...Нэг мэдсэн чинь Барс, Ш.Э  хоёр хоорондоо барилцаж аваад Э.Б , Ш.Э г үүрч газар шидээд дээр нь гараад цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, шинжээчийн 5585, 5576 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Э , Э.Б  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Э , Э.Б  нар нь хоорондоо маргалдан, зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт бичгээр /хх-н 99-100/ хүсэлт гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ш.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял”, “шүүгдэгч Э.Б ыг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял”, оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.Э , Э.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар

              - Шүүгдэгч Э.Б ыг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э , Э.Б  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР