Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 4751

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/04751

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Хан-Уул  дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр, “СББ трейд” ХХК-ний нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 14-р хороо, Түмэн плаза төвийн б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Үлэмж мандах” ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 341 840 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, хариуцагч Ч.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

 

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СББ трейд ХХК нь “Үлэмж мандах” ХХК-тай 2014 оны 9-р сарын 10-ны өдрөөс 2015 оны 10-р сарын 01-ний  өдөр хүртэл зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 2014 онд тооцоо нийлсэн актаар 11 870 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг 2014 оны 12-р сарын 31-ний дотор төлөхөөр болсон. 2015 оны 2-р сарын 5-ны өдрийн тооцоогоор 9 870 160 төгрөгийн үлдэгдэлтэйг мөн санхүүгийн баримтаар баталгаажуулсан. Энэ хугацаанаас хойш 450 000 төгрөгийг төлж үлдэгдэл 9 420 160 төгрөгийг 2016 оны 3-р сарын 17-ны өдрөөс хойш хуваарийн дагуу төлөх хүсэлт манайд гаргасан. Төлбөр төлөхөөр тохирсон хугацаанд төлөөгүй тул Үлэмж мандах ХХК-иас зээлээр худалдан авсан барааны үлдэгдэгдэ үнэ 9 420 160 төгрөг, 2016 оны 3-р сарын 17-ны өдрөөс 2016 оны 5-р сарын 24-нийг хүртэл 68 хоногийн алданги 1 921 680 төгрөг нийт 11 341 840 төгрөгийг нэхэмжилсэн. Харин үүнээс 600 000 төгрөг төлсөн байх тул хасч  10 741 840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Мөнхзул шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай “Үлэмж мандах” ХХК нь караоке ажиллуулж, хэд хэдэн салбартай байсан. Эдийн засгийн хямралтай холбоотой орлого багассан учраас 2015 оны намар татан буулгасан. Одо Түмэн плаза төвийн доор ажиллаж байгаа караокений төлбөр 8 820 160 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Нэхэмжилж байгаа 10 741 840 төгрөгийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч  “СББ трейд” ХХК нь “Үлэмж мандах” ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 341 840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлээс 600 000 төгрөгийг хасч 10 741 840 төгрөг гаргуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

“СББ трейд ХХК нь “Үлэмж мандах” ХХК-тай 2014 оны 9-р сарын 10-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 2015 оны 10-р сарын 01-ний  өдөр хүртэл бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч дараа үнийг төлөхөөр / хх 18-19/ тохирчээ.

 

Талууд гэрээний 3.9-д зааснаар 14, сар, улирлаар тооцоо нийлж байхаар тохирсны дагуу 2014 онд тооцоо нийлж “Үлэмж мандах” ХХК нь 11 870 000 төгрөгийн, 2015 оны 2-р сарын 5-ны өдрийн тооцоогоор 9 870 160 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан /хх 7-9/, мөн 2016 оны 3-р сарын 15-ны өдөр төлбөл зохих 9 420 160 төгрөгийг хугацаа тогтоож төлөхөөр /хх 10/ тохирсон байх ба үүнээс төлбөр төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарсан байна.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар барааны үнийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийн хамт 11 341 840 төгрөг гаргуулахаар шаардсан, 2016 оны 7-р сарын 4-ний өдөр тооцоо нийлж хариуцагч 8 820 160 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлжээ. 

 

Гэвч хариуцагч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлага 10 741 840 төгрөгийг маргаагүй байх тул энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Үлэмж мандах” ХХК-иас 10 741 840 /арван сая длоон зуун дөчин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулж “СББ трейд” ХХК-д олгосугай.   

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 819 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Үлэмж мандах” ХХК-иас 186 819 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Р.АЛТАНТУЯА