Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01392

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04897 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 176,396,266.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь иргэн *******тай 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2023/012 тоот Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 130,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, бизнесийн зориулалттайгаар зээлүүлсэн. Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хуваарийн дагуу хугацаанд төлж барагдуулахгүй зөрчил үүсгээд байна.

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,782,568.92 төгрөг, хүүд 37,615,531.08 төгрөг, нийт 42,398,100 төгрөг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгдээгүй, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй, гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Мэдэгдэх хуудас-ыг зээлдэгч *******д хүргүүлсэн боловч тэрээр мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй учир нэхэмжлэгчийн зүгээс түүнтэй байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/012 тоот Барьцаат зээлийн гэрээ-г цуцалж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, хүүд 26,453,710.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,570,312.99 төгрөг, нийт 158,241,454.28 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн хүү 15,129,010.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,025,802,03 төгрөг, нийт 18,154,812.2 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иймд, талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, зээлийн хүү 41,582,720.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөг, нийт 176,396,266.48 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү.

******* нь дээрх зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд түүнтэй 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 2023/012-01 тоот Барьцааны гэрээ-гээр барьцаалсан Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, /13335/ Намъяанжу гудамж, 9 дүгээр байрны ******* хаягт байрлах 61,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие нь тус ББСБ-аас зээл авсан нь үнэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд, мөн эргэн төлөлтийн тухайд маргах зүйлгүй.

Гэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 24 сарын хугацаатай байгуулагдсан гэрээ бөгөөд зээлийн эргэн төлөлтийг бетон зуурмагийн үйлдвэр нь хавар хэвийн ажиллагаанд орсон тохиолдолд төлж барагдуулах бүрэн боломжтой бөгөөд бизнесийн үйл ажиллагаа нь улирлаас хамаарч зогссонтой холбоотой эргэн төлөлт хийгдэхгүй удсан тал байгаа.

Уг зээлийг бизнесийн зорилгоор зээлж авсан, зээлийн хүүг сарын 3,5 хувь гэж тогтоосон нь эргэн төлөлтийн хувьд өндөр байгаа нь бизнес эрсдэлд орсон үед хүндрэл үүсгэж байгаа учир хүүг сарын 3,0 хувь болгож багасгаж өгөхийг хүсч байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, хүү 41,582,720.38 төгрөгийг зөвшөөрч байна, харин нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөгийг зөвшөөрөхгүй, мөн байрны тухайд гэр бүлийн хамт амьдрах зориулалттай учир хүндрэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, зээлийн хүү 41,582,720.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөг, нийт 176,396,266.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 133358, Намъяанжу гудамж, 9 дүгээр байр, ******* хаягт байршилтай 61,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,268,081 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,268,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нэгэнт шүүхэд хандсан ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд 18,154,812 төгрөгийг хасч тооцуулах хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэгч тал гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан гэж үзэж байна.

Хариуцагч тал бизнесийн эрсдэл болон улирлын чанартай үйл ажиллагаанаас болж зээлээ хугацаандаа төлж чадаагүйг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ талууд төлбөрийн нөхцөл дээрээ уян хатан хөнгөвчилсөн байдлаар асуудалд хандаж болох байсан.Гэтэл төлбөрийг улам бүр нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй.

4.2. Зээлдүүлэгч гэрээний хугацааг өөрийн санаачилгаараа цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй гэж үзэж байна. Мөн тус үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Хэдийгээр энэ орон сууц *******гийн нэр дээр бүртгэлтэй байдаг ч нөхөр , хүүхдүүдийн хамт оршин суудаг бөгөөд энэ гэр бүлийн гишүүдийн эрх, ашиг сонирхол ч хөндөгдөнө гэдгийг харгалзан үзэж нийт төлбөрийг анх нэхэмжлэл гаргасан 158,241,454.28 төгрөгөөр тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлэх хуулиар олгосон бүрэн эрхтэй. Улмаар нэмэгдүүлсэн дүн нь 18,154,812 төгрөг болсон. Нэхэмжлэгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учир гаргаж байгаа гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, хүүд 26,453,710.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,570,312.99 төгрөг, нийт 158,241,454.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

1.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, зээлийн хүү 41,582,720.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөг, нийт 176,396,266.48 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчаас нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. ******* нь *******тай 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2023/012 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж 130,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх11-12/

 

3.1. Мөн өдрийн 2023/012-01 дугаартай барьцааны гэрээгээр *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, 133358, Намъяанжу гудамж, 9 дүгээр байр, ******* хаягт байршилтай 61,5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. /хх13-15/

 

3.2. Нэхэмжлэгч талаас хариуцагч *******д 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаарх хуримтлагдсан зээлийн хүү 23,571,994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,673,599 төгрөг, үндсэн зээл 47,758,293 төгрөг, нийт 79,003,886 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн байна. /хх16/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх дүгнэлт зөв.

 

4.1. Зохигчид зээлийн 130,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

 

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийг хугацаанд нь төлөх тухай гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэрээгээр тохиролцсон зээлд 125,217,431.08 төгрөг, зээлийн хүүд 41,582,720.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,596,115.02 төгрөг, нийт 176,396,266.48 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Түүнчлэн, бизнесийн зорилгоор авсан зээлийн хүүг 3,5 хувиар тогтоосон нь хүндрэл үүсгэж байгаа тул хүүг сарын 3,0 хувь болгож багасгуулах тухай тайлбарыг хариуцагч гаргасан байна.

 

4.3. Зээлийн гэрээний 2.2.5-д зээлдэгч энэ гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл, зээлийн хүү төлөгдөх өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1-д заасан зээлийн хүү төлөхөөс гадна, уг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийг гүйцэтгэл хангагдах хүртэл төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжилсэн 9,596,115.02 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.4. Талууд зээлийн хүүгийн хэмжээг сарын 3,5 хувиар тогтоохоор талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн тул зээлийн хүүг шүүх багасгах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчаас, нэхэмжлэгчийг өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, нэгэнт шүүхэд ажиллагаа явагдаж байхад зээлийн хүүд 15,129,010.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,025,802.03 төгрөг, нийт 18,154,812.02 төгрөгөөр нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрээс 18,154,812.02 төгрөгийг хассан өөрчлөлт оруулах тухай гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.

 

5.1. Хариуцагч ******* дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 13-ны өдөр үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 8,098,052.84 төгрөг төлөхөөр тохиролцсон байх боловч уг хуваарийн дагуу зээлийг хугацаанд нь эргэн төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний хугацааг зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлбөл зохих 113,372,739.76 төгрөгөөс хүүд 4,782,568.92 төгрөг, зээлийн хүүд 37,615,531.08 төгрөг, нийт 42, 398,100 төгрөгийг төлж гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

 

5.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг мэдэгдэх хуудсаар урьдчилан сануулсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэх тул хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

5.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15,129,010.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,025,802.03 төгрөг, нийт 18,154,812.02 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцсэн ба шүүх уг нэхэмжлэлийг хангаж, хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 125,217,431.08 төгрөг, зээлийн хүү 41,582,720.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,596,115.02 төгрөг, нийт 176,396,266.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Түүнчлэн, анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ