Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 564

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,  

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Ч.Т , түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Т д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805042720428 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Т , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ч.Т  нь 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ...тоотод хамтран амьдрагч Ч.Ч ийг “хаалга удаан онгойлголоо” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн чамархай, баруун, зүүн, шуу сарвуу, зүүн гуянд цус хуралт, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Мөн хамтран амьдрах хугацаандаа Ч.Ч ийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ч.Ч тэй амьдръя гэж бодсон. Түрээсийн байраар амьдардаг байхад нь би Дархан хотоос гэр авчирч тусдаа амьдарсан. Би гэртээ нэг найзтайгаа 1 шил архи уугаад Ч.Ч ийн цүнхнээс тамхи авах гээд цүнхийг нь ухтал олон бэлгэвч байсан. Тэр бэлгэвчнээс болоод маргалдаж би нүүр лүү нь цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ч.Ч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний орой 15 цагийн үед гэртээ байхад хамтран амьдрагч Ч.Т  гаднаас дүү Э- ын хамт орж ирээд манай дүүд “эгч чинь янхан, би эгчийг чинь охинтой нь хамт тэжээж байна” гэж хэлсэн. Дүү Э надад уурлаад “аятайхан амьдарвал амьдар” гээд гэрээс гараад явсан. Т над руу уурлаад “одоо чамайг алсан ч хамаагүй, ах дүү нар чинь чиний буруу гэж бодно” гээд намайг зодсон. “Хамаг шүдийг чинь хугална, хэн ч тоохгүй болгоно, хутгаар дүрж ална” гэж хэл амаар доромжлоод айлгаад “одоо чамайг алсан ч хамаагүй” гэсэн. Би зодуулаад орилоод миний нүд аймар болсон. Т 00 орох хооронд нь би гэрээс гүйж гарахад араас өмдөө ч таталгүй гарч ирээд шатны дэргэдээс барьж аваад намайг дахин цохиод хамарнаас цус гаргаад үстээд чирээд гэр рүүгээ орсон... намайг цагдаа нар гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би гэмтлийн эмнэлэгт тухайн үедээ үзүүлсэн. Тэрнээс хойш шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм... 2018 оны 01 дүгээр сард нэг удаа зодуулаад цагдаад бүртгүүлсэн. Бас 2018 оны 4 дүгээр сард зодуулсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зодуулсан. Зодуулсанаас болж чихний хэнгэрэг хагарсан, хамар хугарсан, толгой их өвддөг болсон. Энэ хүнээс болж би эрүүл мэндээр хохирсон... Баянгол дүүрэг 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны ...... тоотод гэртээ би унтаж байхад гаднаас хамтран амьдрагч Т шөнө 03 цагийн үед гэртээ ирээд хаалга нүдсэн. Би хаалгаа тайлж өгөхөд Т согтуу байсан. Над руу шууд уурлаад яасан удаан хаалга онгойлгодог юм бэ гээд зодсон. Миний нүүр, толгой руу цохиж хөл рүү өшиглөсөн. Би нүүрээ гараараа хаасан. Намайг бас үсдээд дэвсээд зодоод байсан. Би “намайг битгий зодооч” гээд өвдөг сөгдөж гуйсан. Намайг “00 руу ороод цусаа угаа гэсэн”, би цусаа угаасан. 00-н өрөөнөөс гараад ирэхэд дахин цохиж зодсон... нүүр битүү хавдар болсон... би зөндөө зодуулж байсан. Маргааш нь Т надаас уучлалт гуйгаад цагдаад битгий хэлээч гэхээр нь хэлдэггүй байсан. Миний бие байнга хөх няц явдаг байсан. Би гэртээ хүнд харагдахгүй битүү хувцас өмсдөг байсан. Тухайн үед цагдаад өгнө гэхээр Т намайг дарамтлаад “охиноор чинь тоглоно, чамайг амьдралгүй болгоно, ээж, ах, дүү нарыг чинь очиж ална” гээд байхаар нь би цагдаад өгдөггүй байсан... 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би зодуулсан. Түүнээс хойш Тайвантай хамтран амьдрахаа больсон. ...2018 оны 4 дүгээр сарын 15-наас хойш би Тайванд зодуулсан. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, миний баруун чихний хэнгэрэг цоорсон, хамар хугарсан байгаа. Энэ талаар цагдаад хандаагүй. Одоо миний толгой байнга өвдөөд байдаг. Надад нэхэмжлэх зүйл гэвэл монетан ээмэг ломбарданд тавиулж мөнгийг нь авсан. Монетан ээмэг 135.000 төгрөг болсон. 2018 оны 8 дугаар сард байрны хүнсний дэлгүүрээс 45.000 төгрөгийн архи зээлээр авсан байсан. Мөн саяхан хамраа үзүүлэхэд хуучин хугаралтай гээд хагалгаанд орвол 3.360.000 төгрөг гэсэн. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би чихээ үзүүлэхэд хэнгэрэг цоорсон эмчилгээний мөнгө нь 1.375.000 төгрөг, нийт 4.915.000 төгрөг нэхэмжилж байна. ...Би Тайвантай хамтран амьдраад нэг жил ч болоогүй. Т өөрөө гэмгүй хүн шиг байдаг. ...Би зөндөө зодуулж байсан. ...Би Ч.Т тай хамтран амьдарснаас хойш “чи цагдаад хандах юм бол ална, би шоронгийн хулгайч нарыг танина, хүн явуулаад чамайг алуулна, охины чинь амьдралаар тоглоно, охин чинь байхгүй бол чи мэдрэл муутай болно, би танай гэрийнхэний гэрийг мэднэ, гэрийнхэнийг чинь бүгдийг ална, дүүгийн чинь гэрийг онгойлгож бүгдийг чинь заазуурдаж ална” гэх зэргээр сүрдүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21, 41-42, 70-71/,

Шинжээчийн 5227 тоот дүгнэлтэд: “...Ч.Ч ийн биед баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн чамархай, баруун, зүүн шуу сарвуу, зүүн гуянд цус хуралт, доод уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 75/,

Сэжигтэн, яллагдагчаар Ч.Т гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сард ...Ч.Ч ийн түрээслэж байсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 104-44 тоотод очсон. 1 цаг гаран хаалгыг нь нүдээд хаалгаа сүүлд нь тайлсан. Тэгээд Ч.Ч тэй маргалдаад ганц, хоёр удаа цохьсон. ...2018 оны 8 дугаар сард ...Ч.Ч ийн гар утсыг аваад гарсан чинь нэг залуу Ч.Ч  рүү мессеж бичсэн байсан. Өмнө чамайг авч байсан залуу байна гэсэн байсан. Тэр мессежээс болоод би төрсөн дүү Баярааг дуудсан. ...Баяраа Ч.Ч ийг загнасан, дүүгээ загнаж байгааг Ч.Ч  тоохгүй байсан. Баяраа гэрээс гараад явсан. Ч.Ч  над руу уурлаад намайг “чи яах гэж хэлж байгаа юм бэ” гэхээр нь хэлэхгүй бол болохгүй гээд хэрэлдээд тэгээд нүүр рүү нь мангасдаад гараад явсан....”  гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Хохирогчийн өргөдөл /хх-н 8, 57/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 11-12/, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-н 25/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32, 84-89/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 53/, Хохирогчийн гэмтэл авсан гэх зургууд /хх-н 59-66/, нэхэмжлэх /хх-н 72-73/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ч.Т  нь 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ...тоотод хамтран амьдрагч Ч.Ч ийг “хаалга удаан онгойлголоо” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн чамархай, баруун, зүүн, шуу сарвуу, зүүн гуянд цус хуралт, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Мөн хамтран амьдрах хугацаандаа Ч.Ч ийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.Ч ийн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний орой 15 цагийн үед гэртээ байхад хамтран амьдрагч Ч.Т  гаднаас дүү Э- ын хамт орж ирээд манай дүүд “эгч чинь янхан, би эгчийг чинь охинтой нь хамт тэжээж байна” гэж хэлсэн. Дүү Э надад уурлаад аятайхан амьдарвал амьдар гээд гэрээс гараад явсан. Т над руу уурлаад “одоо чамайг алсан ч хамаагүй, ах дүү нар чинь чиний буруу гэж бодно” гээд намайг зодсон. “Хамаг шүдийг чинь хугална, хэн ч тоохгүй болгоно, хутгаар дүрж ална” гэж хэл амаар доромжлоод айлгаад “одоо чамайг алсан ч хамаагүй” гэсэн. Би зодуулаад орилоод миний нүд аймар болсон. Т 00 орох хооронд нь би гэрээс гүйж гарахад араас өмдөө ч таталгүй гарч ирээд шатны дэргэдээс барьж аваад намайг дахин цохиод хамарнаас цус гаргаад үстээд чирээд гэр рүүгээ орсон... 2018 оны 01 сард нэг удаа зодуулаад цагдаад бүртгүүлсэн. Бас 2018 оны 4 дүгээр сард зодуулсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зодуулсан. Зодуулсанаас болж чихний хэнгэрэг хагарсан, хамар хугарсан, толгой их өвддөг болсон. Энэ хүнээс болж би эрүүл мэндээр хохирсон... Баянгол дүүрэг 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 104-44 тоотод гэртээ би унтаж байхад гаднаас хамтран амьдрагч Т шөнө 03 цагийн үед гэртээ ирээд хаалга нүдсэн. Би хаалгаа тайлж өгөхөд Т согтуу байсан. Над руу шууд уурлаад яасан удаан хаалга онгойлгодог юм бэ гээд зодсон. Миний нүүр толгой руу цохиж хөл рүү өшиглөсөн. Би нүүрээ гараараа хаасан. Намайг бас үсдээд дэвсээд зодоод байсан. Би намайг битгий зодооч гээд өвдөг сөгдөж гуйсан. Намайг 00 руу ороод цусаа угаа гэсэн, би цусаа угаасан. 00-н өрөөнөөс гараад ирэхэд дахин цохиж зодсон... нүүр битүү хавдар болсон... би зөндөө зодуулж байсан. ...Тухайн үед цагдаад өгнө гэхээр Т намайг дарамтлаад охиноор чинь тоглоно, чамайг амьдралгүй болгоно, ээж, ах, дүү нарыг чинь очиж ална гээд байхаар нь би цагдаад өгдөггүй байсан... 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би зодуулсан. Түүнээс хойш Тайвантай хамтран амьдрахаа больсон. ...2018 оны 4 дүгээр сарын 15-наас хойш би Тайванд зодуулсан. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, миний баруун чихний хэнгэрэг цоорсон, хамар хугарсан байгаа. Энэ талаар цагдаад хандаагүй....” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21, 41-42, 70-71/, шинжээчийн 5227 тоот дүгнэлт, аюулгүйн зэргийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг нь уг хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ч.Т  нь хохирогчийг удаа дараа буюу 2018 оны 1 дүгээр сар, 4 дүгээр сар, 8 дугаар саруудад тус тус зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад 2 удаа өргөдөл гаргасан, шүүгдэгч Ч.Т д холбогдох хоёр хэргийг нэгтгэсэн прокурорын тогтоол, аюулгүйн зэргийн үнэлгээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Т г “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ч.Т гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Т  нь хамтран амьдрагч хохирогч Ч.Ч ийг удаа, дараа зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Ч ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч хавтаст хэрэгт чихний хагалгаанд орох 1.375.000 төгрөг, хамар ясны хагалгаанд орох 3.360.000 төгрөг нийт 4.735.000 төгрөгийн нэхэмжлэх гаргаж өгсөн, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ монетон ээмэг ломбарданд тавиулсан 135.000 төгрөг, хүнсний дэлгүүрээс 45.000 төгрөгийн архи зээлээр авсан, нийт 4.915.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд хохирогч нь чихний болон хамар ясны хагалгаанд ороогүй, уг хор уршиг бодитой учраагүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн монетон ээмэг ломбарданд тавьсан 135.000 төгрөг, дэлгүүрээс архи авсан 45.000 төгрөг нэхэмжилсэн нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Т гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ч.Т гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэжээ.

Шүүгдэгч Ч.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Т д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Ч.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Т г “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Т г 7 сар хорих ялаар,

              - “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 сар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Ч.Ч  нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР