Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01351

 

 

 

2025 08 15 210/МА2025/01351

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14ий өдрийн 191/ШШ2025/04321 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

 

Зээлийн хүүд илүү төлсөн 9,094,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 101,599,191.29 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь хувиараа хүнсний бүтээгдэхүүний лангуу ажиллуулж байсан ба бараа эргэлтээ сайжруулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор 2024 оны 08 сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 сарын 02-ны өдрийг дуустал *******аас нийт 17 удаагийн гүйлгээгээр 125,600,000 төгрөгийг нэг хоногийн 3 хувийн хүүтэй, аман хэлцлийн үндсэн дээр зээлж авсан.

Нэхэмжлэгч нь 2024 оны 08 сарын 16-ны өдрөөс 10 сарын 25-ны өдрийн хооронд нийт 77 удаагийн гүйлгээгээр 163,986,450 төгрөгийг хариуцагчид төлсөн. Хариуцагч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах талаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаагүй, албан ёсоор бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй байна. Талууд хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд хоногийн 3 хувийн хүүтэй мөнгө зээлэх тухай амаар тохиролцсон тул хүүгүй мөнгө зээлсэнд тооцогдоно.

******* нь *******т 167,694,450 төгрөг төлсөн. Хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа явуулах этгээд биш тул мөнгө хүүлэх эрхгүй. Иймд илүү төлсөн 9,094,450 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд түүний дагуу ******* нь хүү төлсөн. Мөн тэрээр 125,600,000 төгрөг бус 158,600,000 төгрөг *******аас зээлсэн нь баримтаар нотлогдоно. ******* нь өөрийн хүлээн зөвшөөрч төлсөн хүүг буцаан шаардах эрхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай, мөн *******т зээлийн хүү төлснийг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан. ******* нь *******т тус болох зорилгоор мөнгө шилжүүлсэн нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

3.1. ******* нь *******тэй харилцан тохиролцон 2024 оны 08 сарын 16, 27, 09 сарын 30-ны өдөр тус тус зээлийн гэрээ бичгээр байгуулж нийт 158,600,000 төгрөг өдрийн 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

2024 оны 08 сарын 16-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр үүрэг дуусгавар болсон. /10,000,000 төгрөг х3 хувь хүү=3,000,000 төгрөг/

Мөн 2024 оны 08 сарын 27-ны өдрөөс 09 сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай 7,000,000 төгрөг зээлэхээр дахин зээлийн гэрээ бичгээр байгуулсан. Тус гэрээний хугацаанд зээлдэгч нь нэмэлтээр 2 удаа тус гэрээтэй адил нөхцөлөөр зээл авсан.

Нийт 27,000,000 төгрөгийн зээлээс 15,000,000 төгрөг, хүүд 4,140,000 төгрөг төлсөн. Зөрүү 12,000,000 төгрөг, зээлдэгчийн хүсэлтээр талууд өмнө бичгээр байгуулагдсан гэрээтэй ижил нөхцөлөөр 12 удаа аман гэрээ байгуулж зээл олгосон. Уг гэрээний үүрэг дуусгавар болсон.

3.2. 2024 оны 09 сарын 03-ны өдөр байгуулагдсан 12,000,000 төгрөгийн аман зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэн бичгээр байгуулсан гэрээтэй ижил нөхцөлөөр хүү тооцохоор талууд тохиролцсон. Зээлдэгч ******* нь зээлийн төлбөр болон хүүг хугацаанд нь тогтмол төлж чадахгүй байсан хэдий ч зээлдэгчийн хувийн нөхцөл байдал, учир шалтгааныг харгалзан зээлдүүлэгч ******* нь зээлдэгчид итгэж найдан удаа дараа уян хатан хандаж, аман зээлийн гэрээ байгуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлийн хэмжээг нэмэгдүүлж, зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлж чадахгүй байсан учир 2024 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 70,074,398 төгрөг, төлөгдөөгүй хүү 8,563,001 төгрөг, нийт 78,637,399 төгрөгийг төлбөрийн үлдэгдлээс 50,000,000 төгрөгт 2024 оны 09 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл 15 хоногийн хугацаатай өдрийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнээс зөрүү 28,637,399 төгрөгт хүү төлөхгүй шууд төлөх боломжийг зээлдэгчид олгосон.

3.3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2024 оны 10 сарын 14-ний өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь 2024 оны 10 сарын 16-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 18,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хүүгийн үлдэгдэл 1,713,550 төгрөгийг хасаж, үлдэгдэл 16,786,450 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцно. Нийт зээлийн үлдэгдэл 69,350,949 төгрөг, зээлийн гэрээний 6.2-т заасны дагуу 0.5 хувийн алданги 32,248,191 төгрөг, нийт 10x599,191 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй.

3.4. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсаны дагуу 158,600,000 төгрөгийн зээл авснаас зээлийн үүрэгт 97,812,052 төгрөгийг, зээлийн хүүд 66,174,398 төгрөг, нийт 163,986,450 төгрөг төлсөн байна. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хохироосон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******ээс зээлийн үлдэгдэл 69,350,949 төгрөг, алданги 32,248,191 төгрөг, нийт 101, 599,191 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

4.1. Сөрөг нэхэмжлэлийн тал дээр гэрээ байгуулсан үйл баримтад гарын үсэг үнэн зөв учир 69,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 3 гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрч болно. Харин зээлийн гэрээний хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн хүү нь 1 өдрийн 3 хувь, түүнийгээ баталгаажуулаад хойд талд нь 3 хувь буюу 210,000 төгрөг гэж тавьсан нь 7,000,000 төгрөгийн 3 хувь нь 210,000 төгрөг мөн гэдгийг нотолж байна. Зээлийн хугацаа 10 хоног байсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар ******* нь байнга ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагааг явуулах ёстой. ******* мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш тул хүү авах эрхгүй. Хэрэв тус гурван гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл зээлийн хүүгийн 3 хувийг багасгах ёстой. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс гаргасан сарын 4.5 хувийн хүүгээр тооцох байр суурьтай байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас нийт 5,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгон үлдсэн 3,994,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ын нэхэмжлэгч *******ээс нийт 101,599,191.29 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,883 төгрөгийг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 665,945.96 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 96,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбарыг буруу тодорхойлж, талуудын урьд дуусгавар болсон зээлийн хүүг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн тогтоосон. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан. Хуулийн дээр шаардлагуудын дагуу зохигчид 2024 оны 08 сарын 16, 27-ны өдөр, мөн оны 09 сарын 30-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан болох тогтоогдсон. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2024 оны 08 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, хүүд 3,000,000 төгрөг, мөн сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 7,000,000 төгрөг, хүүд 2,100,000 төгрөг, нийт зээлийн хүүд 5,100,000 төгрөг төлсөн.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...сөрөг нэхэмжлэлийн тал дээр гэрээ байгуулсан үйл баримтад гарын үсэг нь үнэн зөв,... 3 гэрээнд гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч болох юм гэх, хуралдаан даргалагчаас хүү өндөр гэдгийг мэдсээр байж яагаад гэрээ байгуулсан бэ гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ******* надад тайлбарлахдаа бас бус хүмүүсээс мөнгө авчихсан. Бараа зээлээр худалдаад авчихсан, төлбөр төлөх хугацаа шахагдаж байсан учраас ийм гэрээ хийсэн гэх тус тус тайлбарыг өгсөн байдаг.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл 2024 оны 08 сарын 16, 27-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь тус гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч бүрэн биелүүлснээр дээрх гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу дуусгавар болсон.

Иргэний хууль болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд ... иргэд, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгч зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга эрхлэхээр бол бүртгүүлэх, бүртгүүлээгүй бол хүү авах боломжгүй байх, харин иргэд хоорондын ашиг олох зорилгогүй, нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээнд хүү тохиролцож болох зарчмыг ялгавартайгаар тусгах үзэл баримтлал нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай гол шийдэл юм.

Гэтэл анхан шатны шүүхээс иргэд хооронд байгуулагдсан нэгэнт дуусгавар болсон гэрээний харилцааг хэт явцууруулж, бусад гэрээний үүрэгтэй холбогдуулан зээлдүүлэгчийн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгө болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн 2020 оны 01 дугаартай зөвлөмжөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй болно гэж тайлбарласан.

Иймд ******* нь нэгэнт төлсөн хүүг буцаан шаардах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн *******аас 5,100,000 төгрөг гаргуулан *******т олгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1 Хариуцагч нь 1 хоногийн 3 хувийн хүүтэй зээлийг 2 сарын хугацаанд 20 удаа *******т олгосон. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт ...иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана... гэж заасан. Бичгийн хэлбэрээр байгуулагдсан 3 зээлийн гэрээ нь байнга гэх шинжийг, 1 хоногийн 3 хувийн хүүтэй зээл олгосон нь ашиг олох зорилготой байсныг тус тус нотолж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн хүүд төлсөн 9,094,450 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,350,949 төгрөг, алданги 32,248,191.29 төгрөг, нийт 101,599,191.29 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. *******, ******* нар 2024 оны 08 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 10,000,000 төгрөгийг, 1 өдрийн 3 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай, 2024 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан бичгийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг, 1 өдрийн 3 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай, 2024 оны 09 сарын 30-ны өдөр байгуулсан бичгийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг 1 өдрийн 3 хувийн хүүтэй, 15 хоногийн хугацаатай тус тус зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх-104-109/ Мөн талууд харилцан тохиролцон аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан болох нь тэдгээрийн тайлбар болон ХААН банк ХК болон М банкны депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх5-63/

3.2. Дээрх гэрээнүүдийн дагуу зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******т нийт 158,600,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн үүрэгт нийт 163,986,450 төгрөг төлсөн. /хх5-65, 74, 81-103/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

5. Зохигч талууд зээлийн хүү төлсөн хууль зүйн үндэслэлийн талаар маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

5.1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш тул хүү авах эрхгүй тул зээлийн хүүд төлсөн төлбөрөө буцаан гаргуулна гэж тайлбарласан байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Хариуцагч ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд болох нь түүний тайлбараар тогтоогдсон. Гэхдээ талууд харилцан тохиролцоод зээлийн гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож гэрээг байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн хүү төлж байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн хүү төлөх үүргийг хүлээн зөвшөөрч, хариуцагчид төлж байсан болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, ХААН банк ХК болон М банк ХК тус бүрийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх5-63/

Иймээс нэгэнт хүлээн зөвшөөрч төлсөн зээлийн хүүг буцаан шаардах эрхгүй тул хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн хүүд илүү төлсөн 9,094,450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

6. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Ч.Ганчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 101,599,191 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04321 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох зээлийн хүүд илүү төлсөн 9,094,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, зээлийн гэрээний үүрэгт 69,350,949 төгрөг, алданги 32,248,191.29 төгрөг, нийт 101,599,191.29 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 96,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай. гэснийг үлдээсүгэй.

тогтоох хэсгийн 3, 4 гэсэн дугаарлалтыг 2, 3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД