| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/00410/И |
| Дугаар | 210/МА2025/01393 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01393
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04296 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
195,474,971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2021 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны *******од цахим мөнгөний арилжааны бирж дээр байршуулсан виртуал хөрөнгө болох 32.7 итириум буюу тухайн үеийн ханшаар 182,476,307 төгрөгтэй тэнцэх цахим мөнгөө алдаж, улмаар энэхүү хэрэгт *******, ******* нар гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдож ял шийтгэл ногдуулсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/1590 дугаартай шийтгэх тогтоолоор, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1, 26.2, 18.6 дугаар зүйлд тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тус кибер орчинд хууль бусаар халдах, мөнгө угаах гэмт хэргийн хүрээнд, ******* миний эзэмшлийн 32.7 итириумийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Британийн Виржинийн Аралд бүртгэлтэй Байненс холдинг лимитед компанийн Байненс цахим мөнгөний арилжааны биржид виртуал хөрөнгийн өөр нэгэн төрөл болох 60.279 стэбль болгон хэлбэрийг нь өөрчилж, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Байненс цахим мөнгөний арилжааны биржийн 198487907 дугаартай Монгол Улсын иргэн, *******ийн эх нэгтэй дүү болох *******ий нэр дээрх данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19.970 стэбль виртуал хөрөнгийг шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэгт хохирогч ******* надад гагцхүү шууд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд харин гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах, дээрх виртуал хөрөнгөөс нөхөн төлүүлэх асуудлыг хамтатган шийдвэрлээгүй үлдээсэн.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Британийн Виржиний аралд бүртгэлтэй Байнанс холдинг лимитед компанийн Вайнанс криптовалют арилжааны биржид 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 1 ширхэг итириумын ханш хэдэн төгрөгтэй тэнцэх байсан талаарх мэдээллийг бэхжүүлэн үзлэг хийсэн байдаг. Дээрх үзлэгээр 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 1 ширхэг etherium-ийн ханш 3 418.78 ам.доллар, Монголбанкны албан ёсны сайтаас тухайн өдрийн долларын ханш 1 ам доллар 3 380.78 төгрөгтэй тэнцэж байгааг үзлэгээр бэхжүүлсэн.
Үүнээс 32.7 ширхэг итириум*3 418.78 ам доллар= 111 794.106 ам доллар, үүнийг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар үржүүлбэл 111 794.106 ам доллар*3 380.78= 377,951,278 төгрөг болж байгаа юм. Ингээд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон хохирол нийт 182,476,307 төгрөгийг хасвал /377,951,278-182,476,307= 195,474,971 төгрөг/ 195,4749,71 төгрөг болж байгаа юм.
Нэхэмжлэгчийн зүгээс тус хэрэгт хариуцагчаар *******, ******* нарыг татсан боловч өөрийн олох ёстой байсан орлого болох 195,4749,71 төгрөгийг хариуцагч *******ээс нэхэмжилж байна.
Харин, хариуцагч *******өөс нэхэмжлэхгүй, түүнийг хариуцагчаар татахаас татгалзаж байна. Учир нь хариуцагч *******ийн үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлогоороо хохирсон гэж үзэж байна. Хэрэв хариуцагч ******* нь миний 32.7 итириум криптовалютыг хулгайлаагүй байсан бол нэхэмжлэгч миний бие дор хаяж 377,951,278 төгрөгийн ашигтай ажиллаж ашиг орлого олох ёстой байсан. Гэтэл түүний хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан өнөөдрийн байдлаар миний бие 195,474,971 төгрөгийн олох ёстой байсан орлогоо олж чадаагүй хохирч байна. Хариуцагч *******ийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******ээс олох ёстой байсан орлого 195,474,971 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ий тайлбарын агуулга:
2021 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны *******од цахим мөнгөний арилжааны бирж дээр байршуулсан виртуал хөрөнгө болох 32.7 итириум буюу тухайн үеийн ханшаар 182,476,307 төгрөгтэй тэнцэх цахим мөнгөө алдаж, улмаар энэхүү хэрэгт *******, ******* нар гэм буруутай болох нь эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдож, ял шийтгэл ногдуулсан.
Тодруулбал, *******ын эзэмшлийн 32.7 итириумд ногдох хохирлыг бүрэн төлж барагдуулсан, ямар нэгэн өр төлбөр байхгүйгээр хохиролгүй болгосон нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/1590 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан байна.
Үүнээс үзэхэд *******ын эзэмшлийн 32.7 итириумыг *******, ******* нар нь бүрэн төлж барагдуулсан байна.
Нэхэмжлэлд дурдсанаар уг 19.970 стэбль нь одоогийн ханшаар хэдэн төгрөг байх эсэх нь нотлох баримтын хувьд тогтоогдоогүй, *******ад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаас шалтгаалан бодит ямар хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь виртуал хөрөнгө болох тухайн үеийн койн нь тухайн үеийн ханш болон зах зээлийн үнэлгээгээр төгсдөг. Үргэлжлүүлсэн үйлдлээр койнтой холбоотой ирээдүйд олох ёстой байсан ашиг гэж байх боломжгүй ба энэ нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. ******* хохирлоо бүрэн хүлээн авсан нь тогтоогддог.
Процесс ажиллагааны хувьд анхан шатны шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй гэж тус тус тогтоосон.
Нэхэмжлэгчийн гаргасан үйл баримтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй худал хуурмаг зүйлс маш олон байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан 195,474,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа түүний хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг нь гэм хорын ерөнхий зохицуулалт бөгөөд тухайн зүйлд заасан урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд тусгайлан зохицуулсан хуулийн хэм хэмжээ болох 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хорыг хариуцан гаргуулах нөхцөл бий болох юм. Харин, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын арилгах хэмжээг зөвхөн бодит хохирлын хэмжээгээр хязгаарласан тул Иргэний хуулийн ерөнхий ангийн гэм хорыг арилгах хэмжээг зохицуулсан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх нь хуулийн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан зөвхөн гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн гэм хорыг шаардах эрхийн зохицуулалт гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
5.2. Нөлөөллийн мэдүүлгийг хууль тогтоомжид заасны дагуу хөтлөөгүй хэргийн зохигчдод танилцуулан гарын үсэг зуруулаагүй.
Тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг албажуулах ерөнхий шүүгчийн захирамж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гарч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч *******г, бүрэлдэхүүн шүүгчид , ******* нарыг томилсон шийдвэрийг албажуулсан. Гэвч тухайн өдрөөс хойш шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа хэлбэрээр нөлөөлөхөөр оролдсон тохиолдол үүсэх үр дагаврын талаар тайлбарлан баримтжуулсан ажиллагаа огт хийгдээгүй байна. Дээрх хууль болон журамд зааснаар шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч бүр мэдүүлэг хөтлөгч байдаг учир шүүх бүрэлдэхүүн томилогдож албажсанаас хойш тус ажиллагаа хийгдэх ёстой боловч энэхүү журам зөрчигдсөн. Мөн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад зохигчдод танилцуулаагүй, мэдүүлэг хөтлөгч шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй зэрэг ноцтой зөрчил гаргасан.
5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ээс койны ханшийн өсөлтийг урьдчилан мэдэх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШТ2024/00425 дугаартай хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарсан. Тус захирамжийн 6 дахь заалтаар шинжээчээр Санхүүгийн зохицуулах хороог томилж, 7 дахь заалтаар нэхэмжлэгч *******ыг Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Винанс холдинг лимитэд крмпанийн Винанс криптовалют арилжааны бирж дээрх койны ханшийн өсөлтийг урьдчилан мэдэх боломжтой эсэхийг тогтоож, дүгнэлтээ бичгээр гарган, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулан шүүхэд ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.
Улмаар шинжээчийн дүгнэлт гарсан боловч тухайн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу гараагүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн баримтыг гол үндэслэлээ болгосон.
Анхан шатны шүүхээс томилогдсон шинжээчийн тусгай мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх, шинжээчийн эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан баримт огт байхгүй, тухайн ажиллагаанууд хийгдээгүй байна.
Санхүүгийн зохицуулах хорооны гаргасан шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон журмыг зөрчиж гарсан байхад тухайн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байгаад гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч *******ий гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талын зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар хэргийг шийдвэрлүүлэх гомдол гаргасан. Түүнчлэн, Дээд шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай байна гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Анхан шатны шүүхээс бүх ажиллагааг хуулийн дагуу дахин хийж, шийдвэр гаргахдаа бүрэлдэхүүнтэйгээр нэхэмжлэгч талын гомдож байгаачлан нөлөөллийн ямар ч зүйлд авталгүй, хараат бусаар дахин шийдвэр гаргасан. Үүнийг шударга ёсны зарчим болон хууль дээдлэх ёс мөн гэж ойлгож байгаа бөгөөд уг шийдвэрийг шударга ёсонд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар улсын орлого болгож буй койны талаарх бүхий л нөхцөл байдлыг нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг харгалзан үзэж, шинжлэн судалж, нэхэмжлэгч талын эрхийг зөрчөөгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч ******* нь өс хонзон болон шунахайн сэдлээр удаа дараа нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр тухайн хэргийн хариуцагчаас *******ийг татгалзан гаргасныг анхан шатны тойргийн шүүх баталгаажуулсан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч *******ийн гаргасан тайлбарын агуулга:
Өнөөдрийн байдлаар хохирол хор уршгийн асуудал огт байхгүй. Нөлөөллийн мэдүүлэгт шүүх хуралдааны оролцогч бүр гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх хуралдаан олон удаа хойшилсон буюу хэргийн оролцогч нарын хэн алиных нь санал хүсэлт гомдлыг асууж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх үү гэж асуусны үндсэн дээр хуралдааныг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч тал нь шүүхийн шийдвэр гарсны дараа хүчээр хэргийг шийдвэрлэсэн, шударга бус үйл явдал болсон мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн талаар Санхүүгийн зохицуулах хорооноос асуухад байгууллага гэдэг утгаар ханшийн савлагааг урьдчилан таамаглаж болохгүй, манай байгууллага танай асуусан асуултад хариулах боломжгүй гэх агуулгатай хариуг ирүүлсэн. Түүнчлэн, энэ нь нэхэмжлэгч талд ач холбогдолгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нотлох баримт биш. Гэтэл нэхэмжлэгч тал тухайн баримтыг онцолж, шүүхийн шийдвэр гарсны дараа гомдол гаргаж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй. Мөн тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 195,474,971 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 32.7 итириум хариуцагчийн гэмт халдлагад өртөөгүй байсан бол 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 377,951,278 төгрөг болж өсөх байсан тул 32.7 итириумийн үнэ 377,951,278 төгрөгөөс, эрүүгийн хэрэгт хохиролд авсан 182,476,307 төгрөгийг хасаж, үлдэх 195,474,971 төгрөгийг олох ёстой орлого гэж тодорхойлсон байна.
1.3. Харин, хариуцагч ******* нь татгалзалдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ад учирсан бодит хохирлыг *******, ******* нар бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн бүх хохирлыг барагдуулсан байхад ханшийн зөрүүг олох ёстой орлого гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, цахим мөнгөний ханш өсөх, буурахыг хэн ч мэдэх боломжгүй гэж маргажээ.
2. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн боловч Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийг буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэнэ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ.
3.1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/1590 дугаар шийтгэх тогтоолоор 2021 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ******* кибер орчинд хууль бусаар халдаж криптовалют арилжааны бирж дээр байрлах *******ын данснаас 32.7 итириум буюу 182,486,307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, *******ын дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлан авч ашиглах боломжгүй болгосон, улмаар криптовалютыг 60.279 стебл койн болгон эх үүсвэрийг нь өөрчилж *******ий данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19.970 стэбл койн шилжүүлсэн, тухайн үйлдэлд нь шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, тэдгээрийн хууль бус үйлдлийн улмаас *******ын эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. /1хх7-22/
Дээрх тогтоолын тогтоох хэсгийн 7-д Шүүгдэгч ******* нь ...50,000,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч ******* нь хохиролд 79,113,779 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй... гэж, 11-т шүүгдэгч *******аас 54,062,528 төгрөг гаргуулж, хохирогч *******ад олгосугай. гэжээ.
3.2. Дээрх шийтгэх тогтоолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ДШМ/94 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /1хх32-44/
Магадлалаар шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээг өөрчилсөн байх ба, шүүгдэгч ******* нь хохирогч *******ад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 54,062,528 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай гэсэн заалт нэмжээ.
3.3. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Винанс холдинг лимитед компанийн Винанс криптовалют арилжааны бирж дээрх виртуал хөрөнгө /койн, токен зэрэг/-ийн ханшийн өсөлтийг урьдчилан мэдэх боломжгүй гэж дүгнэжээ. /2хх77-78/
3.4. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлийн 5-д binance.com руу орж 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар etherium-ийн ханшийг харахад 3,418,76$ байв. Монголбанкны албан ёсны сайтаас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн долларын ханшийг харахад 1 долларын ханш 3,380.78 төгрөгтэй тэнцэж байна гэсэн байна. /2хх15-16/
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үндэслэсэн байх ба анхан шатны шүүх тухайн зохицуулалтыг зөвхөн гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн гэм хорын шаардах эрхийн зохицуулалт гэж буруу тайлбарласныг дор дурдсанаар залруулна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан ба уг зохицуулалт нь гэм хорын нийтлэг зохицуулалт бөгөөд зөвхөн гэрээний үүрэгт хамаарахгүй юм. Иймээс тус маргаанд дээрх зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй 195,474,971 төгрөг олох ёстой байсан орлого-д хамаарах эсэх, нотлох баримтаар тогтоогдсон эсэхэд талууд маргасан байна.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрвээ миний 32,7 итирум бусдын хууль бус халдлагад өртөөгүй бол 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 377,951,278 төгрөг болж өсөх байсан тул эрүүгийн хэрэгт авсан хохирол 182,476,307 төгрөгийг хасаж, үлдэх 195,474,971 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж тодорхойлсон.
5.1. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тодорхойлсноор виртуал хөрөнгө нь дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгө бөгөөд хариуцагч ******* гэмт хэрэг үйлдэх үед нэхэмжлэгч нь Британийн Виржиний аралд бүртгэлтэй Байнанс холдинг лимитед компанийн Вайнанс криптовалют арилжааны бирж дээр 32,7 итирум байршуулсан байсан болох нь тогтоогдсон байна.
5.2. Тус бирж дээр 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 1 ширхэг итирумын ханш 3418.78 ам.доллар болохыг шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн байна.
Гэвч дээрх 32,7 итирумийг нэхэмжлэгчийн тодорхойлсон 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр худалдах байсан гэж дүгнэх бодит үндэслэл тогтоогдоогүй байна. Тодруулбал, шинжээч Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр дээрх арилжааны бирж дээрх виртуал хөрөнгө /койн, токен зэрэг/-ийн ханшийн өсөлтийг урьдчилан мэдэх боломжгүй болохыг дүгнэснээс үзвэл нэхэмжлэгчийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн итирумээ худалдах байсан гэж таамаглах үндэслэлгүй байна.
5.3. Үүнээс гадна эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс үзэхэд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2021 оны 07 дугаар сарын 22-23-ны өдөр үйлдэгдсэн үеийн ханшаар тогтоосон, мөн нэхэмжлэгч нь хохиролд 182,476,307 төгрөгийг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сард хүлээн авсан байх тул хохирлыг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөр тодорхойлсон нь үндэслэлгүй.
5.4. Иймээс нэхэмжлэгч 32,7 итирумыг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханшаар худалдах байсан үндэслэлээр 195,474,971 төгрөгийн орлого зайлшгүй олох байсан гэж дүгнэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
6. Нэхэмжлэгчийн гаргасан нөлөөллийн мэдүүлгийг хууль тогтоомжид заасны дагуу хөтлөөгүй, хэргийн оролцогчид танилцуулан гарын үсэг зуруулаагүй гэх гомдлыг хангахгүй. Тодруулбал, 2023 оны 01 дүгээр сарын 19, 2023 оны 10 дугаар сарын 18, 2024 оны 01 дүгээр сарын 04, 2024 оны 06 дугаар сарын 05, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан баримтууд хэрэгт авагдсан байна. /1хх26,137, 162, 216, 3хх22/
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т Нөлөөллийн мэдүүлэг гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор тодорхойлсон. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө гэж заасан.
Үүнээс үзвэл хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдолд тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг хөтлөхөөр заасан. Иймд шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилсны дараа шүүгч дахин нөлөөллийн мэдүүлгийг хөтлөөгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Мөн нэхэмжлэгчийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу гараагүй гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй.
7.1. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШТ2024/00425 дугаартай тогтоолоор шинжээчээр Санхүүгийн зохицуулах хороог томилж, шинжээчид Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан үнэн зөв хариулт өгөх, хэрэв санаатай худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэж, улмаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 49, 19 дүгээр зүйлд заасан эрхийг танилцуулсан байна./2хх72-73/
7.2. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/4209 тоот албан бичгээр шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг гаргуулахаар тус Хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Д.Эрдэнэхүүг томилсон талаар шүүхэд мэдэгдсэн байна. Шинжээч Д.Эрдэнэхүүд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хууль сануулан тайлбарлаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийг танилцуулан, тухайн асуудлаар мэргэшсэн, мэдлэгтэй эсэх, урьд нь дүгнэлт гаргаж байсан асуудлаар болон хэргийн оролцогч нартай харилцаатай эсэх, урьд нь уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан эсэхийг тодруулж, гарын үсэг зуруулан баримт үйлдсэн байна./2хх79/
7.3. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд шинжилгээ хийх этгээдийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 8.2.4-т мэргэжлийн байгууллага байхаар заасан, уг мэргэжлийн байгууллагад тухайн хэрэг маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагаас эрх авсан хуулийн этгээдийг ойлгохоор тодорхойлсон. Виртуал хөрөнгийн асуудлаарх мэргэжлийн байгууллагад Санхүүгийн зохицуулах хороо Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хамаарах тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.
8. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ